| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2023/01851/И |
| Дугаар | 101/ШШ2023/03225 |
| Огноо | 2023-06-26 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 101/ШШ2023/03225
| 2023 06 26 | 101/ШШ2023/03225 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 тоотод оршин суух, Ё.М нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, өөрийн байранд байрлах, НШШГГ холбогдох
2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Улаанбатаар хот, Хан-Уул дүүрэг, 0 тоотод оршин суух, Ч.Н,
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Ё.М,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б,
Гуравдагч этгээд Ч.Н,
Гэрч Ц.Т,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ё.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2019/00 дугаар шийдвэрээр М.С, Ч.Н нарт 47,960,318 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 397,751 төгрөгийг төлөхөөр шийдвэрлэсэн. Үүний дагуу миний өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 0 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-0 дугаартай, 588 мкв талбайтай, өмчлөлийн газар, 100 мкв талбайтай хувийн сууцны хамт шинжээч Д хөрөнгийн үнэлгээний компанийг томилж, уг эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 31,725,582 төгрөгөөр үнэлсэн. Гэвч уг эд хөрөнгийн зах зээлийн бодит үнэлгээ доод тал нь 55,000,000 төгрөг болно. Учир нь манай хувийн сууц нь аяган суурьтай, төмөр бетонон карказан 6 ширхэг баганатай, 380 волтоор халдаг халаагууртай, 1 давхрын тааз буюу 2 давхрын тал нь төмөр карказан, цутгамал бетонон хучилттай, 1, 2 давхартаа дугуйрсан вакум цонхтой, 2 давхартаа балконтой, нийт 11 цонхтой юм. Харин эрхийн улсын бүртгэлийн Г-0 дугаартай 588 мкв талбай бүхий өмчлөлийн газар нь Сэлбэ дэд станц баригдсантай холбогдон дахин төлөвлөлтөд орсон байдаг учир газар чөлөөлтөд хамрагдсан. Шинжээч дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүй миний өмчлөлийн эд хөрөнгө, газрыг зах зээлийн үнэлгээнээс хэт багаар үнэлсэнд миний зүгээс ихээхэн гомдолтой байна.
Иймд Чингэлтэй дүүрэг, 0тоотод байрлах газар болон хувийн сууцыг 31,725,582 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.
2. Хариуцагч НШШГГ, тус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2019/00 дугаар шийдвэрээр Ё.М, Н.нараас 47,960,318 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 397,751 төгрөгийг гаргуулж Ч.Н, М.С нарт олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүгчийн захирамж, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч Ё.М, Н.нар шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг заасан хугацаанд төлж барагдуулаагүй тул төлбөр авагч М.Сийн нэрх дээрх Голомт банкны үүргийн гүйцэтгэлд барьцаатай эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаартай, Чингэлтэй дүүргийн 0 тоот хаягт байрлах, 100 м.кв талбайтай хувийн сууц, тус хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-0 дугаартай, 588 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, автомашины гараж /2 автомашины 27.2 м.кв талбайтай гэх/-ийн хамт 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 21380115/08 дугаартай тогтоолоор битүүмжилж, төлбөрийг 2022 оны 3 дугаар сарын 29-ний дотор төлөхийг мэдэгдсэн. Тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 21380115/14 дугаартай тогтоолоор барьцаалан хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудаас үнийн санал авахад үнэлгээн дээр харилцан тохиролцоогүй тул 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2/46 дугаар тогтоолоор мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг Д ХХК-ийн шинжээч Ц.Тийг томилж тогтоолгоход эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаартай, Чингэлтэй дүүргийн 0 тоот хаягт байрлах, 100 м.кв талбайтай хувийн сууц, тус хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-0 дугаартай, 588 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, автомашины граж /2 автомашины 27.2 м.кв талбайтай гэх/-ийн хамт 31,725,582 төгрөгөөр үнэлснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар үнэлгээний тайлан, мэдэгдлийг 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 4-229/3761, 4-229/3759, 4-229/3760 дугаар албан бичгээр талуудад мэдэгдэж, холбогдох хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан өгсөн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заагдсаны дагуу явагдаж Д ХХК-ийн шинжээч Ц.Т нь хөрөнгийн үнэлгээг үндэслэлтэй тогтоосон үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
