Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 2021/ДШМ/780

 

 

 

Э.Зд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч М.Алдар, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор И.Мөнхцэцэг,

шүүгдэгч Э.Згийн өмгөөлөгч Б.Билгүүн,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/48 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Згийн өмгөөлөгч Б.Билгүүний гаргасан давж заалдах гомдлоор Э.Зд холбогдох 2009000001088 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Энх овгийн Эгийн З, 1989 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:-/;

            2014 оны 12 дугаар сарын 15-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1-д зааснаар 3 сарын баривчлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоосон,

            2017 оны 01 дүгээр сарын 06-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, мөн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 жил 6 сарын хугацаагаар тогтоож, 500.000 төгрөгийн эд хөрөнгө хураах ялаар шийтгүүлсэн,

            2020 оны 02 дугаар сарын 03-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 440 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

            2020 оны 09 дүгээр сарын 17-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 4 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2021 оны 01 дүгээр сарын 21-нд 2021/ДШМ/20 дугаартай магадлалаар 2 жил 6 сарын хорих ял болгон өөрчилсөн;

            Э.З нь 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ub car wash” нэртэй угаалгын газраас “Toyota harrier” загварын 06-67 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Э.Згийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Энх овогт Эгийн Зг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Эгийн Зг 320 /гурван зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Зд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, 1 сар 10 хоногийн хугацаагаар хорих ял дээр өмнөх Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 378 дугаар дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 4 сар 2 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх нийт ялыг 4 жил 5 сар 12 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Зд оногдуулсан 4 жил 5 сар 12 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Э.Згийн цагдан хоригдсон 67 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Э.Згоос нийт 700.200 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Бод олгохоор шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Э.Згийн өмгөөлөгч Б.Билгүүн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шийтгэх тогтоолоор манай үйлчлүүлэгч Э.Зд 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан бөгөөд нийтэд тустай ажлын 8 цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, 1 сар 10 хоногийн хугацаагаар хорих ял дээр өмнөх Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ний өдрийн 378 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жил 4 сар 2 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 4 жил 5 сар 12 хоногийн хугацаагаар тогтоон хорих ял оногдуулсан. Гэвч 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 20 дугаартай магадлалаар Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 378 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж анхан шатны шүүхийн шийдвэрээр оногдуулсан хорих ялыг 2 жил 6 сар болгон өөрчилсөн байна. Дээр дурдсан нөхцөл байдлаас үзвэл Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байхад Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр 2, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг буруу хэрэглэж Э.Зд оногдуулах ялыг нэмж нэгтгэжээ. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангахгүй байх тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/48 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

            Прокурор И.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх хурал 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр болсон. Тухайн үед Төв аймгийн давж заалдах шатны шүүх хурал болоогүй буюу 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр давж заалдах шатны шүүх хурал болсон, хэргийг шүүхэд шилжүүлснээс хойш нилээдгүй хугацаа өнгөрөөд шүүх шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зааснаар 4 жил 4 сар 2 хоног байсан. Ялын тооцоог бодуулаад Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйлдсэн гэмт хэрэгт 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Үүнийг 1 сар 10 хоногийн хорих ялаар солиод нэмж нэгтгээд 5 жил 5 сар 12 хоног болгосон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа буюу 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан. Магадлалаар ялд өөрчлөлт оруулж 2 жил 6 сар, үүн дээр 1 сар 10 хоног нь нэмэгдээд үндсэндээ 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш 7 сар 13 хоногийг хасаад тоолох нь зүйтэй байна. Хохирол төлбөр дээр тусгайлан хэлэх санал байхгүй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, шүүгдэгч Э.З нь 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ub car wash” нэртэй угаалгын газраас “Toyota harrier” загварын 06-67 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

хохирогч Б.Бын “...Монголдоо гэсэн нэртэй кузов засварын газрын хаягийг олж, Улаанбаатар их дэлгүүрийн баруун талд хаягаар нь очиж автомашины урд хормойг засуулахаар өгсөн. Тэгээд “маргааш орой аваарай” гээд төлбөрийн 130.000 төгрөгийн 50 хувийг нь өгөөд засварчин залуутай уулзаад түлхүүрээ өгөөд явсан. ...Ингээд байж байтал 11 цаг 30 минутын үед цагдаагаас ярьж байна, автомашин чинь алга болсон гэж хэлэхээр нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Тэгээд мэдүүлэг өгөөд засварын газар очсон чинь “нэг угаагч залуу унаад явчихсан юм шиг байна” гэж хэлэхээр нь “яагаад угаалгын газарт өгсөн юм бэ” гэхээр нь та угаалга гэж хэлээ биздээ” гэж хэлэхээр нь “юу яриад байгаа юм” гээд уурласан чинь угаалгын залуу би угаачихья гэж хэлэхээр нь өгсөн юм гэж хэлсэн. ...Цагдаагаас Эрдэнэтэд автомашин чинь олдсон гэхээр нь тийшээ явж автомашинаа авчирсан. ...” /хх 6/,

