| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 101/2022/04046/И |
| Дугаар | 101/ШШ2023/02363 |
| Огноо | 2023-05-11 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 101/ШШ2023/02363
2023 оны 05 сарын 11 өдөр Дугаар 101/ШШ2023/02363
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч- Ж.П-н нэхэмжлэлтэй,
хариуцагч- Э.А-д холбогдох,
7,187,940 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ж.П, түүний өмгөөлөгч Г.Э /ӨҮ-****/,
Нэхэмжлэгч Т.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, түүний өмгөөлөгч Б.Б /ӨҮ-****/,
Гэрч Ж.Н, Б.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.А.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.П, Т.Б нар Э.Ад холбогдуулан 7,187,940 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагчийн төлсөн 20,000 төгрөгийг хасаж тооцон 7,167,940 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон /хх-1-2, 130-131/.
Нэхэмжлэгч нар шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Ж.П нь хамт ажилладаг багш Ц нь F компаний хөрөнгө оруулагч болсон талаар, ашиг орлого тогтмол авдаг болсон талаар ярьж надад итгэл үнэмшил төрүүлсэн тул цалингийн зээл авч улмаар тус компанид хөрөнгө оруулж тогтмол ашиг орлого авч мөнгөө өсгөх зорилгоор Цын зөвлөж, санал болгосны дагуу 2018 оны 4-р сарын 03-ны өдөр А гэдэг хүний данс руу 7,187,940 төгрөгийг шилжүүлсэн.
Надад нээж өгсөн цахим хаягаар нь хэд хэдэн удаа орж харсан боловч нэг л өдөр нээгдэхгүй, тэр хаяг руу орж болохгүй болсон. Энэ талаар Ц багшид хэлээд А зохицуулна хүлээж бай гэсэн тул харж байсан.
Эдгээр хүмүүсийн хийгээд байгаа үйлдэл ойлгомжгүй, тэр хаягт ирээд байгаа мөнгө төгрөгийг хэрхэн авах нь тодорхойгүй байсан тул хаягт ирсэн мөнгийг төгрөг болгож өгнө гэдэгт итгэж байсан, аккаунт буюу хаяг нээгдэхгүй байгаа талаар Ц багшид хэлж асууж байсан. Иргэн Цаар дамжуулан хариуцагч Э.Атай амаар хэлцэл хийгдсэн боловч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хүчин төгөлдөр бус байна.
Энэ асуудлаар бусдад залилуулсан гээд цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шийдвэрлэхийг хүлээх хугацаанд коронавирус цар тахал гарснаар хөл хорионд орж нааш цаашаа явах боломжгүй байсан ч хариуцагч Атай утсаар ярьж байсан.
Хариуцагч Э.Агийн данснаас нэхэмжлэгч Пийн шилжүүлсэн мөнгөн дүн тоо ёсоороо өөр этгээдийн данс руу шилжүүлж гараагүй байдаг, дансны хуулгаар 2,4 сая төгрөгийг Э.А бусад руу шилжүүлсэн байгаа тул үлдсэн мөнгөөр хариуцагч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхээр байна.
Хариуцагч Э.Агаас төлбөр мөнгөө байнга шаардаж байсан тул хүлээн зөвшөөрч 2022 оны 6-р сарын 5-ны өдөр нэхэмжлэгч Т.Бгийн дансанд 20,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг тул хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж тодорхойлсон.
2. Хариуцагч тал хариу тайлбартаа F компанид хөрөнгө оруулалт хийх талаар Ц.Ц нь Ж.Пид санал тавьж, П нь элсэн орох шийдвэрээ өөрөө гаргасан байдаг. Ж.Пүрэвждоржид F компанид элсэх, мөнгө төгрөг шилжүүлэх талаар ятгаагүй. Харин F компанид хөрөнгө оруулах, элсэх шийдвэрийг тэрээр Ц.Цтай уулзаж, ярилцсанаар гаргасан байх түүнд Ц нь эрсдлийн талаар тайлбарласан гэж хэлж байсан.
