Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 293

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

   улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дамбадаржаа,

   шүүгдэгч: Б.Баярсайхан, түүний өмгөөлөгч Н.Жамъян /0572/ нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Боржигин овогт Бадамсүрэнгийн Баярсайханд холбогдох эрүүгийн 2017 2602 0862 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1982 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул
аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Тэхийн зогсоол дээр хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 2-8 насны 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 60 дугаар гудамж, 43 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ТК 82031816, Боржигин овогт Бадамсүрэнгийн Баярсайхан.

 

Шүүгдэгч Б.Баярсайхан нь 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр согтуугаар Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэхийн зогсоол”-ын орчим иргэн А.Эрмекийг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (сэжигтнийг яллагдагчаар татах тухай тогтоолд бичигдсэнээр)

  ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.Баярсайхан мэдүүлэхдээ:

 Би хэрэг гарсан өдөр машинаа засаж байгаад дотор ороход тэд архи ууж байхаар нь би орж гарахдаа архинаас нь уусан. Тэгтэл Эрмек намайг “хужаа, санаатай архи уухгүй байна” гээд байсан. Би машинаа засаж дуусаад дотор ороод сууж байтал Эрмек миний араас цохиод байхаар нь “яасан бэ” гэхэд “чи санаатай” гээд л байсан. Би өөрийнхөө машиныг ганцаараа засдаг болохоор хохирогч намайг байнга “хужаа санаатай, дандаа ганцаараа юмаа хийдэг” гэх зэргээр өмнө нь хэлдэг байсан. Тэгээд тэр үед намайг Отгонбаяртай юм яриад сууж байхад толгойгоо миний толгойтой мөргөлдүүлээд “зодолдъё” гээд байсан. Би “чи согтуу байна, би зодолдохгүй” гэж хэлсэн. Эрмек Отгонбаяртай муудалцаад гарсан. Би бие засах гээд араас нь гарахад Эрмек хувцасаа тайлчихсан “хоёулаа үзье” гээд байхаар нь “би чамтай зодолдохгүй” гээд бие засчихаад буруу хараад явтал араас өшиглөсөн. Тэгээд намайг газар унатал дээр дээр гараад намайг боосон. Би эвгүй байдалд ороод боолтыг нь тавиулахын тулд “чамайг цохилоо шүү” гэж хэлэхэд Эрмек “чаддаг юм бол цохь” гээд байхаар нь чулуу аваад нүд рүү нь цохисон. Би хохиролд нийт 2 600 000 төгрөг өгсөн. Миний буруу, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Хэрэг бүртгэлтэд хохирогч-А.Эрмек мэдүүлэхдээ:

 ...2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороонд
байрлах Тэхийн зогсоол дээр найз Отгонбаяр, Баттулга, Баярсайхан нартай архи
уусан. Архи уугаад байж байгаад би Баярсайхантай маргалдсан. Тэгээд намайг Баярсайхан цохихоор би түүнийг нь түлхэхэд Баярсайхан чулуу аваад миний нүдэн дээр цохисон. Зүүн нүдний ухархайн яс хугарч цөмөрсөн хөмсөгөнд 9 оёдол, доод талд нь 3 оёдол тавиулсан. Архи уусан байсан болохоор сайн санахгүй байна маргалдсан зүйл байхгүй.  Би түүнд гар хүрээгүй. Өс хонзонгийн асуудал байхгүй гэжээ. (хэргийн 25, 26 дугаар хуудас)

           

Хэрэг бүртгэлтэд гэрч-Д.Отгонбаяр мэдүүлэхдээ:

...2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр би гадуур ногоогоо тарааж дуусаад Тэхийн зогсоол руу очсон. Эрмек бид 2 2011 оноос хойш найзалсан бөгөөд маргааш нь цэргийн баяр байсан болохоор Чимэгмаагийн ажлын байранд нь орж би 1 шил Экспортын 0,75 граммын архи авч хуваагаад ууж байхад тэндхийн жолооч нар орж ирээд гар ороод байсан. Тэгэхэд Баярсайхан орж гараад тэр архинаас уугаад байсан. Тэгээд тэр архиа ууж дууссан тэгэхэд тэндхийн нэг жолооч нэрийг нь сайн санахгүй байна дахиад экспортын 0.75 граммын 1 шил архи оруулж ирж өгсөн. Тэр архийг Эрмек, Баярсайхан, Баттулга бид 3 хувааж уусан. Тэрийг уугаад би нилээн согтсон байсан. Тэгээд манай найз Отгонжаргал ирээд аваад явсан байсан. Би архи уухад бол байсан, зодоон болох үед сайн мэдэхгүй байна...гэжээ. (хэргийн 33, 34 дүгээр хуудас)

 

            Хэрэг бүртгэлтэд гэрч-Г.Чимэгмаа мэдүүлэхдээ:

...Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Болд Жавхлан” ХХК-ийн байрыг түрээслэн 2014 оноос хойш Сайн шланк нэртэй өндөр даралтын шланк засварын газрыг ажиллуулж одоог хүртэл ажиллаж байгаа. 2017 оны 3 сарын 17-ны өдөр 10 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн ажил дээрээ очоод ажлаа хийгээд байж байтал үдээс хойш 16 цагийн үед Отгонбаяр, Эрмек хоёр манай ажил дээр орж ирсэн. Тэгээд Отгонбаяр өөрөө нэг шил архи авчихсан байсан. Тэгээд тэр архийг хувааж уугаад сууж байсан тэгээд би тэнд ганцаараа ажилладаг болохоор орж гараад л ажлаа хийж байсан, надад архи өгсөн. Өгсөн юмнаас би амсаад буцаагаад өгсөн. Түүнээс хойш тэр хэд 3 шил архи авч уусан хэн хэн яаж архи авсныг хэлж мэдэхгүй байна. Тэд нар архи уухдаа хуучин хамт ажиллаж байснаа яриад сууж байсан. Гэтэл Эрмек тэр үед Баярааг чи намайг зодох төлөвлөгөөг боловсруулж байна уу, гарч зодолдох уу гэж хэлээд, Баярааг хужаа гэх мэтээр доромжилж байгаад Отгонбаяр, Баяраа хоёрын толгойг хооронд нь хавсарч мөргөлдүүлсэн. Тэр үед Отгонбаяр уурлаад тэр хоёр барьцалдаж аваад манай ажлаас гарсан. Тухайн үед Баяраа суугаад л үлдсэн. Тэгээд би тэр хавийн юмыг цэвэрлээд байж байтал Баяраа гараад явсан тэгээд би ажип дээрээ байж байтал удалгүй Эрмек хөмсөг язарсан цустайгаа холилдоод ороод ирсэн. Эрмек дээгүүрээ хувцсаа тайлсан нүцгэн байсан. Юу болсон бэ гэтэл Эрмек зодоон хийх гэж хэлээд дээгүүрх хувцасаа тайлаад шидсэн байсан. Тэгээд би Эрмекийн цусыг цэвэрлэж өгөөд та нар гарцгаа гэж хэлээд гаргаад хаалгаа цоожилж, гэр лүүгээ явсан. Манай ажил дээр байсан зодоон болох үед хажууд нь байгаагүй гэжээ. (хэргийн 30-32 дугаар хуудас)

 

            Хэрэг бүртгэлтэд гэрч-Н.Баттулга мэдүүлэхдээ:

            ...2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр БГД-ийн 20 дугаар хороонд байрлах Гурвалжингийн гүүрний хажууд байх ТЭХ-ийн том машины зогсоол дээр Эрмек
гэдэг найзтайгаа уулзах гээд 17 цаг өнгөрч байхад очсон. Тэгэхэд тэр зогсоол дээр
байдаг засварын газрын ар талын өрөөнд цэргийн баяр тэмдэглэж байна гээд
Эрмек хүмүүсийн хамт архи ууж байсан. Тэгээд тэндээ байж байхад Эрмек нилээн
согтсон байхаар нь би авч явахаар болоод машинаа бариулахаар Аюуш гээд
дүүгээ дуудсан юм. Тэгээд гадаа машин хүлээж байгаад би Оргил гэдэг залуутай
уулзах гээд буцаад орсон байхад гаднаас Эрмек намайг Баярсайхан цохичихлоо
гэчихсэн зүүн талын нүдний дээд доод талаас цус гарсан байдалтай орж ирсэн.
Тэгэхэд Баярсайхан нь түрүүлээд ороод ирсэн байсан. Эрмек тэр хоёр маргалдаад
байхаар нь би салгаад Эрмекийн хөмсгийг нь оёулсан нь дээр юм байна гээд
Гэмтлийн эмнэлэг авч явсан гэжээ. (хэргийн 35 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 4176 тоот дүгнэлтэд:

1. Эрмекийн биед тархи доргилт, зүүн ухархайн дотор ханын хугарал, зүүн хөмсөг, зүүн хацарт шарх, зүүн дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо.

             2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

             3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 17 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

 Б.Баярсайхан ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 20, 44 дүгээр хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Б.Баярсайхан нь 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр согтуугаар Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэхийн зогсоол” гэх газарт хохирогч Эрмек шүүгдэгчийг “чи намайг зодох төлөвлөгөөг боловсруулж байна уу, гарч зодолдох уу, хужаа гэх мэтээр доромжилж түүний толгойг Отгонбаярын толгойтой мөргөлдүүлснээс тэдний хооронд хувийн таарамжгүй харилцаа үүсч маргалдан, улмаар А.Эрмекийг зодож,  бие махбодид нь тархи доргилт, зүүн ухархайн дотор ханын хугарал, зүүн хөмсөг, зүүн хацарт шарх, зүүн дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.Эрмек, гэрч Д.Отгонбаяр, Н.Баттулга, Г.Чимэгмаа нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 4176 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Баярсайханы гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар зүйлчилж, яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатайгаар учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч Б.Баярсайханыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатайгаар учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар ял оногдуулах үндэслэлтэй боловч хохирогч нь шүүгдэгчээс гэм хорын хохиролд 2 000 000 төгрөг авсан тул нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэж шүүгдэгчтэй сайн дураар эвлэрчээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг  анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг  арилгасан нөхцөлд  хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасныг үндэслэн  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлд заасныг баримтлан шүүгдэгч Б.Баярсайханд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ. 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн болохыг тус тус дурдлаа.