| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 101/2023/01301/И |
| Дугаар | 101/ШШ2023/02603 |
| Огноо | 2023-05-23 |
| Маргааны төрөл | Бэлэглэл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 101/ШШ2023/02603
2023 05 23 101/ШШ2023/02603
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч- Ж.Е-н нэхэмжлэлтэй,
хариуцагч- Ж.Г-д холбогдох,
бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ж.Е,
Хариуцагч Ж.Г,
Гэрч О.Ч,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.А.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.Е нь хариуцагчаар Ж.Г-г тодорхойлон татаж, түүнд холбогдуулан 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан /хх-1-2/.
2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ төрсөн ах Г нь намайг дараах байдлаар ноцтой гомдоосон. Би Э компаний 35,117 ширхэг хувьцааг хариуцагч болох ах Гэд бэлэглэсэн. Учир нь ахтай хамтарч ажилладаг БНХАУ-н иргэн хөрөнгө оруулалт оруулах болсон, компаний хувьцаа миний нэр дээр байх шаардлагатай гэж ах хэлсэн тул түүний нэр дээр шилжүүлсэн.
Гэтэл намайг Д ББСБ-д ажиллаж байхад ах Г ажлаасаа гараад хоолны газарт ажил, хоол хийж сураад хятад хоолны салбар нээгээд ажиллая гэсэн санал тавсан тул хүлээн авч би ажлаасаа гараад хятад хоолны газар өглөө 10 цагаас оройн 10 цаг хүртэл ямар ч амралтгүй нэг сар ажилласан тул нэг бүтэн сайн өдөр амрах тухайгаа ахдаа хэлэхэд элдвээр хараан доромжилж, хоол идэхээр ирсэн байсан эхнэр, хүүхдүүд, ээж О.Ч нарын хамт хоолны газраас биднийг хөөж гаргасан. Ингээд би эрхэлсэн ажилгүй, орлоггүй болсон тул ахтай утсаар ярихад элдвээр хэлж доромжилсон.
Гийн эхнэр М нь ээж О.Чгийн байрыг барьцаанд тавьж 20,000,000 төгрөгийн зээл авсан бөгөөд 8 сарын хугацаанд зээлийн хүүг сар бүр төлж явсан боловч хоолны газарт болсон маргааны улмаас ээжийн байрыг барьцаанд тавьсан зээлээ төлөөгүй, наад зээлийн мөнгөө тэтгэврийн мөнгөөрөө төлөөд амьдраарай гэж ээжийг минь маш ихээр гомдоосон, тухайн орон сууц нь зээлийн барьцаанд хураагдахад хүрч орон сууцаа худалдаснаар ээж О.Ч нь амьдрах газаргүй болж манайд толгой хорогдон амьдарч байна.
Ээж О.Ч дээрх зээлүүлсэн 20,000,000 төгрөгөө Ж.Г, С.М нараас нэхэмжилж тус шүүхэд нэхэмжлэл гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа.
Ах Г нь Э компанийг хятад иргэнд 40,000,000 төгрөгөөр зарсан гэж ээжид хэлсэн байдаг, тэгээд ээж бид хоёрт 20,000,000 төгрөг шилжүүлснээр Э компаний эрхийг шилжүүлсэн. Ах Г нь миний ээжийг өрөнд оруулж, орон байргүй болгоход хүргэсэн, намайг ажлаас гаргасан хэрнээ намайг гудамжинд хөөж гаргасан, элдэв үгээр доромжилсон зэрэг шалтгааны улмаас намайг ноцтой гомдоосон гэж тодорхойлсон.
