| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2022/07697/И |
| Дугаар | 101/ШШ2023/01935 |
| Огноо | 2023-04-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 101/ШШ2023/01935
| 2023 о 04с 17ө | Дугаар 101/ШШ2023/01935 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ................ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ...........-д холбогдох,
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй,
А-тай байгуулсан 2020 оны 06 сарын 29-ний өдрийн захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Буянжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нэргүй, хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхбаяр, нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгч Цэвэгжавын А- би Баянзүрх дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт АВ төслөөр баригдахаар суурийг нь ухаж байсан 12 давхар байрны 0 тоот 39.58 м.кв талбайтай 2 өрөө буюу байрны палан зураг дээр 5-р давхрын В, баруун гэж тэмдэглэгдсэн орон сууцыг 1 м.кв-ыг 1,000,000 төгрөгөөр тохирч худалдан авахаар 2020 оны 6-р сарын 29-ний өдөр 01 дугаартай захиалгын гэрээг захирал Г.Хишигдалайтай байгуулсан.
Тухайн үед орон сууцны төлбөрийг сар бүр 1,000,000 төгрөг төлөөд нийт 39,580,000 төгрөг төлж дуусгахаар тохиролцсон боловч гэрээ байгуулах үед гүйцэтгэгч компанийн захирал Хишигдалай гэрээнд 100 хувь төлснөөр оруулчихлаа. Яриад тохирсноороо сар бүр 1,000,000 төгрөгөө төлөөд явж байж болно гэсэн учир гэрээнд гарын үсэг зурж зөвшөөрөөд түүнээс хойш сар бүр тогтмол төлбөрөө төлж байгаад 2022 оны 10-р сард уг орон сууцыг ашиглалтад оруулахаар улсын комиссын хуваарьт орсон гэх мэдээлэл сонссон тул захиалгын гэрээний 2.3.3 дахь заалтын дагуу үлдэгдэл төлбөр 11,580,000 төгрөгийг 2022 оны 10-р сарын 25-ны өдөр 100 хувь төлж барагдуулсан. Гэрээ хийх үед манай хүргэн ах Энх-эрчим хамт байсан бөгөөд энэ талаар гэрчилнэ. Ингээд 2020 оны 07 сараас 2022 оны 10-р сар хүртэл сар бүр нэг сая төгрөг, нийт 28,000,000 төгрөг төлж ирсэн бөгөөд компанийн зүгээс тухай бүрд нь хүлээн авч гэрээний 2.3 дахь заалтыг хэрэгжүүлэх талаар ямар нэг шаардлага тавиагүй тул энэхүү аман хэлцлийг гэрээний нэгэн адил хүчинтэй гэж ойлгож явсан. Гэтэл бүх төлбөрөө төлж дууссан барилга ашиглалтад орох үед нэгж талбайн үнийг 2,600,000 төгрөг болгож нэмэгдүүлнэ, танай захиалгыг өөрчилж ашиглалтад орох хугацаа болоогүй өөр байранд шилжүүлнэ, захиалгын гэрээг цуцална гэж захирал Хишигдалай дарамталж эхэлсэн. Захиалгын гэрээ цуцлахыг бид зөвшөөрөхгүй гэдгээ тухай бүр илэрхийлж байсан ба гэрээний 5.2.-Т заасны дагуу шүүхээр шийдвэрлүүлэх тухай 2022 оны 10-р сарын 25-ны өдөр бичгээр мэдэгдсэн. Гэтэл манай захиалсан байранд 2022 оны 10 дугаар сарын 26-аас эхэлж өөр айл оруулан гэрээний 3.6-д заасан өөрийн санаачилгаар өөрчлөх, захиалагчийн захиалсан үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэх, худалдах зэргээр захиалагчийн эрх ашгийг зөрчсөн аливаа хэлцэл, үйл ажиллагаа хийхийг хориглоно гэсэн заалтаа зөрчиж бидний эзэмших, өмчлөх эрхийг зөрчиж байна. Иймд Баянзүрх дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт байрлах АВ хотхоны В байрны 0 тоот, 39,58 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү... гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Г.