| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2023/00279/И |
| Дугаар | 183/ШШ2023/01122 |
| Огноо | 2023-04-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 183/ШШ2023/01122
2023 оны 04 сарын 10 өдөр Дугаар 183/ШШ2023/01122 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух овогтой М.Н /РД:/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоот хаягт оршин суух овогтой А.А /РД:/-д холбогдох,
745 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч: Нэхэмжлэгч М.Н, хариуцагч А.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нансалмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Миний бие нөхөр хүүхдүүдийн хамтаар хариуцагчийн байрыг түрээслэхээр 2022 оны 8 дугаар сарын 28-ны өдөр гэрээ хийсэн. 4 сарын турш түрээслэхдээ ямар нэг өр төлбөр, эд хогшлын эвдрэл гэмтэл гаргалгүй түрээсэлж, гэрээгээ цуцлахаар болсноо түрээслэгчдээ урьдчилан мэдэгдсэн. Тэрээр дараагийн түрээслэх хүмүүсээ олоод гарах гэсэн хугацаанаас 3 хоногийн өмнө тухайн байрнаас гаргасан. Одоогоор 190 000 төгрөг авсан. Нотариат дээр түрээсийн гэрээ хийхээр очиход 1 жилээс бага хугацаагаар түрээсэлсэн тохиолдолд түрээслүүлэгч дэнчингийн тодорхой хувийг авах талаар өөрчлөлт оруулахыг хүссэн. Тухайн санал нь надад тухайн үед таалагдаагүй ч гэрээ хийсэн. Тухайн байрнаас гарах болсон хэд хэдэн шалтгаан байдаг. Үүнээс ямар ч агааржуулалтын систем байхгүй, чийг их учир коридор хэсэг мөөгөнцөртсөн хэсгийг обойгоор дарсан байдалтай байсан. Далд шугам зэвэрч шал устай байсан тул гадуур хэд хэдэн удаа хонож байсан. Иймээс би дэнчин 750 000 төгрөг өгөхөөс надад шилжүүлсэн 190 000 төгрөгийг хасч үлдэх 555 000 төгрөгийг гаргуулах, хөлсөлж байх хугацаанд ус алдсанаас болж манай гэр бүл 2 хоног гадуур хоносон, мөн 12 сарын төлбөрөө бүрэн төлсөн байхад 3 хоногийн өмнө дараагийн айл орно гэж манайхыг нүүхийг шаардаж гаргасан тул 5 хоногийн хөлс 125 000 төгрөг, нүүсэн машины зардал 60 000 төгрөг, нийт 745 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү... гэв.
2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие орон сууц хөлслөгч М.Н-тай 2022 оны 8 дугаар сарын 27-ны өдөр орон сууцаа хөлслүүлэхээр тохиролцсон тухайн өдрөө хөлслөгч тал нүүн ороод 2022 оны 8 дугаар сарын 29-ны өдөр орон сууц хөлслөх 1 жилийн хугацаатай байгуулж, хөлслөгчийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор дэнчин болгон 750 000 төгрөгийг авсан. Хөлслөгч болон хөлслүүлэгч тал 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан боловч М.Н нь гэрээ байгуулснаас хойш 4 сарын дараа буюу 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гэрээг цуцлах болсноо мэдэгдсэн. Иймээс дараагийн орон сууц хөлслөгчийг олох шаардлагатай болсон тул орон сууц хөлслүүлэх зар тавьсны дагуу дараагийн орон сууц хөлслөгч ирсэн учир М.Н-аас орон сууц чөлөөлөх талаар хэлэхэд боломжтой гэсэн хариу өгсөн. Гэтэл М.Н нь нэхэмжлэлдээ гарах хугацаанаас 3 хоногийн өмнө гаргасан гэх тайлбар нь огт үндэслэлгүй гэж үзэж байна. 2022 оны 8 дугаар сарын 27-ны өдөр нүүн орсон учир 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 4 сарын хугацаа дууссан. Нэхэмжилж байгаа 745 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дэнчин 750 000 төгрөгөөс 400 000 төгрөгийг хөлслөгчид буцаан өгсөн. Хугацаанаас өмнө гаргасан 3 хоногийн мөнгө 75 000 төгрөг. 