Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2021/ДШМ/841

 

 

 

Т.Мт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Д.Мөнхөө, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Отгонбаатар,

шүүгдэгч Т.Мын өмгөөлөгч Б.Эрхбаяр,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЗ/1405 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Мын өмгөөлөгч Б.Эрхбаярын гаргасан давж заалдах гомдлоор Т.Мт холбогдох 2009026470036 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            У овгийн Тийн М, 1991 оны 03 дугаар сарын 6-ны өдөр Булган аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт -тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:-/;

            Шүүгдэгч Т.М нь 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Хусхан” зочид буудлын 11 дугаартай өрөөнөөс хохирогч Б.Бийн 671.200 төгрөгийн үнэ бүхий “Samsung galaxy A50” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Т.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.Мт холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх нь эргэлзээтэй, шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай. ...Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогч Б.Бэ нь “Хусхан” зочид буудлын 11 дугаартай өрөөнд тодорхой хугацаагаар амьдарч байсан ба тухайн өрөөний түгжээгүй байсан хаалгыг Т.М татан орж хохирогчийн эд зүйлийг авсан байх нөхцөл байдал бий болсон байна. Хэргийн нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Т.Мын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан шинж байж болзошгүй байх тул шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.

Учир нь, хохирогчийн үйлчлүүлж байсан зочид буудлын 11 тоот өрөөний хаалга онгорхой байсан эсэхээс үл хамаарч тухайн өрөөнд шүүгдэгч Т.М нэвтрэх боломжгүй бөгөөд ийнхүү нэвтэрч буй үйлдэл нь гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг агуулна гэж үздэг. Хууль зүйн ойлголтоор зочид буудлын тусгайлан тохижуулсан хүн амьдрах зориулалттай өрөөг “хүн байнга амьдрах зориулалттай орон байр” гэж үзнэ.

Хохирогчийн хувьд 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Хусхан” зочид буудлын 11 дугаартай өрөөнд амьдарч байсан ба тухайн өрөөний хаалга онгорхой түгжээгүй байхад нь сэм орж эд зүйл авах нь хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж үзэхээр байна. Иймд прокуророос шүүгдэгч Т.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн нөхцөл байдал нь эргэлзээтэй байх ба энэ нь Эрүүгййн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” гэсэн хуулийн нөхцөлийг хангаагүй тул шүүгдэгч У овогт Тийн Мт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Т.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Т.Мын өмгөөлөгч Б.Эрхбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийг 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр шүүх хурлаар хянан хэлэлцсэн бөгөөд өмгөөлөгчийн зүгээс тухайн өдөр Хусхан буудлаар үйлчлүүлсэн өөр хүн байхгүй, бүх өрөөний хаалга онгорхой байсан, мөн шүүгдэгч Т.Мын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэх гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан тул хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон. Шүүх хуралдаан дээр дурдсан нөхцөл байдал нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд ноцтой нөлөөлөх шинж чанарыг харгалзан “буудлын ресейпшний мэдүүлгийг үндэслэж байгаа нь үндэслэл муутай болсон, хяналтын камерын бичлэг байхад нотлох баримтаар хэрэгт хавсаргаагүй, мөн бусад ажиллагаа хийх шаардлагатай гэж үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийсэн ч буудлын хяналтын камерын бичлэгийн хадгалах хугацаа дуусч устсанаас шүүгдэгч Т.М хохирогчийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, онгорхой өрөөнд нууцаар сэм орж авсан, эсхүл орохыг зөвшөөрөөгүй хориг саадыг мэдсээр байж зөрчиж хаалга түгжээг эвдэж орж хохирогчийн утсыг авсан эсэх нөхцөл байдлыг тогтоох боломжгүй болсон. Улмаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн. Хэргийг 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр шүүх хурлаар хянан хэлэлцсэн бөгөөд шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал эргэлзээтэй байна. Хэргийн нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Т.Мын үйлдэл Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан шинж байж болзошгүй гэж үзэж хэргийг дахин прокурорт буцааж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, өмнө 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн яллах дүгнэлтэд зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасны дагуу зүйлчлэх үндэслэлтэй гэж үзэж прокурорт буцаасан. Гэтэл өмнө прокуророос хүндрүүлж зүйлчилсэн байсныг шүүгдэгчийн эрх зүйн байдалд ноцтой нөлөөлөх тул зөвхөн гэрчийн мэдүүлгээс гадна бусад нотлох баримтаар нотлох шаардлагатай гэж үзэж хэргийг прокурорт буцаасан. Өмнөх 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 2021/ШЗ/530 дугаар шүүгчийн захирамж хүчинтэй ба захирамжийн дагуу ажиллагаа хийж тогтоогдсон нөхцөл байдлын дагуу яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүхээс дахин буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон байна. Иймд тус шүүхийн шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЗ/1405 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