Хишигдалай шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нэргүй шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Манай компани 2020 онд Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт АВ 100 хувь төлсөн тохиолдолд м2-ын үнийг 1,050,000 төгрөгөөр тооцож захиалагч нартай гэрээ хийж байсан. Цэвэгжавын А-тай хийсэн гэрээний хувьд ах Энх-эрчим нь гуйсан учраас м2-ыг 1,000,000 төгрөгөөр тооцож гэрээ хийсэн. 100 хувь төлсөн тохиолдолд ийм гэрээ хийж байгааг ах Энх-эрчим, А- нар мэдэж байсан. Гэтэл зах зээлийн нөхцөл байдал хүндэрч, бараа материалын хомсдол үүсэж, барилгын материалын үнэ ханш өссөнтэй холбоотойгоор гэрээнд өөрчлөлт оруулах зайлшгүй Шаардлагатай болсон тул төлбөрөө бүрэн төлөөгүй захиалагчидтайгаа харилцан тохиролцохоор санал тавьсан. Гэрээний нөхцөл өөрчлөгдөж байгаа тухай утсаар мэдэгдэхэд ойлгож байгаа, мэдлээ гэсэн хариу өгдөг байсан ч ирж гэрээгээ шинэчлээгүй учраас гэрээ цуцлах мэдэгдлийг 2022 оны 10-р сарын 24 хүргүүлсэн. Орон сууцны үнэ ханш нь инфляц, хил гаалийн нөхцөл байдал, цар тахал, дайн гээд олон давагдашгүй хүчин зүйлээс хамаарсан барилгын материалын хомсдол, үнийн өөрчлөлт, ажилчдын цалин хөлстэй салшгүй холбоотой байдаг учраас бид эдгээр нөхцөл байдалтай уялдуулж гэрээнд өөрчлөлт оруулах санал хүргүүлсэн нь бодит байдал, зах зээл, захиалагчдынхаа өмнө хүлээсэн хариуцлага, гэрээний чөлөөт байдалтай уялдсан бодитой санал байсан.
Барилгын ажлыг эхлүүлэхэд 100 хувь төлсөн тохиолдолд м.кв-ыг нь хямдаар тохирч захиалагч нараас мөнгө бүрдүүлж, суурь хөрөнгөө босгож барилгын ажлыг үргэлжлүүлдэг. Энэ нөхцөлөөр 100 хувь төлсөн тохиолдолд м.кв-ыг нь 1 сая төгрөгт тохирч, ах Энх-Эрчим гэх хүний гуйсны дагуу ямар ч байсан тодорхой хэмжээнд төлж бай, гэхдээ 100 хувь төлөх ёстой шүү, хэрвээ энэ тохиолдолд гэрээнд өөрчлөлт орох юм бол бидний хамтран ажиллах итгэлцэл байгаа учир энэ гэрээнд өөрчлөлт орох юм бол буцах зүйл байхгүйгээр цаашид итгэлцэж явах боломжтой шүү гэж тохиролцож гэрээ хийсэн. Гэхдээ 100 хувь төлөгдөөгүй, тодорхой хэмжээнд ингэсхийж байгаад төлөх байлгүй, тодорхой хэмжээнд төлөлт хийгээд явах байлгүй гэж м.кв-ийн үнийн өөрчлөлт орж тухайн үеийн нөхцөл байдалтай холбоотой өөрчлөлт гарвал харилцан хоорондоо зөвшилцөж, итгэлцээд явах байх гэж үндэслэж гэрээг үргэлжлүүлж төлбөрийн нөхцөлийг авч байсан. Энэ хугацаанд ахтай нь болон өөртэй нь ярьж м.кв-ын үнэ өөрчлөгдсөн, нөхцөл байдал ямар байгаа талаар хэлэхэд тэгнэ, болно, очиж гэрээг өөрчилье гэж байсан. Ганц энэ нөхцөлөөр ч биш анх хийсэн гэрээнүүд нь итгэмжлэлгүйгээр хийсэн, хууль бус гэрээ болж таарсан. Тэгэхээр нь энэ гэрээг ч мөн засаж өөрчлөх хэрэгтэй байна гэхэд тэгнэ гэж байсан тул үргэлжлүүлж явсаар байсан. Сүүлд ирэхгүй байсан тул гэрээг цуцална гэж мэдэгдсэн, тэрний дагуу ирж уулзаж тохиролцоонд хүрэх гэж 2 нөхцөл манай талаас санал болгосон. 