| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2022/04841/И |
| Дугаар | 183/ШШ2023/01229 |
| Огноо | 2023-04-18 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 183/ШШ2023/01229
2023 оны 04 сарын 18 өдөр Дугаар 183/ШШ2023/01229 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: гудамж, УЖ /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоот хаягт оршин суух ҮА /РД:5/-ийн холбогдох,
Түрээсийн төлбөр 52 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нансалмаа нар оролцов. Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...ҮА нь 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 17/05 дугаартай машин механизм, тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх тухай гэрээ байгуулан К0 маркийн 280 000 000 төгрөгийн үнэлгээтэй нэг ширхэг бульдозерыг 1 сарын 16 170 000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон ба 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн сарын түрээсийн төлбөрөө 28 000 000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон. ҮА нь манай компаниас түрээсэлсэн тоног төхөөрөмжөө 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 3 сар 20 хоногийн түрээсийн төлбөр 73 091 666 төгрөг болсон. Үүнээс 36 170 000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 35 000 000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй. Гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д түрээслэгч энэхүү гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй байгаа үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги төлөхөөр тохиролцсон. Нэхэмжлэгч гаргах үед алдангийн хэмжээ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй гэсэн заалтаас хэтэрсэн болохоор хуульд нийцүүлэн нэхэмжлэлийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 17 500 000 төгрөгийн алданги нэхэмжилж байна. Иймд ҮА нь түрээсийн төлбөрт 35 000 000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 17 500 000 төгрөг, нийт 52 500 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд тооцооллын алдаа гарсан байсан тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Түрээсийн гэрээний үндсэн үүрэгт 28 258 000 төгрөг, алданги 14 129 000 төгрөг, нийт 42 387 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү... гэв.
2. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Уж-ийн захиралтай хувь хүнээр 2017 оны 5 дугаар сараас тус оны 7 дугаар сар хүртэл хугацаанд гэрээ байгуулж ажиллуулсан. Гэрээний дагуу 2 сар ажиллаж, ажилласан хугацааны төлбөрийг төлж барагдуулсан. Тус компани 0-д 2017 оны 07 дугаар сараас ажиллаж эхэлсэн. Үа нь Уж-ний техникийн гэрээний дагуу 2 сар ажиллуулаад, тус компанийн ажилтанд хүлээн авсан. 2017 оны 7 дугаар сараас хойш хугацааны төлбөр нь манай компанид хамааралгүй тул Уж-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэжээ.
3. Нэхэмжлэгчээс итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Машин механизм, тоног төхөөрж түрээслэх, түрээслүүлэх тухай гэрээний хуулбар, ҮА-ийн Улсын бүртгэлийн гэрчилгэээний хуулбар, 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн 1360 дугаартай албан тоот, 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2020/00420 дугаартай шийдвэр, 2017 оны 04 дүгээр сарын 30-ний өдөр, Г.Г-ийн Хаан банк дахь дансны хуулга, эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар өгсөн. 2017 оны ҮА-ийн үлдэгдэл төлбөрийн тооцооны хүснэгт гэх баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй болно. Хариуцагч талаас итгэмжлэл, хариу тайлбарыг бичгээр ирүүлсэн. Өөр баримт хэрэгт өгөөгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Уж нь хариуцагч Үа-д холбогдуулан түрээсийн төлбөрийн үлдэгдэл 35 000 000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 17 500 000 төгрөг, нийт 52 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад түрээсийн төлбөр 28 258 000 төгрөг, алданги 14 129 000 төгрөг, нийт 42 387 000 төгрөг болгон нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан болно.
3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 17/05 дугаартай машин механизм, тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх гэрээний дагуу 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 3 сар 20 хоногийн түрээсийн төлбөрийн үлдэгдэл 28 258 000 төгрөг, алданги 14 129 000 төгрөг, нийт 42 387 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна... гэж тайлбарласан.
4. Хариуцагч техникийг 2017 оны 07 дугаар сарыг хүртэл түрээсээр ашигласан. Төлбөрийг бүрэн төлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь үгүйсгэсэн тайлбарыг шүүхэд гаргасан.
5. Талуудын хооронд 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 17/05 дугаар Машин механизм, тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр түрээслүүлэгч Уж нь 0 маркийн нэг ширхэг бульдозерыг түрээслэгч Үа-ийн эзэмшил, ашиглалтад нэг сарын хугацаатай шилжүүлэх, түрээсийн төлбөрийг эхний 1 сарын 176 мото/цагийн төлбөр нь 16 107 000 төгрөг байх ба дараагийн сараас хязгааргүй мото/цагийн 28 000 000 төгрөг байхаар, талууд тохиролцон гэрээний хугацааг сунгаж болно. Нэмэлт өөрчлөлт оруулсан тохиолдолд гэрээг бичгээр байгуулна гэж тус тус тохиролцжээ.
6. Хариуцагч гэрээг иргэний хувиар байгуулсан гэх тайлбарыг үндэслэлгүй байна. Уг гэрээ нь түрээслүүлэгч Уж болон түрээслэгч Үа нарын хооронд байгуулагдсан, хариуцагчийн төлөөлөгч Б.Тэрбиш нь хуулийн этгээдийг итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй этгээдийн хувиар гэрээнд гарын үсэг зурж, компанийн тамгаар баталгаажуулсан байна.
7. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаанд хамаарна. Гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэв.
Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.
8. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь маргааны эрх зүйн баримт бичиг болох түрээсийн гэрээний хугацааг сунгаж, хариуцагч техникийг 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ашигласан гэж тайлбарлаж байх боловч энэ талаарх баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй байна. Өөрөөр хэлбэл, хэргийг үйл баримтаар хариуцагч нь түрээсийн гэрээний үүрэгт 42 387 000 төгрөг төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.
9. Түүнчлэн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх 3 сар 20 хоногийн түрээсийн төлбөрөөс хариуцагч 36 170 000 төгрөгийн төлбөрийг төлснөөр гэрээ сунгагдсан болох нь нотлогдоно гэж тайлбарлан, Г.Г-ийн эзэмшлийн Хаан банк дахь 0 тоот дансны хуулгыг баримтаар өгсөн. Уг баримтаас үзэхэд 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 0 тоот данснаас 16 170 000 төгрөгийг or гэх утгаар, 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 20 000 000 төгрөгийг тогоо/с гэх утгатай орлогын гүйлгээ хийгдсэн байгаа нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ сунгагдсан гэж үзэх үндэслэл болохгүй юм.
10. Нэхэмжлэгч Уж нь хариуцагч Үа-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
11. Хариуцагч шүүх хуралдааны товыг мэдсэн, шүүх хуралдаанд ирээгүй хүндэтгэн үзэх шалтгаанаа баримтаар нотлоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
12. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 420 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Уж-ийн 42 387 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Үа-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Уж-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 420 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