гэрч А.Нийн “...нэг үйлчлүүлэгч “Toyota harrier” загварын цагаан өнгийн тээврийн хэрэгслээ засуулахаар ирээд засуулахаасаа өмнө машинаа угаалгахаар болоод манай ажлын хажуу талын машин угаалгын газар луу оруулсан. Ингээд машины эзэн машинаа надад хүлээлгэж өгөөд явсан ба би засварт зайгүй болохоор угаалгад тухайн машиныг хонуулахаар болсон. ...Хажуу угаалгын угаагч залуу намайг сэрээгээд “ахаа таны өчигдөр үлдээсэн машиныг угаасан угаагч нь унаад явчихсан байна” гэж хэлсэн. Ингээд хяналтын камерын бичлэг шүүж үзтэл шөнө 05 цагийн үед нөгөө угаагч залуу үлдээсэн “Toyota harrier” загварын машиныг унаад явчихсан байсан. ...” /хх 7/

Э.Згийн “...“Toyota harrier” загварын 06-67 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ...өглөөг 09 цагт сэтгэл гэгэлзээд гэрлүүгээ очмоор санагдаад уг машиныг унаж яваад буцаад ирээд автомашиныг өгчихнө гэж бодоод Эрдэнэт рүү явсан. Тэгээд Эрдэнэт рүү орж ирээд цагдаа нарт баригдсан. ...” /хх 20-22/ гэсэн мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ /хх 11/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг, тухайлбал, хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, тэдгээрийг бусад нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр анхан шатны шүүх шүүгдэгч Э.Зг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийг үйлдсэн үйл баримтыг тогтоож, энэ талаар шийтгэх тогтоолд тодорхой тусган, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч Э.Зг хохирогч Б.Бын авто засварын засуулах гэж өгсөн тээврийн хэрэгслийг дур мэдэн авч явсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан ... шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж тус тус хуульчилсан.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/48 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцон Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 378 дугаар дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 4 сар 2 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх нийт ялыг 4 жил 5 сар 12 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэжээ.

Гэтэл 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 20 дугаартай магадлалаар Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 378 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж анхан шатны шүүхийн шийдвэрээр оногдуулсан хорих ялыг 2 жил 6 сар болгон өөрчилсөн байх тул шүүгдэгч Э.Згийн өмгөөлөгч Б.Билгүүний гаргасан давж заалдах гомдлоос “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/48 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү...” гэсэн хэсгийг хүлээн авах үндэслэлтэй байна гэж үзэв.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Згийн автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйлд зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Харин Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг судалж үзвэл шүүгдэгч Э.Згийн үйлдсэн гэмт хэрэг нь тус хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан өршөөл үзүүлэхгүй хэргүүдэд байхгүй, 2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар эдлээгүй үлдсэн баривчлах ялаас өршөөгдсөн нь хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Өршөөл үзүүлэх тухай ... 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн ... хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй” гэх хориглосон заалтад хамаарахгүй байх тул түүнд зохих өршөөлийг үзүүлэх нь зүйтэй.

Мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт “...хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэнэ. Харин ял эдэлж байгаа ялтанд өршөөл үзүүлэхдээ өршөөлд хамаарах зүйл, хэсэг бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөл үзүүлж, өршөөлд үл хамаарах ял буюу ялын үлдэх хэсгийг эдлүүлэхээр тогтооно...” гэж, 12.12 дахь хэсэгт “...яллагдагч, шүүгдэгч, ялтны энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр өршөөлд хамааруулна.” гэж тус тус хуульчилжээ.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.” гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт/ ... гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж тус тус заасан нь шүүгдэгч Э.Згийн үйлдсэн хэргийн зүйлчлэлд тохирч байна.

Дээрх байдлаар өршөөлд хамруулах тохиолдолд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна...”, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “... гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж заасан шаардлагын хангасан байх учиртай.

Хэргээс үзэхэд шүүгдэгч Э.З нь мөрдөн байцаалт, шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг тэр даруй хохирогчид буцаан өгсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул түүний Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оногдуулсан 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлж, харин Төв аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 2021/ДШМ/20 дугаартай магадлалаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 4 сар 2 хоногийн хорих ялын нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг өдрөөр дүйцүүлэн солих нь зүйтэй байна. Зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Згийн албан ёсны хаяг болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/48 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4 дэх заалтуудыг хүчингүй болгосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/48 дугаартай шийтгэх тогтоолоор Э.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 320 /гурван зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

3. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар Төв аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 2021/ДШМ/20 дугаартай магадлалаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 4 сар 2 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Э.Згийн өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 291 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанаас хассугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарласан ялын хугацаанд шүүгдэгч Э.Зг Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан Э.Зд зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг өдрийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, түүнийг нэн даруй сулласугай.

7. Шүүгдэгч Э.Згийн өмгөөлөгч Б.Билгүүний гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авсугай.

8. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.АРИУНХИШИГ

                        ШҮҮГЧ                                                                                М.АЛДАР

            ШҮҮГЧ                                                                                Г.ЕСӨН-ЭРДЭНЭ