Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2021/ДШМ/840

 

 

 

Д.Мт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Д.Мөнхөө, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Баянмөнх,

хохирогч Э.Х, түүний өмгөөлөгч С.Батжаргал,

яллагдагч Д.Мын өмгөөлөгч Н.Ганхуяг,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЗ/1239 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Т.Баямөнхийн бичсэн 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 22 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Д.Мт холбогдох 2105001500597 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Г овгийн Дгийн М, 1992 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Казахстан улсад төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, санхүү, англи, герман хэлний орчуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 1, -тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/;

            Яллагдагч Д.М нь 2020 оны 12 дугаар сарын 7-ны өдрөөс 15-ны үед -тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хамтран амьдрагч Э.Хг таарамжгүй харилцааны улмаас удаа дараа шашны зан үйл хийх нэрийдлээр биед нь халдан зодож, эрүүл мэндэд нь олон тооны шарх, хөхрөлт, улайлт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, алимны салстад цус хуралт, зүүн ухархайн доод ханын хугарал, хамрын таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

            мөн 2020 оны 12 дугаар сарын 7-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд -тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Э.Хг хувийн таарамжгүй харилцааны улмаас шашны зан үйл хийх нэрийдлээр байнга зодож, харгис хэрцгий харьцаж, догшин авирлан, тарчлаасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газраас: Д.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх үндэслэлтэй байна. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчим хангагдаагүй байна. Иймд хохирогч Э.Хгийн мэдүүлгийн эх сурвалжийг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж хүчингийн гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоох шаардлагатай байх тул дээрх мөрдөн шалгах ажиллагааг хийлгүйгээр яллагдагч Д.Мт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж шүүхээс дүгнэв. Шүүгчийн захирамжид дурдаагүй боловч хэргийн оролцогч нарын гаргасан хүсэлт болон хэргийн бодит байдлыг нотлох хуульд заасан бүх арга хэмжээг авах нь зүйтэй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар яллагдагч Д.Мт холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж, хэрэг прокурорт очтол яллагдагч Д.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Прокурор Т.Баянмөнх бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогч Э.Х нь яллагдагч Д.Мтай хайр сэтгэлийн харилцаатай болж хамтран амьдарч, байнгын бэлгийн харилцаатай байсан. Сайн дугаараараа удаа дараа бэлгийн харьцаанд орж байсан нь хохирогч, яллагдагч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон байдаг. Мөрдөгч хохирогч Э.Хгаас “....Д.М тантай хүчээр бэлгийн харьцаанд орж байсан уу” гэж асуухад “Би Мыг бэлгийн харьцаанд оръё гэхэд нь зөвшөөрч бэлгийн харьцаанд орж байсан. Д.Мтай ойролцоогоор 15 удаа бэлгийн харьцаанд орсон. Бэлгийн харьцаанд орохдоо зөвшөөрч бэлгийн харьцаанд ордог байсан” гэж мэдүүлж байсан. Мөн гэрч Т.