3. Гуравдагч этгээд Ч.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Ч.Н нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн, охин М.Стой нийлж М.Сын нэр дээр 2018 оны 10 дугаар сарын 03-нд Чингэлтэй дүүрэг, 0 тоотод 588 мкв газар, 100 мкв үл хөдлөхийг Н.Ө, Ё.М нартай худалдах, худалдан авах гэрээ хийж худалдаж авсан. Авсанаас хойш 4 сарын дараа шаварлаг ул хөрс нь улирлын хөлдөлт, гэсэлтийн онцлогийг харгалзан үзэлгүй барилгын технолгийн алдаатай барьсанаас байшинд доголдол гарч газар хөдлөлтөд тэсвэргүй, дулаан алдалттай, хэзээ ч нурахад бэлэн амьдарч болохгүй гэсэн дүгнэлтүүд гарахад нь а/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн онцгой байдлын хэлтэс хамгаалах улсын хяналтын байцаагчийн дүгнэлт 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн №008/05, б/ 2019 оны Барилгын инженер-хайгуулын Э ХХК-ийн ЗТП-266/16 хөрсний шинжилгээний дүгнэлт, в/2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А ХХК барилгын зураг төсөл, хөрөнгийн үнэлгээний тайлан, Уг барилга ямар ч зураг төсөлгүй, мэргэжлийн бус хүнээр бариулсан байсан. г/ А ХХК хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний тайлан дугаар ДХҮ-118/04 /2019 оных/. 2018 оны байдлаар 28 саяаар үнэлж авсан байшингийн хохирлын үнэлгээ 9,464,887 төгрөг болсон. Үүнээс хойш одоо 2023 он болтол эвдрэл ямар байгаа нь ойлгомжтой. д/ Хариуцагч талын хүсэлтээр шүүхийн шинжээч томилогдож Монголын хохирол үнэлэгчдийн холбооны дүгнэлт 2019 оны 8 дугаар сарын 09-ний №2920. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шинжээчийн дүгнэлт гаргуулахаар 2019 оны 7 дугаар сарын 30-ны 101/ШЗ2019/0 дугаар захирамжаар хийгдсэн. е/ Голомт банкны 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээ дугаар ЗГ-2805112071, ё/ 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Н.Ө, Ё.М нартай хийсэн 588 мкв газрыг 15,000,000 төгрөг, 100 мкв байшинг 28,000,000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээг охин М.Стой хийсэн гэрээнүүдийг тус тус нотолгоонд хавсаргаж Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2019/00 дугаар шийдвэрээр худалдах худалдан авах гэрээг цуцалж, хариуцагч Н.Ө, Ё.М нараас 47,960,318 төгрөг гаргуулах, мөн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 16041 тоот Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар хариуцагч Н.Ө, Ё.М нараас эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэх шийдвэр гаргасан. Ингээд 2020 оны 11 дүгээр сарын 10-ны 001/ХТ2020/000 дугаартай Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолын дараа төлбөрөө төлөхгүй болохоор НШШГГт төлбөр гаргуулахаар хүсэлт гаргаж өгсөн. Гэтэл Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж буруу гэсэн шалтгаанаар хөрөнгө, мөнгийг 2019 оноос битүүмжлээгүй байсан. Гомдол гаргаж байж 2 сая төгрөг гаргуулсан. Үүнээс хойш одоо болтол хариуцагч нараас албадлагаар Ё.Мын тэтгэврээс 50%-ийг суутгадаг, Н.Өын мөнгийг групп болохоор суутгахгүй, Ё.М мөнгийг нь итгэмжлэгдсэн төлөөлөгч учраас сайн дураар багаар ч болтугай төлөх ёстой гэсэн. Энэ үл хөдлөхийг авахдаа Голомт банкнаас 30,000,000 төгрөг зээлсэн учраас одоог болтол хоёр зээлийн дарамтанд орсон. Амьдрах байргүй болсон учраас Нийслэлийн орон сууцны корпораци түрээслээд өмчилдөг байранд гамшгийн дүгнэлт, би өөрөө хөгжлийн бэрхшээлтэй учраас сард 732,000 төгрөг төлдөг, Голомт банкинд 599,000 төгрөг тус тус төлөх болсон. Голомт банкны төлбөрөө төлж чадалгүй тус банктай эвлэрлийн гэрээ байгуулж энэ хооронд дуудлага худалдаанд оруулж төлбөрөөс хасуулах гэтэл үнэлгээн дээр маш их хугацаа зарцуулсан. Одоо өөрсдөө НШШГГт хариуцагчаар татагдсан. Үнэлгээ хийхдээ бодит байдалтай нийцээгүй судалгаагүй хоёр үнэлгээний компанийн дүгнэлтийг үнэлгээний компанийн тусгай зөвшөөрөл олгодог дээд байгууллага