Тухайн бизнест хөрөнгө оруулахын тулд аккаунт гэж нээдэг бөгөөд Ж.Пийн тэр аккаунтыг Н багш нээж өгсөн. Аккаунт хаяг нээхэд мөнгө шилжүүлдэг учраас Ж.П нь хариуцагчийн данс руу мөнгө шилжүүлснийг Н багш руу дамжуулан шилжүүлснийг Н багш тухайн компаний данс руу хийснээр F компанид Пийн нэрээр яг явуулсан мөнгөний тоогоор евро болж хөрөнгө оруулалт хийснийг хийснийг П өөрөө харсан бөгөөд тухайн компаний веб сайтаар орж шалгадаг байсан.
F компани нь гадаадын хөрөнгө оруулалттай сүлжээний компани байсан бөгөөд 2018 оны 5-р сард гэнэт хаагдчихсан. Тухайн компанид өөрөө хөрөнгө оруулсан болохоор адилхан хохирогч болоод үлдсэн. Т.Б нь Улаанбаатар хотод ирсэн байна, таксины мөнгө шилжүүлж гэж утсаар ярьсан тэр өдөр 20,000 төгрөгийг шилжүүлсэн. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
3. Нотлох баримтын тухайд
3а. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, Ж.Пийн иргэний үнэмлэх хуулбар /хх-4/, Ж.Пийн Төрийн банкинд эзэмшдэг ********** дугаартай дансны хуулга /хх-5/, Увс аймгийн прокурорын газрын прокурорын 2019 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 5/104 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол /хх-6-8/, өмгөөлөгч Г.Этэй 2022-8-29-ний өдөр байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-35-37/, Т.Бгийн Хаан банкинд эзэмшдэг ************ дугаартай дансны хуулга /хх-54/, Увс аймаг ****** сумын засаг даргын 2021-4-27-ны өдрийн хатуу хөл хорио тогтоосон хугацааг сунгах тухай ***** дугаартай захирамж /хх-55/, А/45 дугаартай захирамж /хх-56/, А/41 дугаартай захирамж /хх-57-58/, Увс аймаг ****** сумын засаг даргын 2020-2-14-ний өдрийн зохион байгууллалтын арга хэмжээ авах тухай А/11 дугаартай захирамж /хх-59-60/, Т.Б, Ж.П нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-117/, Т.Бгийн иргэний үнэмлэх хуулбар /хх-132/, Т.Бгийн Хаан банкинд эзэмшдэг ************ дугаартай дансны хуулга /хх-13/, Т.Бгийн төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-156/ зэргийг нотлох баримтаар гаргасан.
3б. Хариуцагчаас хариу тайлбар /хх-21/, 2022-7-28-ны өдөр Ц.Ангараг төрсөн тухай төрсний гэрчилгээний хуулбар /хх-39/, өмгөөлөгч Б.Бтэй 2022-8-25-ны өдөр байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-40/, төлөөлөгчөөр Э.Аийг томилсон итгэмжлэл /хх-42/, Ж.Нгийн Хаан банкинд эзэмшдэг ********* дугаартай дансны хуулга /хх-119/, Э.Агийн Хаан банкинд эзэмшдэг ******** дугаартай дансны хуулга /хх-120-121/, Эрдэнэбатын А, Сандагийн Эрдэнэбат гэж орчуулагдсан бичвэр /хх-137-140/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
3в. Шүүх хариуцагч талын хүсэлтээр
Увс аймгийн прокурорын газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын 2019 оны 7-р сарын 6-ны өдрийн 5/104 дугаартай тогтоол /хх-86-88/, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр Ц.Цын гэрчийн мэдүүлэг /хх-91-94/, Увс аймгийн прокурорын газраас Т.Бгийн хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-103-104/, Ж.Пийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-105-106/, Г.Жигжидийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-107/, Ц.Цын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-108/, Д.Игийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-109/, Т.Балцэцэгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-110/, *********** хаягт 2023 оны 4-р сарын 7-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл /хх-153-154/, *********** хаягт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн авчирсан Лнэртэй зөөврийн нөтбүкээр нэвтрэн орж 2023 оны 4-р сарын 20-ны өдөр хийгдсэн үзлэгийн тэмдэглэл /хх-162-169/, уг үзлэгээр илэрсэн англи хэл дээрх захианаас хариуцагч талын хүсэлтээр сонгосон 2018-4-5, 2019-3-01 огноотой, 616,46 евро үлдэгдэлтэй, П танаа гэсэн, 2019-3-31-ний огноотой захиаг сонгон авч орчуулга хийлгэсэн орчуулгын баримт /хх-180-195/ зэргийг бүрдүүлсэн.
