Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 299

 

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: Х.Дашням,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Мөнх-Эрдэнэ,

шүүгдэгч: М.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Төнхөн овогт Мөнхбатын Мөнх-Эрдэнэд холбогдох эрүүгийн 2017 2602 0692 дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1998 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Ховд аймгийн Мөнххайрхан суманд төрсөн, эрэгтэй, 19 настай, бүрэн дунд боловсролтой, уул уурхайн операторчин мэргэжилтэй, “Экспресс” авто угаалгын төвд угаагч ажилтай, ам бүл 6, эцэг, эх, эгч нарын хамт Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, 2 дугаар гудамж, 752 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ПЙ 98040910, Төнхөн овогт Мөнхбатын Мөнх-Эрдэнэ.

 

Шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэ нь 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Экспресс” авто угаалгын төвийн цонхоор хууль бусаар нэвтэрч тус төвийн ажилчдын цуглуулсан хуримтлалын 1 280 000 төгрөгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-М.Мөнх-Эрдэнэ мэдүүлэхдээ:

Би архи уусан үедээ ажил дээрээ унтахаар очсон. Тэгээд цонхыг нь хагалж, түлхэж орсон. Тэгтэл хуримтлалын мөнгө хийсэн шүүгээ онгорхой байхаар тэнд байсан гахайг авч, гахайг хагалж, дотор нь байсан мөнгийг авсан. Хулгай хийсэн мөнгийг өөрийн хэрэгцээнд зарцуулж, үлдсэнийг нь буцааж өгсөн. Би өөрийн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж буруугаа ойлгож байна. Надад хөнгөн ял оногдуулна уу гэв.

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Лхагважаргал мэдүүлэхдээ:

...Манай байгууллага 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн өдөрт нэг ажилтнаас 2000 төгрөг хурааж, хуримтлалын мөнгө хийж байсан ба өдөр бүр 20 000 төгрөг цуглардаг, уг мөнгөө шүүгээнд байрлах гахайндаа хийдэг байсан юм. Гэтэл 2017 оны 3 дугаар сарын 02-ны өглөө ажил дээрээ манай байгууллагын ажилтан Жаргалсайхан өглөөний 09 цагийн үед очиход ажлын гаднах жижиг цонхыг хагалсан шүүгээнд байсан гахай алдагдсан байна гэж надад хэлсэн ба цагдаагийн байгууллагад энэ талаар мэдэгдсэн. Энэ өдрөөс хойш 3-4 хоногийн дараа манай ажилтан М.Мөнх-Эрдэнэ ирээд “уучлаарай ахаа би согтуудаа уг мөнгийг хулгайлчихлаа” гэж хэлсэн. Өөр ямар нэгэн зүйл яриагүй хүүхдүүдээс бүгдээс нь уучлалт гуйгаад байсан. М.Мөнх-Эрдэнийн ээж 1 300 000 төгрөгийн хохирол өгсөн учраас гомдолгүй гэжээ. (хэргийн 19 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ц.Аззаяа мэдүүлэхдээ:

 ...2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш манай авто угаалгын газрын 7-8 ажилчин нийлээд ажилчдын дундаа мөнгө хурааж ийш тийшээ зугаалах юм уу хэн нэгэнд нь мөнгө төгрөгний хэрэгцээ гарвал тэр мөнгөнөөсөө авч хэрэглэж байх зорилготой ярилцаж тохиролцоод өдөрт 20 000 төгрөгийг бүгдээрээ нийлж цуглуулаад гахай аваад түүндээ бүх ажилчдын нүдэн дээр хийж байхаар тохирсон байсан юм. Цагаан сараар 2-3 хоног амарчихаад шинийн 4-нд ажил дээрээ ирэхэд хулгай орсон байсан болохоор цагдаад хандсан юм. 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 02 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хийсэн мөнгө байгаа ба сүүлийн 3 хоногт бол дараалан 60 000 төгрөг хийсэн байсан юм тэгэхээр нийт 1 280 000 байсан гэсэн тооцоо байгаа юм. Мөнгө хийж эхэлснээс хойш бол мөнгө хийхгүй өнжсөн өдөр бол байхгүй. Манай ажилтан М.Мөнх-Эрдэнэ согтуудаа ийм зүйл хийсэн байна лээ гэж уучлалт гуйж, хохирлоо төлсөн гэжээ. (хэргийн 20 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

М.Мөнх-эрдэнэ ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 31 дүгээр хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэ нь 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 02-ны өдөрт шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Экспресс” авто угаалгын төвд цонхоор нь хууль бусаар нэвтэрч, тус төвийн ажилчдын хуримтлалын 1 280 000 төгрөгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Лхагважаргал, гэрч Ц.Аззаяа нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр мөнгө хүлээлгэн өгсөн баримт, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, хэргийн талаар шалгавал зохих зүйлийг бүхэлд нь бүрэн шалгажээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгчийн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул түүнийг орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөлд тус тус тооцов.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Прокуророос М.Мөнх-Эрдэнэд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

М.Мөнх-Эрдэнийн үйлдсэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “орон байр, агуулах саванд нэвтэрч хулгайлсан” гэмт хэрэг буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан хэргийн зүйлчлэл нь 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасантай дүйцэж байх ба уг хуулиар хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр заажээ.

 

Гэтэл 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т “эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ” гэж ял шийтгэлийн олон төрлийг заасан нь  шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй, харин дээрдүүлсэн байна.

 

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан тул М.Мөнх-Эрдэнэд 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.