болох Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтад Д ХХК-ийг шалгуулахаар гомдол гаргаж комисс байгуулж дахиж үнэлүүлсэн. Гэхдээ тус хашаанд бид хоёр машины граш барьсныг нотолгоо байхгүй гээд үнэлүүлээгүй байсан учраас үнэлгээ хийлгэсэн. Эцсийн байдлаар түрүүчийн дүгнэлтээс а/ хувийн сууцны дүгнэлт 9,201,349 төгрөг, б/ авто граж 7,404,233 төгрөг, в/ газар анх авсан үнэлгээтэй адил 15,120,000 төгрөг. Газар бол усаар дүүрэн худалдаж авсанаас чанар байдал муудсан мөртлөө анх авсан үнэтэй дүйцсэн. Ингээд нийт үнэлгээ нь 24,321,349 төгрөг болж байна. Үүнийг нотлохоор Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 22/82 албан бичгийг хавсаргав. Д компанийн үнэлгээг бидний хүсэлтээр НШШГГрын 229 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч ахлах дэслэгч М.Бгийн томилсоноор үнэлгээ хийсэн болно. Гэтэл хариуцагч тал хариуцлагаа хүлээхгүй, аар саархан зүйлээр цаг хугацаа алдуулж төлбөрөө ч өгөхгүй биднийг хохироож сүүлчийн үнэлгээг эд хөрөнгийг үнэгүйдүүллээ гэж тус Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан байна. Хариуцагчийн гаргасан тайлбарыг дэмжиж оролцож байна. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.
4. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ё.Мын иргэний үнэмлэх, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ГХ2021/0000 дугаартай гүйцэтгэх хуудас, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2019/00 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 0 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 001/ХТ2020/000 дугаартай тогтоол, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШЗ2021/00 дугаартай Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, НШШГГрын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 4-229/3759 дугаартай үнэлгээний мэдэгдэл, Д ХХКК-ийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 6/177 дугаартай шинжээч томилох тухай тогтоол, Газрын төлөвлөлтөнд орсон мэдээлэл, фото зургууд, Электрон тоолуур тавих зөвшөөрөл, Цахилгаан хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрчилгээ, байшин барьсантай холбоотой тооцоо /гар бичмэл/, зарлагын падаанууд, Unegui.mn сайтын мэдээлэл, 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 3/34 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 4-229/4090 дугаартай мэдэгдэлийг тус тус нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ГХ2021/0000 дугаартай гүйцэтгэх хуудас, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2019/00 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 0 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 001/ХТ2020/000 дугаартай тогтоол, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШЗ2021/00 дугаартай Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн зарлан дуудах мэдэгдэл, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн төлбөр төлөгчийн банк дахь дансыг битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 13/308 дугаартай албан бичиг, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 12/309 дугаартай албан бичиг, Багахангай дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 20/276 дугаартай албан бичиг, Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 19/235 дугаартай албан бичиг, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 14/645 дугаартай албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 17/556 дугаартай албан бичиг, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 01-06/648 дугаартай албан бичиг, Дүүргүүдийн газрын албанд хүргүүлсэн албан бичиг, Арилжааны банкнуудын данс эзэмшдэг эсэхтэй холбоотой албан бичгүүд, НШШГГрын данснаас төлбөрийн мөнгө шилжүүлэх баримтууд, 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, эрх, үүрэг тайлбарласан тэмдэглэл, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/510 дугаартай Харгалзан дэмжигч тогтоох тухай захирамж, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /Н.