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр нүүж орсон учир 2022 оны 12 дугаар сарын 26-нд нүүж гарснаар төлбөр төлсөн 4 сар нь дуусгавар болсон. Төлбөрт хугацаа дуусгавар болсон байтал 3 хоногийн төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Хөлслөгч нь өөрийн хүсэлтээр гэрээг цуцлах саналаа хэлж нүүсэн. Өөрсдөө унааны зардлаа хариуцах байсан учир миний зүгээс өгөх боломжгүй. Түрээсийн хугацаанд 2 хоног байрласан 50 000 төгрөг. Хөлслөгч нь түрээсийн байрнаас гарах болсон шалтгааныг нэхэмжлэлдээ тайлбарласан. Хөлслөгч нь орон сууцыг хөлслөхдөө өөрийн биеэр нөхрийн хамт ирж, бүх зүйлстэй танилцаж таалагдсаны үндсэн дээр хөлслөхөөр тохиролцож байсан. М.Н нь орон сууцыг хөлсөлж байх хугацаандаа автомат угаалгын машин холбуулахдаа далд шугамыг гэмтээж, олон хоног ус шүүрсэн байсан тул байрыг маань маш их чийгтэй болгосон.Тийм учир бид халаагч тень тавьж чийгийг хатааж өгсөн. Мөн гэмтээсэн далд шугамыг нь худалдан авч өгсөн. Тухайн хөлслөгчийн буруутай үйлдлийн улмаас хохирсон хохирол гэж үзэж болно. Нүүж байх хугацаанд автомат угаалгын машинаа буруу салгаж хажуу айлыг 3 хоног халуун усгүй болгосон. М.Н-ны данс руу 400 000 төгрөгийг буцаан шилжүүлсэн, 77 000 төгрөгийг ашиглалтын зардал /цахилгаан, байрны төлбөр/-т төлсөн. Үлдсэн 273 000 төгрөгийг өгөх ямар ч үндэслэлгүй гэж үзэж байна... гэв.
3. Нэхэмжлэгчээс 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 0742 дугаартай Орон сууц хөлслөх гэрээ, түүний хавсралт, 2019 оны 12 дугаар сарын 23-ний өдрийн 000765909 дугаартай Орон сууцны гэрчилгээ, 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн огноотой мөнгө шилжүүлсэн баримт, Эмнэлгийн магадалгаа зэргийг нотлох баримтаар өгсөн болно.
Хариуцагчаас 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн мөнгө шилжүүлсэн баримт,түүний хавсралт, 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн мөнгө шилжүүлсэн баримт, түүний хавсралт,2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн мөнгө шилжүүлсэн баримт, 2023 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэргийг нотлох баримтаар өгсөн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...орон сууц хөлслөх гэрээний дагуу хариуцагчид дэнчинд шилжүүлсэн 750 000 төгрөгөөс буцаан шилжүүлээгүй 560 000 төгрөг, хөлсөлж байх хугацаанд ус алдсанаас 2 хоног гадуур хоносон, 3 хоногийн өмнө байрыг чөлөөлж өгсөн нийт 5 хоногийн хөлс 125 000 төгрөг, нүүлгэсэн авто машины хөлс 60 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй... гэж тайлбарласныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргав.
3. Талуудын хооронд 2022 оны 08 дугаар сарын 29-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хөлслүүлэгч А.А нь өөрийн өмчлөлийн тоот, 29,27 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг хөлслөгч М.Н-д 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай, сарын 750 000 төгрөгөөр хөлслүүлэхээр, хөлслөгч нь дэнчинд 750 000 төгрөгийг хөлслүүлэгчид өгч, хөлсийг 3 сараар урьдчилан төлөхөөр харилцан тохиролцжээ.
