| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 184/2023/00997/И |
| Дугаар | 101/ШШ2023/01899 |
| Огноо | 2023-04-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 101/ШШ2023/01899
| 2023 о 04с 14ө | Дугаар 101/ШШ2023/01899 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хуралдсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: ...................гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .........................-д холбогдох
12,200,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
10,800,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагважанцан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Өнөр-Оюун, нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагважанцан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгч А нь 2019 оны 12 сарын 27- ны өдөр Швед Улсад оршин суух Ар, Б, Герман Улсад оршин суух Э нараас 00 тоот 29 м.кв талбайтай орон сууцыг худалдан авахаар худалдагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э тай Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Талууд 50,000,000 төгрөгөөр тус орон сууцыг худалдахаар тохиролцож урьдчилгаа 30 хувийг төлж үлдэгдэл төлбөрийг банкны зээлээр худалдахаар тохиролцсон. Тус орон сууцны өмчлөгч нар болох Ар, Б, Э нар нь гадаад улсад амьдардаг тул орон сууцны үнийг Цын данс руу шилжүүлж байсан. Нэхэмжлэгч нь гэрээ байгуулсан өдрөө орон сууцны үнэд 6.900.000 төгрөгийг хариуцагч Цын эзэмшлийн Хаан банк дахь 5024121727 тоот дансанд шилжүүлсэн. Худалдагч нар нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгөөгүйгээс банкны зээл /ипотек/-д хамрагдах боломжгүй байсан бөгөөд байрны үнийг сар бүр хариуцагч Цын эзэмшлийн данс руу шилжүүлэхээр тохиролцсон. Үүний дагуу худалдагч нар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж зээлд хамрагдаж үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулахаар орон сууцны эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг шилжүүлж өгөхийг даалгах бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл маргаан бүхий орон сууцыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Цын өмчлөлд шилжүүлж, Ц нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцсон. Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхээс маргаан бүхий орон сууцны эзэмшлээс нэхэмжлэгч Аг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг байгуулагдсан гэж үзээгүй учир орон сууцны үнэд шилжүүлсэн 12,200,000 төгрөгийг хариуцагч Цаас гаргуулж өгнө үү... гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Өнөр-Оюун шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...А нь иргэн Цаас 12,200,000 төгрөг гаргуулах нь үндэслэлгүй бөгөөд тухайн үед А нь Швед улсад оршин суух Ар, Б, Герман улсад оршин суух Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Э тай 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сонгино хайрхан дүүргийн 18-р хороо 7-р байрны 28тоот 29м.кв талбайтай орон сууцыг 50,000,000Т худалдан авахаар гэрээ байгуулсан боловч гэрээнд заасан хугацаандаа төлбөрөө төлж барагдуулаагүйн учир 2 жил хүлээсний эцэст Э нь Цд тухайн орон сууцыг худалдсанаар тус орон сууцны өмчлөгч болсон билээ. Нэхэмжлэгч гэрээ байгуулсан өдрөө орон сууцны үнэд 6.900.000Т төлсөн гэх боловч А нь арга заль хэрэглэж миний дансны лимит дууссан, таны дансанд мөнгө хийгээд авъя гэж хэлээд Цын дансаар 5,000,000Т болон 1,900,000Т-ыг нийт 6,900,000 төгрөгийг шилжүүлэн бэлэн мөнгөөр тэр дороо өөрөө буцаан авсан байдаг. Мөн А нь байрны төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд хүний байранд яаж зүгээр суух вэ дээ, нэг сарын түрээсийн төлбөрийг 400,0007 тооцно гээд түрээсийн төлбөрт 2019 оны 12 дугаар сараас 2021 оны 6 дугаар сар хүртэл 7,200,000Т төлсөн ба 7 сараас нь эхлэн нэг ч төгрөг төлөөгүй билээ. Дээрх үйл баримт нь Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 05-ны өдрийн 184/ШШ2022/01524 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 сарын 27-ны өдрийн 210/МА2022/01407 тоот магадлал, Монгол улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 10 сарын 10-ны өдрийн 001/ШХТ2022/01017тоот тогтоолын дагуу шийдвэрлэгдсэн асуудал бөгөөд дахин ийм утга бүхий нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд энэхүү нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Өнөр-Оюун шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Ц нь Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо 7-р байрны 28 тоот 29м.