1 нь м.кв-ийг 1,800,000 төгрөг болгож, төлөлтийг 1 дор биш энэ нөхцөлөөр үргэлжлүүлэн явах уу гэхэд шууд байрандаа орох хэрэгтэй байгаа учраас энэ нөхцөлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж хэлсэн. Хэрвээ яарч байгаа бол Найрамдал төслөөс авсан хүн байраа 2.600,000 төгрөгт зарах гэж байна, тухайн байрыг очоод үз, болно гэвэл тухайн байрыг авч болно, тэгвэл би төлбөрийн нөхцөлд нь тухайн хүнтэй нь ярьж өгч болно гэж хэлсэн. 2 саналыг 2-ууланг нь зөвшөөрөөгүй учир 2022 оны 10 сарын 24-ний өдөр гэрээгээ цуцалсан, мөнгө төлөлт ороод байхаар нэхэмжлэгч тал гэрээг үргэлжилж байна гэх ойлголт авч байсан юм шиг байгаа юм. Тэгэхээр нь болохгүй байна гэдгийг нь хэлж гүйцээн хийсэн мөнгийг нь буцаан шилжүүлсэн. Маргааш нь буюу 25-ны өдөр ирж тохиролцож болох эсэх талаар ярилцсан байсан. Гэрээ нь анхнаасаа хууль бус гэрээ болж таарсан, мөн үүнийг засах 2 жилийн хугацаа байсан. Энэ 2 хугацаанд гэрээний чөлөөт байдал, итгэлцэл гэх бүх зүйлийг эвдэж, огт ирэхгүй байснаа гэнэт байр ашиглалтад орлоо гэх сургаар ирж шүүхэд хандана гэж явсан учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн өнөөдөр шүүх хуралдаан эхлэхээс 30 минутын өмнө бидэнд мөнгийг буцаан шилжүүлсэн нь боломжгүй. 100 хувийн төлөлт гэдэг нь анх гэрээ байгуулснаас 1 сарын дотор төлөгдөх нөхцөл байсан, тухайн үед төлбөрийг бүрэн төлж байж гэрээ хүчин төгөлдөр болох байсан. Тухайн мөнгийг буцаан шилжүүлнэ. Одоо ямар ч боломж байхгүй тул А-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нэргүй шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч Б.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: ...Энэхүү маргаан бүхий орон сууц байрлаж байгаа барилгыг Б ХХКнь Отгонцэцэгийн захиалгаар барьж байгаа. Отгонцэцэг нь өөрийн захиалгаар бариулж байгаа барилгадаа ямар үнэ тогтоох, ямар ч тохиролцоо хийсэн тухайн хүний асуудал болж хувирна. Гэтэл Отгонцэцэг нь үнэ мөнгө тогтоох, гэрээ байгуулах итгэмжлэлийг 2021 оны 02 сарын 09-ний өдөр өгсөн байна. 2 удаа итгэмжлэл өгсөн ба эхнийх нь тухайн барилга нь хаяггүй, хаягжилт бүрэн тогтоогдоогүй байсан учир хаяггүй итгэмжлэл байсан. Сүүлийнх нь итгэмжлэл нь төрийн эрх бүхий байгууллагаас хаяг тогтоосон учир илүү албан ёсны итгэмжлэл өгсөн. Итгэмжлэл өгснөөс хойш захиалгын гэрээ байгуулах ёстой байсан, итгэмжлэл өгөхөөс өмнө байгуулсан гэрээг өөрчилж, дахин гэрээ байгуулсан. Энэ талаар А-д олон удаа хэлсэн боловч хүрэлцэн ирээгүй талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сая ярьсан. Гүйцэтгэгч, захиалагч нарын хоорондоо байгуулсан гэрээг бид хавтаст хэрэгт хавсарган өгсөн. Иймд энэ итгэмжлэлгүй байгуулсан гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-т заасан хууль зөрчсөн, мөн зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байгаа учир А-тай байгуулсан 2020 оны 06 сарын 29-ний өдрийн захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү... гэв.
