Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2019/01375

 

Л.Цийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан , Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 184/ШШ2019/01204 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Л.Цийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Т.Эт холбогдох

           

Үндэслэлгүй хөрөнгөжсөн 2 000 000 төгрөгийг буцаан  гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Л.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ч” ХХК-тай байгуулсан ажлын байрны түрээсийн гэрээний дагуу “Хар хорин” худалдааны төвд байрлалтай барилгын материалын хэсгийн 25 дугаар лангууг эзэмшин үйл ажиллагаа явуулдаг. Т.Эийг өөрийн түрээсэлдэг лангуун дээр түр хугацаагаар сууж ажиллах талаар тохиролцож лангуугаа өгсөн боловч дараа нь хууль бусаар эзэмшээд чөлөөлж өгөхгүй байсан тул Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан лангууг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гарган шийдвэрлүүлсэн. Т.Эийн хууль бус эзэмшлийн хугацаанд “Ч” ХХК-тай байгуулсан ажлын байрны түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж нийт 2 000 000 төгрөгийг төлсөн ба Т.Э нь энэ хугацаанд түрээсийн төлбөр төлөлгүй үйл ажиллагаа явуулан орлого олж байсан. Иймд миний лангууг хууль бусаар эзэмшин үйл ажиллагаа явуулж байх хугацаанд нь буюу 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 7 дугаар сарыг хүртэл хугацаанд төлсөн түрээсийн төлбөр болох 2 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Т.Э шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь “Чингэс трейд” ХХК-тай гэрээ байгуулж, 2013 оны 11 дүгээр сараас хойш 25 дугаар лангууг эзэмшиж үйл ажиллагаа явуулж байсан. Гэвч 2017 оны 9 дүгээр сард “Хар хорин” захын байцаагч Л.Цтой уг лангууг түрээслэх гэрээ хийсэн байсан. Энэ талаар Т.Эт огт мэдэгдээгүй, Т.Э уг асуудлыг мэдээгүй 2018 оны 1 дүгээр сарыг хүртэл түрээсийн төлбөрөө төлж байсан. Тухайн үед “Хархорин” захаас өөрсдийн буруутай үйлдлээ ухамсарлаж Т.Эт дахин өөр лангуу гаргаж өгсний дагуу Т.Э эвлэрлийн гэрээ байгуулж, шүүгчийн захирамжийг биелүүлж лангууг чөлөөлж өгсөн. Т.Эээс 2 000 000 төгрөгийг шаардаж байгаа нь үндэслэлгүй, харин захын удирдлагаас шаардах ёстой гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

          Шүүх: Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Лхагвасүрэнгийн Цийн гаргасан хариуцагч Түвааны Эт холбогдох 2 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Цийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нарангуа давж заалдах гомдолдоо:  Л.Ц нь “Ч” ХХК-тай байгуулсан ажлын байрны түрээсийн гэрээний дагуу Хар хорин худалдааны төвд байрлалтай барилгын материалын хэсгийн 25 дугаар лангууг эзэмших, ашиглах, үр шимийг хүртэх эрхтэй шударга эзэмшигч. Хариуцагч Т.Эийн хувьд нэхэмжлэгч Л.Ц нь Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар барилгын материалын 25 дугаар лангууны өмчлөгч болно. Нэхэмжлэгч Л.Ц нь хариуцагч Т.Эийн хууль бус үйлдлийг таслан зогсоолгохоор дээрх лангууг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан ба уг лангууг Т.Э чөлөөлсөн болох нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 184/ШШ2018/01401 дугаар захирамж болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдоно. Эндээс дүгнэхэд хариуцагч нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр түүний өмчлөлийн лангуун дээр үйл ажиллагаа явуулж байсныг нотолж байна.

Хариуцагч Т.Э нь нэхэмжлэгчийн лангуун дээр түүний зөвшөөрлөөр үйл ажиллагаа эрхэлж байхдаа лангууны түрээсийн төлбөрийг төлж байсан ба лангууг чөлөөл гэснээс хойш шүүхэд хэрэг хянагдаж байх хугацаанд болон шүүхийн шийдвэр гарсанаас хойш ч сайн дураар чөлөөлөлгүй үйл ажиллагаа явуулж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримт болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогддог.

Нэхэмжлэгч Л.Ц нь “Ч” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу Т.Эийг лангууг чөлөөлөх хүртэл буюу 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 7 дугаар сарыг хүртэл хугацааны түрээсийн төлбөр төлсөн боловч үйл ажиллагаа эрхлэн явуулж чадаагүй хохирсон болно. Хариуцагч Т.Э шударга бусаар, бусдын зардлаар, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх хангалттай үйл явдал, нотлох баримт байхад шүүх хэт нэг талыг барьж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, үндэслэл муутай шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Л.Ц нь хариуцагч Т.Эт холбогдуулан 2 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч  маргасан. /хх-1, 22, 56/

 

Нэхэмжлэгч Л.Ц нь “Ч” ХХК-тай 2017 оны 09 дүгээр сарын 01-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажлын байр түрээслэх гэрээ байгуулж, уг гэрээгээр Баянгол дүүргийн 20-р хороо, 1 хороолол Хар хорин худалдааны төвд байрлах барилгын материал тасгийн №25 дугаар лангууг түрээслэх, сар бүр 300 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх 7-8/

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 184/ШШ2018/01401 дугаартай захирамжаар, Т.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргаан бүхий 25 дугаар лангууг 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр чөлөөлөхөөр болсон тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-9-10/

 

Нэхэмжлэгч нь маргаан бүхий лангууг шударгаар эзэмшиж, ашиглах эрхтэй байсан нь дээрх гэрээ, шүүгчийн захирамж болон хэрэгт авагдсан түрээсийн төлбөр төлсөн банкны орлогын баримтаар тогтоогдож байна. /хх 6-8/

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн тодорхойлсон хугацаанд лангууг эзэмшилдээ авч, ашиглаж байсан, уг хугацааны түрээсийн төлбөрийг өмчлөгчид төлөөгүй, нэхэмжлэгч өмнөөс нь төлсөн талаар маргаагүй. /хх-58/ Харин лангууг ашиглаж байх хугацаанд нэхэмжлэгчээс өмчлөгчид төлсөн түрээсийн төлбөрийг хариуцагч нэхэмжлэгчид нөхөж төлөх үүрэгтэй эсэхэд  маргаж байна.

 

Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт “Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно” гэж заасан.

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчийн лангууг ашиглаж байх үеийн төлбөрийг түүний өмнөөс барааны захын өмчлөгчид төлсөн байх тул уг 2 000 000 төгрөгийг шаардах эрхтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Хариуцагч нь лангууг хууль ёсоор эзэмшиж байсан, төлбөрийг төлсөн гэх тайлбар, татгалзлаа нотолоогүй. Т.Эийн эзэмшил хууль бус болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогджээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2019/01204 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Эээс 2 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.Цид олгосугай” гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Цийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас Т.Эээс 46 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Цид олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     М.НАРАНЦЭЦЭГ

 

                                    ШҮҮГЧИД                                     Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД