Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 2025/ШЦТ/289

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ,

Улсын яллагчаар хяналтын прокурор Д.Зуунай,

Хохирогч Э,

Шүүгдэгч Э, тэдний өмгөөлөгч С.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ээд холбогдох эрүүгийн 2519000560096 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Э

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/209 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

Э.

Холбогдсон хэргийн талаар: Э нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Эт чирдэг сууц хийж өгөхөөр тохиролцож өөрийн эзэмшлийн хаан банкны *** дугаарын дансаар 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 4,500,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 28, 2024 оны 09 дүгээр сарын 06, 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрүүдэд тус тус төрийн банкны *** дугаарын дансанд 5,000,000, 1,000,000, 3,100,000 төгрөг нийт 13,600,000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Эт чирдэг сууц хийж өгөхөөр тохиролцож өөрийн эзэмшлийн хаан банкны *** дугаарын дансаар 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 4,500,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 28, 2024 оны 09 дүгээр сарын 06, 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрүүдэд тус тус төрийн банкны *** дугаарын дансанд 5,000,000, 1,000,000, 3,100,000 төгрөг нийт 13,600,000 төгрөгийг шилжүүлэн авсан үйл баримт дараах нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнд:

Дээрх үйл баримт нь хохирогч Эын “... Би 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 4,500,000 төгрөгийг өөрийн хаан банкны *** тоот дугаарын данснаас хаан банкны *** тоот дугаарын дансруу хөдөө гэртэй байхдаа шилжүүлсэн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 5,000,000 төгрөгийг өөрийн хаан банкны *** тоот дугаарын данснаас төрийн банкны *** тоот дугаарын дансруу хөдөө гэртэй байхдаа шилжүүлсэн, 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 1,000,000 төгрөгийг өөрийн хаан банкны *** тоот дугаарын данснаас төрийн банкны *** тоот дугаарын дансруу хөдөө гэртээ байхдаа шилжүүлсэн, мөн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 3,100,000 төгрөгийг өөрийн хаан банкы *** тоот дугаарын данснаас төрийн банкны *** тоот дугаарын дансруу хөдөө гэртээ байхдаа тус тус шилжүүлсэн. ...Би Э гэх хүнтэй 2024 оны 10 дугаар сарын эхээр нэг холбогдсон. ...Би Эийн Дундговь аймгийн төв Сайнцагаан суманд эхний чирдэг сууцаа авах гэж очихдоо очиж байсан хаяг дээр нь очсон. Тэгээд намайг хаяг дээр нь очиход гэрээ зараад өөр хүн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 хуудас)

Э, Э нарын харилцсан зураг (хавтаст хэргийн 13-16 дугаар хуудас),

Хаан банкны 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ЦД25/81/06 дугаартай албан бичгээр ирүүлсэн *** дугаартай дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Төрийн банкны 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 46/08 дугаартай албан бичгээр ирүүлсэн *** дугаартай дансны хуулга (хавтаст хэргийн 35-78 хуудас)

Эийн “…2024 оны 08 дугаар сарын 13-с өмнө надтай Э надтай холбогдоод дахин зөөврийн сууц хийлгэх гэсэн юм аа гэж хэлсэн. …тус оны 08 сард Э миний хаан банкны данс болох *** гэсэн данс руу 4 сая 500 мянган төгрөг шилжүүлсэн тэгэхээр би Эт ажлын зав зайгаар гаргаж өгч болох уу гэхэд Э болно гэж хэлсэн Э нь тус оны 09 дугаар сарын эхээр 1 сая төгрөг, 09 сарын дундуур 5 сая төрөг, 09 дугаар сарын сүүлээр 3 сая 100 мянган төгрөгийг надын хаан банкны данс руу хийсэн. Э над руу 11 сарын эхээр буюу би яг сайн санахгүй байна. 01 билүү 02-ны хавьцаа над руу залгаж тухайн сууц ямар шатандаа явж байна дууссан уу гэж асуусан. Тэгэхээр би ажлынхаа зав зайгаараа хийж өгнө гэсэн миний ажлын зав зай одоо л дуусаж байна одоо эхлэх гэж байна гэж хэлэхэд. Э одоо больё мөнгөө авмаар байна гэж над руу холбогдсон. Тэгэхээр нь би тэгье мөнгийг чинь боломжоороо гаргаж өгье гэж хэлсэн. Тэр үеэс хойш одоог хүртэл би Эын хохирол болох мөнгийг шилжүүлээгүй…” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 хуудас),

Эийн хувийн байдалтай холбоотой баримтууд (хавтаст хэргийн 160-177 хуудас) зэрэг баримтуудаар дээрх хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон шинжлэн судалсанд тооцуулсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Эийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан...” гэмт хэргийн шинжийг агуулжээ.

Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг мэдсээр байж бусдыг үгээр болон үйлдлээр төөрөгдөлд оруулах, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг анхнаасаа буцаан хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох санаа зорилго, сэдэлтийг агуулсан байдаг бөгөөд гэмт хэргийн сэдэлт, санаа зорилгынхоо шинжээр бусад төрлийн гэмт хэрэг болон иргэний эрх зүйн маргаанаас ялгагддаг.

Өөрөөр хэлбэл бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг өөрийн болгож, ашиг олох, шунахайн сэдэлт зорилгоор бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан өөрийн мэдэлд авах үйлдлээс гадна ирээдүйд эд зүйлс, өмч хөрөнгийг өөрийн мэдэлдээ оруулж, буцааж өгөхгүй ашиглах, захиран зарцуулах эрхийг олж авдгаараа ялгагдана.

Түүнчлэн залилах гэмт хэргийн арга болох хууран мэхлэлт нь идэвхтэй болон идэвхгүй хэлбэрээр явагддаг. Идэвхтэй хууран мэхлэлт нь өмчлөгч болон бусад эзэмшигчийг хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх замаар эд зүйлс, өмч хөрөнгө өмчлөгчид гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдэл төрүүлэх аргаар үйлдэгддэг.

Шүүгдэгч талаас хохирогч шүүгдэгч нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж маргасан боловч хэргийн үйл баримтаар дээрх шинж тогтоогдоогүй болно.

Иргэний эрх зүйн харилцаа, тухайлбал гэрээний харилцаагаар халхавчлан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийн гол шинж нь гэрээний нөхцөлүүд анхнаасаа биелэгдэх боломжгүй болсон явдал юм.

Түүнчлэн гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө эсхүл түүний өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух, бусдыг төөрөгдөлд оруулах зэрэг тодорхой үйлдэл хийсэн нь тогтоогдвол залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э нь хохирогч Эаас шилжүүлэн авсан 13,600,000 төгрөгийг өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулсан байгаа нь түүний дансны хуулгаар нотлогдож байх бөгөөд, Этай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээр сууцны суурь угсарсан гэх зургийг шүүхэд гаргаж өгсөн ч тухайн суурь хохирогч Эын захиалсан сууцны суурь мөн эсэх, 2024 оны 11 сард хийсэн эсэх нь тогтоогдохгүй байх бөгөөд  гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ямар нэгэн үйлдэл хийсэн гэх нөхцөл байдал нь тогтоогдохгүй байх бөгөөд гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц тухайн мөнгийг Эт буцаан өгөх ямар нэг үйлдэл хийгээгүй байна.

Иймд шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын гаргасан иргэний эрх зүйн харилцаа гэсэн нь үгүйсгэгдэж байна.

Дээрх үйл баримтууд нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдын эд хөрөнгийг авч Залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно...”, 2-т “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг хор уршигт тооцно...” гэж тус тус заасан. 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заасан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Эт 13,600,000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Эийг  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутаг дэвсгэрээс 03 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг гаргаж байна...” гэх,

-шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар Дундговь аймгийн Сайнцагаан сумаас гадагш гарахгүй байхаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг гаргаж байна. Яагаад 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялын санал гаргаж байна гэхээр энэ хүн нааш цаашаа зорчиж ажил хөдөлмөр хийж хохирогчид хохирол төлбөрөө яаралтай төлж барагдуулах шаардлага үүснэ. Тиймээс 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж өгнө үү” гэх санал дүгнэлтийг гаргаж оролцлоо.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ээд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд “дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”-ээр зохицуулжээ. 

Дээрх хуульд заасан эрүүгийн хариуцлагаас шүүх ял оногдуулахаар сонгож хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал, 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нөхцөл байдлыг харгалзаж сонгож оногдуулна.

Шүүгдэгч Э нь эрүүгийн  хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эийг 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Ээд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарыг Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутаг дэвсгэрээс зорчихгүй байхаар тогтоож, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Эийн цагдан хоригдсон 15 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, цагдан хоригдсон нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасч тооцохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ээд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ. 

           Бусад асуудлаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 15 хоног цагдан хоригдсон, түүний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй зэргийг тус тус дурдсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эийг 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Ээд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарыг Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутаг дэвсгэрээс зорчихгүй байхаар тогтоож, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Эийн цагдан хоригдсон 15 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, цагдан хоригдсон нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хассугай.

5.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ээд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 13,600,000 төгрөгийг гаргуулан хохирогч Э/РД:***/-т олгосугай.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ц.АРИУНЗУЛ