3г. Хавтаст хэргийн 61-66, 135-136-р талд авагдсан баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т зааснаар бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.
2. Нэхэмжлэгч Ж.П, Т.Б нар Э.Ад холбогдуулан F компаний хөрөнгө оруулж тогтмол ашиг орлого авч мөнгөө өсгөх зорилгоор шилжүүлсэн 7,167,940 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, уг шаардлагын үндэслэлээ хамт ажилладаг багш Ц нь F компаний хөрөнгө оруулагч болсон талаар, ашиг орлого тогтмол авдаг болсон талаар ярьж итгэл үнэмшил төрүүлснээр тус компанид хөрөнгө оруулж тогтмол ашиг орлого авч мөнгөө өсгөх зорилгоор Цын зөвлөж, санал болгосны дагуу 2018 оны 4-р сарын 03-ны өдөр А гэдэг хүний данс руу 7,187,940 төгрөгийг шилжүүлсэн.
Ж.Пид нээж өгсөн цахим хаягаар нь хэд хэдэн удаа орж харсан боловч тэр хаяг нь нэг л өдөр нээгдэхгүй, орж болохгүй болсон. Тэр хаягт ирээд байгаа мөнгийг төгрөг болгож өгнө гэдэгт итгэж байсан, аккаунт буюу хаяг нээгдэхгүй байгаа талаар Ц багшид хэлж асууж байсан. Иргэн Цаар дамжуулан хариуцагч Э.Атай амаар хэлцэл хийгдсэн боловч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хүчин төгөлдөр бус. Э.Агийн данснаас нэхэмжлэгч Пийн шилжүүлсэн мөнгөн дүн өөр этгээдийн данс руу бүтэн дүнгээр гараагүй байгаа тул хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж тодорхойлсон.
3. Хариуцагч Э.А нь нэхэмжлэлийг үгүйсгэсэн үндэслэлээ F компанид хөрөнгө оруулалт хийх талаар Ц.Ц нь Ж.Пид санал тавьж, П нь элсэн орох шийдвэрээ өөрөө гаргасан байдаг. Ж.Пүрэвждоржид F компанид элсэх, мөнгө төгрөг шилжүүлэх талаар ятгаагүй. Тус бизнест хөрөнгө оруулахын тулд аккаунт гэж нээдэг бөгөөд Ж.Пийн тэр аккаунтыг Н багш нээж өгсөн. Аккаунт хаяг нээхэд мөнгө шилжүүлдэг учраас Ж.Пийн шилжүүлсэн мөнгийг Н багш руу дамжуулан шилжүүлснийг цаашаа тухайн компаний данс руу хийснээр F компанид Ж.Пийн нэрээр яг явуулсан мөнгөний тоогоор евро болж хөрөнгө оруулалт хийгдсэн, Ж.П нь үүнийг өөрт нь нээсэн хаягаар орж харсан бөгөөд тухайн компаний веб сайтаар орж хаягаа шалгадаг байсан ч 2018 оны 5-р сард гэнэт хаагдчихсан.
