| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/0355/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/360 |
| Огноо | 2025-11-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Мэндбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/360
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч М.Мэндбаяр
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******од холбогдох эрүүгийн 2521006230450 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг, “******* *******” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт *******ын ******* /РД: *******/.
Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нь 2025 оны 08 дугаар сарын 19-ний шөнийн 2300 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, "Тулга" караокены хажууд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч *******г согтуурсан үед нь нүүрэн тус газар нь гараараа цохих, түлхэх зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би өөрийн бурууг ойлгож байгаа, нэмж хэлэх зүйл байхгүй” гэв.
Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нь 2025 оны 08 дугаар сарын 19-ний шөнийн 2300 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, "Тулга" караокены хажууд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч *******г согтуурсан үед нь нүүрэн тус газар нь гараараа цохих, түлхэх зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...миний хувьд эхнэр *******тай маргалдаж биед нь халдсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Тийм болохоор өмнө өгсөн мэдүүлэгтээ нэмж ярих зүйл байхгүй. Прокурорын тогтоол зүйл ангитай маргах зүйл байхгүй. Тиймээс өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хурдан түргэн шийдүүлмээр байна” гэх мэдүүлэг,
мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч *******гийн “...би 2025 оны 08 дугаар сарын 10-аар мэдрэл, уналт таталтаар группийн хуралдаа орохоор ирсэн байсан юм. Тэгээд манай нөхөр 2 хүүхдийн хамт намайг авахаар 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдөр сумаасаа ирээд Хэрлэн сумын 1 дүгээр багт байрлах "Цогт" буудалд өрөө аваад орсон байсан. Тухайн орой 2000 цагийн орчимд манай найз Бямбадулам, Гантулга нар аймагт ирсэн байна уулзъя гээд дуудахаар нь 2 хүүхдээ буудалласан буудалдаа хүнд хөлсөөр харуулаад нөхрийн хамт найз нартайгаа уулзаж гадуур болон караокед архи, пиво уугаад нөхөр бид 2 харих замдаа "Тулга" караоке руу орж явснаа санаж байна. Тэгээд архиндаа согтоод тасарсан байсан, юу болсныг санахгүй байна. Маргааш өглөө нь сэрэхэд миний нүүр ам хавдсан, хацар хөндүүр, дээд уруул дотор талдаа язарч шархалсан байсан. Тэгээд нөхрөөсөө юу болсныг асуухад чи шатны уруу унасан гэж хэлсэн. Гэхдээ би шатнаас унаагүй гэдгээ мэдэж байна. Манай нөхөр л намайг цохисон гэж бодож байна. Одоо миний биед ямар нэгэн өвдөж зовуурилсан зүйл байхгүй. Би сэтгэцэд учирсан гэм хорыг тогтоолгох шаардлагагүй, миний зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг, /хх 16-17, 18-20 тал/
иргэний нэхэмжлэгч гийн “...Дээрх хэрэгт хохирогчоор тогтоогдсон ******* нь эрүүл мэндийн даатгалын сангаас 110,875 төгрөгийн яаралтай тусламж үйлчилгээг Бүсийн оношилгоо эмчилгээний төв эмнэлгээс авсан болох нь холбогдох лавлагаагаар тогтоогдож байх тул гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хх 21 тал/,
Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Ж.Жаргалангийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ДОР0725/489 дугаартай дүгнэлтэд:
“...1. *******гийн биед духны зүүн талын зөөлөн эдийн няцрал, няцарсан шарх, цус хуралт, 2 талын нүдний дээд, доод зовхины цус хуралт, дээд уруулын няцарсан шарх, 2 талын хацар, эрүүний булан, завьж, чихний дэлбэн, чихний ар, хүзүү, цээж, 2 талын бугалга, баруун шууны цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.
3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ. /хх-ийн 15-16 тал/
Шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 58 тал/ зэргээр тогтоогдож байх тул энэ нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч *******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч *******ыг прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