Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2016/00702

 

Б.Туулын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/00079 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 626 дугаар магадлалтай,

Б.Туулын нэхэмжлэлтэй

“Капитрон банк” ХХК-д холбогдох

“Мфикс капитал” ХХК болон “Капитрон банк” ХХК-ийн хооронд 2010 оны 03 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан Т07/14 тоот зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Блью скай” хотхоны 44 А дугаар байрны зоорийн давхрын Б.Туулын өмчлөлийн 162 тоот авто зогсоолд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжин, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Түвшинтамир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ялалт, Г.Чинбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч 2007 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр “Мфикс капитал" ХХК-тай 84 тоот орон сууц захиалах, гүйцэтгэх гэрээг байгуулан, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, Блью скай хотхоны 44А байрны 4 тоотод байрлах 132 м.кв орон сууцыг, 44А байрны зоорийн давхрын 162 тоот автомашины зогсоолын хамт захиалж төлбөрийг бүрэн төлж, 2010 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр “Мфикс капитал” ХХК-тай тооцоо нийлсэн акт үйлдсэн. Үүний дагуу хариуцагчаас орон сууц болон авто зогсоолын өмчлөх эрхийг хууль ёсны өмчлөгч миний нэр дээр бүртгүүлэхийг шаардсаар ирсэн ч хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл шаардлага. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснөөр шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 5882 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. 5882 дугаар шүүгчийн захирамжийг үндэслэн, үнэ төлбөрийг нь бүрэн төлж, худалдан авсан орон сууц болон авто зогсоолын өмчлөх эрхийг өөрийн нэр дээр бүртгүүлэхээр Нийслэлийн Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтэст хандсан ч бүртгэлийн газраас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, 44А байрны зоорийн давхрын 162 тоот автомашины зогсоол 90 хувийн гүйцэтгэлтэй хөрөнгө нь “Мфикс капитал” ХХК болон Капитрон банкны хооронд байгуулагдсан 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн барьцаат зээлийн гэрээнд бүртгэлтэй, барьцаат зээлийн гэрээ нь өнөөдрийн байдлаар дуусгавар болоогүй байна гэх үндэслэлээр өмчлөх эрхийг бүртгэхээс татгалзсан. “Капитрон банк” ХХК болон “Мфикс капитал” ХХК нар нь 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээг байгуулж, уг гэрээгээр 55 хувийн гүйцэтгэлтэй 205 автомашины зогсоолыг барьцаалж, барьцааны эрхийг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Улмаар барилгын ажил дуусахад “Мфикс капитал” ХХК нь автомашины зогсоол тус бүрээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хууль бусаар өөрийн нэр дээр гаргуулж, 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хариуцагчтай зээлийн барьцааны гэрээг шинэчлэн байгуулж, 2010 оны 01 дүгээр сард үнэ төлбөрийг нь бүрэн төлж, өмчлөх эрх нь үүссэн миний өмч хөрөнгийг надад мэдэгдэлгүйгээр барьцаалсан байна. “Капитрон банк” ХХК нь 2010 оны 09 дүгээр сард “Блью скай” хотхоны захиалагч иргэд нь өөрсдийн орон сууцанд нүүн орж, өмч хөрөнгөө эзэмшил, ашиглалтандаа хүлээн авсан болохыг мэдсээр атлаа Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасныг зөрчиж, миний эрх ашгийг ноцтой хохироосон. Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д заасны дагуу банкны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар шаардах эрх нь гагцхүү би “Капитрон банк” ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан, уг гэрээний үүргийн гүйцэтгэлд өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг барьцаалахыг зөвшөөрсөн үед үүсэх учиртай. Гэтэл надад “Капитрон банк” ХХК-ийн өмнө зээлийн төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй, “Мфикс капитал” ХХК болон “Капитрон банк” ХХК-ийн хооронд үүссэн зээлийн харилцаанд огт хамааралгүй этгээд байх тул миний өмч хөрөнгийг хууль ёсний өмчлөгчийнх нь зөвшөөрөлгүйгээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг баримтлан, “Мфикс капитал" ХХК болон “Капитрон банк” ХХК-ийн хооронд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээний Хан- Уул дүүргийн 11 дүгээр хороо, Блью скай хотхоны 44А дугаар байрны зоорийн давхрын 162 тоот авто зогсоол, иргэн Б.Туулын өмчлөлийн орон сууцанд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай банк нь “Мфикс капитал” ХХК-тай 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр №Т07/141 тоот зээлийн гэрээг байгуулж, 400 000 ам.долларыг хөрөнгө оруулалтын зориулалтаар буюу дээрх орон сууцны хотхоныг барихад зориулж олгосон. Гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр №Т07/141 тоот, 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээг тус тус байгуулсан бөгөөд энэхүү гэрээгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж 44А байрны зоорийн давхрын 162 тоот авто зогсоолыг барьцаалсан. Барьцааны эрх нь хэвээр хадгалагдаж байгаа бөгөөд Иргэний хуулийн 160 дугаар зүйлд заасан барьцааны эрх дуусгавар болох эрх үүсээгүй. Банк нь барьцааны гэрээг хууль тогтоомжийн акт болоод журамд заасан үндэслэл, процессын дагуу байгуулж, бүртгүүлсэн тул тус хэлцэл нь хүчин төгөлдөр. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлж баталгаажуулах ёстойн дагуу байгуулагдсанд тооцож хүчин төгөлдөр. Манай хувьд дээрх барьцааны гэрээг 2010 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн улсын бүртгэлд хуульд заасан журмын дагуу бүртгүүлэн баталгаажуулж хүчин төгөлдөр болгосон. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу бүртгэлийн байгууллага нь хуулиар тогтоосон журам зөрчсөн гэрээг бүртгэхээс татгалзах, буцаах эрхтэй байх бөгөөд үүнээс бусад тохиолдолд гэрээг бүртгэлийн байгууллага нь хуульд заасны дагуу бүртгэх үүрэгтэй. Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг бүтгэлийн байгууллага бүртгэсэн байгаа нь банк болон барьцаалуулагч нь хуулиар тогтоосон ямар нэгэн журам зөрчөөгүй болохыг нотолж буй хэрэг. Гэтэл “Мфикс капитал” ХХК нь Б.Туултай 2007 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 84 тоот орон сууц захиалах, гүйцэтгэх гэрээг, 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр орон сууц захиалагчтай байгуулах худалдах-худалдан авах гэрээг байгуулсан байх бөгөөд Капитрон банк нь энэхүү хэлцлийн талаар 2015 онд буюу шүүхийн маргаан эхлэснээр л мэдсэн. Нэхэмжлэгч нь барьцааны гэрээний холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэхдээ нэхэмжлэгчийн хөрөнгөөр баригдсан, түүний өмч ба “Мфикс капитал” ХХК нь Капитрон банктай барьцааны гэрээ байгуулахдаа надаас зөвшөөрөл аваагүй гэж тайлбарлажээ. Гэтэл “Мфикс капитал” ХХК нь дээрх авто зогсоолуудыг барих зорилгоор банкнаас зээл авсан, улсын тусгай хамгаалалттай газрыг гэрээний дагуу ашиглаж байсан, 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Улсын комисст хүлээлгэн өгсөн, мөн түүнчлэн авто зогсоолын мөнгийг цувуулан төлж байсан зэргээс үзэхэд авто зогсоолыг шууд Б.Туулын хөрөнгөөр баригдсан, түүний өмчлөлийнх гэж үзэх боломжгүй. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 18 дугаар зүйлийн 18.1-д тодорхой заасан. Өөрөөр хэлбэл аливаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийг улсын бүртгэлд тусгагдсаны дагуу буюу өмчлөх эрхийн гэрчилгээг үндэслэн тодорхойлдог. Тус банк нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд авч барьцаалах үед тус авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ нь “Мфикс капитал” ХХК-ийн нэр дээр байсан тул банкны зүгээс тус компанийг хууль ёсны өмчлөгч гэж үзэж дээрх барьцааны гэрээнүүдийг байгуулсан. “Мфикс капитал” ХХК нь дээрх авто зогсоолуудыг зээлийн барьцаанд барьцаалах үед тус барилгын өмчлөгч гэдгээ нотлохоор авто зогсоолуудын өмчлөх эрхийн гэрчилгээ, газар ашиглах тухай гэрээ, газар ашиглах гэрчилгээ, газар ашиглах гэрчилгээ, барилга угсралтын ажлыг эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл болон бусад шаардлагатай баримтуудыг гаргаж өгч байсан ч Б.Туултай байгуулсан гэрээний талаар банкинд мэдэгдээгүй. Барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын акт болон бусад баримтад тус барилгын захиалагчаар “Мфикс капитал” ХХК, гүйцэтгэгчээр “Вилмар” ХХК байхаар эрх олгосон нь тус барилгын өмчлөгч нь захиалагч “Мфикс капитал” ХХК мөн гэж үзэх нэгэн үндэслэл болсон. Ийнхүү барьцааны гэрээ нь хууль тогтоомжийн дагуу байгуулагдан бүртгэгдэж хүчин төгөлдөр болсон байх бөгөөд барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох хууль, эрх зүйн үндэслэл бүрдээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзаж өгнө үү гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/00079 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар Б.Туулын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Мфикс капитал” ХХК болон Капитрон банкны хооронд 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж 44А байрны зоорийн давхрын 162 тоот авто зогсоолд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжпэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Капитрон банк ХХК-аас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Туулд олгож шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 626 дугаар магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/00079 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалд гомдол гаргаж байна. Хоёр шатны шүүхүүд Капитрон банкийг Б.Туулаас зөвшөөрөл авалгүй барьцааны гэрээ байгуулсан буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасны дагуу зохих этгээдийн зөвшөөрөлгүй гэрээ байгуулсан гэж дүгнэж, гэрээ байгуулах үед Б.Туул нь 162 тоот авто зогсоолын хууль ёсны өмчлөгч байсан гэж үзсэн. 162 тоот авто зогсоолыг барьцаалсан барьцааны гэрээ 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгэгдсэн байдаг бол Б.Туулыг хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон шүүгчийн захирамж 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гарсан. Өөрөөр хэлбэл барьцааны гэрээ улсын бүртгэлд бүртгэгдсэнээс хойш ойролцоогоор 4 жилийн дараа Б.Туул нь өмчлөгчөөр тогтоогдсон. 4 жилийн дараа хууль ёсны өмчлөгчөөр тогтоогдсон Б.Туулаас зөвшөөрөл авах ёстой гэж үзэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг хэрэглэсэн нь хоёр шатны шүүхүүд хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэснийг илтгэж байна. Шүүхүүд Б.