| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2022/06663/И |
| Дугаар | 101/ШШ2023/02125 |
| Огноо | 2023-04-27 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 101/ШШ2023/02125
| 2023 о 04 с 27 | Дугаар 101/ШШ2023/02125 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ........................ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Б-, С-,
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Должинсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Отгонжаргал, шинжээч Б.Батзаяа, Ц.Түвшинцэнгэл, нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Должинсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 1679 дугаар шийдвэрээр М , Б.Өлзийсайхан нараас 212,924,231 төгрөгийг гаргуулж Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч М гийн барьцаалсан хөрөнгө болох иргэн Б-гийн өмчлөлийн 0 дугаартай 00 тоот хаягт орших 224 м.кв талбайтай хувийн сууц, гарааж, мөн тус хаягт орших 01 нэгж талбарын дугаартай, 419 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, С-гийн өмчлөлийн 0 дугаартай, ХУД 00 тоот хаягт байрлах, 75,25 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт орших 00 нэгж талбарын дугаартай, 350 м.кв талбайтай өмлөх эрхийн газар зэрэг хөрөнгүүдийг үнэлэхээр хөндлөнгийн шинжээч томилогдож хөрөнгийн үнэлгээ хийсэн. Уг хөрөнгийн үнэлгээний дүгнэлт 2022.10.07-ны өдөр гарсан байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 55.3-д Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж заасан бөгөөд Шийдвэр гүйцэтгэгч ахлах дэслэгч Ю.Отгонжаргал 2022.10.07-ны өдөр надад болон бусад хөрөнгийн өмчлөгчдөд утсаар мэдэгдсэн. Мөн өдрөө шинжээчийн дүгнэлт болон мэдэгдлийг шуудангаар илгээсэн байсныг 2022.10.10-ны өглөө шуудангаас залгахад мэдсэн. Ингээд би 2022.10.10-ны өдөр ШШГТ-т очин, хөрөнгийн үнэлгээтэй биечлэн танилцсан. Тус хөрөнгүүдийг үнэлэхдээ хуульд заасан журмыг баримтлаагүй, мөн хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэж үзэж байгаа тул дараах гомдлыг гаргаж байна. 0 дугаартай, ХУД 9-р хороо. 02 тоот хаягт байрлах, 75,25 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт орших 00 нэгж талбарын дугаартай, 350 м.кв талбайтай өмлөх эрхийн газрын хөрөнгийн үнэлгээний тайланг Дамно ХХК гаргасан байх бөгөөд 44,118,000 төгрөгөөр үнэлжээ. Хөрөнгийн үнэлгээний тайлангийн нүүр хэсэгт... 75,25 м.кв талбайтай хувийн сууц, гарааж болон ... үнэлж хөрөнгийн үнэлгээний тайлан болон холбогдох материалыг хамт хүргүүлэв гэжээ. БЗД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1679 дүгээр шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг хангуулах үл хөдлөх хөрөнгийг нэрлэн заасан бөгөөд үүнд дээрх хөрөнгийн тайланд тусгагдсан гарааж багтаагүй юм. Өөрөөр хэлбэл өмчлөх эрхийн гэрчилгээгүй, 100 хувийн гүйцэтгэлтэй гарааж байгаа бөгөөд тухайн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар шүүхийн захирамжид тусгагдаагүй байхад хөрөнгийг дур мэдэн үнэлж тайландаа тусгасан байна. Мөн үнэлгээний тайлангийн 20-д Газрын өмчлөх эрхийн үнэлгээг тусгасан бөгөөд үнэлгээний нэгдсэн дүгнэлтийг тусгасан бөгөөд , ХУД, 00 тоот хаягт байрлах, 350 м.кв талбайтай гэр бүлийн зориулалттай өмчлөх эрхтэй газрыг 3,858,750 төгрөгөөр үнэлсэн байна. Ингэж үнэлэхдээ Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын дагуу Нийслэлийн ХУД-ыг 7-р бүсчлэлд хамруулж 1га талбайн суурь үнэлгээг 24,500 төгрөгөөр тооцсон. Тус газрын 1м.кв талбайн үнэ болох 24,500 төгрөгийг бүсчлэл ба зориулалт бусаас хамаарсан итгэлцүүр 0,45-р үржээд 350 м.кв талбайд мөн үржүүлээд 3,858,700 төгрөгийн үнэлгээ гаргажээ. Гэтэл засгийн газрын дээрх тогтоолын 1 дүгээр хавсралтад Хан-Уул дүүрэг 6-р бүсчлэлд байрлах бөгөөд 1га газрын суурь үнэлгээг 3-р хавсралтаар 27,300 төгрөгийн үнэлгээтэй байхаар заажээ. Үнэлгээний компани бүсчлэлийг буруу тогтоосны улмаас тухай газрын үнэлгээг хэт бага үнэтэйгээр тогтоосон байна. Мөн дээрх засгийн газрын тогтоол, үнэлгээ тогтоох аргачлал нь газрын зах зээлийн ханш, суурь үнийг тогтоох зорилготой бус Газрын төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх үүднээс иргэн аж ахуйн нэгжийн эзэмших, ашиглах эрхтэй газрын төлбөрийг жил бүр тооцож, тогтооход зориулагдан батлагдсан захиргааны хэм хэмжээний акт юм. Мөн дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлэхдээ харьцуулалтын аргыг ашигласан байх бөгөөд үнэгүй.