Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2023/01208

 

 

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 17 өдөр Дугаар 183/ШШ2023/01208 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  тоот хаягт оршин суух Н.Б /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  тоот хаягт оршин суух, ДЮ /РД: /,

 

Хариуцагч:  тоот хаягт оршин суух, овогт ШБ /РД:/ нарт холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд төлсөн 64 500 000 төгрөг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндпүрэв, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нансалмаа нар оролцов. Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...ДЮ-тай 2020 оны 05 сарын 15-ний өдөр Орос дүнзэн байшин нийлүүлэх гэрээ байгуулсан ба 129 м.кв байшинг барьж түлхүүрийг хүлээлгэж өгөх, байшингийн нийт үнэ 129 000 000 төгрөг байхаар харилцан тохиролцсон. Н.Б нь гэрээний 2.2.1, 2.2.2-т заасан үүргээ гүйцэтгэж гэрээний урьдчилгаа төлбөр болох 64 500 000 төгрөгийг төлсөн бөгөөд ДЮ-ийн захирал Ш.Б харилцан тохиролцож 0 маркийн 2014 онд үйлдвэрлэгдсэн, бор өнгөтэй, 0 арлын дугаартай тээврийн хэрэгслийг 60 000 000 төгрөгт тооцон Ш.Б-ын өмчлөлд шилжүүлж, 4 500 000 төгрөгийг түүний харилцах дансаар шилжүүлсэн юм. Гэрээ байгуулж урьдчилгаа төлбөр төлөгдсөнөөс хойш Ш.Б нь ОХУ-руу байшинд ашиглах 22 ширхэг дүнзийг захиалсан гэж зуслангийн газарт байшингийн суурь, хундаамны ажлыг эхлүүлсэн ба тус суурийн ажилд шаардлагатай зардал болох 8 778 000 төгрөгийг Н.Б-ээс гэрээний үнэлгээнээс гадна тусдаа тооцон авсан бөгөөд суурийн ажлыг дутуу гүйцэтгээд дүнз ирээгүй гэх шалтгаанаар ажлыг дуусгаагүй орхисон. Өнгөрсөн хугацаанд ДЮ-ийн  очиж Ш.Б-ай удаа дараа уулзсан бөгөөд түүний 88050457 дугаарын утсаар холбогдож ажлыг гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцож, шаардсан боловч дүнз ирэхгүй байна, хил дээр асуудал үүссэн, одоо удахгүй гэх мэт арга саам хийсээр 2 жилийн хугацаа өнгөрсөн боловч байшинг барьж өгөөгүй, сураггүй болсон. Одоо Ш.Б нь утсаа авахгүй, ажил дээр нь очиход уулзаж чадахгүй байгаа ба цаашид гэрээний үүргийг биелүүлэх чадвартай гэж үзэхээргүй байна. Иймд ДЮ болон түүний захирал Ш.Б нараас Орос дүнзэн байшин нийлүүлэх гэрээний урьдчилгаанд төлсөн 64 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү...гэв.

 

2. Хариуцагч буюу хариуцагч хуулийн этгээдийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Оросын холбооны улсаас байшингийн мод бүрэн ирээгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн мод бүрэн иртэл хугацаа шаардлагатай гэсэн байна...гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Итгэмжлэл, түүний хавсралтад Хур системээс авсан Иргэний үнэмлэхний лавлагаа, Орос дүнзэн байшин нийлүүлэх гэрээний хуулбар, түүний хавсралт, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна. Хариуцагч талаас нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон, хариуцагч Ш.Баттулгад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2020/05/01 дугаар Орос дүнзэн байшин нийлүүлэх гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээний дагуу урьдчилгаанд төлсөн 64 500 000 төгрөгийг хариуцагч ДЮ болон тус компанийн захирал Ш.Бнараас гаргуулахаар шаардах эрхтэй... гэж тайлбарлав.

 

3. Хариуцагчаас ...Оросын холбооны улсаас байшингийн мод бүрэн иртэл хугацаа шаардлагатай. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй... гэж шүүхэд бичгээр тайлбар ирүүлсэн.