Туулын зүгээс 162 тоот авто зогсоолыг худалдан авахтай холбоотой төлбөр тооцоогоо төлж дуусгасан үеэс өмчлөх эрх нь үүссэн гэж дүгнэсэн бөгөөд энэ нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т заасан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх үүсэх, дуусгавар болохтой холбоотой нарийвчилсан зохицуулалтыг анхаараагүйг илтгэж байна. Өөрөөр хэлбэл холбогдох шүүхүүд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Магадлалын хянавал хэсэгт “Харин Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хэлцэл нь байгуулах үеэсээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлгүй бөгөөд шүүхийн шийдвэрт 162 тоот авто зогсоолд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон нь буруу. Гэвч энэ нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй.” гэжээ. Анхан шатны шүүхээс барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож нэхэмжлэлийн шаардлагыг хангасныг буруу болсон гэж дүгнэсэн хэрвээ үүнийг шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй гэсэн нь хэт ойлгомжгүй, утга агуулгагүй, логик алдаатай дүгнэлт болсон. Хэрэв барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлгүй байсан гэж дүгнэж байгаа бол шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх ёстой. Учир нь аливаа гэрээ, хэлцлийг гагцхүү Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан үндэслэлүүдээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох боломжтой бөгөөд энэхүү зохицуулалтаас гадуур буюу өөр үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох хууль, эрх зүйн гарц байхгүй. Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг хэрэглэсэн ч үүнийхээ үндэслэлийг шийдвэртээ тусгаагүй байдаг. Өөрөөр хэлбэл энэхүү зүйлчлэлийнхээ учир холбогдлыг тайлбарлаж чадаагүй. Банк яагаад барьцааны эрх бүртгэгдсэнээс хойш 4 жилийн дараа өмчлөгчөөр тогтоогдсон Б.Туулаас зөвшөөрөл авах ёстой болсныг дүгнээгүй. Давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг хэрэглэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгасан ч шийдвэрийг хэвээр үлдээх болсон эрх зүйн үндэслэл, учир холбогдлоо тайлбарлаагүй. Ямар нэг хуулийн үндэслэл, зүйл, заалтыг ишлээгүй буюу ямар ч хууль хэрэглээгүй. Хоёр шатны шүүх хэргийн оролцогч талуудын хооронд үүссэн маргааны зүйлд тодорхой эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт өгч, маргааныг шийдвэрлээгүй тул шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Эрх зүйн үндэслэлээ тусгаагүй байгааг хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэдэгт, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг хэрэглэснийг хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэдэгт тус тус хамруулж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Б.Туул болон “Мфикскапитал” ХХК нь 2010 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж, төлбөр тооцоог дууссан гэж баталгаажуулсан байна. Уг тооцоо нийлснээс хойш ойролцоогоор 3 жилийн дараа буюу 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр орон сууц захиалагчтай байгуулах худалдах-худалдан авах гэрээг байгуулж, гэрээний 3.1, 3.2-т зааснаар 168 400 ам.долларын төлбөр дутуу болохыг баталгаажуулсан. Өөрөөр хэлбэл 2010 оны тооцоо нийлсэн актаар тооцоо дууссан ч 2012 оны гэрээгээр тооцоо дуусаагүй буюу 168 400 ам.доллар дутуу болох нь харагддаг. Хэрэгт авагдсан баримтууд хоорондоо зөрчилдсөн бөгөөд аль нэг баримтыг эргэлзээгүй үнэн зөв гэж үнэлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байхад гагцхүү 2010 оны тооцоо нийлсэн актыг шийдвэрийнхээ үндэслэл болгосон байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д заасныг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. Хоёр шатны шүүхүүдээс 2010 оны тооцоо нийлсэн актыг “хөдөлбөргүй үнэн” гэж үзсэн нь илэрхий байна. Талуудын хооронд байгуулагдсан 2007 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 84 тоот захиалгын гэрээнд авто зогсоолын ямар нэг дугаар тавигдаагүй байдаг. 