Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2021/ДШМ/839

 

 

 

С.З, Г.О нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Д.Мөнхөө, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Р.Энх-Оюун,

хохирогч, шүүгдэгч С.З, түүний өмгөөлөгч Б.Түвшинтөгс,

хохирогч, шүүгдэгч Г.О, түүний өмгөөлөгч Д.Батдулам,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 2021/ШЦТ/407 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Зын гаргасан давж заалдах гомдлоор С.З, Г.О нарт холбогдох 2111000340051 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Б овгийн Гын О, 1982 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймагт төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн бизнесийн удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Сонсголонгийн 22 дугаар гудамжны 789а тоотод оршин суух бүртгэлтэй боловч -тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:-/;

            2. Б овгийн Сийн З, 1986 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Орхон аймагт төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, “Шууд ТВ” худалдааны зөвлөх ажилтай, ам бүл 2, Орхон аймгийн Баян-Өндөр сум, 14 дүгээр баг, 48 дугаар байрны 47 тоотод оршин суух бүртгэлтэй боловч - тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:-/;

            Шүүгдэгч Г.О нь 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр - тоотод хамтран байр түрээслэгч С.Зтай өмнө нь 2020 оны 12 дугаар сарын 8-ны өдөр цэвэрлэгээ үйлчилгээнээс болж маргалдан бие биедээ халдаж байсан таарамжгүй харьцаанаас үүдэн толгойн тус газар нь аягаар цохих, үсдэх, гараас нь базаж маажих зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

            шүүгдэгч С.З нь 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр - тоотод хамтран байр түрээслэгч Г.Отэй цэвэрлэгээ үйлчилгээнээс болж маргалдан харилцан зодолдож, духнаас нь цус гарсныг хараад түүнийг түлхэж унаган толгой, нуруу хэсэгт олон удаа өшиглөх, нүүрэнд цохих, үснээс нь зулгааж чирэх зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: С.З, Г.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Гын О, Б овогт Сийн З нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Монгол Улсын Их Хурлаас Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан батлан гаргасан 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт тус тус зааснаар Г.О, С.З нарт холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч С.Заас нийт 1.156.700 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Оөд, шүүгдэгч Г.Оөөс нийт 217.264 төгрөгийг гаргуулан хохирогч С.Зд тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 6 дахь хэсэгт тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хуванцар аяга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комиссод шилжүүлэх, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн цагаан өнгийн 1 ширхэг сиди, мөн С.Зын шүүх хуралдаанд шинээр гарган өгсөн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч С.З, Г.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч С.З давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шинжээч эмч Амартүвшин нь 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дүгнэлтээр тархи доргилт, духны үстэй хэсэгт шарх, гэмтлийн хөнгөн зэрэг гэж тогтоосон. Гэмтлийн улмаас 3 сарын турш эмчилгээ хийлгэсэн ба мөрдөн байцаалтын шатанд гэмтлээс учирсан гэм хорын талаар шинжээч эмчийн бүрэлдэхүүнтэй томилуулах хүсэлтийг байцаагч Долгион прокурор Чимгээд өгсөн боловч татгалзсан. Шинжээч эмч Амартүвшин нь “Мөнгөнгүүр эмнэлгийн томограф зулайн хавангийн өөрчлөлттэй” гэснийг “хавангийн өөрчлөлтгүй” гэж өөрчлөн бичиж дүгнэлтдээ тусгасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.4 зүйлийн О гэгч эмэгтэй нь духны хэсэгт аягаар цохиж толгой хагалсан гэмт хэргийн улмаас миний биед учирсан духны дээд ил хэсэгт 2.3 см гүн хонхойсон сорви, мөн гэмтлийн улмаас үүссэн 3 см хэмжээтэй үлдэц сорви, нийт 5 см сорви, тухайн хэсэгт гэмтлээс болж үс уналт, халцралт явагдаж духанд сорви, үс халцралттай болсон. Үүнийг гэмтлийн хөнгөн зэрэг гэж үзэхгүй байна. Шинжээч эмчийг дахин томилуулж арьсны мэргэжлийн эмчээр гэмтлийн зэргийг тогтоолгох хүсэлтээ дахин тавьж байна. Толгойдоо цохиулснаас толгойн зовиур өвдөлтөөс болж эмчилгээг 3 сарын турш хийлгэсэн. Толгой байнга өвддөг зовиуртай болсон. Духны сорви, үсний халцралт нь ердийн явцаар эдгэрэх боломжгүй сорвины лазер, тарилга, тос болон үс шилжүүлэн суулгах эмчилгээг эмчилгээний үзлэгийг хийлгэхэд арьс бүтэн төлжөөгүйн улмаас эмчилгээ хийж эхлэх хугацаа болоогүй байна гэж “Ач тус, Синдерелла” эмнэлгийн эмч хэлсэн ба “цаашид 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс эмчилгээг хийж эхлэх боломжтой урьдчилгаа байдлаар цаашид гарах эмчилгээний төлбөрийг тооцоолж гаргах боломжгүй байна” гэсэн. Цаашид эмчилгээнд гарах зардлыг Оөөс нэхэмжлэн гаргуулах хүсэлтээ шүүх хуралдааны үеэр хэлсэн. Шүүгч Д.Ренченхорол шүүх хуралдаан дээр Оөөс Зын цаашид гарах эмчилгээний зардлыг их ч бай бага ч бай гаргаж өгөх үү? гэж Оөөс асуухад “бодит хохирлыг нөхөн төлнө” гэж хэлж байсан боловч 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 2021/ШЦЭ/407 дугаартай тогтоолд гэмт хэргийн улмаас үүссэн гэм хорын хохирлыг цаашид гарах эмчилгээний зардлыг нээлттэй үлдээж өгөөгүйд гомдолтой байна. Оийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан гоо сайхныг алдагдуулсан сорви эмчилгээ, үс шилжүүлэн суулгах эмчилгээг халцралт үүссэн нь цаашид эмчилгээ хийлгэх ирээдүйд гарах эдийн засгийн хохирлыг зардал болох миний духанд үүссэн сорви үс шилжүүлэн суулгах цаашид гарах эмчилгээний зардлыг Иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйгээр шийдвэрлэж өгнө үү.