Хариуцагч А- сөрөг нэхэмжлэлийн талаар шүүхэд гаргасан тайлбартаа болон өмгөөлөгч Б.Буянжаргал сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай зүгээс сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Б ХХК-ийн захирал Хишигдалай гэх хүн Б ХХК-ийг төлөөлж байгаа юу гэвэл төлөөлж байгаа. Барилгыг Б ХХКбарьж байгаа, Отгонцэцэг гэх хүн итгэмжлэл өгөөгүй байсан тул хүчин төгөлдөр бус гэнэ, эцсийн дүндээ орон сууц захиалгын гэрээг Хишигдалай гэх хүн хийж байгаа, харин эргэлзээ төрж байна. Нотлох баримтыг хуулийн дагуу, хуулийн хүрээнд бүрдүүлэх ёстой гэж байгаа, тухайн үед гаргасан албан тоотууд нь тухайн үед гарсан байсан уу, гарсан байсан ч гэсэн Б ХХКнь солигдоогүй тохиолдолд, эсхүл Хишигдалай гэх хүн орон сууц барихгүй байж энэ төрлийн гэрээг хийсэн бол Эрүүгийн гэмт хэрэг буюу хууль зөрчиж хийсэн, хүчин төгөлдөр бус гэрээ болно. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд хүчин төгөлдөр бус хэлцэл гэж байгаа, үүнтэй холбоотой ямар ч нөхцөл байдал бий болоогүй, хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан гэж ярьж байна. Энэ нь ямар зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл болсон юм, ямар хуулийг зөрчсөн юм, тийм зүйл харагдахгүй байна. Мөн хуулиар тогтоосон ямар хэлбэрийг зөрчсөн бэ, Хишигдалай нь тухайн үед Б ХХК-ийн захирал нь байсан уу гэвэл байсан, иймд энэ гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжгүй байна... гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, гэрч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч А- хариуцагч Б ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа АВ-ийн 5 давхар 39.58 м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч онцгой нөхцөлтэй гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээг шинэчлэн байгуулаагүй тул гэрээг цуцалсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргаж байна.
Баянзүрх дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа АВ-ийг бариулахаар захиалагч С.Отгонцэцэг, гүйцэтгэгч Б ХХКнар гэрээ байгуулсан болох нь 2019 оны 11 сарын 12-ны өдрийн гэрээгээр тогтоогдож байна. /хх-113-114/
Захиалагч С.Отгонцэцэг өөрийн захиалан бариулж байгаа орон сууцнаас захиалгын гэрээг бусадтай байгуулах эрхийг Б ХХК-д 2021 оны 02 сарын 09-нд олгосон болох нь захиалагч Отгонцэцэгээс Хишигдалайд олгосон итгэмжлэлээр тогтоогдож байна. /хх-115/
Б ХХКзахиалгын гэрээг бусадтай байгуулах эрхийнхээ хүрээнд А-тай онцгой нөхцөлөөр орон сууц барьж өгөхөөр захиалгын гэрээ байгуулсан болох нь захиалгын гэрээ, гэрч С.Бадамцэцэг, Ш.Энх-Эрчим нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Талуудын хооронд 2020 оны 06 сарын 29-ний өдөр захиалгын гэрээ байгуулагдсан байх ба ажил гүйцэтгэгч тал болох Б ХХК Баянзүрх дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа АВ-ийн 5 давхарт 39.58 м.кв орон сууцыг 1 м.кв-ыг 1,000,000 төгрөгөөр, нийт 39,580,000 төгрөгөөр барьж хүлээлгэн өгөх, захиалагч тал болох А- захиалгын гэрээ хийх эхний өдөр 39,580,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь зохигчийн тайлбар, гэрч Ш.Энх-Эрчим, С.Бадамцэцэг нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан захиалгын гэрээгээр тогтоогдож байна.
Иймд талуудын хооронд хийгдсэн гэрээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан хүчин төгөлдөр хэлцэл байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ,
344 дүгээр зүйлийн 344.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно гэж заажээ.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ ... сар бүр 1 сая төгрөгөөр төлбөрийг төлөөд, ашиглалтад ороход үлдэгдлээ төлөхөөр амаар тохирсон... гэх тайлбараа баримтаар нотлоогүй, захиалгын гэрээний 2.3-т заасан ...захиалгын гэрээ хийх эхний өдөр төлсөн... гэх заалт, гэрч С.Бадамцэцэгийн ... 100 хувь төлбөрөө төлсөн тохиолдолд онцгой нөхцөлтэй гэрээг хийдэг, 2 хүн онцгой нөхцөлтэй гэрээ хийсэн байсан, үүний нэг нь А- байсан, ийм гэрээ байгуулсан атлаа 3-4 сая төгрөг төлсөн байсан... гэх мэдүүлгээр няцаагдаж байна.