F компани нь гадаадын хөрөнгө оруулалттай сүлжээний компани байсан, би ч өөрөө хөрөнгө оруулаад хохирогч болсон, Т.Б Улаанбаатар хотод ирсэн, таксины мөнгө хэрэгтэй байна гэж утсаар ярьсан тул 20,000 төгрөгийг шилжүүлсэн тул энэ мөнгийг би аваагүй гэж татгалзсан тайлбар гаргаж маргасан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Т.Б нь 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Увс аймаг дахь цагдаагийн газарт хохирогчоор ...2018-3-20-ны үед манай сумын Ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын багш ажилтай Ц.Ц нь манай эхнэр Ж.Пид F гэх гадаадын хөрөнгө оруулалттай компанид хөрөнгө мөнгө оруулж ашиг хүртэх талаар ярьсан. Би уг бизнесийг сонирхож ямар учиртай талаар Ц.Цаас асуухад надад 7 хоног болгоны 5 дахь өдөр 100 евро орж ирдэг их ашигтай бизнес гэж надад танилцуулж, манай эхнэрийн дүү нар бүгдээрээ орсон хурдан орох тусмаа илүү их ашиг хүртэх боломжтой юм байна гэж тайлбарласан. Ц.Ц нь уг бизнесийн сургалтад суусан нөхцөл байдлыг судалж үзсэн чинь их боломжийн найдвартай юм байна гэхээр нь би эхнэр Ж.Пийг ятгаж цалингийн зээл авахуулаад 2018-4-03-ны өдөр Хаан банкны ******** дугаарын данс руу 7,187,940 төгрөгийг шилжүүлсэн, одоо хүртэл ямар нэгэн ашиг мөнгө төгрөг орж ирэхгүй байна. Ц.Ц надад F.com гэсэн хаягаар орж шалгаж болно гээд би тэр хаягаар орж шалгадаг байсан... гэх мэдүүлэг /хх-103-104/,
Нэхэмжлэгч Ж.П 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Увс аймаг дахь цагдаагийн газарт гэрчээр ...2018-3-20-ны үеэр надтай хамт ажилладаг Ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын багш Ц.Ц нь надад F гэх гадаадын хөрөнгө оруулалттай компанид хөрөнгө оруулалт хийж их ашиг олж авах талаар ухуулж ярьсан. Би уг бизнесийг сонирхож нөхөр Т.Бд танилцуулсан чинь боломжийн санагдаж байна. Би Ц.Цтай уулзаж ямар учиртайг нь мэдэж уг бизнест чинь зээл авч байгаад хөрөнгө оруулалт хийе гээд Ц.Цтай очиж уулзаад их боломжийн юм байна. Ц.Ц өөрөө орчихсон юм байна. 7 хоног бүрийн 5 дахь өдөр 100 евро орж ирдэг их ашигтай бизнес юм байна чи надад цалингийн зээл аваад өг гэж хэлсэн. Би нөхрийнхөө хэлсэн ёсоор цалингийн зээл авч 2018-4-3-ны өдөр Хаан банкны ******** дугаарын данс руу 7,187,940 төгрөгийг шилжүүлсэн. Ц.Ц надад F.com гэсэн хаягаар орж шалгаж болно гээд би тэр хаягаар орж нөхөртэйгээ хамт шалгадаг байсан юм. Бид хоёр тэр хаягаар орж харахад эхлээд мөнгө орж байгаа нь харагддаг байсан дараа нь тэр хаяг руу орж болохгүй болчихсон юм. Мөнгө орж байгаа талаар мэдээлэл харагддаг мөртлөө уг мөнгийг авч болдоггүй байсан... гэх мэдүүлэг /хх-105-106/,
