Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2023/01928

 

 

 

 

 

2023 о 04с 17ө

Дугаар 101/ШШ2023/01928

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хуралдсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: ......................ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ......................д холбогдох,

Эд зүйл буюу Н  бурхныг биет байдлаар буцаан өгөхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Золжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Э.Нэмэхбаяр, нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Х  миний бие 2015 оны 05 сард С-гийн мөнгө хэрэгтэй байна /Н / бурхнаа өгөөч ломбардад тавиад буцаагаад хурдан, найдвартай аваад өгнө гэх гуйлтаар итгэж үнэмшиж С-д өгсөн. Хэсэг хугацааны дараа С-д өгсөн бурхнаа авахаар очиход элдэв шалтаг, шалтгаан удахгүй авч өгнө, түр хүлээж бай гэж хэлж хойшлуулсаар байсан ба сүүлдээ утсаа авахгүй, ор сураггүй алга болсон тул танай шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд хариуцагч С-аас өвөг дээдсээс минь өвлөгдөн ирсэн / Н / бурхныг биет байдлаар нэхэмжлэгчид буцаан өгөхийг даалгаж хянан шийдвэрлэж өгнө үү.

Бурхныг түр зээлсэн, Хариуцагч хүний юмыг авчхаад өгдөг ухамсар байхгүй, би сайхан санааны үндсэнд найздаа туслахад ийм зүйл болж байна. Анх надаас Содбуян яаж хэрхэн гуйж байсныг энэ эмэгтэй мэдэхгүй. Би цаад талын хугацаа наадмаар ээж ирнэ гэж тэгэхэд бурхныг байлгаарай гэж би хэлсэн, тэгэхэд би удахгүй гэж хэлж авсан. 2018 онд манай ээжтэй Содбуян тааралдсан, тэгэхэд чи бурхан яасан бэ гэхэд Хишгээ эгчээ би таны бурхныг юманд тавьсан гэж хэлсэн, тэгэхэд нь байгаа юу гэж асуухад байгаа, би таны бурхныг 2020 оны 12 сард бүтнээр нь аваачиж өгнө та тэр хүртэл хүлээж байгаач гэж хэлдэг байсан. С- нь ийм залуу байгаагүй, гэр бүл нь маш өндөр ухамсартай, ээж нь манай багш байсан, аав нь техникийн ухааны доктор хүн байдаг. Би ийм хүмүүсийн хүүхдийг ийм болно гэж бодоогүй. Би хар багаасаа найзалсан найздаа л итгэсэн... гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Х , С- нар нь багын найзууд. 2015 оны 05 сард С-д мөнгө хэрэгтэй байсан тул Х аас бурхныг нь зээлж авсан нь үнэн, үүнд маргахгүй. С- нь бурхныг тухайн үед ломбардад тавих зорилготой байсан боловч тухайн үед ломбардад аваагүй юм байна лээ. Яагаад аваагүй вэ гэдгийг С-гаас тодруулахад бурхны 1 зүйл нь дутуу байсан тул аваагүй, яг юу дутуу байсныг нь санахгүй байна гэж тайлбарласан. Ийнхүү бурхныг ломбардад тавьж чадаагүй, ашиглаж чадаагүй, Х т өгч чадаагүй байхдаа буюу 2015 оны 08 сард гэрийнхээ гаднаас буюу машин дотроос бурхныг алдсан. Тухайн үед ойр орчмын талбайд камер байгаагүй тул цагдаад мэдэгдэж чадаагүй өнгөрсөн. Бурхныг алдсан гэж тухайн үед нэхэмжлэгчид хэлж чадахгүй явж байсан, ээжид нь бурхныг нь олж өгнө, ямар ч байсан хүний юм алдсан юм чинь адилхан бурхан олж өгнө гэж бодож байсан ч чадаагүй өнгөрсөн гэж хэлсэн. Нэхэмжлэгч талаас бурхныг өнгөрсөн хугацаанд шаардаж байсан зүйл байхгүй, 2022 оны 12 сард нэхэмжлэл гаргаж шүүхэд дуудахад С- ирсэн гэж тайлбарлаж байгаа, тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа шалтгаан нь бурхан нь биет байдлаар С-д байхгүй тул гарган өгөх боломжгүй, иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Х  хариуцагч С-д холбогдуулан Н  бурхныг биет байдлаар буцааж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч хулгайд алдсан тул биет байдлаар байхгүй, 16 сантиметрийн өндөртэй бурхныг ломбардад тавихаар авсан нь үнэн, ломбард аваагүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргаж байна.