Ө/, 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн цалин, хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай тогтоол, Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн тодорхойлолт, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн төлбөр төлөгчийн банк дахь дансыг битүүмжлэлээс чөлөөлөх тухай тогтоолууд, эдгээр тогтоолын дагуу арилжааны банкуудаас ирсэн хариу, НШШГГрын 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 2-229/13411 дугаартай албан бичиг, 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 21380115/08 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 21380115/14 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоол, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Ё.М, Н.Ө, М.С, Ч.Н нарын үнийн санал, Голомт банкны 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 18/01-0099 дугаартай хүсэлт, 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2/46 дугаартай шинжээч томилох тухай тогтоол, шинжээчтэй холбоотой үйлдсэн баримтууд, Д ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн итгэмжлэл, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцэх акт, Д ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Нэмэлт шинжилгээ хийсэн хөрөнгийн үнэлгээний тайлан, мөн өдрийн 4-229/3761, 4-229/3759, 4-229/3760 дугаартай хөрөнгийн үнэлгээний мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 3/34 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 4-229/4091, 4-229/4087, 4-229/4090 дугаартай мэдэгдэл, 3 дугаар сарын 10-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн НШШГГрын анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны тэмдэглэл, албадан дуудлага худалдааны зарыг тус тус хариуцагч талаас шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.
Гуравдагч этгээдийн тайлбар, хүсэлт, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 22/82 дугаартай албан бичиг, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтын Мэргэжлийн хариуцлага, ёс зүйн хорооны 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 272/22 дугаартай дүгнэлт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 2920 дугаартай албан бичиг, Монголын хөрөнгө, хохирол үнэлэгчдийн холбооны 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 19/55 дугаартай албан бичиг, Амины сууцны барилгын ашиглалтын төлөв байдалд хийсэн 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт, Барилгын инженер-хайгуулын Э ХХК-ийн 2019 оны Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, иргэн М.Сийн амины орон сууцны хэв гажилтад орсон шалтгааныг тогтооход зориулсан инженер-геологийн судалгааны дүгнэлт, А ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн М.Сийн захиалсан хөрөнгийн үнэлгээний тайлан, А ХХК-ийн 2019 оны үнэлгээний тайлан, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 008/05 дугаартай дүгнэлт, Хот байгуулалтын мэдээллийн менежментийн систем, байшингийн фото зургуудыг тус тус гуравдагч этгээд нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.
5. Зохигчдын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт: Гэрч Ц.Тийн мэдүүлэгийг хариуцагчийн хүсэлтээр бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ё.М нь хариуцагч НШШГГт холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гарсан Чингэлтэй дүүрэг, 0тоотод байрлах газар болон хувийн сууцыг 31,725,582 төгрөгөөр үнэлсэн Д ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулахаар гомдлын шаардлага гаргажээ.
2. Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь хариуцагчийн гаргасан тайлбарыг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3а. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2019/00 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 0 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 001/ХТ2020/000 дугаартай тогтоолоор М.С, Н.Ө, Ё.М нарын хооронд 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах, газар өмчлөх эрх худалдах, худалдан авах гэрээг тус тус цуцалж, Н.Ө, Ё.М нараас 47,960,318 төгрөг гаргуулан, Ч.Н, М.С нарт олгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаас 6,282,06 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Шийдвэр, магадлал, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байх ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д зааснаар тус шүүх харьяалан шийдвэрлэх маргаан байна.