 

4. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1. ДЮ болон Н.Б нарын хооронд 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 2020/05/01 дугаартай, Орос дүнзэн байшин нийлүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч ДЮ нь түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлтэй байшингийн үнэ 129 000 000 төгрөг байхаар, урьдчилгаа 50 хувийн үнийн дүнд 2014 оны маркийн 0 арлын дугаартай, бүх дугуй хөтлөгчтэй, гүйлт 66000 км машиныг 60 000 000 төгрөгт бодон оролцуулж, бэлнээр 4 500 000 төгрөг төлж нийт үнийн дүнгийн 64 500 000 захиалагч тал төлөхөөр, үлдэх 50 хувийн төлбөрийг байшинг захиалагч тал бүрэн хүлээлгэж өгсний дараа төлөхөөр тус тус тохиролцсон байна.

 

4.2. Талуудын тохиролцооноос үзэхэд дээрх гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарна. Гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

4.3. Захиалагч буюу нэхэмжлэгч нь гэрээний 2.2.2-т заасан урьдчилгаа 50 хувийн үнийн дүнд 60 000 000 төгрөгөөр талууд тохиролцон үнэлсэн авто машин болон бэлнээр 4 500 000 төгрөг, нийт 64 500 000 төгрөгийг гүйцэтгэгч буюу хариуцагч ДЮ-д шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх ба хариуцагч талаас тухайн төлбөрийг хүлээн авсан үйл баримтын талаар маргаагүй болно.

 

4.4. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй гэж, мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, 225.2-т үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж заасан. Гүйцэтгэгч буюу хариуцагч ДЮ нь гэрээний үүргээ одоогоор биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй.

 

4.5. Нэхэмжлэгч гэрээний дагуу урьдчилгаанд төлсөн 64 500 000 төгрөгийг буцаан гаргуулна гэснийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар шаардлага гаргасан гэж үзэхээр байх хэдий ч нэхэмжлэгч нь хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлыг өөрт ашиггүй гэх үндэслэлээр маргаагүй, хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг нь хийсэн хэмжээгээр нь хүлээн авсан, тухайн ажлын үнэлгээ нь 8 778 000 төгрөг болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон гэрээний хавсралт 2 гэх баримтаар тогтоогдож байна.

 

4.6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийн гүйцэтгэсэн суурийн ажлын 8 778 000 гэрээгээр тохирсон үнэлгээнээс тусдаа төлсөн гэж тайлбарлаж байх боловч тэрээр энэ талаарх баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар өөрийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

4.7. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5-т Өөрөө гэм буруугүй, эсхүл хүндэтгэн үзэх онцгой нөхцөл байдал бий болсон бол ажил гүйцэтгэгч энэ хуулийн 355.4-т заасан нөхцөлийг харгалзахгүйгээр гэрээг хэдийд ч цуцлах эрхтэй. Энэ тохиолдолд захиалагчид учруулсан хохирлыг ажил гүйцэтгэгч нөхөн төлөх үүрэг хүлээхгүй, харин гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнд захиалагч ямар нэгэн ашиг сонирхолтой байвал ажил гүйцэтгэгч гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй. гэж заасан.

 

Иймд хариуцагч ДЮ-иас 55 722 000 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч Н.Б-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8 778 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

4.8. Харин хариуцагч Ш.Б нь маргааны эрх зүйн баримт бичиг болох 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 2020/05/01 дугаартай, Орос дүнзэн байшин нийлүүлэх гэрээнд ДЮу-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн хувьд гэрээнд гарын үсэг зурсан нь тухайн гэрээний харилцаанаас үүссэн үүргийг иргэний хувиар хүлээх үндэслэл болохгүй тул хариуцагч Ш.Б-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

5. Шүүх, хариуцагчид шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасныг үндэслэн 2022.04.13-ны өдөр хариуцагчийн 91104149 дугаарын утсаар мэдэгдэж, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйгээс гарах үр дагаврыг тайлбарласан хэдий ч тэрээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаан дурдсан баримт, хүсэлт ирүүлээгүй учир шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч ДЮ-иас 55 722 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8 778 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ш.Б-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 480 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ДЮ-иас улсын тэмдгийн хураамжид 436 560 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Б-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