            Прокурор М.Отгонбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэргийг өмнө хоёр удаа шүүхээс буцааж байсан. Эхний удаад нотлох баримтыг дутуу шалгасан байна гэж буцаасан. Цар тахал гарсантай холбоотой “Хусхан” зочид буудлын камерын бичлэгийг авах боломж олдоогүй. Нэмэлт мөрдөн шалгах ажиллагааны явцад камерын бичлэг байгаа эсэхийг тодруулах ажиллагаа хийгдсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т хэсэгт зааснаар орон байранд нэвтэрсэн эсэх асуудал дээр маргаантай асуудал үүссэн. Хэргийн үйл баримт болон хавтас хэрэгт авагдсан баримтаар хохирогч Б.Бэ гэх хүн “Хусхан” зочид буудлын 11 дугаартай өрөөнд унтаж амарч байсан. Т.М өрөөний хаалга онгорхой байсан нөхцөл байдлыг далимдуулан Б.Бийн “Samsung galaxy A50” загварын гар утсыг авсан. Прокурорын зүгээс үзэхэд хохирогчийн өрөөнд орж байгаа үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж шүүхэд шилжүүлсэн. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд орон байранд нэвтэрсэн эсэх, хохирогч Б.Бэ эд зүйлээ хамгаалсан эсэхэд дүгнэлт хийх хэрэгтэй гэж шүүх үзсэн. Хэргийн нөхцөл байдал болон бусад баримтаар орон байранд нэвтэрсэн нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн. Хэргийг дахин шүүх хуралдаанаар хэлэлцээд хэргийн зүйлчлэлийг буруу дүгнэсэн байна. Энэ нөхцөл байдлыг дахин тодруул гэж хэргийг буцаасан. Иймд шүүгчийн захирамжид заасан асуудлыг биелүүлж орон байранд нэвтэрсэн эсэх асуудлыг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэж прокурор эсэргүүцэл бичээгүй. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос Т.Мыг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Хусхан” зочид буудлын 11 дугаартай өрөөнөөс хохирогч Б.Бийн 671.200 төгрөгийн үнэ бүхий “Samsung galaxy A50” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан гэмт хэрэгт холбогдуулан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шүүгдэгч Т.Мт холбогдох хэргийг хянан хэлэлцээд “хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна.

Хэргийг материалыг хянаж үзэхэд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд уг байдлуудыг шүүх хуралдааны явцад нотлох талаар мөн зүйлд заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.

Түүнчлэн, яллагдагч, түүний өмгөөлөгч нараас шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдаанд гэрч, хохирогч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гаргуулан, цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

Түүнчлэн, хохирогч Б.Бийн байрласан “Хусхан” зочид буудлын 11 дугаартай өрөөг эд зүйл хадгалах зориулалтаар тусгайлан тоноглож, хамгаалалт хийгээгүйгээс гадна шүүгдэгч Т.М нь бусдын өрөөнд байсан гар утсыг хулгайлахдаа хаалганы цоожинд түлхүүр тааруулан хаалгыг онгойлгох, эсхүл тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл ашиглан цоожийг эвдэх, цонхыг хагалах зэрэг аргаар зочид буудлын өрөөнд нэвтэрсэн шинж байдал тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Т.М нь хохирогч Б.Бийн өөрийн гар утсыг буудлын өрөөндөө үлдээж, хаалгыг түгжихгүй орхиж явсныг далимдуулан түүний өрөөнд байсан гар утсыг хулгайлж авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “нэвтэрч” үйлдсэн гэх хүндрүүлэх шинжийг бүрэн дүүрэн хангахгүй байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж, хэрэгт цугларч, бэхжүүлэгдсэн нотлох баримтын хүрээнд үнэлэлт, дүгнэлт өгч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зохицуулалтын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Т.Мын өмгөөлөгч Б.Эрхбаярын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Т.Мт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЗ/1405 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Т.Мт холбогдох эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцтэл Т.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

           

 

 

            ДАРГАЛАГЧ,

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.МЯГМАРЖАВ

            ШҮҮГЧ                                                                       Д.МӨНХӨӨ

            ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