кв талбайтай орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн бөгөөд А нь энэхүү орон сууцыг худалдан авна гэж худал итгэл үнэмшил төрүүлэн худалдаж авахгүйгээр барахгүй тухайн орон сууцыг өөрийн болгох гэж янз бүрийн арга заль хэрэглэж хадгаламж зээлийн хоршооноос авах зээл нь гараагүй, эгчийнхээ нэр дээр зээл авч өгнө, манай нөхөр уурхайд инженер хийдэг ажил нь эхлэхээр цалингийн зээл авч өгнө, манайх уурхайтай, уурхайгаа зарахаар мөнгийг чинь төлнө, бэлхэд зуслангийн байшинтай түүнийгээ зарж төлнө, би сүлжээний бизнес хийж байгаа эндээс ашиг олоод мөнгийг чинь төлнө гэж удаа дараа худал хэлж төөрөгдүүлсээр 2019.12.27-ны өдрөөс 2023.01.13- ны өдөр хүртэл нийт 36 сар тус орон сууцанд амьдарч зээл хөөлцөлдөж байгаа гэх шалтгаанаар олон сар хойшлуулж сүүлдээ арга нь барагдаж өөрийн өмчлөлд шилжүүлэхээр санаархан шүүхэд худал үндэслэлээр удаа дараа нэхэмжлэл гаргаж цаг хугацаа сэтгэл санаагаар хохироож, боломжийг минь алдагдуулж өдий хүрсэн. Тухайн үеийн байрны түрээсийн бодит ханш нь 600,000-800,000Т байсан ч А нь худалдаж авна гэж хэлээд зээл гартал үнэгүй яаж суух вэ гэсэн болохоор нь тал үнээр нь түрээслүүлсэн билээ.
Иймд А нь 2019.12.27-ны өдрөөс 2023.01.13-ны өдөр хүртэл нийт 36 сар миний өмчлөлийн байранд амьдарснаас 2019 оны 12 дугаар сараас 2021 оны 6 дугаар сар хүртэл 7,200,000Т сар бүр 400,000Т-өөр тооцож төлсөн. /18сар/, 2021 оны 7 сараас 2022 оны 12 сарыг дуустал огт төлбөр төлөхгүйгээр тус байранд амьдарсан. Энэ хугацаанд би бусдад байраа хөлслүүлсэн бол сар бүр 600,000Т-өөр, нийт 18 сарын хугацаанд 10,800,000Т олох байсан, миний боломжийг удаа дараа алдагдуулсан тул Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.2-т заасныг үндэслэн Агаас миний хохирлыг гаргуулж өгнө үү... гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагважанцан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: ...Хариуцагчийн зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагад өмнө нь орон сууц хөлслөх гэрээний үүрэг гэж байсан, сая олох ёстой байсан орлого гэж тайлбарлаж байна. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж шаардаж байна уу, орон сууц хөлслөх гэрээний үүрэгт шаардаж байна уу гэдэг нь тодорхойгүй байна. Нэхэмжлэлийн агуулгад худалдаж авахаар тохиролцож оруулсан гэж тайлбарлаж байна, хариуцагчтай орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүсээгүй, анхнаасаа худалдан авах зорилгоор орсон. Худалдан авах зориулалтаар орж, худалдах, худалдан авах гэрээг байгуулж орсон. Тухайн үед өмчлөгч нар нь н.А , н.Б, н.Э нар байсан бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй нь гэрээ байгуулсан. Тус гэрээнд урьдчилгаа 30 хувийг төлж үлдэх төлбөрийг банкны зээлээр төлнө гэж тохиролцоо хийсэн. Үлдэгдэл 70 хувийг банкны зээлээр төлөхөд худалдагч нь өмчлөлийг шилжүүлэх үүрэг хүлээсэн байсан, гэтэл өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээгээгүйгээс ипотект хамрагдах боломж нөхцөл бүрдэхгүй, 70 хувийг бүрдүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн учраас манай зүгээс Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан. Тус гэрээг давж заалдах шатны шүүхээс хүчин төгөлдөр бус гэж тооцсон учир бид энэ хэрэгт нотлох баримтаар хавсарган өгөөгүй, тус гэрээнд өмчлөгчөөр бүртгүүлэх үүргийг худалдагч тал хүлээж байсан боловч биелүүлээгүй. Иймд орон сууц хөлслөх гэрээний үүрэг анхнаасаа үүсээгүй. Мөн 2019 оны 12 сараас хойш 2022 оны 12 сарыг дуусах хугацаа гэж тайлбарлаж байна. Гэтэл Ц нь 2022 оны 01 сарын 21-ний өдрөөс тус байрны өмчлөгч нь болсон, иймд 2019 онд түрээслэх эрхтэй этгээд мөн эсэх нь мэдэгддэггүй. Энэ байрны өмчлөгч биш байсан, өмчлөгч биш байж энэ байрны хөлс шаардаж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч А хариуцагч Цд холбогдуулан орон сууцны үнэд шилжүүлсэн 12,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч түрээсийн төлбөрт тооцож авсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргаж байна.