Ганзоригийн “би эхнэр Хг М гэх залуутай бэлгийн харилцаанд орсон талаар нь мэдсэн. Үүнээс хойш Х нь М гэх залуутай байнгын мессеж бичээд, утсаар ярьж харилцан уулздаг болоод бүх асуудал эхэлсэн юм. Уг асуудал нь сүүлдээ бүүр даамжирсаар эхнэр Х нь оройдоо гарч М гэх залуугийнд очиж хоноод, өглөө нь орж ирдэг болсон. Орж ирэхээр нь “Чи тэр залуутайгаа унтсан уу” гэж асуухаар эхнэр Х нь “Мэдээж унтаж л таарна шүү дээ” гэсэн яриа өгүүлэл гаргадаг. Мөн нэг орж ирэхдээ буюу 2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүзүүн дээрээ шимүүлчихсэн байдалтай орж ирсэн. Тухай бүрт нь би маш хүлээцтэй байсан. Бид хоёр хүртэл бэлгийн харилцаанд орох гэхэд эхнэр Х нь намайг ойртуулахгүй болсон бөгөөд ганц, хоёр удаа бэлгийн харилцаанд орох үед би хүртэл таалагдахаа больсон мэт зүйл хэлж, “М гэх залуу нэг бэлгийн харицаанд орохдоо 3 удаа дур тавиулж байсан” гэж ярьж асуудал цагаандаа гарсан. ...Тэгээд 2020 оны 12 дугаар сарын 4-ний өдөр эхнэр Х нь “Би М гэх залууд хайр, сэтгэлтэй болсон, би таньтай амьдарч чадахгүйнээ, би амьдралаа бодоод явна, харин та миний хоёр хүүхдийг сайн сургуульд сургаад, халамжлаад яваарай, би хүүхдүүдтэйгээ уулзаж байна” гэж хэлээд гэрээсээ хамаг хувцсаа аваад М гэх залуугийнд амьдрахаар явсан юм.” гэх мэдүүлгээр Э.Х нь Д.Мтай сайн дураараа бэлгийн харилцаанд ордог байсан нь давхар нотлогдож байгаа. Гэтэл шүүх “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заасан хуулийн заалтыг зөрчиж хүчингийн гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгаагүй, энэ ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” гэсэн үндэслэлийг баримталж хэргийг прокурорт буцаахдаа хийгдвэл зохих ажиллагааг “хохирогч Э.Хгийн мэдүүлгийн эх сурвалжийг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж хүчингийн гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоох шаардлагатай байх тул” гэж хэт ерөнхий дүгнэсэн учраас мөрдөн байцаалтаар хохирогчийн мэдүүлгийн эх сурвалжийг магадлах чухам ямар ажиллагаа хийлгэх гэж байгаа, түүний үндэслэл агуулгыг нягтлан шалгах бололцоогүй байна. Шүүхийн аливаа шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээгүй байх ёстой. Шүүх шийдвэр гаргахад онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй байна. Захирамжийн үндэслэл болсон хохирогч Э.Хгийн 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн “...намайг зодож хүчээр бэлгийн харьцаанд орж байсан. Намайг байнга янхан, гөлөг, пизда гэх мэтээр дуудаж доромжилж ... хүчээр хэд хэдэн удаа бэлэг эрхтнээ хөхүүлж байсан” гэх мэдүүлгийг яагаад бусад нотлох баримтаас илүү нотолгооны ач холбогдолтой гэж үзсэн ойлгомжгүй. Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдах ёстой. Гэтэл шүүх Эрүүгййн хуулийг буруу хэрэглэн, байнгын бэлгийн харилцаатай, хамтран амьдарч байсан, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хуулийн үйлчлэлд хамаарах хүний хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг албадаж, бие махбодид халдаж зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдлийг хүчиндэх гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Иймд шүүгчийн 2021/ШЗ/1269 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх саналтай байна. ...” гэв.

