| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2023/02801/И |
| Дугаар | 101/ШШ2023/03424 |
| Огноо | 2023-07-07 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 101/ШШ2023/03424
| 2023 07 07 | 101/ШШ2023/03424 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг, 0 тоотод оршин суух, Д.Э нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Х Ц ХХК холбогдох
Орон сууц захиалагчтай байгуулах захиалгын гэрээг цуцалж, орон сууцны үнэд төлсөн 41,064,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Д.Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.
/Хариуцагчийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаан товлосон цагт ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д.Э миний бие ХЦ ХХК-тай 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн №20/19 тоот Орон сууц захиалагчтай байгуулах захиалгын гэрээг байгуулж, 34.22 мкв 2 өрөө орон сууц захиалж гэрээ байгуулсан даруйдаа байрны үнэ болох 41,064,000 төгрөгийг гэрээнд заасан дансанд бүрэн шилжүүлсэн. Намайг байрыг очиж үзэхэд зөвхөн дотор засал дутуу 2020 оны 3 дугаар улиралд ашиглалтанд оруулна гэж хэлж байсан. Гэвч хугацаа болсон боловч байр ашиглалтанд ороогүй анх намайг очиж уулзахад ямар байсан тэр хэвээрээ байгаа. Мөн надаас гадна өөр бусад хүнд давхар зарсан байна. Байр хэзээ ашиглалтанд орох талаар асуухаар удахгүй гэж ярьсаар өдийг хүрлээ. Мөнгөө авъя гэхээр зээл бүтэхээр өгнө гэж худал ярьсаар байгаа болно. Миний бие байрны мөнгийг бусдаас зээл авч байсан мөнгөн дээрээ нэмж өгсөн байдаг. Амьдрах орон сууцгүй түрээсийн байраар амьдарч маш их хохирч байна. Маш олон хүнд давхар зарсан хэзээ баригдаж ашигладтанд орох нь тодорхойгүй байна.
Иймд ХЦ ХХК-тай байгуулсан 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн №20/19 тоот Орон сууц захиалагчтай байгуулах захиалгын гэрээг цуцалж, байрны үнэнд төлсөн 41,064,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хамт гаргуулж Д.Э надад олгохоор шийдвэрлэж өгнө үү гэв.
2. Хариуцагч ХЦ ХХК шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй байна.
3. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Д.Эы иргэний үнэмлэхний лавлагаа, Хаан банкны шилжүүлэгийн мэдээллийн баримт, 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн Орон сууц захиалагчтай байгуулах захиалгын гэрээ, схем зураг, ХЦ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн, хариуцагч нь ХЦ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрмийг ирүүлсэн, харин хариу тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлээгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч ХЦ ХХК-д холбогдуулан орон сууц захиалагчтай байгуулах захиалгын гэрээг цуцалж, орон сууцны үнэд төлсөн 41,064,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Хариуцагч ХЦ ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал Ц.Тд 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч өнөөдрийг хүртэл шүүхэд хариу тайлбараа бичгээр ирүүлээгүй, 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 0900 цагт болох шүүх хуралдааны товыг 6 дугаар сарын 14-ний өдөр Ц.Тын 0 дугаарын утсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул зохигчдын мэтгэлцэх эрхийг хангаж, шүүх хуралдааныг 7 дугаар сарын 07-ны өдрийн 1100 цагт хийхээр товлож, шүүх хуралдааны товыг 6 дугаар сарын 21-ний өдөр Ц.Тын 0 дугаарын утсаар мэдэгдэхэд тэрээр за ойлголоо, би маргааш өмгөөлөгчөө явуулья гэсэн хариуг өгсөн байна. Мөн хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр ажилтан Баяр гэж хүн хүлээн авсан байна.