Иргэн Г.Жигжид 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Увс аймаг дахь цагдаагийн газарт гэрчээр ...Ц.Цыг танина, ерөнхи боловсролын сургуульд багшаар хамт ажилладаг. Ц.Ц нь 2018 оны 4-р сард гадаадын F гэх компанид хөрөнгө оруулж их ашиг олох талаар надад ярьж байсан. Миний оруулсан хөрөнгө байгаа гэж компьютер интернетээр өсөлтийн график харуулж байсан... гэх мэдүүлэг /хх-107/,
Иргэн Ц.Ц 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Увс аймаг дахь цагдаагийн газарт гэрчээр ...би ****** сумын ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын багшаар 2003 оноос одоог хүртэл ажиллаж байна. 2018 оны 3 дугаар сард би Улаанбаатар хот руу очиход манай эхнэрийн дүү Д.Бямбабаатарын хадам эгч Э.А надад F гэж гадаадын компанид хөрөнгө оруулалт хийгээд их ашиг олох боломж байгаа талаар ярьсан бөгөөд Э.Агийн багш гэж Н гэ хүн уг бизнесийг толгойлж байгаа гэж хэлсэн. Би Улаанбаатараас ****** суманд ирээд эхнэр Д.Гантуяатай ярьж байгаад уг бизнест 7,300,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж мөнгө шилжүүлсэн юм. Fйm.com гэж хаягаар орохоор мөнгө шилжүүлсэн хүн болгон дээр эрх үүссэн байдаг бөгөөд уг эрхээр 7 хоног болгон еврогоор мөнгө орж ирээд байдаг байснаа одоо бол уг хаяг руу орж болохгүй байгаа. Би сургуулийнхаа багш нарт энэ тухай хэлж дансанд орж ирж байгаа мөнгөө харуулсан чинь Ж.П багш сонирхож нөхөр Т.Б нь орохоор болж Э.Агийн данс руу мөнгө шилжүүлсэн. Би Т.Бг Э.Атай холбож өгсөн бөгөөд мөнгөө шилжүүлээд Э.А еврогоор мөнгийг хөврүүлээд эрх үүсгэдэг байсан юм. Т.Б, Ж.П нар 2018-4-3-ны өдөр 7,187,940 төгрөгийг шилжүүлсэн гэж надад хэлсэн. Т.Б мөнгө шилжүүлсэний дара мөнгө орж ирж байгаа талаарх мэдээлэл 7 хоногийн дараагаар ирж эхэлсэн бөгөөд одоо ирэхгүй байна гэж надад хэлж байсан. Би Улаанбаатар хотод очоод Агийн зааснаар Н гэж хүнтэй уулзахад манай компани дампуураагүй та нарыг хуураагүй тэвчээртэй хүлээж бай гэсэн... гэх мэдүүлэг /хх-108/ тус тус өгсөн байна.
Увс аймгийн прокурорын газрын прокурорын 2019 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн А/104 дугаартай тогтоолд хохирогч Т.Бгийн ... гэх мэдүүлэг, гэрч Ж.Пийн ...гэх мэдүүлэг, гэрч Г.Жигжидийн ...гэх мэдүүлэг, гэрч Ц.Цын ...гэх мэдүүлэг, гэрч Д.Игийн ...гэх мэдүүлэг, гэрч Т.Балцэцэгийн ...гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг үнэлж дүгнэхэд хохирогч Т.Б нь иргэн Ц.Цд мөнгө залилуулсан гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Залилах гэмт хэргийн шинжгүй байх тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн байна /хх-86-88/.