            Оийн учруулсан гэмтлээс болж миний бие хэвтрийн дэглэм барьж эмчилгээг хийлгэсэн өдрөөс ажилдаа явж чадалгүй эмчилгээ хийлгэсэн. Тухайн үеийн 7 хоногийн ажлын хөлс болох 218.181 төгрөг хавтас хэргийн /хх 92, 93, 164, мөн эмнэлгийн магадлагаа, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар гэмтлийн улмаас өвчтэй байсан учраас ажилд ирээгүй байгууллагын тодорхойлолт/, тухайн үед өдөр тутмын шархны боолт хийлгэх, гэмтлийн дараах сэргээн засах эмчилгээнд 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд эмчилгээнд явахдаа хийсэн түлшний 80.000 төгрөгийн зардлын баримтыг гаргаж өгсөн боловч улсын яллагч Энх-Оюун нь нэхэмжилсэн 298.000 төгрөгийн зардлын баримт бүрдээгүй гэж үзсэн нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 2 дахь заалтыг зөрчиж байна. Учирсан бодит хохирлыг Оөөс баримтыг үндэслэн нэхэмжлэн гаргуулах хүсэлтэй байна. Өдөр тутмын эмчилгээнд явж байсан эмчлүүлэгчийн картыг хэргийн материалд хавсарган өгсөн болно. О нь хэргийн материалд өөрийн хуурамч зураг хавсаргах, хуурамч зураг нь шинжээч эмч Энхбаярын гаргасан дүгнэлт болох “нүдний буланд цэгчилсэн цус хуралт, хамрын нуруунд зулгаралт нь зурагтайгаа зөрөх, баримт болгон авахуулахаар өгсөн зурагтайгаа тохирохгүй байх, гэмтлүүд нь дуудлагаар ирсэн цагдаагийн ажилтнуудын нотлох баримт болно” гээд хийсэн бичлэг устах, /тус камерын бичлэг дээр нүдэнд цус хуралт болон хамрын нуруундаа зулгаралтгүй байсан нь/ дуудлагаар ирсэн цагдаагийн ажилтан Мөнгөншагай мэдүүлэгтээ Оийн нүүрэнд илтэд харагдах хүнд гэмтэл байгаагүй гэдэг мэдүүлгийг өгсөн байтал шүүх хуралдаанд авч хэлэлцээгүй. Оийн хуурамч зургийг томруулж харахад фотошофоор янзалсан, хамрын нуруун дээрх 0.2-0.8 см гэсэн ч зураг дээрээ байхгүй байдаг. Тус зургийг судлан шинжлүүлэх талаар шүүх хуралдааны үед мөн хэлсэн боловч шинжлэн үнэн худал зураг эсэхийг нь тогтоож өгөөгүй учраас баримтыг судлан шинжлүүлэх гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэлтэйгээр авахуулах хүсэлтэй байна.

