| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2023/03174/И |
| Дугаар | 101/ШШ2023/03383 |
| Огноо | 2023-07-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 101/ШШ2023/03383
| 2023 07 05 | 101/ШШ2023/03383 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Э Л ХХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 тоотод оршин суух, Б.С холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 1,623,087.48 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.
/Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э Л ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Э Л ХХК нь иргэн Б.Стай 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр БЗГ22/0203 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж, 1,699,900 төгрөгийн зээлийг сарын 3,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар олгосон. Гэвч Б.С нь гэрээнд заасан хуваарийн дагуу зээлээ төлөөгүй, 330 хоног хугацаа хэтэрсэн байна. 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл дараах хэмжээтэй байна. Үүнд: Үндсэн зээлийн үлдэгдэл 1,180,376.59 төгрөг, хуримтлагдсан хүү 386,668.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 56,042.53 төгрөг, нийт 1,623,087.48 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч Б.Сыг зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд хандаж байна.
Иймд Б.Сгаас зээлийн гэрээний үүрэг 1,623,087.48 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Б.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Б.С миний бие 2022 оны 5 дугаар сард Э Л ХХК-иас утас худалдаж авсан болно. Түүний үлдэгдэл болох 1,180,376.59 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлөх болно. Уг зээлийн үлдэгдлийг гэрээнд заасан тооцооллын дагуу сард /300,000 төгрөг/ тооцон сар бүрийн 15-нд төлж дуусгахаар тохиролцох саналтай байна. Тус саналыг маань харгалзан үзэж эвлэрлийн журмаар шийдвэрлэх хүсэлтэй байна гэжээ.
3. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Э Л ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, хур системийн лавлагааны маягт, зээл төлөлтийн дансны хуулгыг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн, хариуцагчаас хариу тайлбар ирүүлсэн, өөр бичгийн баримт ирүүлээгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Э Л ХХК нь хариуцагч Б.Сд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1,180,376.59 төгрөг, хүү 386,668.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 56,042.53 төгрөг, нийт 1,623,087.48 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Хариуцагч нь үндсэн зээлийн үлдэгдэл 1,180,376.59 төгрөгийг сар бүрийн 15-ны өдөр 300,000 төгрөгөөр төлж, нэхэмжлэгчтэй эвлэрэн хэлэлцэх хүсэлтэйгээ илэрхийлсэн боловч нэхэмжлэгч нь энэхүү саналыг хүлээн авах боломжгүй гэсэн тайлбарыг гаргаж байна.
3. Хариуцагч Б.Сгийн 9968-3790 дугаарын утсаар 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 1500 цагт болох шүүх хуралдааны товыг 6 дугаар сарын 14-ний өдөр мэдэгдэхээр залгахад утсаа авдаггүй, зурвас үлдээгээд хариу ирүүлдэггүй, улмаар оршин суух хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд 6 дугаар сарын 16-ны өдөр хүүхэд Төрбат гэж хүн хүлээн авсан байна.
2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагч Б.С нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул зохигчдын мэтгэлцэх эрхийг хангаж, шүүх хуралдааныг 7 дугаар сарын 05-ны өдрийн 1030 цагт хийхээр товлож, мөн л түүний 9968-3790 дугаарын утас руу 6 дугаар сарын 27-ны өдөр залгахад утсаа авдаггүй, зурвас үлдээгээд хариу бичдэггүй, оршин суух хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд гардуулах салбар хүлээн авсан төлөвтэй байна.
Эдгээрээс үзвэл шүүх хуралдаан болохыг хариуцагч нь мэдсэн гэж үзэх үндэслэлтэй, нөгөөтэйгүүр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч талын эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргасныг хүлээн авч, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Э Л ХХК нь Б.Стай 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Барьцаат зээлийн гэрээ-г байгуулж, 1,699,900 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, Сайн электроникс ХХК-иас гар утас худалдан авах зорилгоор зээл авсан, үндсэн зээлд 519,523.41 төгрөг, хүүд 118,490.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 185.64 төгрөг, нийт 638,200 төгрөгийг Б.С нь нэхэмжлэгчид төлсөн болох нь зохигчдын тайлбар, Барьцаат зээлийн гэрээ зэргээр тогтоогдож байна.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу зээлийн гэрээ байгуулагдсан байх ба дээрх гэрээний дагуу үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг хариуцагч нь төлөх үүргийг хүлээсэн байна.
Ийнхүү гэрээ байгуулагдсанаас хойш хариуцагч Б.С нь зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.
5. Хариуцагч нь үндсэн зээлийн үлдэгдэл 1,180,376.59 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргасан, харин хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг зөвшөөрч байгаа эсэхтэй холбоотой тайлбарыг шүүхэд ирүүлээгүй байна.
6. Э Л ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг байх бөгөөд Б.Стай байгуулсан гэрээний 2.7-д ... зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрөөс энэ гэрээний 2.2-т заасан хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцно гэж заасан нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан зохицуулалтад нийцэхгүй. Өөрөөр хэлбэл барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд нь хуулийн дагуу нэмэгдүүлсэн хүү тооцох эрхгүй юм.
Гэрээний хугацаанд нэмэгдүүлсэн хүүд тооцсон 185.65 төгрөгийг үндсэн хүүнээс хасч тооцон, мөн нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн хүүд нэхэмжилсэн 56,042.53 төгрөгийн шаардлагыг нэхэмжлэлээс хасч шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс үндсэн зээл 1,180,376.59 төгрөг, зээлийн хүү 386,482.72 /386,668.36-185.64/ төгрөг, нийт 1,566,859.31 төгрөгийн шаардлагыг хангаж, хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40,919.40 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 40,020 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох эрхийг хэргийн оролцогч эдлэх бөгөөд хариуцагч нь иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарсанаас хойш шүүхийн дуудсан цагт удаа дараа хүрэлцэн ирээгүй, тэрээр 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд хариу тайлбараа бичгээр ирүүлж, мөн өдрөө хэргийн материалтай танилцсан, үүнээс хойш шүүхэд нэмж нотлох баримт ирээгүй болохыг үүгээр тэмдэглэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Сгаас барьцаат зээлийн гэрээний үүрэгт нийт 1,566,859.31 /нэг сая таван зуун жаран зургаан мянга найман зуун тавин есөн төгрөг гучин нэгэн мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э Л ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 56,228.17 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,919.40 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Сгаас улсын тэмдэгтийн хураамжид 40,020 /дөчин мянга хорь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э Л ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