мн сайт дээрх ижил байршилд худалдаалахаар санал болгож буй үл хөдлөхөөс үнийн хувьд хамгийн бага саналтайг тайландаа хавсаргасан байв. Угтаа бол тухайн объектын м.кв хэмжээ, байршил, худаг, дэлгүүр, автобусны буудал, сургууль цэцэрлэгтэй ойрхон зэргээс үл хөдлөхийн үнэ хэлбэлзэлдэг. Гэтэл харьцуулсан үл хөдлөх нь м.кв-н хувьд нэг дахин шахам бага м.кв-тай байршлын хувьд сургууль, цэцэрлэг, буудлаас харьцангуй хол байршилтай буюу хямд үнэлгээтэй объектыг сонгосон байна. 01дугаартай, ХУД. 01. 17 тоот хаягт орших 224 м.кв талбайтай хувийн сууц гарааж мөн тус хаягт орших 01 нэгж талбарын дугаартай. 419 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрын үнэлгээг Хөрөнгө эстимэйт ХХК хийсэн байх бөгөөд 124371,797 төгрөгөөр үнэлсэн байна. Тус үнэлгээний тайлангийн 4.3-д зах зээлийн хандлагын үнэлгээг 124,371,797 төгрөгөөр үнэлсэн байна. Зах зээлийн хандлагын үнэлгээг харьцуулалтын аргаар хийсэн байх бөгөөд харьцуулж буй объектууд нь дэд бүтэц буюу төвийн шугам сүлжээнээс хол, барилгын идэвхтэй бүсэд хамаарахгүй объектуудыг харьцуулсан. Үнэлгээ хийгдэж буй уг газрын тухайд үнэ цэнэ нь өсөн нэмэгдсэн, орон сууцны хорооллоос 20 метр хүрэхгүй зайд оршдог, эргэн тойрон орон сууцны цогцолбор хороолол олноор баригдсан, төв замаас 300 метр зайд байрладаг, туслах замаас 50 метр зайд байрладаг, төвийн шугам, дэд бүтэц, цэцэрлэг, сургуультай ойр байрладаг. Тухайн газар байршиж буй гудамжны тал хувьд нь барилга баригдсан, барилгын компаниудын сонирхож буй газрын нэг юм. Одоогийн байдлаар 2-3 барилгын компани 400 сая төгрөг эсвэл 2-3 байр оролцуулан худалдан авахаа илэрхийлсэн байгаа. Гэтэл байршлын хувьд барилга баригдах нь нэгэнт тодорхой болсон газрыг төвийн шугам сүлжээнээс хол газартай харьцуулан 124,3 сая төгрөгийн үнэлгээ гаргаж ирж байгаа нь зах зээлийн бодит үнэ ханштай нийцэхгүй, тухайн үл хөдлөх хөрөнгийг хэт үнэгүйдүүлсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Мөн 15 дугаар хуудсан дахь газрын үнэлгээг Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын дагуу Нийслэлийн ХУД-ыг 7-р бүсчлэлд хамруулж 1га талбайн суурь үнэлгээг 24,500 төгрөгөөр тооцсон байна. Гэтэл засгийн газрын дээрх тогтоолын 1 дүгээр хавсралтад Хан-Уул дүүрэг 6-р бүсчлэлд байрлах бөгөөд 1га газрын суурь үнэлгээг 3-р хавсралтаар 27,300 төгрөгийн үнэлгээтэй байхаар заажээ. Бүсчлэлийг буруу тогтоосноос газрын үнэлгээг буруу тооцсон гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг тогтоохдоо Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.4 заасныг зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Иймээс 01дугаартай, ХУД, 9-р хороо, Тайнь 21 гудамж, 17 тоот хаягт орших 224 м.кв талбайтай хувийн сууц, гарааж, мөн тус хаягт орших 01 нэгж талбарын дугаартай, 419 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, 0 дугаартай, ХУД, 00 тоот хаягт байрлах, 75,25 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт орших 00 нэгж талбарын дугаартай, 350 м.кв талбайтай өмчлөх эрхийн газар зэргийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү... гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Отгонжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 1679 дүгээр шийдвэрээр М , Б.Өлзийсайхан нараас 212,924,231 төгрөгийг гаргуулж Жижиг дунд үйлдвэрийн газар-т олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Б- /ХИ68121625/-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 01 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, ..........тоот 224 м.кв талбайтай хувийн сууц гараашийн хамт, нэгж талбарын 01 дугаарт бүртгэлтэй 419 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамт, С-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 0 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 0 тоот 75.25 м.кв талбайтай хувийн сууц, гарааж 0 дугаартай нэгж талбарын 00 дугаарт бүртгэлтэй 350 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 2026/161, 2226/02 дугаартай тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар битүүмжилж, эд хөрөнгө хураах тухай 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 22260485/161, 22260485 дугаартай тогтоолоор хураан авч үнэлгээ тогтоох ажиллагаа явуулахад төлбөр төлөгч болон өмчлөгч нарын ирүүлсэн үнийн саналыг төлбөр авагч тал хүлээн зөвшөөрөөгүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар төлбөр авагчийн хүсэлтийг үндэслэн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 10/286 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн шинжээч Б.Батзаяаг, мөн өдрийн 10/287 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор Дамно ХХК-ийн шинжээч Ц.Түвшинцэнгэл нарыг томилоход барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүд нь
