| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2022/05490/И |
| Дугаар | 101/ШШ2023/02342 |
| Огноо | 2023-05-11 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 101/ШШ2023/02342
| 2023 о 05с 11ө | Дугаар 101/ШШ2023/02342 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хуралдсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: .........-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ................-д холбогдох,
26,640,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Бат-Оргил, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дуламсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч В.Энхтамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Г би Улаанбаатар хотын Анагаах ухааны Соёлч сургууль /коллеж/-д сувилагч мэргэжлээр 1983-1985 онд суралцаж төгссөн бөгөөд түүнээс хойш одоог хүртэл 39 жилийн хугацаанд төрийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэдэд хүргэх ажил, үүргийг хариуцан ажиллаж байна. Миний бие төрийн эрүүл мэндийн салбарт нийт 39 жилийн хугацаанд ажилласан бөгөөд 1985-1988 онд Улсын гуравдугаар амаржих газарт Дутуу нярайн сэхээний сувилагч, 1988-2000 онд Увс аймгийн Ховд сумын Хүн эмнэлэгт Сувилагч, 2000-2005 онд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт Сувилагч, 2005-2013 онд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд Мэдээгүйжүүлэгч, эрчимт эмчилгээний сувилагч, 2013-2019 онд төрийн өмчит Тусгай хэрэгцээт 186 дугаар цэцэрлэгт Эмч, 2019 оноос эхлэн одоог хүртэл Баянзүрх эмнэлэгт Мэдээгүйжүүлэгчийн сувилагчаар тус тус ажиллаж байна. Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасны дагуу миний бие 2020 онд 55 нас хүрч өндөр насны тэтгэврээ тогтоолгох эрхтэй байсан боловч Ковид-19 цар тахлын өвчний улмаас тус эмнэлэгт ажиллах хүчний хомсдолтой байсан тул түр хойшлуулж байгаад 2021 оны 12 сард өндөр насны тэтгэврээ тогтоолгосон. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох үедээ Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу 36 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжаа авахыг хүссэн боловч Баянзүрх эмнэлгийн удирдлагын зүгээс ...манай эмнэлэг хувьчлагдсан болохоор 36 сарын буцалтгүй тусламж өгөх боломжгүй... гэх хариу өгсөн. Миний биед 36 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоос татгалзаж буй Баянзүрх эмнэлгийн удирдлагын шийдвэрийг дор дурдсан үндэслэлээр хууль бус гэж үзэж байна. Үүнд: Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт Төрийн өмчийн эрүүл мэндийн болон бусад салбарын байгууллагад 25 ба түүнээс дээш жил, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд болон анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай эмнэлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтанд тэтгэвэрт гарахад нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг үндсэн цалингийн дунджаас нь тооцож олгох и гэж заасан байна. Тэгвэл Г миний бие эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүн ардад хүргэх төрийн чиг үүргийг хэрэгжүүлэн төрийн өмчийн эрүүл мэндийн анхан шатны байгууллагад 27 жил, хоёр дахь шатлалын эмнэлэгт 4 жил, гурав дахь шатлалын эмнэлэгт 8 жил, тасралтгүй 39 жилийн ажил хөдөлмөрөө зориулан ажилласан. Г миний төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад ажилласан хугацаа маань Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасан 25 жил ажилласан байх шаардлагыг хангалттай хангаж байна. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт төрийн алба" гэж төрийн зорилт, чиг үүргийг Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх, төрийн бодлого боловсруулах, төрөөс зайлшгүй үзүүлэх шаардлагатай бусад үйлчилгээг нийтэд хүргэх үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтыг хэлнэ гэж заасан байна. Тэгвэл миний ажиллаж байгаад өндөр насны тэтгэврээ тогтоолгосон Б ХХК нь иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүргэх төрийн чиг үүргийг шууд хариуцан хэрэгжүүлдэг, төрийн өмчит байгууллага юм. Өөрөөр хэлбэл тодорхой байгууллага, хүмүүсийн зүгээс Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн удирдлагыг л зөвхөн менежментийн хувьчлалаар хэрэгжүүлж байгаа болохоос биш түүний байшин барилга, эд хөрөнгө нь төрийн өмчит хэвээрээ бөгөөд улсын төсөв, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжин үйл ажиллагаагаа явуулдаг. Иймд Баянзүрх эмнэлгийг төр, төрийн албанд хамаагүй, хувийн байгууллага мэтээр үзэж, тус эмнэлэгт төрийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүн ардад хүргэн ажиллаж буй олон зуун эмч, сувилагч, эмнэлгийн бусад ажилчдыг хохироож, нийгмийн баталгаагүй болгож байгаад гомдолтой байна. Эрүүл мэндийн тухай хуулийн 29-р зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт