| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/0342/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/358 |
| Огноо | 2025-11-27 |
| Зүйл хэсэг | 27.10-5, |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн
2025 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/358
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч С.Ариунаа
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 2521000000448 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймаг, ******* сумын 2 дугаар баг, ******* ******* *******ны 6 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/85 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ******* овогт *******ын *******. /РД: *******/
Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нь 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2300 цагийн орчимд өнгөрч байхад Дорнод аймгийн ******* сумын 8 дугаар баг Хиймэл нуурын ертөнцийн зүгээр баруун талын замаар Тоёота приус-11 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоодсон /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, өөр нэмж хэлэх зүйл байхгүй” гэв.
Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нь 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2300 цагийн орчимд өнгөрч байхад Дорнод аймгийн ******* сумын 8 дугаар баг Хиймэл нуурын ертөнцийн зүгээр баруун талын замаар Тоёота приус-11 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоодсон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...тухайн өдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр би ажил дээрээ буюу ******* сумын 7 дугаар баг Мянгат хорооллын ар талд *******лах баригдаж буй барилга дээр ажиллаж байгаад 1800 цагийн орчим тараад хамт ажилладаг найз болох Чингүүний хамтаар 0.5 л хэмжээтэй Сэнгүр нэртэй пиво 4 ширхгийг хувааж уугаад 1900 цагийн орчим Чингүүний дүү болох Тэмүүжинг дуудаж еерийн эзэмшлийн улсын дугаартай Тоёота Приүс 11 маркийн тээврийн хэрэгслийг жолоодуулан гэр рүүгээ буюу ******* сум 3 дугаар баг ******* ******* ******* руу очсон. Тэгээд очих үед манай бага хүү У.Ялалтын шүд нь өвдөөд байсан тул буцаад өөрийн эзэмшлийн улсын дугаартай Тоёота Приүс 11 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон ******* сум 2 дугаар баг Нарны хотхоны эмийн сан руу явж байх замд хиймэл нуурын баруун талын зам дээр цагдаа зогсоон шалгасан асуудал болсон. Би 2025 оны 02 дугаар сард согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон эрхээ 1 жилийн хугацаатай хасуулан 400,000 төгрөгөөр торгуулсан. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэх мэдүүлэг,
мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч ын “...Би Дорнод аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт цагдаа-зохицуулагч хийдэг юм. Хэрэг гарсан өдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 2000 цагаас 0100 цагийн хооронд Дорнод аймгийн ******* сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт нэгдсэн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 2300 цагийн орчим цагаан өнгийн тоёота приус маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Дорнод аймгийн ******* сумын 10 дугаар баг Ялалт хороолын 3-10 тоотод оршин суух хаягтай ******* нь Дорнод аймгийн ******* сумын 8 дугаар баг Хиймэл нуурын ертөнцийн зүгээр баруун талын замаар урдаасаа хойшоо чиглэлтэй явж байх үед зогсоож шалгахад тухайн авто машины бүхээгнээс архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан болохоор жолоочийг согтуурал шалгах драггер багажаар үлээлгэж шалгахад ******* амьсгалын хөндийд агуулагдах спиртийн хэмжээ 2.51 тоон үзүүлэлт зааж байсан бөгөөд жолоочийг жолоодох эрхийн үнэмжлэхтэй эсэхийг нэгдсэн системээр шалгаж үзэхэд жолоодох эрхийн үнэмлэхгүй болох нь тогтоогдсон ба тээврийн хэрэгслийг журмын хашаанд хийсэн” гэх мэдүүлэг /хх 12-13 тал/,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтууд /хх 5, 8 тал/-аар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч ******* нь Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 сарын 21-ний өдрийн 2025/ЗШ/200 дугаар шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан /хх 32-36 тал/ болох нь уг шийтгэврээр тогтоогдож байх тул энэ нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч *******ийн согтуурлын зэрэг 2.51 хувьтай гарсан болох нь 2025 оны 10 сарын 22-ны өдрийн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх ба жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж зааснаар шүүгдэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй юм.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч *******ийг прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