1. ЭУБ-ийн 01дугаарт бүртгэлтэй 00 тоот 224 м.кв талбайтай хувийн сууц гараашийн хамт, нэгж талбарын 01 дугаарт бүртгэлтэй 419 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамт 124,371,797 төгрөгөөр,
2. ЭУБ-ийн 0 дугаарт бүртгэлтэй 00 тоот 75.25 м.кв талбайтай хувийн сууц, гарааж 0 дугаартай нэгж талбарын 00 дугаарт бүртгэлтэй 350 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамт 44,118,000 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн. Барьцаа хөрөнгүүдийн үнэлгээг 2022 оны 10 дугар сарын 07-ны өдөр төлбөр төлөгч М , Б.Өлзийсайхан, өмчлөгч Б-, С нарт үнэлгээний мэдэгдлүүд болон 2 ширхэг тайлангийн хамт утсаар мэдэгдэж, оршин суугаа хаягаар баталгаат шуудангаар илгээж, тэмдэглэл хөтлөн баталгаажуулсан. Барьцаа хөрөнгүүдийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу шинжээчийн тогтоосон үнийн 70 хувиар тооцон 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн анхны, 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдаанд шинжээчийн тогтоосон үнийн 50 хувиар тооцон оруулахад тус тус үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй болно. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.... гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч М хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Б-гийн өмчлөлийн 00 тоотод байрлах, улсын бүртгэлийн 01дугаарт бүртгэлтэй, 224 м.кв талбайтай хувийн сууц, гарааш, мөн хаягт байрлах нэгж талбарын 01 дугаарт бүртгэлтэй, 419 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, С-гийн өмчлөлийн 00 тоотод байрлах, улсын бүртгэлийн 0 дугаарт бүртгэлтэй, 75.25 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах нэгж талбарын 00 дугаарт бүртгэлтэй, 350 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газрыг тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч тал шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд зааснаар явагдсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргаж байна.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нар тайлбар гаргаагүй.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр шийдвэрлүүлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т зааснаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гомдол гаргасан байх бөгөөд мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 12-ны өдрийн 101/ШШ2020/01679 дугаар шийдвэрээр хариуцагч М , Б.Өлзийсайхан нараас 212,924,231 төгрөг гаргуулж Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан УТҮГ-т олгож, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд иргэн Б-гийн эзэмшлийн 01 хаягт байрлах, нэгж талбарын 01 дугаартай, 419 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, иргэн Б-гийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, 00 тоот хаягт байрлалтай 01улсын бүртгэлийн дугаартай 224 м.кв талбайтай хувийн сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, иргэн Ш.Сумьяагийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 0 дугаарт бүртгэлтэй, ХанУул дүүрэг, 01тоот хаягт байрлах, нэгж талбарын 00 дугаартай, 350 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, иргэн С-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 0 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, 01 тоот хаягт байршилтай, 75,25 м.кв талбайтай хувийн сууцын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн байна. /хх-84-88/
Дээрх шийдвэрт 2020 оны 11 сарын 06-ны өдөр 20890 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж, уг захирамжийн дагуу 1707 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2017 он/ хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Даваасүрэн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол-оор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан болох нь шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас, 22260485 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол зэргээр тогтоогдож байна. /хх-83, 89-90/