            Гэрч Энхмандал нь шүүх хуралдаанд гэрчээр дуудагдан оролцох шүүхийн шийдвэр гарсан боловч шүүх хуралдаанд оролцохгүй шүүхээс утастахад нь Оийн нүд цус хурсан, амнаас нь цус гарсан хуурамч зураг байна гэдгийг шүүгчийн туслах Энхгэрэлд хэлсэн шүү гэж надтай таарахдаа хэлж байсан. Гэрч Энхмандалыг шүүх хуралдаанд дуудан оролцуулах шийдвэр гарсан ч цагдаагийн байгууллагаас шүүх хуралдаанд оролцуулах арга хэмжээг авалгүй шүүх хуралдааныг явуулж шийдвэр гарсанд гомдолтой байна. 2020 оны 12 дугаар сарын 10-ны хэрэг учрал болох үед байсан Оийг харж уулзсан гэрч Энхмандал, цагдаагийн ажилтан Мөнгөншагай, Болдсүх, 2020 оны 12 дугаар сарын 10-ны орой нь О тохиролцъё гэж Энхмандалтай манай өрөөнд орж ирэхэд нүдний алимны салст болон хамрын нуруунд шинжээч эмчийн дүгнэлт дээр бичигдсэн зулгаралт, цус хуралт нь байгаагүй. Энэ нь хэрэг учрал болсон өдрийн цаг хугацааны хувьд тохирохгүй байна. Гэрч Энхмандал ч зургийг хараад худал гэдгийг хэлсэн. 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр О нь миний биеийг томограф зураг авахуулахад цуг явсан тэр үед Оөд гэмтэл байгаагүй. Эмнэлэг хамт явахдаа харсан гэрчүүд байгаа. Анхбаяр, Болдбаяр нарыг гэрчүүдийн мэдүүлгийг судлан шинжлүүлэх шүүх хуралдаанд дуудан оролцуулах хүсэлтэй байна.

            Чингэлтэй дүүргийн хяналтын прокурор Чимгээ нь миний хэрэгт авахуулахаар Энхмандалаас нүүрэлдүүлэн Оийн хуурамч зургийг асуулгаж өгөөч гэсэн хүсэлтэд өгсөн 1 ширхэг сидиг хүлээн аваад хянаж, шалгахгүйгээр сидиг хэргийн материалд хавсаргахгүйгээр зөвхөн хүсэлтийг шүүх рүү явуулсан байдаг. Прокурор Чимгээ нь уг сидиг 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хэргийн материалд хавсарган шүүхэд шилжүүлсэн ч мэдээлэл лавлагааны ажилтан Баттулга сидиг унших боломжгүй гэж буцаасан гэж мэдүүлсэн. Гэтэл мэдээлэл лавлагааны ажилтан Баттулга хавтас хэргийн материалыг 2021 оны 3 дугаар сарын 9-ний өдөр хүлээж авахад ямар нэгэн сиди уншихгүй байна гэж буцаагаагүй, буцаасан тэмдэглэл хөтлөөгүй хэрэгт 2 биш 1 сидиг хүлээж авсан, таны яриад байгаа сидиг анхнаасаа хүлээж аваагүй, хэрэгт ирээгүй, хэрэв таны өгсөн сиди хэрэгт хавсарган ирсэн бол яллах дүгнэлтийн хавсралтад 2 ширхэг сиди гэж тэмдэглэсэн нь прокурор Чимгээ худал хэлж байгааг яллах дүгнэлтийн хавсралт нотолж байна. Миний бие сиди хүргэгдэж очоогүйг асуухаар прокурорын газарт очиход Чимгээ прокурор хэрэгт хавсаргаж нотлох баримтаар өгсөн сиди зураас үүссэн ирмэгийг нь хагарсан байдалтайгаар туслах Бат-Амгалангаар 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр буцаан өгөх гэж оролдсон. Чимгээ прокурор нь сидиг шүүхэд хүргүүлэлгүй авч үлдсэн нь хэргийг хялбарчилж, үнэн зөвөөр шалгахаас татгалзсан, нэг талыг баримталж ашиг сонирхлын зөрчлийг гаргасан гэж хардаж гомдолтой байна. 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр шүүх хуралдаанд шинээр дахин гаргаж өгсөн 1 ширхэг сиди нотлох баримтаар авч судлан шинжлүүлэх хүсэлтэй байна.