3. Хариуцагч хариу тайлбартаа нэхэмжлэгч бүх зүйлийг худлаа ярьж байгаа учраас урд хойно нь оруулж яриад байна. Э компанийг анх манай аав үүсгэн байгуулсан, миний нэр дээр байсан, дүү Е зээл авахад хэрэг болоод байна гэсэн тул би дүүдээ туслахаар түүний нэр дээр компаний эрхийг шилжүүлсэн байгаад буцаагаад өөртөө авсан. Харин 20.000.000 төгрөгийн асуудал тусдаа өөр хэрэг шүүхэд байгаа. 20 сая төгрөгийн байрны асуудал байгаа, ээж байраа ломбарданд тавиад зээл авсан байсныг мэдээгүй байсан, ээжийн дүү ломбарданд тавьсан байсан тул би ээжийн зээлийг төлж байрыг нь чөлөөлж авч өгсөн. Дараа нь би өөртөө машин авах болоод ээжид хэлээд ээжийн байрыг барьцаанд тавьж 20 сая төгрөгийн зээл авсан, энэ маргаан тусдаа байгаа, энд хамааралгүй. Байр чөлөөлсөнтэй холбоотой 20.000.000 төгрөгийн маргаан байгаа. Хятад иргэний шахалтаар компаний хувьцааг шилжүүлсэн зүйл болоогүй гэж татгалзсан тайлбар гаргасан.
4. Нотлох баримтын тухайд
нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3-4/, Ж.Е-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-5/, Ж.Е, Ж.Г нарын иргэний үнэмлэх хуулбар /хх-6/, Монголын өмгөөлөгчдийн холбоо мэргэжлийн хариуцлагын хорооний гишүүний 2022-12-19-ний өдрийн захирамж /хх-7-9/, Э хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл /хх-10-11/, 2021 оны 3-р сарын 18-ны өдрийн компаний хувьцаа бэлэглэлийн гэрээ /хх-12/, 2021 оны 03-р сарын 18-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ /хх-13/ зэрэг баримтыг нотлох баримтаар гаргасан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.
2. Нэхэмжлэгч Ж.Е нь Ж.Г-д холбогдуулан 2021 оны 3-р сарын 18-ны өдрийн компаний хувьцаа бэлэглэлийн, компанийн эрх шилжүүлэх бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хариуцагч Ж.Г нь намайг ноцтой гомдоосон, хамтарч ажиллая гэж намайг ажил хийдэг байхаас ажлаас гаргасан, гэтэл нэг өдөр амрах тухайгаа ахдаа хэлэхэд элдэв үгээр хэлж доромжилж, эхнэр хүүхэд, ээжийн хамт хоолны газраасаа хөөж гаргаснаар би ажилгүй, орлоггүй болсон, ах Ж.Гийн эхнэр С.М нь ээжийн байрыг барьцаанд тавьж 20,000,000 төгрөгийн зээл аваад 8 сарын хугацаанд төлбөрийг төлж байснаа бидний хоолны газарт гарсан маргааны улмаас зээлийн төлбөрийг төлөөгүй, зээлийн барьцаанд ээжийн орон сууц хураагдах болсноор ээж орон сууцаа худалдаж амьдрах газаргүй болсон. Миний эхнэр Б.Хонгорзул өмгөөлөгчөөр ажилладаг бөгөөд ээж О.Чг үнэ төлбөргүй өмгөөлж өгсний төлөө ах Ж.Гэрсэнд Монголын өмгөөлөгчдийн холбоонд гомдол гаргаж, эхнэрийн ажил хэргийн нэр хүндэд халдсан, ээжийг өрөнд оруулж, орох орон байргүй болгоход хүргэсэн, намайг ажлаас гаргаж гудамжинд хөөж гаргасан нь Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д зааснаар ноцтой гомдоосон үйлдэлд хамаарч байна гэж тайлбарлан тодорхойлсон.
3. Хариуцагч Ж.Г нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, Э компанийг аав Жаргалсайхан анх үүсгэн байгуулсан, миний нэр дээр байсан бөгөөд миний дүү Е зээл авахад хэрэг болоод байна гэж гуйсэн тул дүүдээ туслах зорилгоор түүний нэр дээр түр шилжүүлээд буцаагаад авсан. Ээжийн дүү нь ээжийн байрыг ломбарданд тавьсан байсны мэдээгүй байгаад тэр зээлийг төлж ээжийн байрыг чөлөөлж өгсөн. Дараа нь би өөртөө машин авахад мөнгө хэрэг болоод ээжид хэлээд ээж 20 сая төгрөг өгсөн маргаан тусдаа байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан тайлбар гаргасан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ж.Е болон хариуцагч Ж.Г нарын хооронд 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр компанийн хувьцаа бэлэглэлийн, компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулагдаж, энэхүү гэрээгээр Ж.Е нь 2011 оны 4-р сарын 26-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн, 35,117,000 төгрөгийн өөрийн хөрөнгийн хэмжээтэй, Э ХХК-н 100 хувийн хувьцаа, компаний гэрхийг Ж.Гэрэнзэд хариу төлбөргүй шилжүүлэхээр тохиролцсон байна /хх-12-13/.
Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ гэж, 276.2 дахь хэсэгт эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно гэж зохицуулагдснаар зохигчдын хооронд бэлэглэлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.
Аливаа хэлцэл, гэрээ хүчин төгөлдөр болоход тавигдах шалгуур нь субъект, агуулга, хэлбэр болон субъектив талын шинжүүд байх тул талуудын хооронд байгуулсан дээрх хэлцэл нь агуулгын хувьд хууль зөрчөөгүй, хэлбэрийн хувьд талуудын гарын үсэг зурагдсан энгийн хэлбэртэй бичгийн хэлцлийн шаардлагыг хангасан байна.
Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж зохицуулсан тул нэхэмжлэгч нь хариуцагчид Э ХХК-ний 100 хувийн хувьцаа болон компанийг эрхийг бэлэглэсэн гэрээг бичгээр үйлдснээр тус компаний эрх хариуцагч Ж.Гэд шилжсэн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож, талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.
5. Нэхэмжлэгч нь бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахаар шаардаж буй үндэслэлээ хариуцагч нь хамтарч ажиллана гэж намайг ажлаас гаргаж ажилгүй, орлоггүй болгосон, ээжийн байрыг барьцаанд тавьж зээл авсан боловч зээлийн төлбөрөө төлөөгүй, ээжийн байр барьцаанд хураагдах болсноор ээж маань байраа зарж орох оронгүй болсон, ахын хоолны газарт би амралтайгү нэг сар ажиллаад нэг өдөр амрах хүсэлт гаргахад хэл амаар доромжилж гэр бүлийн хамт хоолны газраас хөөсөн нь намайг ноцтой гомдоосон гэж тайлбарласан.
Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх хэсэгт бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн тохиолдолд бэлэглэгч бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй гэж зохицуулснаар нэхэмжлэгч нь дээрх бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахаар шаардах эрхтэй байна.
Дээрх бэлэглэлийн гэрээний 3.3-т бэлэглэгч нь бэлэглэж байгаа компаний эрх болон хувьцааг шилжүүлснээр бэлэг хүлээн авагчид ямар нэгэн болзол, тусгай зориулалт заагаагүй байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно гэж зохицуулснаар нэхэмжлэгч Ж.Ен хүсэлтээр шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагч нарын ээж О.Ч оролцож, тэрээр гэр бүлийн гишүүдийн талаар гэрчийн мэдүүлэг өгөхийг өөрөө хүлээн зөвшөөрч мэдүүлэхдээ
...Э ХХК-ийг анх хүүхдүүдийн аав Жаргалсайхан үүсгэн байгуулсан бөгөөд аав нь хоёр хүүдээ өгнө гээд анх том хүү Гэд шилжүүлж өгсөн. Нөхөр Жаргалсайхан бид хоёр таарч тохирохгүй салж тусдаа амьдрахад бага хүү Е нь аавтайгаа хамт амьдрахаар явж байсан. Манай нөхөр өөрийн эгчдээ хамаг бизнес, эд хөрөнгөө алдсан. Тэгээд аав нь том хүүгээ гээд энэ компанийг үлдээсэн боловч том хүү маань компанийг зарж борлуулж чадахгүй болохоор нь би өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваад нэг найзтайгаа хамтарч юм хийе гэж байтал тэр хүн маань бурхан болоод би ажил эхэлж чадаагүй байсан.
Гэтэл Е найз нартайгаа хамтарч ажиллая гэснээр би Ед компанийг мөн бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байсан, тэр нь коронагийн өмнө шилжүүлсэн. Коронагийн үед хариуцагч Г нь урд Хятад улсад байсан, тэгээд надтай ярихдаа хятдуудад компанийг 60.000.000 төгрөгөөр зарахаар болсон, 30 сая төгрөгийг бид хоёр авсан, 20,000,000 төгрөгийг шилжүүлье гээд Е рүү дансаар 20,000,000 төгрөг шилжүүлсэн боловч 10,000,000 төгрөгийг нь өгөөгүй. Компаний гэрчилгээ миний нэр дээр байх шаардлагатай гэж хэлсэн тул дүү Е нь ахынхаа нэр рүү компанийг шилжүүлсэн байсан. Э компаний Төв аймгийн Баянчандмань суманд байрлах компаний газрыг үзүүлсэн зарсан гэсэн боловч Г нь зараагүй гээд байгаа.