Ийнхүү Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй үндэслэлээр 2022 оны 06 сарын 17-ны өдөр иргэн Б-гийн эзэмшлийн Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Тайнь 1-7-10А хаягт байрлах, нэгж талбарын 01 дугаартай, 419 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, иргэн Б-гийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, 00 тоот хаягт байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн 01 дугаарт бүртгэлтэй, 224 м.кв талбайтай хувийн сууц гараашийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, иргэн С-гийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 01 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн 0 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 00 дугаартай, 350 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, эрхийн улсын бүртгэлийн 0 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, 01тоот хаягт байршилтай, 75,25 м.кв талбайтай хувийн сууцын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 06 сарын 17-ны өдөр тус тус битүүмжилж, 2022 оны 09 сарын 08-ны өдөр тус тус хураан авсан байна. /хх-94-104/
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцсон гэх баримт байхгүй, төлбөр төлөгч Б.Өлзийсайхан, М нар болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С- нар үл хөдлөх эд хөрөнгө, газрын үнийн саналаа ирүүлсэн боловч төлбөр авагч зөвшөөрсөн гэх баримтгүй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар үнийн талаар тохиролцоогүй бол гэсэн үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгөнд шинжээч томилсон 2022 оны 10 сарын 03-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн шинжээч томилох тухай 10/286, 10/287 дугаартай тогтоол хуульд нийцэж байх ба уг тогтоолд ...худал дүгнэлт гаргах тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэх...талаар сануулсан байх ба шинжээч Б.Батзаяа, Ц.Түвшинцэнгэл нар гарын үсэг зурсан байна. /хх-110, 126/
Нэхэмжлэгч тал ...Сангийн яамны журам... нийтэд илэрхий легалинфо.мн сайтад байрлаагүй байгаа тул хүчин төгөлдөр бус хэм хэмжээний актыг баримталж үнэлгээ гаргасан гэж тайлбарлаж байна.
Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д: шинжилгээг тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой хийх, 14.1.7-д: шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд болон бусад этгээдээс хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах үүргийг шинжээч хүлээхээр хуульчилж, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т: шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцна гэж заажээ.
Хуулийн дээрх заалтаар шинжилгээний дүгнэлт бодит бус, үндэслэлтэй эсэхийг шинжээч өөрөө хариуцах зохицуулалттай бөгөөд энэ үндэслэлээр шинжээчийг томилсон шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгчийн ... үл хөдлөх эд хөрөнгө, газрыг зах зээлийн үнээс багаар үнэлсэн... гэх тайлбар нь үндэслэлгүй, шинжээч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлоогүй байна.
Нэхэмжлэгч тал шүүхийн шийдвэрт тусгаагүй гараашийг үнэлсэн гэж тайлбарлаж байх боловч шүүхийн шийдвэр, шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд дурдсан Сумъяагийн өмчлөлийн газар дээр байсан, гэрчилгээгүй, газраас үл салгах гараашийг үнэлснийг буруутгах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч тал уг гарааш бусдын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө гэдгийг баримтаар нотлоогүй.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу ажиллагааг хийж Хөрөнгө эстимэйт ХХК, Дамно ХХК-ийг шинжээчээр томилсон, шинжээч нар нь үл хөдлөх эд хөрөнгө, газрыг тус тус үнэлэн шинжээчийн дүгнэлт гаргахдаа хууль, дүрэм, журамд заасныг зөрчин үнэлгээг хэт доогуур үнэлсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, шийдвэр гүйцэтгэгчийн шинжээчээр Хөрөнгө эстимэйт ХХК, Дамно ХХК-ийг томилсон шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч М гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч үнэлгээ хүчингүй болгуулах шаардлагад 70,200 төгрөг төлөхөөс 1,000,450 төгрөг төлж, 930,250 төгрөг илүү төлсөн байх тул улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М гийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,000,450 төгрөгөөс илүү төлсөн 930,250 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч М д олгож, үлдэх 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Давж заалдах журмаар гомдол гаргасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд, хяналтын журмаар гомдол гаргасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-т зааснаар хэргийг хэлэлцүүлэхээс татгалзах тогтоол гарах, эсхүл хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай 101/ШЗ2022/28915 дугаартай захирамж хүчинтэй хэвээр байхыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