            Г.Оийн 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр шүүх хуралдааны үеэр гаргаж өгсөн 1.156.700 төгрөгийн нэхэмжлэл бүхий баримтууд нь хэрэгт хамааралтай эсэхийг тогтоолгүйгээр 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн шинжээч эмч Энхбаатарын 13451 дүгнэлтэд тогтоогдож тусгагдаагүй гэмтлийг хэрэг учрал болсноос 2 сарын дараа эмнэлэгт үзүүлсэн эмчилгээний баримтыг цуглуулан хэрэгт хамааралгүй, гэмтэл тогтоогдоогүй эд эрхтнээ үзүүлсэн үндэслэлгүй нэхэмжлэлийг 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 2021/ШЦЭ/407 дугаартай тогтоолд шүүхийн шийтгэх тогтоолд үндэслэл болгож Иргэний хэргийн шүүхээр нэхэмжлэх эрхтэйгээр гаргуулах болсонд гомдолтой байна. Нэхэмжлэлийг хянан шалгуулах хүсэлтэй байна. Энэ нь Иргэний хуулийн 497.2 дугаар зүйлд “гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол ... хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж заасан заалтыг зөрчиж байна. Эрүүгийн тухай хуулийн 21.1, 21.2, иргэний хуулийн 505.2, 497.2 заалтуудыг давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлэлцэж өгнө үү. ...” гэв.

Хохирогч, шүүгдэгч С.Зын өмгөөлөгч Б.Түвшинтөгс тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтас хэргээс гэрч нарын мэдүүлэг болон нотлох баримтаар гаргаж өгсөн сиди алга болсон. С.Зын төрсөн дүүгийн өгсөн мэдүүлэг алга болсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 1.156.700 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл шийтгэх тогтоолд энэ юуны мөнгө болох ямар баримтыг үндэслэж 1.156.700 төгрөг болсон талаар шийтгэх тогтоолд юу ч бичигдээгүй. Ямар баримтыг үндэслэж ийм баримт гаргуулах болсон нь тодорхойгүй. Хавтас хэргийн 68 дугаар талд авагдсан баримтаар ходоодны эмч авсан баримт, дэлгүүрээс хүнс цуглуулсан баримт гэх зэрэг энэ хэрэгт холбоогүй баримт өгснийг шүүх харгалзахгүйгээр гаргуулан шийдвэрлэснийг анхаарч үзнэ үү. ...” гэв.

Хохирогч, шүүгдэгч Г.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хүнсний бүтээгдэхүүн авч өгсөн гэх баримт нь тухайн харилцан зодоон болсны дараа би С.Заас уучлалт гуйж хүнсний бүтээгдэхүүн өрөөнд нь оруулж өгсөн. Тэр баримтыг нэхэмжлээгүй. Харин ийм зүйл болсон шүү гэдгийг нотлох зорилгоор гаргаж өгсөн. Миний зүгээс хуурамч зураг гаргаж өгөх зураг янзлах ямар нэг шалтгаан байхгүй. Өөрийн утсан дээрээ авсан зургийг хэвлэж гаргаж өгсөн. ...” гэв.

Хохирогч, шүүгдэгч Г.Оийн өмгөөлөгч Д.Батдулам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирол гаргуулахаар шийдсэн баримтад ходоодны эм бичигдсэн байна гэж маргаж байна. Хүчтэй эм уухаар ходоодонд сөрөг нөлөө үзүүлдэг тул ходоодны эм нэмж бичиж өгсөн тул энэ эмийг авч уусан. Тухайн үед дуудлагаар ирсэн цагдаа “нүүрэндээ ямар нэг гэмтэл байсан эсэхийг санахгүй байна” гэж мэдүүлсэн. ...” гэв.