4. Дээрх гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаанд хамаарах бөгөөд гэрээ хүчин төгөлдөр байна.
Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.
5. Гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах нь талуудын эрхээр тодорхойлогдох бөгөөд хөлслөгч буюу нэхэмжлэгч М.Н-ны санаачилгаар гэрээг хугацаанаас өмнө цуцалж, орон сууцыг 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр орон сууцыг хөлслүүлэгч буюу хариуцагчид хүлээлгэн өгсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Гэрээг цуцлахад цуцлах хүртэлх гэрээний харилцаа хэвээр үлдэж, цуцалснаас хойшхи үр дагаврыг шийдвэрлэх учиртай.
6. Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.2-т гэрээг цуцалсан, эсхүл дэнчин тавигч тал нь үүргээ гүйцэтгэхдээ үүргийн гүйцэтгэлд дэнчинг оролцуулаагүй бол үүрэг гүйцэтгэж дууссаны дараа дэнчин авсан тал дэнчинг буцаан өгнө гэж зааснаар хөлслүүлэгч буюу хариуцагч А.А нь нэхэмжлэгчийн гэрээний 3.4-т заасны дагуу төлсөн 750 000 төгрөгийг буцаан өгөх үүрэгтэй юм.
7. Зохигчдын тайлбараар хариуцагч А.А нь 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 400 000 төгрөгийг хариуцагч М.Н-д буцаан шилжүүлсэн үйл баримтын талаар маргаагүй боловч нэхэмжлэгч нь уг 400 000 төгрөгөөс хариуцагчийн төлөх ёстой засварын зардал 210 000 төгрөгийг хасч тооцох ёстой гэж тайлбарласан.
8. Хэрэгт авагдсан баримтаар 2022 оны 11 дүгээр сарын орон сууцны ашиглалтын төлбөр дээр төлбөрт үйлчилгээ гэх утгаар 210 000 төгрөг бичигдсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь орон сууцыг эзэмшиж байх хугацаандаа авсан төлбөрт үйлчилгээний хөлсийг хөлслүүлэгч буюу хариуцагч хариуцах үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн тайлбарыг шүүх үндэслэлгүй гэж дүгнэв.
9. Түүнчлэн хариуцагч нь 12 дугаар сарын ашиглалтын төлбөрт 76 937 төгрөгийг төлсөн болох нь баримтаар тогтоогдсон ба нэхэмжлэгч нь дэнчингийн 750 000 төгрөгөөс уг ашиглалтын зардлыг хасч тооцоход татгалзахгүй гэж тайлбарласан.
10. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчээс хариуцагчид дэнчин болгон төлсөн 750 000 төгрөгөөс хариуцагчийн шилжүүлсэн 400 000 төгрөг болон нэхэмжлэгчийн орон сууцыг эзэмшсэн хугацааны ашиглалтын төлбөр 76 937 төгрөгийг тус тус хасч, үлдэх 273 063 төгрөгийг хариуцагч А.А-аас гаргуулан нэхэмжлэгч М.Н-нд олгох нь зүйтэй.
11. Нэхэмжлэгчийн ...ус алдсан 2 хоног, 12 сарын хөлсийг төлсөн байхад 3 хоногийн өмнө нүүсэн нийт 5 хоногийн хөлс, нүүлгэсэн авто машины хөлс 60 000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа нь хохирол агуулгаар шаардсан гэж үзэхээр байх ба дээр дүгнэсэнчлэн гэрээний үүргийн зөрчил хариуцагч А.А-нд байхгүй тул нэхэмжлэгч М.Н гэрээнээс татгалзсантай холбоотой хохирол шаардах эрхгүй болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 273 063 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 471 937 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
12. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 233 дугаар зүйлийн 233.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч А.А-аас 273 063 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Н-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 471 937 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 22 430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.А-аас улсын тэмдгийн хураамжид 8 842 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