заасан 36 сарын нэг удаагийн буцалтгүй тусламж нь УИХ, Засгийн газрын зүгээс иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг мэргэшсэн ажиллах хүчнээр гүйцэтгүүлэх, салбарын боловсон хүчнийг бэхжүүлэх, эрүүл мэндийн салбарын ажилчдыг үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажиллуулах, тэдний нийгмийн баталгааг хангах эрхэм зорилготой гэж үзэж байна. Гэтэл эрүүл мэндийн салбарт нэг насны амьдрал, ажил хөдөлмөрөө зориулан ажилласан эмч, сувилагч, эмнэлгийн ажилчдад хуулиар олгогдсон нийгмийн баталгааг үзүүлэхгүй, нэг удаагийн 36 сарын үндсэн цалинтай тэнцэх буцалтгүй тусламж олгохгүй хохироож байгаа явдалд гомдолтой байна. Б ХХК нь надад нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоос татгалзсан шийдвэрээ бичгээр гаргаж өгөөгүй, зөвхөн аман хэлбэрээр хэлж илэрхийлсэн ба 36 сарын нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоос татгалзсан Баянзүрх эмнэлгийн шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч тухайн асуудлаар Эрүүл мэндийн сайд С.Энхболдод өргөдөл гомдол гаргасан. Гэтэл Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг нь миний гаргасан өргөдлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн тухай хариу албан бичгийг надад 2022.11.17-ны өдөр өгсөн. Өөрөөр хэлбэл миний гомдлыг хүлээн авахаас татгалзсан Эрүүл мэндийн яамны шийдвэрийг 2022.11.17-ны өдөр гардаж авсан. Ингээд би шүүхэд хандахаас өөр аргагүй байдалд хүрч шүүхэд хандсан. Г миний бие өндөр насны тэтгэвэрт гарах тухай үедээ Б ХХК -д нэг сарын 740,000 төгрөгийн үндсэн цалинтай ажиллаж байсан. Тиймээс өөрийн авч байсан нэг сарын үндсэн цалин болох 740,000 төгрөгийг 36 сараар үржүүлэхэд миний авах ёстой нэг удаагийн буцалтгүй тусламжийн хэмжээ 26,640,000 төгрөг болж байна. Иймд Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу 36 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгө болох нийт 26.640.000 төгрөгийг Б ХХК -иас гаргуулан Г д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү... гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дуламсүрэн шүүхэд болон хариуцагчийн өмгөөлөгч В.Энхтамир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай эмнэлэг төрийн байгууллагуудын зохих шийдвэрийн дагуу хувьчлагдсан болно. Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь зохицуулалт нь хувийн өмчийн эмнэлгийн байгууллагад хамаарахгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Б ХХК хувийн ХХК гэх статустай Эрүүл яамнаас санхүүжилт авч Баянзүрх дүүрэгт эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг хувийн эмнэлэг байгаа. Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичиг Ц.Эрдэмбилэг гэх хүний гарын үсэгтэй баримт хэрэгт авагдсан байгаа. Г өөрөө харж байсан байх, энэ баримт дээр хувийн хэвшлийн байгууллага нь мөнгөн тэтгэмжид хамрагдах боломжгүй байна гэж хуулийн зүйл заалтыг нь дурдаж зааж өгсөн байдаг. Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргатай хариуцагчийн өмгөөлөгч миний бие адил байр сууртай байна. Манай зүгээс Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын албан бичиг дээр тодорхой байгаа гэж үзэж байна. Энэ албан бичиг хэвээрээ байгаа тохиолдолд Г д 36 сарын буцалтгүй тусламж үзүүлэх боломжгүй. Яагаад гэвэл төсөвт тусгагдаагүй байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байх гэж үзэж байна. Өмгөөлөгч нь яаж харж байгаа талаар нь мэдэхгүй байна. Шүүгчид хүсэлт гаргахад Эрүүл мэндийн яам төсвийн ерөнхийд нь захирагчид нь Г болон бусад хүмүүсийг тэтгэвэрт гарахад нь хуулийн үйлчлэлд бүрэн хамаарах талаар төсөвтөө тусгах асуудлаар Г г нэхэмжлэл гаргах эрхийг нь хязгаарлахгүй байх агуулгатайгаар тусгаж өгвөл хэрэгтэй болов уу гэж бодож байна... гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Нэхэмжлэгч Г хариуцагч Б ХХК -д холбогдуулан төрийн албанд ажилласан нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгө 26,640,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч тал эмнэлгийг менежментийн гэрээгээр хувьчилж авсан, тус эмнэлэг ХХК болсон тул төрийн албаны тухай хуулиар тэтгэмж олгодоггүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Г 1985-1988 онд Улсын гуравдугаар амаржих газарт сувилагч, 1988-2000 онд Увс аймгийн Ховд сумын Хүн эмнэлэгт сувилагч, 2000-2005 онд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт сувилагч, 2005-2013 онд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд сувилагч, 2013-2019 онд төрийн өмчит тусгай хэрэгцээт 186 дугаар цэцэрлэгт эмч, 2019 оноос эхлэн одоог хүртэл Баянзүрх эмнэлэгт сувилагчаар тус тус ажиллаж байгаа болох нь зохигчийн тайлбар, хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбаруудаар тогтоогдож байна.