2008 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан 84 тоот захиалгын гэрээний хавсралтад авто зогсоолын дугаарыг 11 гэж тохирсон байна. Харин Б.Туул болон “Мфикскапитал” ХХК-н хооронд байгуулагдсан 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн гэрээнд авто зогсоолын дугаарыг 162 тоот гэж тохирсон байна. 2007 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд Б.Туул болон “Мфикскапитал” ХХК-н хооронд 11 тоот авто зогсоолын тохиролцоо байсан нь баримтаас харагдаж байхад 2007 оны 11 тоот авто зогсоолд хамаарах захиалгын гэрээг үндэслэн 162 тоот авто зогсоолыг барьцаалсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлтэй гэж дүгнэсэн байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг ноцтой зөрчсөн үйлдэл. Б.Туулын байгуулсан 2007, 2008 оны захиалгын гэрээнүүд нь 11 тоот авто зогсоолд хамаатай болохоос 162 тоот авто зогсоолд огт хамаагүй. Б.Туул нь 162 тоот авто зогсоолтой 2012 оны гэрээгээр холбогдсон бөгөөд энэ нь 162 тоот авто зогсоолыг барьцаалсан барьцааны гэрээ байгуулагдаж, бүртгэгдсэн үеэс ойролцоогоор 2 жилийн дараа болсон үйл явдал юм. Дээр дурдсанаас дүгнэхэд хоёр шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг үнэлээгүйн зэрэгцээ хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй нотлох баримтыг шийдвэр, магадлалынхаа үндэслэл болгосон нь илэрхий байна. Илэрхий, ойлгомжтой үйл баримтуудад дүгнэлт хийгээгүй хэрнээ тодорхойгүй, ойлгомжгүй, эргэлзээтэй үйл баримтуудыг илүү анхаарч, гагцхүү нэхэмжлэгч талд ашигтайгаар үнэлж дүгнэсэн. Б.Туул нь хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлээ гаргахдаа 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 84 тоот гэрээг үндэслэл болгосон байгаа нь шүүгчийн захирамжид туссан байгааг дурдах нь зүйтэй. Хэрэв Б.Туул 2007, 2008 оны захиалгын гэрээгээр 162 тоот авто зогсоолыг захиалсан бол эдгээр гэрээг үндэслэн нэхэмжлэлээ гаргах ёстой бөгөөд шүүгч мөн захирамждаа энэ талаар тусгах ёстой байсан. Гэтэл 2012 оны гэрээг үндэслэл болгосон байгаа нь 2012 оны гэрээнээс өмнө 162 тоот авто зогсоолтой холбоотой тохиролцоо Б.Туул болон “Мфикс капитал" ХХК-н хооронд хийгдээгүй байсныг илтгэж байна. Дээр дурдсанаас дүгнэхэд Б.Туул 162 тоот авто зогсоолын өмчлөгчөөр тогтоогдох болсон үндэслэл нь 2012 оны гэрээ байх бөгөөд энэхүү гэрээ байгуулагдах үед барьцааны гэрээ байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгэгдсэн байжээ. Иймд дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хүчингүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуульд заасан хэлцэл хүчин төгөлдөр бус байх, хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах ойлголтын ялгаа, эрх зүйн үндэслэлийн талаар болон барьцааны эрхийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэснээр шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны, үндэслэл бүхий болж чадаагүй, энэ талаарх хариуцагчийн гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Б.Туул нь хариуцагч Капитрон банкинд холбогдуулан “Мфикс капитал” ХХК болон Капитрон банкны хооронд байгуулагдсан 2012 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Блю скай хотхоны 44а байрны зоорийн давхрын 162 тоот зогсоолд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох агуулгатай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...барьцааны гэрээ байгуулахдаа өмчлөгчөөс зөвшөөрөл авахгүйгээр өмчлөлийн зүйлийг нь барьцаалсан, барьцааны зүйлийн өмчлөгч өөр этгээд болох нь тодорхой байхад барьцааны гэрээ байгуулсан тул банкийг шударга барьцаалагч биш...” гэж тодорхойлсон байна.