Агийн нэхэмжлэлтэй Э т холбогдох орон сууцны эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгах, өмчлөгчөөр тогтоолгох, хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлтэй, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Цын Аг орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай шаардлагатай иргэний хэргийг шүүх хэлэлцээд Э , Ц нарын хооронд байгуулагдсан 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн худалдах, худалдан авах 0133 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, орон сууцны эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгах, өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болох нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 05-ны өдрийн 184/шш2022/1524 дугаартай шийдвэрээр тогтоогдож байна. /хх-22-25/
Дээрх шийдвэрт бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд гомдол гаргасны дагуу давж заалдах шатны шүүх хэргийг хянаад хариуцагч Э т холбогдох Э , Ц нарын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Б, Ар, Э нарыг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгч Агийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 00 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн 0 дугаартай, 29 м.квадрат талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгч Агийн эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэсэн болох нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 сарын 27-ны өдрийн 210/МА2022/01407 дугаартай магадлалаар тогтоогдож байна. /хх-17-21/
Дээрх шийдвэр, магадлалыг Монгол Улсын Дээд шүүх 2022 оны 10 сарын 10-ны өдөр хэлэлцүүлэхээс татгалзсан болох нь Монгол Улсын Дээд Шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 10 сарын 10-ны өдрийн 001/ШХТ2022/01017 тоот тогтоолоор тогтоогдож байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 сарын 27-ны өдрийн 210/МА2022/01407 дугаартай магадлалын 5.в.-д Хариуцагч нь орон сууцыг Ад худалдсан ба тэрээр гэрээний үүргээ биелүүлж орон сууцны үнийг төлөөгүй тул худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, улмаар тухайн орон сууцыг Цт худалдсан үйл баримтаас үзэхэд хариуцагч, гуравдагч этгээдийн хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг орон сууцыг нэхэмжлэгчийн эзэмшлээс чөлөөлүүлэх зорилгоор хийгдсэн дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл муутай байна. Учир нь худалдах-худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор орон сууцны үнийг төлөх үүрэг хүлээсэн боловч гэрээний үүргээ биелүүлээгүй 2 жилийн хугацаа өнгөрсөн тул хариуцагч нь тухайн орон сууцыг өөр этгээдэд худалдсаныг буруутгах үндэслэлгүй байна гэж дүгнэсэн байна.
Мөн 00 тоот, улсын бүртгэлийн 0 дугаартай, 29 м.квадрат талбай бүхий орон сууцны өмчлөгч Ар, Б, Э нар хариуцагч Цын төрсөн хүүхэд болох Э т өөрсдийн өмчлөлийн орон сууцыг худалдах, худалдан авах хэлцэл хийх эрхийг итгэмжлэлээр олгосон, уг итгэмжлэлийн дагуу Э нь нэхэмжлэгч Атай 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч нь 00 тоот, улсын бүртгэлийн 0 дугаартай, 29 м.квадрат талбай бүхий орон сууцыг 50,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авагч нь нийт төлбөрийн урьдчилгаа 30 хувийг Худалдаа хөгжлийн банкинд байршуулж, үлдэгдэл 70 хувийг банкны зээлээр 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцсон болохыг дүгнэсэн байх тул шүүх нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин дүгнэхгүй.