Нийслэлийн өмч хувьчлах комиссын тогтоолоор Б ХХК нийслэлийн өмчит байгууллагыг менежментийн гэрээгээр үр дүнтэй ажиллуулсан Б.Даш-Яндаг ахлагчтай багт 193,050,000 төгрөгөөр худалдаж, Б.Даш-Яндаг ахлагчтай менежментийн багт Б ХХК нийслэлийн өмчит байгууллагын өмчлөгчийн эрхийг шилжүүлэн олгосон болох нь Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2005 оны 11 сарын 30-ны өдрийн 109 дугаартай Өмчлөгчийн эрх олгох тухай тогтоол, өмчлөгчийн эрхийн гэрчилгээ зэргээр тогтоогдож байна. /хх-62-63/
Б ХХК 2006 оны 03 сарын 20-нд улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээгээ авсан байх тул Компанийн тухай хуулиар эрх зүйн байдал нь тодорхойлогдохоор байна. /хх-26/
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4-т Монгол Улсын иргэн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхийг баталгаажуулсан байх ба хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй гэж заажээ.
Г төрийн өмчийн эмнэлэгт ажиллаж байсан хэдий ч 2019 оны 04 сарын 10-ны өдрөөс Б ХХК -д сувилагчаар ажиллаж эхэлсэн байх тул түүнийг ажлаа чөлөөтэй сонгосон гэж үзэх ба түүнийг хувийн хэвшлийн эмнэлэгт хууль бусаар албадан хөдөлмөрлүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Компанийн тухай хуульд зааснаар ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах эрх бүхий Б ХХК -ийн ажилтан болох Г г төрийн албан хаагч буюу төрийн үйлчилгээний албан тушаалтан гэж үзэхгүй тул Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь зохицуулалт хамаарахгүй юм.
Г Б ХХК -ийн захирлын тушаалаар 2021 оны 12 сарын 20-ны өдрөөс ажлаас чөлөөлөгдөж, нийгмийн даатгалын байгууллагаас өндөр насны тэтгэвэр авч эхэлсэн, хэдий ч үргэлжлүүлээд одоог хүртэл сувилагчаар ажиллаж байгаа болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх ба энэ талаар маргаангүй байна.
Б ХХК -ийн ерөнхий захирлын 2015 оны 5 сарын 12-ны өдрийн А/82 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн баталсан байх бөгөөд журмын 7.2 дугаар зүйлийн 7.2.7-д тус эмнэлэгт 10-аас доошгүй жил тогтвор суурьшилтай ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарч байгаа ажилтанд 1-3 сарын үндсэн цалинтай тэнцэх мөнгөн тэтгэлгийг Ерөнхий захирлын шийдвэрээр 1 удаа олгоно гэж заажээ. Нэхэмжлэгч журмын 7.2.7-д засан 10-аас доошгүй жил ажилласан гэх болзлыг хангаагүй учир 1-3 сарын цалинтай тэнцэх тэтгэмж аваагүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Г улсын эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байсан байх боловч өндөр насны тэтгэвэрт гарах үедээ Б ХХК -д ажиллаж байгаад гарсан байх тул Төрийн албаны тухай хуулийн 60.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2-т заасны дагуу Б ХХК нь ажилтан Г д 36 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тусламж олгох үүрэггүй байна.
Иймд нэхэмжлэгч Г гийн хариуцагч Б ХХК -д холбогдуулан гаргасан нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгө 26,640,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 291,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай /2021 оны/ хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г гийн хариуцагч Б ХХК -д холбогдуулан гаргасан 26,640,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 291,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