Тус шүүхийн шүүгчийн даалгавар гүйцэтгүүлэх тухай 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШЗ2022/*******дугаартай захирамжийн дагуу Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр гүйцэтгүүлсэн гэрч Ц.Цын мэдүүлэгт ...Ж.Птой нэг байгууллагад ажиллаж байсан. Э.А нь манай хадам дүүгийн эхнэрийн дүү нь байгаа юм. Би F ХХК-нд ажилладаггүй, F ХХК элсэх хүсэлттэй хүмүүс Э.А руу мөнгө шилжүүлж, Ж.Н гэж хүн аккаунт нээж өгдөг байсан. Ж.Пийг Э.А мөнгө шилжүүлж байхыг хараагүй, Ж.П нь Э.А руу мөнгө шилжүүлж байж аккаунт нээлгэсэн байх, би зөвхөн Ж.Пид биш сургуулийнхаа бүх багш нарт би F ХХК-д элсэж орсон. Энэ компанид тодорхой хэмжээний мөнгө төлж элсэж ороод 7 хоног тутамд ашиг авдаг юм байна гэж танилцуулсан. Гэтэл Ж.П нь өөрөө би энэ компанид элсэх хүсэлттэй байна гэж надад хэлсэн, Ж.Н нь F ХХК-д элссэн хүмүүст аккаунт нээж өгдөг. Ж.П яг хэний доор бүртгэгдсэн боохыг би мэдэхгүй байна, Ж.Пид 1 аккаунт нээсэн байх, Ж.Н надад 1 аккаунт нээж өгч байсан, би хүний мөнгийг авч аккаунт нээх эрхгүй тул Э.Агийн дансыг өгсөн. Ер нь Э.Агийн дансанд мөнгө шилжүүлж байж Ж.Н аккаунт нээдэг юм, Ж.Пийн мөнгийг F ХХК компанид хэн тушаасаныг би мэдэхгүй байна, би F ХХК-д элсэж орсон, энэ компанид тодорхой хэмжээний мөнгө төлж элсээд, 7 хоног тутам ашиг авдаг юм байна гэж л хэлсэн. Эрсдэлийн талаар би өөрөө ч мэдээгүй, Ж.П нь өөрийн аккаунтыг шалгаж байсан, тус компанид элссэн хүмүүс нь өөрийн аккаунтаа шалгаж мэдээлэл авдаг байсан. Өөр ямар нэгэн суваг, мэйл, чат зэргээр харилцаж байгаагүй. Би, 7,200,000 төгрөгийн хөрөнгө оруулсан, би нэг л удаа 300,000 төгрөг авсан, үлдэгдэл мөнгөө авч чадаагүй хохирсон, хүмүүс их элсдэг байсан, яг хэдэн хүн элссэн гэдгийг нь мэдэхгүй байна. F ХХК-ний вэб сайт хэзээ хаагсданыг би сайн санахгүй байна, F ХХК-ний асуудлаар Монгол Улсад D, С, Ц гэсэн хүмүүс гол зохион байгуулалтыг хийдэг гэж сонсож байсан гэх мэдүүлэг өгсөн байна /хх-92-94/.
Нэхэмжлэгч Ж.Пийн Төрийн банк ХХК-нд эзэмшидэг ********** дугаартай данснаас 2018 оны 4-р сарын 03-ны өдөр 7,187,940 төгрөгийн зарлага гарч гүйлгээний утга хэсэгт Поос А ******** гэж бичигдсэн байна /хх-5/.
Нэхэмжлэгч Т.Бгийн Хаан банк ХХК-нд эзэмшдэг ************ дугаартай дансанд 2022 оны 6 дугаар сарын 5-ны өдөр 20,000 төгрөгийн орлого, Altantuya гэх гүйлгээний утгаар орсон байна /хх-54, 133/.
Гэрчээр оролцсон Ж.Нгийн Хаан банк ХХК-нд эзэмшидэг ********* дугаартай дансанд 2,413,640 төгрөг Агаас гээд ******** тоот даснаас орлого орсон байна /хх-119/.
Хариуцагч Э.Агийн Хаан банк ХХК-нд эзэмшидэг ******** дугаартай дансанд 2018 оны 4-р сарын 4-ний өдөр 7,187,940 төгрөгийн орлого Поос гэх гүйлгээний утгаар орж, 1,501,440 төгрөг elselt гэх утгаар ********** дугаартай данснаас орж ирснээр 2018 оны 4-р сарын 6-ны өдөр 2,413,640 төгрөг, 5,845,080 төгрөгөөр тус тус зарлага гарсан байна /хх-120-121/.
