Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2023/01298

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 24 өдөр Дугаар 183/ШШ2023/01298 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: гудамж, Үк /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  тоот хаягт оршин суух  овогт Б.Ш /РД:/-д холбогдох,

 

Гоо заслын үйлчилгээний төлбөрт 2 570 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Нямгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нансалмаа нар оролцов. Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Үк нь эмчилгээний гоо заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Б.Ш нь 2022 оны 11 дүгээр сарын 25, 27-ны өдрүүдэд тус компаниар үйлчлүүлж, дархлаа дэмжих дусал, ботокс тарилга, хамар өндөрлүүлэх утас суулгах гоо заслын үйлчилгээнд орсон. Тухайн үед үйлчилгээний нийт төлбөр 2 570 000 төгрөгийг интернэт банкаар шилжүүлэхээр болсон боловч төлбөрөө огт төлөөгүй. Иймд хариуцагч Б.Ш-аас гоо заслын үйлчилгээний төлбөр 2 570 000 төгрөгийг гаргуулан компанийг хохиролгүй болгож өгнө үү... гэв.

 

2. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн арьсны эмчийн үзлэгийн баримт, 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн өөрийн хүсэлтээр арьс гоо заслын эмчилгээ хийлгэх зөвшөөрлийн хуудас, төлбөрийн баримт эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Фото зураг, гар утсаар харилцсан зурваст үзлэг хийлгэх хүсэлтийг нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаагүй. Тухайн зурган баримт нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй болно. Хариуцагчаас шүүхэд хариу тайлбар, баримт гаргаж өгөөгүй байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч Үк нь хариуцагч Б.Ш-д холбогдуулан гоо заслын үйлчилгээний төлбөр 2 570 000 төгрөгийг гаргуулах шаардлагын үндэслэлээ ...хариуцагч Б.Ш нь 2022 оны 11 дүгээр сарын 25, 27-ны өдрүүдэд тус компаниар үйлчлүүлж, дархлаа дэмжих дусал, ботокс тарилга, хамар өндөрлүүлэх утас суулгах гоо заслын үйлчилгээнд орсон. Үйлчилгээний төлбөр 2 570 000 төгрөгийг төлөөгүй... гэж тайлбарлав.

 

3. Хариуцагч Б.Ш нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тухай ямар нэг тайлбарыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

4. Хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараар 2022 оны 11 дүгээр сарын 25, мөн оны 11 дүгээр сарын 27-ны өдрүүдэд хариуцагч Б.Ш нь гоо заслын үйлчилгээ авсан болох нь арьсны эмчийн үзлэгийн хуудас, үйлчлүүлэгч Б.Ш-ийн арьс гоо заслын эмчилгээ хийлгүүлэх зөвшөөрлийн хуудас гэх баримтаар тогтоогдож байна.

 

5. Талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаанд хамаарна. Гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэв.

 

Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

6. Шүүх, хариуцагчид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчийн эдлэх эрх хүлээх үүргийг тайлбарласан боловч хариуцагч шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй, нэхэмжлэгчийн ...хариуцагч үйлчилгээний хөлс төлөх үүргээ биелүүлээгүй... гэх шаардлагын үндэслэлийг үгүйсгэн няцаагаагүй тул нэхэмжлэгчийг үйлчилгээний хөлсийг шаардах эрхтэй гэж үзэв.

 

7. Мөн өдрийн шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасныг үндэслэн 2023.04.20-ны өдөр хариуцагчийн 95028797 дугаарын утсаар мэдэгдэж, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйгээс гарах үр дагаврыг тайлбарласан хэдий ч тэрээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаан дурдсан баримт, хүсэлт ирүүлээгүй учир шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Ш-аас 2 570 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Үк-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56 070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ш-аас улсын тэмдэгтийн хураамж 56 070 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Үл-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