Том хүү Гийн эхнэр М нь Өвөрмонгол хүн байдаг, намайг хүүхдүүддээ гэр орныг нь бэлдэж өгсөнгүй гэж утсаар загнаж байсан. Дараа нь бэр М махны бизнес хийхэд мөнгө дутууд байна гээд миний байрыг барьцаалж 20.000.000 төгрөгийн зээл аваад тухайн үед зээлийг төлөөд хаасан байсан ч 2021 оны 06 сарын 2-ны үед байх нөгөө хамтарч ажилладаг хятад хүн нь машин авахад мөнгө нь дутаад байна гээд дахин миний байрыг барьцаалж 20 сая төгрөгийн зээл авч БНХАУ-н иргэнд шилжүүлсэн, тэгээд миний байрыг барьцаанд тавьсан зээлээ төлөхгүй гэснээр маргаан гарсан. Байр барьцаанд тавьж авсан 20.000.000 төгрөгийг М авсан. Би одоо том хүү Гээс айж амьдарч байна, миний том хүү миний хоолойг боосон, тэр одоо хоолны газар түрээслэн ажилладаг, намайг юм өгсөнгүй гэж дарамталдаг гэж мэдүүлсэн.
Шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч нараас энэхүү хэргийг хянан шийдвэрлэхтэй холбогдуулан шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлж цуглуулах талаар хүсэлт гаргаагүй бөгөөд гэрч О.Ч нь нэхэмжлэгч, хариуцагч нарын ээж нь байх боловч нэхэмжлэгч Ж.Ен тайлбарыг дэмжсэн агуулгатай мэдүүлэг өгсөн ба энэ гэрчийн мэдүүлгийг үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэх, нотлох баримтын хэмжээнд үнэлэх үндэслэл хэргийн бусад баримтаар тогтоогдсонгүй.
7. Хариуцагч Ж.Г нь нэхэмжлэгчийн тайлбар худлаа гэж тайлбарлаж байх боловч өөрийн гаргасан тайлбар, татгалзлаа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, гэрчээр оролцсон О.Чгийн байрыг барьцаанд тавьсан, зээлийг нь төлөөгүй, байрыг зарснаар ээжийг орон орон гэргүй болгож ээжийг гомдоосон гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох бичгийн баримтыг нэхэмжлэгч шүүхэд нотлох баримтаар гаргаагүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тэргүүн ээлжинд нотлох үүрэгтэй.
8. Түүнчлэн Э ХХК-ийг зохигчийн аав болох иргэн Жаргалсайхан үүсгэн байгуулсан, тухай компаний эрх болон хувьцаа нь Жаргалсайханаас хариуцагч Ж.Гэд, Ж.Гээс О.Чд, О.Чгээс нэхэмжлэгч Ж.Ед, Ж.Егээс Ж.Гэд тус тус бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн болохыг гэрч мэдүүлж, зохигчид маргаагүй, тус компани болон компаний нэр дээрх газрыг бусдад худалдсан төлбөрт нэхэмжлэгч Ж.Е нь ах Ж.Гээс 20,000,000 төгрөг авсан үйл баримтад талууд маргаагүй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж, хуулийн 40.2 дахь хэсэгт нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус зохицуулсан.
Дээрх үйл баримтаар нэхэмжлэгчийн шаардлага, үндэслэлээ тодорхойлсон Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1-д бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн, бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийн ноцтой гомдоосон, хэл амаар доромжилсон гэх байдал хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.
Иймд дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх үзэв.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж тус тус зохицуулсан.
Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 333,540 төгрөг /263,340+70,200/-ийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1-д зааснаар хариуцагч Ж.Гэд холбогдуулан 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ, компанийн эрх шилжүүлэх бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ж.Ен нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Е-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 333,540 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор зохигчид давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.Я