Нэхэмжлэгч тал ... Э А нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн тул орон сууцны үнэд шилжүүлсэн 12,200,000 төгрөгөө гаргуулна.... гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч А Эр-тэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж, түүний зөвшөөрснөөр гэрээ байгуулагдсан өдөр Эр-ийн төрсөн эх Цын данс уруу 202019.12.27-нд 6,900,000 төгрөгийг, 2020.02.03-ны өдрөөс 2021 оны 2021.08.08-ны өдрийн хооронд 12 удаагийн гүйлгээгээр 5,300,000 төгрөг, нийт 12,200,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар, Агийн Хаан банк дахь 111 тоот дансны хуулга, хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.
Хариуцагч Ц 00 тоот, улсын бүртгэлийн 0 дугаартай, 29 м.квадрат талбай бүхий орон сууцны өмчлөгч Ар, Б, Э нараас орон сууцыг бусдад худалдах, хөлслүүлэх эрхийг авснаа баримтаар нотлоогүй.
Хариуцагч тал ... 2019.12.27-нд Агийн Хаан банкны дансных нь шилжүүлгийн эрх хэтэрсэн тул миний хаан банкны данс уруу 6,900,000 төгрөгийг шилжүүлсэн ба тэр өдрөө миний картаар бэлнээр авч, өөрийнхөө Худалдаа хөгжлийн банкны данс уруу 7,000,000 төгрөг болгож хийсэн тул хариуцахгүй... гэх тайлбар нь бусад баримтаар эргэлзээгүй тогтоогдохгүй байх тул уг тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.
Нэхэмжлэгч А Э тай байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 12,200,000 төгрөгийг Э ын төрсөн эх Цын данс уруу шилжүүлсэн, уг худалдах худалдан авах гэрээг шүүх хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу А орон сууцны үнэд шилжүүлсэн 12,200,000 төгрөгөө Цаас буцаан шаардах эрхтэй байна.
Иймд хариуцагч Цаас орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлсөн 12,200,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ад олгохоор шийдвэрлэв.
Сөрөг нэхэмжлэлийн талаар:
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч 2021 оны 7 сараас хойш 2022 оныг дуусталх 18 сарын хугацаанд сар бүр 600,000 төгрөг, нийт 10,800,000 төгрөгөөр бусдад хөлслүүлж олох байсан орлогыг хохиролд тооцуулан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ... 2019.12.27-ны өдрөөс 2021.06 сар хүртэл 18 сард сар бүр 400,000 төгрөгөөр тооцож, 7,200,000 төгрөг төлсөн, үүнээс хойш 2022.12 сарыг дуустал төлбөр төлөөгүй... гэж тайлбарлаж байна.
Ц 2022 оны 01 сарын 25-ны өдөр маргаан бүхий орон сууцны өмчлөгч болсныг шүүхийн шийдвэр, магадлалд дүгнэсэн байна.
Ц 00 тоот, улсын бүртгэлийн 0 дугаартай, 29 м.квадрат талбай бүхий орон сууцны өмчлөгч Ар, Б, Э нараас орон сууцыг бусдад худалдах, хөлслүүлэх эрхийг аваагүй байсан нь тогтоогдсон тул Ц маргаан бүхий орон сууцны өмчлөгч болсон 2022 оны 01 сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд орон сууц хөлслөх гэрээний үүрэг, олох ёстой байсан орлогыг шаардах эрхгүй байна.
Ц 2022 оны 01 сарын 25-нд орон сууцны өмчлөгч болсон байх боловч А шүүхэд хандаж, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Монгол Улсын Дээд шүүх 2022 оны 10 сарын 10-ны өдөр хэргийг эцэслэн шийдвэрлэснээр А маргаан бүхий орон сууцны талаар шаардлага гаргах эрхтэй болсон байна.
Гэвч Ц уг орон сууцыг бусдад сар бүр 600,000 төгрөгөөр хөлслүүлж орлого олох ёстой байсан нь бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.
Дээрх үндэслэлүүдээр хариуцагч Ад холбогдуулан гаргасан 10,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Цын гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэлийг хангасан тул нэхэмжлэгчээс төлсөн 210,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Цаас 12,200,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 210,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ад олгож, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул хариуцагчаас төлсөн 187,750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Цаас 12,200,000 /арван хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ад олгосугай.
2. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь заасныг баримтлан нэхэмжлэгч Цын хариуцагч Ад холбогдуулан гаргасан 10,800,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 210,150 төгрөг, хариуцагчаас төлсөн 187,750 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Цаас 210,150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ад олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