| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2022/04319/И |
| Дугаар | 183/ШШ2023/01121 |
| Огноо | 2023-04-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 183/ШШ2023/01121
2023 оны 04 сарын 10 өдөр Дугаар 183/ШШ2023/01121 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоотод оршин суух, овогт, З.Б. /РД:./-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: . тоот хаягт байршилтай, СД /РД:/-д холбогдох,
Орон сууц захиалгаар бариулах гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт 41 004 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хэрлэн, хариуцагчийн өмгөөлөгч О.Вандандорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхамсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч нь СД-тай орон сууц захиалгын гэрээ байгуулж 0 1 өрөө орон сууц, 28.88м.кв талбайтай 1м.кв нь 1 090 000 төгрөгөөр тохирч гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч талаас 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр урьдчилгаа төлбөр 11 000 000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 800 000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 31-ны өдөр 1 200 000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 1 000 000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 500 000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 10 000 000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 5 000 000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 650 000 төгрөг нийт 30 150 000 төгрөгийг төлсөн. Захиалгын гэрээний дагуу хариуцагч орон сууцыг захиалагчид хүлээлгэх өгөх үүрэгтэй байсан боловч хариуцагч тал үүргээ биелүүлээгүй. Иймд 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр миний бие гэрээгээ цуцалж мөнгөө буцаан авах хүсэлтийг бичгээр хуулийн зөвлөх Б.Батчимэгт өгсөн. Харин миний мөнгийг 60 хүний дараа өгнө. Бүх хүмүүс мөнгөө буцааж авах гээд хүсэлтээ өгсөн гэж хэлсэн. Өнөөдрийг хүртэл урьдчилгаанд төлсөн мөнгийг буцаан өгөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн захиалгын гэрээний 3.3-т зааснаар 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш хоног тутамд 0.1 хувийн алданги тооцож 10 854 000 төгрөг болсон тул урьдчилгаанд төлсөн 30 150 000 төгрөгийн хамт, нийт 41 004 000 төгрөгийг хариуцагч компаниас гаргуулж өгнө үү... гэв.
2. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээ түүний хүсэлтээр цуцлагдсан. Гэрээний дагуу нэхэмжлэгчээс 30 150 000 төгрөгийг төлсөн үйл баримтын талаар маргаан байхгүй. Харин алданги төлөх үндэслэлгүй тул алдангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
3. Нэхэмжлэгчээс 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр СД-д гаргасан хүсэлт, Голомт банкны орлогын мэдүүлэг гэх баримтууд, 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 200808/01 дугаар орон сууц захиалгын гэрээ, эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 01075 дугаар магадлал, барилгын явцыг харуулсан фото зураг, эдгээрийн шүүхэд нотлох баримтаар өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...2020 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 200808/01 дугаар орон сууц захиалгын гэрээний үүргээ хариуцагч биелүүлээгүйгээс гэрээнээс татгалзсан. Гэрээ цуцалж, төлсөн мөнгөө буцаан авах хүсэлтийг компанийн хуулийн зөвлөхөд 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр өгсөн боловч шийдвэрлэж өгөөгүй тул гэрээний дагуу төлсөн 30 150 000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 10 854 000 төгрөгийн хамт хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй... гэж тайлбарлаж байна.
3. Хариуцагч ...талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан, гэрээний дагуу нэхэмжлэгчээс 30 150 000 төгрөгийг төлсөн үйл баримтын талаар маргаагүй. Харин алданги төлөх үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөр маргав.
4. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Талуудын хооронд 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 200808/01 дугаар орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр гүйцэтгэгч СД нь 00 тоот, 28,80 м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг 2021 оны гуравдугаар улиралд ашиглалтад оруулж, захиалагч З.Б хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч буюу захиалагч нь 31 392 000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.
4.2. Дээрх гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарна. Гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэв.
Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.
4.3. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй гэж, мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, 225.2-т үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж заасан. Гүйцэтгэгч буюу хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан үйл баримтын талаар зохигч маргаагүй.
4.4. Гэрээнээс татгалзсанаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т заасны дагуу өгсөн, авсан зүйлээ харилцан буцаах үр дагавар үүсэх бөгөөд нэхэмжлэгчээс гэрээний дагуу хариуцагчид 30 150 000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан Голомт банкны орлогын мэдүүлэг, зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул СД-иас 30 150 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Болорцэцэгт олгох нь зүйтэй.
4.5. Гэрээний 3.3-т гүйцэтгэгч нь гэрээнд заасан хугацаанд захиалагч талд орон сууцыг хүлээлгэн өгч, түүнд өмчлөх эрхийг шилжүүлэн өгөөгүй тохиолдолд 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн хоног тутамд гэрээний нийт үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг захиалагчид төлнө гэх тохиролцоог хийсэн байна.
Дээрх дүгнэсэнчлэн, талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан тул нэхэмжлэгчийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрх дуусгавар болсон. Өөрөөр хэлбэл, гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахад үүргийн харилцаа буюу гэрээний үүргээс үүдсэн шаардах эрх дуусгавар болдог тул нэхэмжлэгч гэрээний үүрэг болох алданги шаардах эрхгүй юм.
4.6. Иймд хариуцагч СД-иас 30 150 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10 854 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
5. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг тус тус баримтлан СД-иас 30 150 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10 854 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 362 970 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч СД-аас улсын тэмдгийн хураамжид 308 700 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч З.Б-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