 

Иргэн Хи, нэхэмжлэгч Х  нар өвөг дээдсээс өвлүүлсэн Занабазар хийцийн сургалтын, Н  бурхны эзэмшигч байсан болох нь нэхэмжлэгч Х ын тайлбар, гэрч Хиийн мэдүүлэг, хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.

 

Гэрч Хи шүүхэд ... Н  бурхан өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн, миний төрсөн хүү Х  багын найз С-даа өгсөн байсныг мэдээд нэхэхэд өгнө гэдэг байсан. Миний ганц хүү Х  уг бурхны талаар шүүхэд нэхэмжлэх эрхтэй... гэж мэдүүлсэн тул Х ыг шаардах эрхтэй гэж дүгнэв.

 

Х  2015 оны 05 дугаар сард багын найз С-д Занабазар хийцийн сургалтын, Н  бурхнаа ломбардад барьцаанд тавиулах зорилгоор, хугацаагүй зээлүүлсэн болох нь зохигчийн тайлбар, гэрч Хиийн мэдүүлэг, хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.

 

Хариуцагч тал шүүх хуралдаанд ...1 сарын хугацаатай ломбардад тавихаар зээлсэн... гэх, ...тодорхой хугацаа заагаагүй, ер нь удаахгүй ломбардад тавиад өгнө гэж хэлсэн... гэх өөр өөр тайлбарыг гаргаж байх боловч бурхныг ямар хугацаанд ломбардад барьцаанд бариулж, улмаар хэзээ буцаан өгөхөөр тохирсноо баримтаар нотлоогүй.

 

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

 

Х  нь С-д маргаан бүхий бурхнаа хүлээлгэн өгсөн, С- нь Х т одоо хүртэл бурхныг буцаан өгөөгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй буруутай гэж үзэхээр байна.

 

Зохигчийн тайлбар, хэргийн үйл баримт, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтуудаар талуудын хооронд хугацаатай зээлийн гэрээ байгуулсан болох нь тогтоогдохгүй байр тул хариуцагч талын Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа өнгөрсөн гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

 

Иргэний хуулийн 283.1-д Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ гэж заажээ.

 

Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгчийн шаардсанаар хариуцагч бурхныг буцаан өгөх үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэгч 2023 оны 01 сарын 25-ны өдрөөс хойш өмгөөлөгчтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон, эрх үүргээ хэрэгжүүлэх хангалттай хугацаа өнгөрсөн байхад ...бурхан 30 сантиметрийн өндөртэй байсан... гэх тайлбараа баримтаар нотлоогүй, хариуцагч талын ...16 сантиметрийн өндөртэй бурхан байсан... гэх тайлбарыг үгүйсгэх баримтыг хэрэгт өгөөгүй тул маргаан бүхий бурхныг 16 сантиметрийн өндөртэй байсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгчийн ....Занабазар хийцийн сургалтын бурхан... байсан гэх тайлбартай хариуцагч тал маргаагүй, бурхан Х ын өвөг дээдсээс дамжиж ирсэн бурхан байсан болох нь гэрч Хиийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Хариуцагч бурхныг хулгайд алдсан гэх боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй ба бурхныг мөнгөөр үнэлж харилцан тохиролцох ямар нэгэн санал гаргаагүй.

Хариуцагч С- зээлээр авсан Занабазар хийцийн сургалтын Н  бурхныг нэхэмжлэгч Х т өгөх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч С-гаас 16 сантиметр өндөртэй Н  бурхныг /Занабазар хийцийн сургалтын/ гаргуулж нэхэмжлэгч Х т олгохоор шийдвэрлэв.

 

Нэхэмжлэлийг хангасан тул нэхэмжлэгчээс төлсөн 78,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 78,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С-гаас 16 сантиметр өндөртэй Н  бурхныг /Занабазар хийцийн сургалтын/ гаргуулж нэхэмжлэгч Х т олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 78,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 78,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