Прокурор Р.Энх-Оюун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Тухайн хэрэг 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гарсан. Хохирогч, шүүгдэгч Г.О, С.З нар 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр шүүх эмнэлэгт үзүүлж шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Иймд Г.Оийн биед учирсан гэмтэл гэмт хэрэг гарсан өдөр биед нь үзлэг хийж шинжээчийн дүгнэлт гарсан учир үндэслэлтэй гэж үзсэн. Иймд улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлт үйлдэж шүүх тухайн шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж хэргийг шийдсэн. С.Зын хуйханд хаван өөрчлөлттэй гэснийг шинжээч эмч алдаатай бичсэн байна. Гэхдээ энэ нь гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй гэсэн мэдүүлгээ өгсөн. Иймд энэ шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж байна. Хэргээс гэрчийн мэдүүлэг болон сиди алга болсон гэж байгаа боловч хэрэгт мэдүүлэг авсан гэх баримт байхгүй сиди хэрэгт хавсаргаж шүүхэд хүргүүлээгүй. С.З нь шүүхийн хэлэлцүүлэгт энэ сиди гаргаж өгсөн. Нотлох баримттай холбоотой сиди шүүхийн хэлэлцүүлгийн шатанд авах боломжгүй гэж үзэж сиди авахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Хэрэв мөрдөн байцаалтын шатанд алга болсон гэж үзэж байгаа бол холбогдох газарт энэ талаар гомдлоо гаргаж шалгуулах нь зүйтэй гэж үзэж байна. Г.О, С.З нар анхан шатны шүүхэд өмгөөлөгчгүй байсан. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед харилцан бие биенээсээ хохирол нэхэмжилсэн. Улсын яллагч болон шүүх бүрэлдэхүүн зөвхөн баримтад үндэслэж хохирлын хэмжээг тогтоож гаргуулахаар шийдсэн. Өмгөөлөгчийн хэлж байгаа хүнсний зүйлийг хохиролд оруулаагүй, зөвхөн эмчилгээний зардлыг оруулахаар шийдсэн. Мөн ажилдаа явж чадаагүй гэж цалингаа нэхэмжилсэн байсан. Хэдэн өдрийн цалин хэдэн төгрөг болж байгаа талаар тодорхой бус байсан тул үүнийг гаргаж шийдвэрлэх боломжгүй болсон. Харин энэ талаар нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрх нь шийтгэх тогтоолд ороогүй байгаа тул үүнийг магадлалаар өөрчлөлт оруулахад татгалзах зүйлгүй. Иймд шийтгэх тогтоолын бусад заалтыг үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 2021/ШЦТ/407 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй болж чадаагүй, шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.

Мөн шүүгдэгч Г.О, С.З нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Монгол Улсын Их Хурлаас Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан батлан гаргасан 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт тус тус зааснаар Г.О, С.З нарт холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснээс үзэхэд анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж үзэхэд, шүүгдэгч Г.О, С.З нар нь харилцан зодолдсоны улмаас хэн хэнд нь хөнгөн хохирол учирсан байна. Түүнчлэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч С.З нь “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлын талаар гомдолтой” гэж маргасан байна. Анхан шатны шүүх шүүгдэгч С.Заас нийт 1.156.700 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Оөд, шүүгдэгч Г.Оөөс нийт 217.264 төгрөгийг гаргуулан хохирогч С.Зд тус тус олгохоор шийдвэрлэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно.” гэж заажээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээдээр хариуцуулан хор уршгийг арилгуулахаар хуульчилсан.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо шүүгдэгч нарын хохирлын хэмжээний талаар тодорхой дүгнэлт хийгээгүй, гэмт хэргийн улмаас хохирогч нарт хэдэн төгрөгийн хохирол учирсныг, хэрэгт авагдсан хохирлын баримтуудаас аль баримтыг нь шүүх үнэлсэн нь тодорхойгүй, мөн хохирлын талаарх баримтаас аль баримтыг үнэлээгүй талаар дүгнэлт хийгээгүй байна.

Улмаар учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлээгүй байхад энэ талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэв.

Хэдийгээр, шүүгдэгч Г.О, С.З нарын үйлдсэн гэмт хэрэг нь Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх хэргүүдэд хамаарах боловч тус хуулийн 4 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж тус тус зааснаас үзэхэд шүүгдэгч Г.О, С.З нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлөөгүй, улмаар энэ талаар маргаантай байхад тэднийг эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.О, С.З нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн тул хохирогч шүүгдэгч С.Зын гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 2021/ШЦТ/407 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.О, С.З нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч Г.О, С.З нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ,

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.МЯГМАРЖАВ

            ШҮҮГЧ                                                                       Д.МӨНХӨӨ

            ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