Хохирогч Э.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

Хохирогч Э.Хгийн өмгөөлөгч С.Батжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийг захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Би өөрөө урьдчилсан хэлэлцүүлгээр хүсэлт гаргаж, энэ хэрэгт хүчингийн гэмт хэргийн шинж байна. Э.Хгийн гэрчээр болон хохирогчоор өгсөн мэдүүлэгт зодож хүчирхийлж байсан талаар хэлдэг. Иймд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хүсэлт гаргаж байсан. Мөн хохирогч “хөхүүлсэн” гэж хэлдэг учир ёс бус үйлдэл байгаа гэж үзэж байна. Шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж прокурорын эсэргүүцлийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Яллагдагч Д.Мын өмгөөлөгч Н.Ганхуяг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг үндэслэлтэй, шүүгчийн захирамжийг хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар, мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараах асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана” гэж хуульд заасан. Гэтэл яллах дүгнэлт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж яллагдагчаар татсан. Бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийн хүрээнд асуудлыг хэмжээ хязгаартайгаар хэлэлцэх ёстой байсан. Гэтэл яллах дүгнэлтэд заагаагүй хүчингийн гэмт хэрэг гэж хүсэлт гомдол гаргаагүй талын санаачилгаар гомдлыг амаар авч хэргийг урьдчилсан хэлэлцүүлэг хийсэн нь хууль зөрчсөн. Иймд шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлгүй. Шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.10-т “шүүх хуралдаанд дуудах хохирогч, гэрч, шинжээч, шинжлэн судлуулах нотлох баримтын талаарх прокурор, оролцогчийн санал, хүсэлт” гэж хуульд заасан. Яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шалгах ёстой болохоос биш харин хэргийг хүндрүүлж хүчиндэх гэмт хэргээр шалгах нь үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж хуульд заасан. Иймд Д.Мын үйлдсэн гэмт хэргийн яллах дүгнэлтэд зааснаас өөр эрх зүйн байдлыг дордуулсан ялыг хүндрүүлсэн хүчингийн гэмт хэргээр хэргийг буцаах нь үндэслэлгүй. Ингэж байгаа нь хууль зөрчиж, эрх зүйн байдлыг дордуулж байна гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЗ/1239 дугаартай шүүгчийн захирамжаар: “...Хохирогч Э.Хгийн 2021 оны 01 дүгээр сарын 16-нд мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт “...намайг зодож хүчээр бэлгийн харилцаад орж байсан. Намайг байнга янхан, гөлөг, пизда гэх мэтээр дуудаж доромжилж ... хүчээр хэд хэдэн удаа бэлэг эрхтнээ хөхүүлж байсан...” /хх 17-18/ гэж мэдүүлсэн атал энэ талаар шалгаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчим хангагдаагүй байна. Иймд хохирогч Э.Хгийн мэдүүлгийн эх сурвалжийг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж хүчингийн гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоох шаардлагатай байх тул дээрх мөрдөн шалгах ажиллагааг хийлгүйгээр яллагдагч Д.Мт холбогдох 2105001500597 дугаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж шүүхээс дүгнэлээ. Шүүгчийн захирамжид дурдаагүй боловч хэргийн оролцогч нараар гаргасан хүсэлт болон хэргийн бодит байдлыг нотлох хуульд заасан бүх арга хэмжээг авах нь зүйтэй. ...” гэсэн үндэслэлээр Д.Мт холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

            Яллагдагч Д.Мт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн тогтоож чадаагүй, мөн хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагын хүрээнд яллах дүгнэлт үйлдээгүй гэж үзэх үндэслэлтэй байх тул хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

            Мөн хавтас хэргийн материалыг шинжлэн судлахад, хохирогч Э.Хгийн “...Мягмбарбаяр нь намайг “чи цагдаад хэлж новшрох юм бол чамайг хаа байгаа газраас чинь олоод ална” гэж хэлж айлгаж байсан бөгөөд би маш их айдаг байсан учраас гэрийнхэндээ ч хэлж чадаагүй юм. Би Мын хий гэсэн зүйлийг нь бүгдийг нь хийдэг байсан. Би Мын бүрэн эрхшээлд байсан. Намайг дарамталж байсан. Би Мын бүрэн эрхшээлд байсан бөгөөд бэлгийн харилцаанд оръё гэхэд нь би зөвшөөрч бэлгийн харьцаанд ордог байсан. ...” /1хх 16/,

            Э.Хгийн гэрчээр өгсөн “...Намайг зодож хүчээр бэлгийн харилцаанд орж байсан. ...” /1хх 18/,

            Э.Хгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Надтай хүчээр бэлгийн харилцаанд орж байсан. ...” /2хх 25/ гэсэн мэдүүлгүүд авагдсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүчиндэх гэмт хэргийн шинж байгаа эсэхийг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгах шаардлагатай.

            Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийж гүйцэтгэх нь хэргийн зүйлчлэл, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд нөлөөлөх юм.

            Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх”-ээр бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЗ/1239 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Д.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.МЯГМАРЖАВ

                        ШҮҮГЧ                                                                       Д.МӨНХӨӨ

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