Хариуцагч талын хүсэлтээр ********** хаягт хийсэн үзлэгээр 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс 2021 оны 12-р сарын 8-ны өдрийг хүртэлх огноотой зурвас захиа нь FАt нэрнээс ирсэн байх бөгөөд англи хэлнээс орчуулагдсан бичвэрийн 2018 оны 4-р сарын 5-ны өдрийн огноотой бичвэрт ...Та FАt компанийн investor s portfolio blue /хөрөнгө оруулагчийн багц цэнхэр/ багц худалдан авсан байна. Хэдэн минутын дараа та худалдан авасан бараагаа хянаж удирдах эрх нь хүчин төгөлдөр болно гэж бичигсэн байна /хх-181/.
Шүүх хуралдаанд оролцсон гэрч Ж.Н нь ... F нь дэлхийн хөрөнгө оруулалтын компани байсан, оруулсан хөрөнгөөр хувь хүртдэг тул аккаунт хаяг нээхэд элссэн хүний шилжүүлсэн Монгол төгрөг евро болж байршаад хаяг нь нээгддэг, ингэж аккаунт нээлгэх хүсэлтийг гаргаад хүлээн авч хаяг нээж өгсөн байх, ингэж нээлгэсэн мэйл хаягаар евро ирж байгаа бол мөнгө шилжсэнээр нээгдэж байгаа, 7 хоног бүрийн 3 дахь өдөр мэйл хаягт захиа ирдэг, аккаунт гэдэг нь хөрөнгө оруулсан компанид байгаа цахим ажлын байр, оруулсан хөрөнгө нь арилжаанд орж хүүг нь буцааж аккаунтад шилжүүлдэг, аккаунт хаягт ирсэн мөнгийг гаргаж авахдаа шинээр элсэн орох гэж байгаа хүний мөнгийг аваад өөрийн аккаунт хаягт байгаа еврог шинээр элсэн хүний хаяг руу шилжүүлснээр аккаунт хаягт ирсэн ашгаа авдаг байсан, энэ төрлийн үйл ажиллагааг манай улсад зөвшөөрөгдсөн эсэхийг мэдэхгүй би Даваажаргал гэдэг хүнээс мэдээлэл авч элсээд дараа нь М, А, Ц, П гэсэн дарааллаар элссэн байх, арилжааны үйл ажиллагаа англи хэлээр цахимаар явагддаг, Пид ашиг өгсөн эсэхийг мэдэхгүй, өөрт нь нээсэн аккаунт хаягаар орж ашиг хуваарилсан эсэхээ шалгадаг, Пид хэн хаяг нээж өгснийг мэдэхгүй, энэ компаний хаяг нэг л өдөр хаагдсан байгаа гэж мэдүүлсэн,
Гэрч Б.М нь ...гэрч Ж.Нгийн хүүхэд, аккаунт буюу хаяг нээж байсан, П хаяг нээж өгсөн эсэхээ мэдэхгүй, Агийн хүмүүсийг бүртгэж байсан, F компаний сургалтад сууснаар элсэж байсан гэж тус тус мэдүүлсэн.
5. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа хангуулах үндэслэлээ Цын санал болгосноор F компанид хөрөнгө оруулж тогтмол ашиг орлого авч мөнгөө өсгөх зорилгоор Цын зөвлөж, санал болгосны дагуу Ад мөнгөө шилжүүлсэн боловч нээж өгсөн хаяг нь одоо нээгдэхгүй, орж болохгүй болсон гэж тайлбарлаж байна.