Капитрон банк нь “Мфикс капитал” ХХК-тай 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулахдаа, үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцааны гэрээ байгуулсан, барьцааны зүйлийн нэг хэсэг 205 ширхэг автомашины зогсоолд маргааны зүйл болох 162 тоот автомашины зогсоол орсон, улмаар 2012 оны 03 дугаар сарын 02-ны өдөр талууд барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд дахин бүртгүүлсэн үйл баримт тогтоогджээ.

Барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болохоос гадна ипотек буюу үл хөдлөх хөрөнгийн барьцааны эрх улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсэхийг Иргэний хуулийн 154.3, 166.1-д тус тус заасан байна.

Маргааны зүйл автомашины зогсоол нь 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр  барьцааны гэрээ байгуулах үед 55 хувийн гүйцэтгэлтэй, “Мфикс капитал” ХХК-ийн ирээдүйд бий болох хөрөнгө байсан, 2012 оны 03 дугаар сарын 02-ны өдөр барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, дахин бүртгүүлэх үед “Мфикс капитал” ХХК уг зогсоолын өмчлөгчөөр бүртгэгдсэн байсан баримтаас үзэхэд маргаж буй эд хөрөнгөнд 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр барьцааны үүрэг ногдуулсан байжээ.

Үүнээс хойш буюу 2007 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэгч Б.Туул болон “Мфикс капитал” ХХК-ийн хооронд орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулагдсан, энэ үед тухайн эд хөрөнгө барьцааны зүйл байснаас гадна барьцааны зүйлийн өмчлөгч өөрчлөгдсөнөөс үл хамааран барьцааны эрх хэвээр байхыг зохицуулсан Иргэний хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 171 дүгээр зүйлийн 171.1,172 дугаар зүйлийн 172.1-д заасан зохицуулалтыг хоёр шатны шүүх зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

Б.Туул нь уг эд хөрөнгийн өмчлөгч болохыг “Мфикс капитал” ХХК зөвшөөрснийг баталсан шүүхийн шийдвэр, “Мфикс капитал” ХХК-ийн зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу нэхэмжлэгч нь өмчлөх эрхээ шилжүүлж авах эрхтэй хэдий ч эд хөрөнгөнд ногдуулсан барьцааны үүрэг хэвээр байхын хуулийн дээрх заалтад заажээ.

Ипотекийн зүйлийн өмчлөгч нь өөрийн өмчлөлийн уг эд хөрөнгөө захиран зарцуулах туйлын эрхээ хэрэгжүүлэх эрхтэй бөгөөд өмчлөл хэнд шилжсэнээс үл хамааран барьцааны эрх дагалдаж, ипотекийн эрхээ хэрэгжүүлэх барьцаалагчийн эрх хэвээр байдаг.

Анх барьцааны гэрээ байгуулах үед Б.Туулд ипотекийн зүйлийг өмчлөх эрх үүсээгүй, өмчлөх эрхтэй этгээд нь “Мфикс капитал” ХХК байсан, 2012 оны 03 дугаар сарын 02-ны өдөр барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж дахин бүртгүүлэх үед зогсоолын өмчлөгчөөр “Мфикс капитал” ХХК бүртгэгдсэн байсан тул барьцааны гэрээ байгуулахад Б.Туулын зөвшөөрлийг авах үндэслэл байгаагүй, барьцаалагч буюу Капитрон банк нь шударга эзэмшигч байхад хоёр шатны шүүх энэ талаар нотлох баримтыг ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлж чадаагүй байна.

Түүнчлэн барьцааны гэрээ байгуулахдаа барьцааны зүйлийн өмчлөгч этгээдийн зөвшөөрлийг аваагүй гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохицуулалтад хамаарсан, энэ нь хэлцлийг   хүчин төгөлдөр бус гэж үзэх үр дагавар үүсгэхийг хуульд заасан байхад анхан шатны шүүх хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцсон, давж заалдах шатны шүүх энэ алдааг зөвтгөөгүй нь  буруу болжээ.

Хүчин төгөлдөр бус хэлцэл, хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох үед аль, аль нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус болохын хувьд адил боловч хүчингүй болгох үндэслэл, журмын хувьд ялгаатай.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй  байх тул хариуцагчийн төлөөлөгч Л.Ариунаагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/00079 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 626 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул “Мфикс капитал” ХХК болон Капитрон банкны хооронд байгуулагдсан 2012 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Блю скай хотхоны 44а байрны зоорийн давхрын 162 тоот зогсоолд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох Б.Туулын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн төлөөлөгч Л.Ариунаагийн хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, буцааж олгосугай.

 

      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            П.ЗОЛЗАЯА