Б ХХК-ийн захирал Г.Хишигдалай хамтран ажилладаг байгууллагын ажилтан буюу А-ын садан төрөл Ш.Энх-Эрчимийн гуйлтын дагуу А-тай гэрээг байгуулах хүсэл зорилго нь төлбөрийг 100 хувь төлсөн тохиолдолд 1 м.кв-ыг 1 сая төгрөгөөр барихаар байсан болох нь гэрч Ш.Энх-Эрчим, С.Бадамхандын мэдүүлэг, захиалгын гэрээ зэргээр тогтоогдож байна.
А-, Ш.Энх-Эрчим нарын ...сар бүр сая төгрөгөөр төлбөрийг төлөхөөр амаар тохирсон... гэх тайлбар нь бусад баримтаар тогтоогдохгүй, үнэн зөв эргэлзээгүй мэдүүлэг гэж үзэх үндэслэлгүй.
Талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдсан учир гэрээний заалтыг шүүх үнэлэх үндэслэлтэй ба гэрээний 3.1-д үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 3-р улиралд захиалагчид хүлээлгэн өгөх-өөр тохирсон байхад захиалагч А- 2020.07.01-ний өдрөөс 2021.09.3-ны өдрийг буюу 2021 оны 3 улирлыг дуусталх хугацаанд гэрээний үүрэгт 2020.07.01-нд 1,000,000 төгрөг, 2020.08.01-нд 1,000,000 төгрөг, 2020.09.03-нд 1,000,000 төгрөг, 2020.10.01-нд 1,000,000 төгрөг, 2020.11.02-нд 1,000,000 төгрөг, 2020.12.01-нд 1,000,000 төгрөг, 2021.01.01-нд 1,000,000 төгрөг, 2021.02.01-нд 1,000,000 төгрөг, 2021.03.01-нд 1,000,000 төгрөг, 2021.04.01-нд 1,000,000 төгрөг, 2021.05.01-нд 1,000,000 төгрөг, 2021.06.02-нд 1,000,000 төгрөг, 2021.07.01-нд 1,000,000 төгрөг, 2021.08.01-нд 1,000,000 төгрөг, 2021.09.03-нд 1,000,000 төгрөг, нийт 15 сая төгрөгийг төлж, гэрээний үүрэг болох 39,580,000 төгрөгийг бүрэн төлөөгүй болох нь А-ын Хаан банкны 5006942553 тоот дансны хуулгаар тогтоогдож байна. /хх-9-36/
А- 2021.09.30-ны өдрөөс хойш 2022 оны 10 сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд 2021.10.01-нд 1,000,000 төгрөг, 2021.11.02-нд 1,000,000 төгрөг, 2021.12.02-нд 1,000,000 төгрөг, 2022.01.05-нд 1,000,000 төгрөг, 2022.02.01-нд 1,000,000 төгрөг, 2022.03.01-нд 1,000,000 төгрөг, 2022.04.01-нд 1,000,000 төгрөг, 2022.05.05-нд 1,000,000 төгрөг, 2022.06.06-нд 1,000,000 төгрөг, 2022.07.01-нд 1,000,000 төгрөг, 2022.08.05-нд 1,000,000 төгрөг, 2022.09.05-нд 1,000,000 төгрөг, 2022.10.06-нд 1,000,000 төгрөг, нийт 13,000,000 төгрөг, бүгд 28,000,000 сая төгрөг төлсөн болох нь А-ын Хаан банкны 5006942553 тоот дансны хуулгаар тогтоогдож байна. /хх-9-36/
Талуудын хооронд захиалгын гэрээ байгуулагдсанаас хойш хариуцагч тал 1 м.кв талбайн үнийг нэмж, гэрээг шинэчлэх санал гаргасныг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөөгүй болох нь талуудын тайлбар, гэрч Ш.Энх-Эрчим, С.Бадамцэцэг, О.Чанцалдулам нарын мэдүүлгээр тогтоогдож байх ба гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх нь гэрээний талуудын эрх учир шүүх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүйд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй.