6. Нэхэмжлэгч Ж.П нь 7,187,940 төгрөгийг хариуцагч Э.Агийн ******** тоот дансанд 2018 оны 4-р сарын 4-ний өдөр Поос гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн, өөр хэн нэгний данснаас хариуцагчийн дээрх дансанд 2018 оны 4-р сарын 5-ны өдөр 1,501,440 төгрөгийг elselt гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн байх бөгөөд хариуцагч Э.А нь дээрх данснаас 2018 оны 4-р сарын 6-ны өдөр 2,143,640 төгрөгийг А.аас гэх гүйлгээний утгаар, 5,845,080 төгрөгийг Агам. Тука.с гэх гүйлгээний утгаар өөр бусад руу зарлагдаж гарсан байна /хх-120/.
7. Талуудын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр нэхэмжлэгч нар иргэн Ц.Цын тайлбарласан мэдээ мэдээллээр F гэх нэртэй компанид хөрөнгө оруулалт хийхээр сайн дураараа 7,187,940 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлсэн, хариуцагч уг мөнгийг өөр бусад руу шилжүүлснээр нэхэмжлэгч Ж.Пийн нэр дээр ********** нэртэй хаяг нээгдсэн, уг хаягаар нэхэмжлэгч нар орж шалгаж байсан болох нь тогтоогдож байх тул тэдгээрийн хооронд гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж үзэхээргүй байна.
8. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээс үзэхэд хариуцагчаас Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6 дэх хэсэгт үндэслэлгүйгээр эд юмс олж авах, эзэмшихтэй холбоотой иргэний эрх зүйн харилцааны үндсэн дээр шаардаж байна гэж үзэв.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлд бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшснээс үүсэх үүргийн талаар зохицуулсан бөгөөд мөн зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө шаардах эрхтэй гэжээ.
Хуульд зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг, үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс уг эд хөрөнгийг буцаан шаардах эрхтэй.
Зохигчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг зэргээс үзэхэд нэхэмжлэгч Ж.Птой хамт ажиллаж байсан Ц.Ц гэх иргэний танилцуулсан мэдээ мэдээллийг нэхэмжлэгч нар сайн дураар хүлээн зөвшөөрч тухайн компанид хөрөнгө оруулах хүсэлт гаргасныг Ц.Ц нь хариуцагч Э.Ад хэлснээр нэхэмжлэгч нар хөрөнгө оруулалтын мөнгөн хөрөнгөө хариуцагчийн дансанд шилжүүлснийг өөр бусдын данс руу шилжүүлснээр нэхэмжлэгч Ж.П нь 2430 еврогийн FАt нэртэй байгууллагад хөрөнгө оруулагчийн цэнхэр багц худалдан авсан болох нь түүний ********** нэртэй цахим шууданд ирсэн зурвас захиагаар нотлогдож байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нар ********** нэртэй хаягийг бусдаар нээлгэсэн, энэ хаягаар орж шалгаж байсан болохыг тайлбарлаж, маргаагүй бөгөөд FАt нэртэй байгууллагад нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гэрчүүдийн ашиглаж байсан хаяг хаагдсан болохыг тайлбарласан.
Маргааны зүйл болох мөнгөн хөрөнгө эзэмшилд нь байгаа этгээдийг хөрөнгө олж авсан этгээд гэж ойлгох бөгөөд үүрэг гүйцэтгэгч нь уг мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн этгээд тул хөрөнгө олж авсан хариуцагч Э.А болон үүрэг гүйцэтгэгч Ж.П, Т.Б нарын хооронд гэрээний болон хуульд заасан үүргийн харилцаа болох үүрэг үүсээгүй байх тул хариуцагчийг 7,167,940 төгрөгийг үндэслэлгүй олж авсан гэж дүгнэх үндэслэлгүй байна.
Иймд дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ж.П, Т.Б нарын хариуцагч Э.Агаас 7,167,940 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж зохицуулсан.
Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 129,957 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар хариуцагч Э.Агаас 7,167,940 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ж.П, Т.Б нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 129,957 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