| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2022/07919/И |
| Дугаар | 101/ШШ2023/02879 |
| Огноо | 2023-06-07 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 101/ШШ2023/02879
| 2023 06 07 | 101/ШШ2023/02879 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 0 тоотод оршин суух, Б.У нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 тоотод оршин суух, Г.Д холбогдох,
Ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 3,660,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Б.У,
Хариуцагч Г.Д,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.У миний бие 2022 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүрэгт баригдаж байгаа 5 айлын дотор заслын ажлыг нийт ажлын хөлс 12,573,500 төгрөгөөр хийхээр туслах гүйцэтгэгч Э ХХК-ийн гэрээт инженер Г.Дтай ажлын гэрээ хийж ажилласан. Ажил 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дуусч, 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 4 удаа очиж засварын ажлыг хийж дуусгасан. Ажил дуусч үлдэгдэл мөнгөө нэхэхэд Э ХХК-иас мөнгө орж ирэхгүй байна гээд өдийг хүрсэн. айлуудын дотор заслын ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд миний хэмжилтээр обой 480 мкв, эмульс 250 мкв, цагаан замаск 730 мкв, зүлгүүр 730 мкв, хар замаск 478 мкв ажлыг хийсэн, нийт ажлын хөлс нь 12,573,500 төгрөг ба уг төлбөрөөс 8,643,500 төгрөгийг авсан, мөн 3 сарын хоолны мөнгө 270,000 төгрөгийг хасна. Шинжээчийн дүгнэлтийн хувьд маргаан байхгүй.
Иймд миний хийсэн ажлын хөлсний үлдэгдэл төлбөр нь 3,660,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Г.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Г.Д миний бие Б.Утай 2022 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Цд замаскны ажил хийлгүүлнэ гэж аман тохиролцоо хийж, ажилд орсон. Б.Уг би танихгүй бөгөөд зарын дагуу ирж уулзсан. Ингээд 16 дугаар давхрын 6, 7, 8, 9, 10 тоот айлуудын замаскны ажил авч хийсэн. Туслан гүйцэтгэгч Э ХХК-ийн өгсөн мкв-аар ажилд орж, давхартаа 10 айл байх бөгөөд нийтийн эзэмшил цугтаа, нийт талбай болох хар замаск 1066 мкв, цагаан замаск 1508,01 мкв, тааз эмульс 163 мкв, обой наах 930 мкв болно. Үүнээс 5 айл дотор тухайн ажлууд хийгдсэн. Б.Угийн хийсэн 5 айл хар замаск 371 мкв-ыг 7000 төгрөг ба 2,597,000 төгрөг, цагаан замаск /зүлгүүрийн ажилтайгаа/ 592,05 мкв-ыг 6500 төгрөг ба 3,848,525 төгрөг, эмульс 211 мкв-ыг 4000 төгрөг ба 844,000 төгрөг, обой 465 мкв-ыг 5000 төгрөг ба 2,325,000 төгрөг, цонх амалгаа 11 ширхэгийг 20,000 төгрөг ба 220,000 төгрөг, хаалга амалгаа 6 ширхэгийг 20,000 төгрөг ба 120,000 төгрөг, нийт ажлын хөлс 9,954,252 төгрөг болж байгаа. Үүнээс хоолны зардал өөрсдөө даах, Цгаас өдрийн 6500 төгрөгөөр хоол идэх, ажлын гүйцэтгэлээс 10 хувийг компани авах, улсын комисс ажиллаад 5 хувь авах, 5 хувь нь нэг жилийн баталгаа болж үлдэх, тухайн ажлаа дуусгаж өгсөн ч нэг удаа ч ирж засвар үйлчилгээ хийгээгүй бөгөөд утсаар ярихад мөнгө өг, би өөрөө хэмжилт хийсэн зөрүү гарсан гэх бөгөөд тухайн ажлын хөлсөнд 8,643,500 төгрөг авсан байдаг. Нийт ажлын хөлс болох 9,954,252 төгрөгийн 10 хувь авч үлдэж байгаа 995,425 төгрөг юм. Энэ хүн ирж засваруудаа хийж өгөөд 5 хувиа авах ёстой. Айлууд нь нүүж ороод засвар дахин гарахгүй бол 1 жилийн дараа буцаан авах ёстой. Б.Угийн нэхэмжлээд байгаа мвк-ын зөрүүг Э ХХК-ийн захирлууд, инженер болон хяналтын хүмүүс дахин томилж мкв-ын зөрүү байгаа, байхгүйг шийдэж өгнө. 2022 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 11 дүгээр сар гартал нийт 33 хоол идсэн ба 6500 төгрөгөөр тооцоход 214,500 төгрөг, 10 хувийн баталгаа 995,425 төгрөг, нийт 9,954,252 төгрөгөөс 8,643,500 төгрөг өгсөн, одоо миний өгөх үлдэгдэл 101,327 төгрөг байна. Шинжээчийн дүгнэлтийн хувьд маргаан байхгүй гэв.
3. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.Угийн иргэний үнэмлэхний лавлагаа, Г.Д болон Б.У нарын хооронд байгуулсан гэрээ, Э ХХК-ийн хүсэлтийн хариу, Гүйцэтгэсэн ажлын задаргаа, Б.Угийн 0 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.
Хариуцагчийн хариу тайлбар, Э ХХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 23/023 дугаартай тодорхойлолт, мөн компанийн 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн мэдэгдэл, 2022 оны 9 дүгээр сарын 22, 2022 оны 10 дугаар сарын 13, 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн гүйцэтгэл дүгнэх хуудсыг тус тус хариуцагч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.
4. Зохигчдын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт: 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 190 дугаартай дүгнэлтийг тус тус бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.У нь хариуцагч Г.Дд холбогдуулан ажлын хөлсний үлдэгдэл 3,660,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Хариуцагч Г.Д нь Б.Угийн ажил хийсэн 5 айлын хар замаск 371 мкв, цагаан замаск 592,05 мкв /зүлгүүрийн ажилтайгаа/, эмульс 211 мкв, обой 465 мкв, цонх амалгаа 11, хаалга амалгаа 6 зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн бөгөөд нийт ажлын хөлс нь 9,954,252 төгрөг, үүнээс хоолны 214,500 төгрөг, 10 хувийн баталгаа 995,425 төгрөгийг хасна, Э ХХК-иас мкв-ийн зөрүү байгаа эсэхийг шийдэж өгнө хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
3. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4а. Нэхэмжлэгч Б.У нь хариуцагч Г.Дтай 2022 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүрэгт баригдаж буй Баянзүрх дүүрэг, 5 айлын дотор заслын ажлыг хийхээр, хар тэгшилгээг 1 мкв-ыг 7000 төгрөг, цагаан замасыг 1 мкв-ыг 6500 төгрөгөөр, эмульсыг 1 мкв-ыг 4000 төгрөгөөр, обойг 1 мкв-ыг 5000 төгрөгөөр, зүлгүүрийг 1 мкв-ыг 1000 төгрөгөөр, хаалга болон цонхны амалгааг 1 ширхэгийг 20,000 төгрөгөөр тохирч, ажлын хөлсийг Г.Д нь өгөхөөр анх амаар тохирч, дараа нь бичгийн баримт үйлдсэн болох нь зохигчдын тайлбар, Г.Д болон Б.У нарын хооронд байгуулсан гэрээ зэргээр тогтоогдож байна. /хх-5/
4б. Б.У нь өөрийн хийсэн ажлын нийт тоо хэмжээг обой 480 мкв, эмульс 250 мкв, цагаан замаск 730 мкв, зүлгүүр 730 мкв, хар замаск 476 мкв, хаалга болон цонхны амалгаа 18 ширхэг ажлыг хийсэн гэж гүйцэтгэсэн ажлын задаргааг гаргасан байна.
Дээрх нэхэмжлэгчийн гүйцэтгэсан ажлын задаргааг хариуцагч нь хүлээн зөвшөөрөөгүй, Э ХХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 23/023 дугаартай тодорхойлолтыг ирүүлсэн ба уг тодорхойлолтод 5 айлын орон сууцанд хийсэн ажлын тоо хэмжээний хувьд хар замаск 371 мкв, цагаан замаск 592 мкв, зүлгүүр 592 мкв, обой 465 мкв, эмульс 162 мкв байна гэжээ.
4в. Зохигчид өмнөх шүүх хуралдаанд дээрх байдлаар хийсэн ажлын тоо хэмжээ дээр маргаж байсан тул шүүхийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 38 дугаар зүйлийн 38.9-д заасан үндэслэлээр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилсон.
Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 190 дугаартай дүгнэлтээр Баянзүрх дүүрэг, 5 айлуудын дотор заслын ажлыг хийсэн нийт ажлын тоо хэмжээ хар замаск 518,6 мкв, цагаан замаск 732,2 мкв, зүлгүүр 732,2 мкв, обой 460,1 мкв, эмульс 272,1 мкв, цонхны амалгаа 13 ширхэг, хаалганы амалгаа 5 ширхэг байна гэжээ.
Энэхүү шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч зохигчдоос гомдол гаргаагүй байна.
4г. Зохигчид нь хийсэн ажлын тоо хэмжээний хувьд маргасан, харин хийсэн ажил бүрийн 1 мкв-ын үнийг дээрх байдлаар тохирсон, маргаагүй байна.
4д. Э ХХК нь Баянзүрх дүүрэг, давхрын дотор заслын ажлыг хийхээр 22/026 тоот гэрээг Ж.Бболон Г.Д нартай хийсэн байх ба уг ажлаас Г.Д нь 16 давхрын 156, 157, 158, 159, 160 тоот 5 айлуудын дотор заслын ажлыг Б.Угаар хийлгэхээр тохирсон, өөрөөр хэлбэл Б.У болон Э ХХК-ийн хооронд ямар нэгэн гэрээний харилцаа үүсээгүй байна.
5. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 196 дугаар зүйлийн 196.1.5-д нүүр тулан амаар гаргасан саналд тэр даруй зөвшөөрсөн хариу өгсөн гэж зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсанд тооцох үндэслэлтэй байна.
Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх бөгөөд Б.У нь гэрээгээр тохирсон ажлыг хүлээлгэн өгсөн, Г.Дгийн хувьд ажлын хөлсөнд нийт 8,643,500 төгрөгийг төлсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
6. Хариуцагч нь нэхэмжлэгчийн хийсэн ажлын гүйцэтгэлээс 10 хувийг компани авах ёстой тул үүнийг ажлын хөлснөөс хасч тооцно гэх тайлбарыг гаргаж байх боловч энэ талаар тохиролцсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн тайлбар, татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
7. Зохигчид шинжээчийн гаргасан дүгнэлтийн хувьд маргаагүй тул уг дүгнэлт нь Б.Угийн хийсэн ажлын тоо хэмжээтэй ойролцоо гарсан байх тул эдгээрийг харьцуулж, тооцохдоо Б.Угийн гаргасан тоо хэмжээнээс ихээр тооцогдсоныг шүүх хэргийг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын хүрээнд шийдвэрлэх зарчмын дагуу нэхэмжлэгчийн гаргасан хэмжээгээр тооцсон болно.
7а. Дээрх үндэслэлээр нийт ажлын тоо хэмжээ болон ажлын хөлсийг дараахи байдлаар тооцов. Үүнд:
- Хар замаск 476 мкв х 7000 төгрөг = 3,332,000 төгрөг,
- Цагаан замаск 730 мкв х 6500 төгрөг = 4,745,000 төгрөг,
- Зүлгүүр 730 мкв х 1000 төгрөг = 730,000 төгрөг,
- Обой 460,1 мкв х 5000 төгрөг = 2,300,500 төгрөг,
- Эмульс 250 мкв х 4000 төгрөг = 1,000,000 төгрөг,
- Цонхны амалгаа 13 ширхэг, хаалганы амалгаа 5 ширхэг, нийт 18 ширхэг х 20,000 төгрөг = 360,000 төгрөг, нийт 12,467,500 төгрөг байна.
Энэхүү 12,467,500 төгрөгөөс ажлын хөлсөнд төлсөн 8,643,500 төгрөг болон хоолны мөнгө 270,000 төгрөгийг хасч, 3,554,000 төгрөгийг ажлын хөлсний үлдэгдэл төлбөрт хариуцагч Г.Д нь нэхэмжлэгч Б.Уд төлөх үндэслэлтэй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Г.Дгаас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 3,554,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Уд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 106,000 төгрөгийн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 73,510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 71,814 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Дгаас 3,554,000 /гурван сая таван зуун тавин дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Уд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 106,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73,510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Дгаас улсын тэмдэгтийн хураамжид 71,814 /далан нэгэн мянга найман зуун арван дөрөв/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Уд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