Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2023/02268

 

 

 

2023 о 05 с 08ө

Дугаа р 101/ШШ2023/02268

Улаанбаатар хот

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хуралдсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: ....................-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ..........................-д холбогдох,

10,988,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн А, нэхэмжлэгчийн орчуулагч Ж.Цунлэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Итгэл, хариуцагч БНХАУ-ын иргэн И, хариуцагчийн орчуулагч Т.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны иргэн Ам би Монгол улсын Соёл урлагийн их сургуулийн магистрантурт суралцахаар 2017 онд Монгол улсад ирсэн. 2018 онд Өвөр Монголын нутгийн уулзалт дээр И эгчтэй танилцсан. Улмаар А надаас 2018 оны 04 сарын 03-ны өдөр И эгч 10 000 000 төгрөг+2000 юань 1 сарын хугацаатай аман хэлцэл зээлийн гэрээ байгуулан зээлж аваад огт төлөхгүй зугтааж холбогдохгүй байсан асуудал нь гэмт хэргийн шинжтэй байсан тул 2019 оны 07 сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гарган шалгуулсан бөгөөд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2019 оны 10 сарын 01 ний өдөр, дугаар 1156, Хэрэг бүртгэлтийн хэргийн хаах тухай прокурорын тогтоол гарсныг 2022 оны 12 сарын 28-ны өдөр гардаж авснаар мэдэж И-гаас 10,988,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг иргэний шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр гаргаж байгааг хүлээн авна уу. Иргэн И нь Ам-тай 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн гэрээний аман хэлцэл байгуулан 10 000 000 (арван сая) төгрөг, 2000 юань-ийг нэг сарын хугацаатай зээлсэн. Талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний хугацаа дуусаж, И-гаас зээлийн эргэн төлөлт хийхийг удаа мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл хугацаанд үндсэн зээл огт төлөөгүй болно. Иймд Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөрт 10,000,000 төгрөг, 2000 юань буюу Монгол банкнаас зарласан өнөөдрийн валютын ханшаар 1 юань 494 төгрөг тул 988,000 төгрөг нийт 10,988,000төгрөгийг иргэн И-гаас гаргуулж өгнө үү.

Зээлийн баримтын эх хувиа би олон цаасан дундаасаа ер олохгүй байгаа, энэ нь миний алдаа, гар утсан дээр зургийг нь авсан байснаа хувилж, орчуулуулсан... гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие 2018 оны 04 сарын 03-ны өдөр Вичат дамжуулан А-ийн 10,000,000 төгрөгийг зээлдэгч Э ын дансанд мөнгө гуйвуулагчаар дамжуулан шилжүүлэн өгсөн. Тухайн үед А нь Э д хүүтэй мөнгө зээлдүүлэхээр тохиролцон мөнгө хятад мөнгө болох юаниар байсан тул миний бие өөрийн ви чатаар дамжуулан мөнгө гуйвуулагчаар монгол төгрөг болгон Э ын дансанд шилжүүлэн өгсөн. Мөн А-аас мөнгө авдаг өдөр Э  ирж чадаагүй тул А надаар гарын үсэг зуруулсан. Тухайн үед би юу ч бодолгүй нутгийн дүүгээ л гэж санаад туслах гэж л тийм зүйл хийснээ одоо л ойлгож байна. Тухайн үед би А-гийн мөнгөнд ямар ч хамаарал байхгүй зөвхөн мөнгө дамжуулж өгсөн гэдгээ Чингэлтэй дүүргийн Бөмбөгөр худалдааны төвийн хажуу талын BSB электрон барааны дэлгүүрийн хажууд байрлах цагдаагийн хэлтэст нотлох баримт болон шүүгдэгч А мөн зээлдэгч Э ын төрсөн дүү болох Энхмандах нарын хамт цагдаагийн газарт очиж нотлох баримт болон бичиг баримтыг тулгасны үндсэн дээр би энэ хэрэгт ямар ч буруугүй энэ мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй гэдгийг тухайн хоёр хүн хүлээн зөвшөөрч гарын үсэг зурснаар би цагдаа дээр ямар ч буруугүй гэж батлагдан хэрэг хаагдсан болно. А яагаад дахин надад гомдол мэдүүлж байгааг би ойлгохгүй байна. Би А-гийн мөнгийг өөртөө завшаагүй гэдгээ мэдүүлж байна.

Миний бие 2018.04.03-нд нэхэмжлэгчээс 10 сая төгрөг бэлэн авсан нь үнэн боловч Э  зээлсэн, Э  хүүд нь 1,500 юань өгсөн гэж надад хэлсэн. Би Э д өчнөөн мөнгө өгсөн, цагдаад өгөөгүй байгаа ... гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн А хариуцагч БНХАУ-ын иргэн И-д холбогдуулан 2018 оны 04 сарын 03-ны өдрийн үндсэн зээлд 10,000,000 төгрөг, хүүд 2,000 юань буюу 988,000 төгрөг, нийт 10,998,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч тал зээлийн гэрээний эх хувь байхгүй, уг мөнгийг н.Э  зээлж авсан, н.Э  10,000,000 төгрөг болон хүү 1,500 юанийг төлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргаж байна.

 

Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн А хариуцагч БНХАУ-ын иргэн И нарын хооронд 2018 оны 04 сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, 10,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 2,000 юанийн хүүтэйгээр зээлсэн болох нь зохигчийн тайлбар, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2019 оны 10 сарын 01-ний өдрийн 1156 дугаартай прокурорын тогтоол, үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

 

Нэхэмжлэгчээс хариуцагчид 10,000,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба хариуцагч энэ талаар маргаагүй.

 

Хариуцагч тал ...уг мөнгийг Э д өгсөн... гэж тайлбарлаж байх боловч 2018 оны 4 сарын 3-ны өдөр нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн А болон Монгол Улсын иргэн Л.Э  нарын хооронд 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээний дагуу 10,000,000 төгрөгийг Л.Э  БНХАУ-ын иргэн И-д хүлээлгэн өгөхийг зөвшөөрсөн болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй.

 

Нэхэмжлэгч ... хэргийн 5-р хуудсанд өгсөн зээлийн гэрээний эх хувиа олохгүй байгаа... гэж, хариуцагч ...зээлийн гэрээний эх хувь нь байхгүй учир би төлөөд урсан байх гэж бодож байна... гэж тус тус тайлбарлаж байх ба зээлийн гэрээний эх хувь байхгүйг зээлийг төлсөн гэж үзэх үндэслэлгүй.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заажээ.

 

Зохигч нотлох баримтыг эх хувиар эсхүл нотариатаар батлуулсан хувийг хэрэгт өгөх журамтай ба нэхэмжлэгч уг шаардлагыг хангаагүй баримтыг хэрэгт өгсөн тул шүүх үнэлэх боломжгүй.

 

Иймд талуудын хооронд зээлийн гэрээг бичгээр байгуулсан гэж дүгнэх үндэслэлгүй тул нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэг болох хүүд 2,000 юань шаардах эрхгүй байна.

 

Хариуцагч 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн гэх тайлбараа баримтаар нотлоогүй тул хариуцагчийг зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй буруутай гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд хариуцагч БНХАУ-ын иргэн И-гаас зээлийн гэрээний үүрэгт 10,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн А-д олгож, нэхэмжлэлээс хүү 2,000 юань буюу 988,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190,758 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 10,000,000 төгрөг ногдох улсын тэмдэгтийн хураамжид 174,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч БНХАУ-ын иргэн И-гаас 10,000,000 /арван сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн А-д олгож, нэхэмжлэлээс 988,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190,758 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 174,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