Тус хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 1100 цагт хийхээр товлосон боловч тодорхой шалтгааны улмаас хурал хийх цагийг хойшлуулж, 1430 цагт хийхээр товлон, Ц.Тын 0 дугаарын утсаар холбогдоход за ойлголоо, өмгөөлөгчөө оролцуулна гэсэн хариу өгсөн боловч хариуцагч талаас шүүх хуралдаан товлосон цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нөгөөтэйгүүр хариуцагчийн төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөө оролцуулна гэж утсаар удаа дараа ярихад хэлсэн боловч өмгөөлөгч оролцуулах хүсэлт болон хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг шүүхэд ирүүлээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн авсан боловч хариу тайлбарыг ирүүлээгүй байх тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй.
2а. Мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3а. Д.Э болон ХЦ ХХК-ийн хооронд 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 20/19 дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах захиалгын гэрээ байгуулагдаж, захиалагч Д.Э нь Баянзүрх дүүрэг, хотхонд байрлах, Э.А ХХК-ийн 2036 мкв газар дээр баригдах 0 айлын орон сууцны 0 блок орон сууцны 0 дугаар давхар 34,22 мкв талбайтай /айл-1/ 2 өрөө орон сууцыг захиалж, орон сууцны нийт төлбөр нь 41,064,000 төгрөг, гүйцэтгэгч ХЦ ХХК нь 2020 оны 3 дугаар улиралд орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон байна.
3б. Дээрх гэрээний дагуу Д.Э нь 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр гэрээнд заасан Ц.Тын Хаан банкин дахь 0 тоот дансанд гэрээний дугаар-20/19 0 блок 0р давхар айл-1 гэсэн утгаар 41,064,000 төгрөгийг шилжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байна.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.
3в. Нэхэмжлэгч нь орон сууцны үнэд төлсөн 41,064,000 төгрөгийг буцаан шаардаж байгаа үндэслэл нь захиалгын гэрээний дагуу орон сууцыг хүлээн авахгүй боломжгүй буюу захиалсан орон сууцыг өөр бусад этгээдэд давхардуулан зарсан гэж тайлбарлаж байх бөгөөд зохигчдын хооронд байгуулагдсан захиалгын гэрээний дагуу захиалсан орон сууцыг хэн алин нь хүлээлцэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.
Эдгээрээс үзвэл Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй, 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж зааснаар хариуцагчийг гэрээний дагуу орон сууцыг хугацаандаа хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, мөн захиалсан орон сууцыг өөр бусад этгээдэд давхардуулан зарсан гэх үндэслэл зааж нэхэмжлэгч нь гэрээгээ цуцалж буй нь үндэслэлтэй, өөрт учирсан хохирлыг шаардах эрхтэй байна.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар зохигчдын мэтгэлцэх эрхийг хангаж, 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдааныг хойшлуулж, 7 дугаар сарын 07-ны өдөр хийхээр товлож, захирал Ц.Тын 0 дугаарын утсаар мэдэгдсэн байна.
Ийнхүү шүүх хуралдааны товыг хариуцагч нь мэдсэн боловч шүүх хуралдаан товлосон цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч нь хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлтийг гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 433,470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХЦ ХХК-иас нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 433,470 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Эд олгох нь зүйтэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох эрхийг хэргийн оролцогч эдлэх бөгөөд хариуцагч нь иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарсанаас хойш шүүхийн дуудсан цагт удаа дараа хүрэлцэн ирээгүй, тэрээр 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хэргийн материалтай танилцсан, үүнээс хойш шүүхэд нэмж шинээр нотлох баримт ирээгүй болохыг үүгээр тэмдэглэх нь зүйтэй. Нэхэмжлэгч нь 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан 20/19 дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах захиалгын гэрээ-г өмнө нь шүүхэд хуулбар хувь өгсөн байсныг сүүлд эх хувиар нь шүүхэд ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д заасныг тус тус баримтлан Д.Э болон ХЦ ХХК-ийн хооронд 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан 20/19 дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах захиалгын гэрээ-г цуцалж, хариуцагч ХЦ ХХК -иас 41,064,000 /дөчин нэгэн сая жаран дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Эд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 433,470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХЦ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 433,470 /дөрвөн зуун гучин гурван мянга дөрвөн зуун дал/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Эд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