Хариуцагч тал маргаан бүхий орон сууцыг бусдад худалдах гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байх ба уг орон сууцны өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгэгдээгүй байгаа болох нь Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 03 сарын 09-ний өдрийн 326 тоот албан бичгээр тогтоогдож байна. /хх-92/
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ,
225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй,
355 дугаар зүйлийн 355.1-д Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заажээ.
Б ХХК-аас 2021 онд А-д барьж байгаа барилгын үнээ нэмж байгаа талаар болон гэрээг шинэчлэх талаар мэдэгдсэн байхад А- гэрээгээр тохирсон 39,580,000 төгрөгийг гэрээ байгуулсан 2020 оны 06 сарын 29-ний өдөр төлөөгүй, төлбөрийг бүрэн төлөөгүйгээс гэрээг шинэчлэх талаар мэдэгдсэн байхад саналыг нь хүлээн аваагүй, гэрээ байгуулснаас хойш 2022 оны 10 сарын 24-ний өдрийг хүртэл гэрээний үүргээ бүрэн төлөх хангалттай хугацаа өгсөн байхад төлөөгүйгээс гэрээг цуцалсан болох нь зохигчийн тайлбар, гэрч нарын мэдүүлэг, гэрээ цуцлах мэдэгдэл зэргээр тогтоогдож байна. /хх-52/
Иймд гэрээний нэг тал Б ХХК-ийг А-тай байгуулсан гэрээгээ цуцалж, орон сууцыг бусдад худалдсаныг буруутгах боломжгүй, гэрээг цуцалсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 355 дугаар зүйлийн 355.1-д нийцсэн байна.
Гэрээ цуцлах мэдэгдэл авсны дараа А- 2022 оны 10 сарын 25-нд үлдэх төлбөр 11,580,000 төгрөгийг төлсөн байх хэдий ч захиалагчийн гэрээний үүргээ биелүүлээгүй үйлдэлтэй холбоотой ажил гүйцэтгэгч тал гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд хариуцагч Б ХХК-д холбогдох Баянзүрх дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа АВ-ийн 5 давхар 39.58 м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч А-ын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.
Сөрөг нэхэмжлэлийн талаар:
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч А-тай байгуулсан 2020 оны 06 сарын 29-ний өдрийн захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ...Баянзүрх дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа АВ-ийг С.Отгонцэцэгийн захиалгаар барьж байгаа, С.Отгонцэцэгээс зөвшөөрөл авалгүйгээр А-тай гэрээ байгуулсан тул хууль зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хэлцэл ... гэж тайлбарлаж байна.
Захиалагч С.Отгонцэцэг өөрийн захиалан бариулж байгаа орон сууцнаас захиалгын гэрээг бусадтай байгуулах эрхийг Б ХХК-д 2021 оны 02 сарын 09-нд олгосон болох нь захиалагч Отгонцэцэгээс Хишигдалайд олгосон итгэмжлэлээр тогтоогдож байна. /хх-115/
Хэдийгээр захиалагч С.Отгонцэцэг өөрийн захиалан бариулж байгаа орон сууцнаас захиалгын гэрээг бусадтай байгуулах эрхийг Б ХХК-д 2021 оны 02 сарын 09-нд олгосон хэдий ч уг хугацаанаас өмнө Б ХХК-ийн захирал Г.Хишигдалайг С.Отгонцэцэгийн зөвшөөрөлгүй А-тай гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэл гэрч С.Бадамцэцэгийн мэдүүлэг, хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд талууд орон сууц захиалгын гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасныг зөрчиж байгуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Б ХХК-ийн хариуцагч А-д холбогдуулан гаргасан А-тай байгуулсан 2020 оны 06 сарын 29-ний өдрийн захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчээс төлсөн 355,850 төгрөг, хариуцагчаас төлсөн 354,960 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б ХХК-д холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч А-ын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б ХХК-ийн хариуцагч А-д холбогдуулан гаргасан А-тай байгуулсан 2020 оны 06 сарын 29-ний өдрийн захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 355,850 төгрөг, хариуцагчаас төлсөн 354,960 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Давж заалдах журмаар гомдол гаргасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд, хяналтын журмаар гомдол гаргасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-т зааснаар хэргийг хэлэлцүүлэхээс татгалзах тогтоол гарах, эсхүл хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай 101/ШЗ2023/05134 дугаартай захирамж хүчинтэй хэвээр байхыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