3б. Дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гарч, мөн өдөр 101/ГХ2021/0000 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.
НШШГГ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу холбогдох ажиллагаануудыг хийж, 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 21380115/08 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол-ыг үйлдэж, төлбөр төлөгч нарын өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 0тоотод байрлах газар болон хувийн сууцыг битүүмжлэн, төлбөр төлөх мэдэгдлийг өгч, улмаар 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 21380115/14 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол-оор хураан авах ажиллагааг явуулжээ.
Эдгээрээс үзвэл шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан дарааллын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан гэж үзэх ба шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудын хэн алин нь дээрх ажиллагаанд гомдол гаргаагүйг үүгээр тэмдэглэх нь зүйтэй.
3в. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж заажээ.
Төлбөр төлөгч Ё.М, Н.нар 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр газрыг 35,000,000 төгрөг, хувийн сууцыг 50,000,000 төгрөг, нийт 85,000,000 төгрөгийн үнийн саналыг ирүүлсэн, мөн өдөр төлбөр авагч М.С, Ч.Н нар шинжээчээр үнэлгээ тогтоолгох хүсэлтийг, Голомт банк хөрөнгийг нийт 30,000,000 төгрөгөөр үнэлэх саналыг тус тус НШШГГт ирүүлжээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө-ийг шинжээчээр үнэлүүлэхээр заасан ба шийдвэр гүйцэтгэгч нь мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.9-д заасан ажиллагааг явуулжээ.
Ийнхүү төлбөр төлөгч, төлбөр авагч нар нь үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар харилцан тохироогүй байх тул НШШГГ нь 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2/46 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол-оор ММҮИ-ийн 272/22 дугаарын дүгнэлтийн дагуу үнэлгээг шинэчлэн тогтоолгохоор Ц.Тийг шинжээчээр томилж, эрх, үүргийг нь тайлбарласан байна.
Ц.Т нь Д ХХК-ийн үнэлгээчин, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд болох нь Хөрөнгийн үнэлгээний тайланд хавсаргасан Хөрөнгийн үнэлгээ хийх 140600033 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгалт, Д ХХК-ийн итгэмжлэх зэргээр тогтоогдож байна.
Д ХХК-ийн үнэлгээчин Ц.Т нь 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Нэмэлт шинжилгээ хийсэн хөрөнгийн үнэлгээний тайлан-г гаргаж, НШШГГт хүлээлгэн өгсөн, улмаар хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч Ё.М, Н.нарт хүлээлгэн өгсөн байна.
3г. Ийнхүү Д ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайланг төлбөр төлөгч нар 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүхэд энэхүү үнэлгээг эс зөвшөөрч 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр гомдлын шаардлага гаргажээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан бөгөөд дээрхээс үзвэл төлбөр төлөгч Ё.М нь хуулийн хугацаанд гомдлын шаардлагаа гаргасан байна гэж үзэх үндэслэлтэй байна.
4. Д ХХК-ийн үнэлгээчин Ц.Т нь уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүрэг, 0 тоотод байрлах, 100 мкв талбайтай хувийн сууцыг 9,201,349 төгрөг, авто гаражийг 7,404,233 төгрөг, эрхийн улсын бүртгэлийн Г-0 дугаарт бүртгэлтэй 588 мкв талбайтай газрыг 39,184,320 төгрөг, нийт 55,789,902 төгрөгөөр үнэлсэн байх ба энэхүү үнэлгээний тайланд талууд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар гомдлын шаардлага гаргаагүй байна.
Харин төлбөр авагч Ч.Н нь дээрх үнэлгээтэй холбоотой гомдлыг Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтэд гаргаж, уг институтын Мэргэжлийн хариуцлага, ёс зүйн хорооны 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 272/22 дугаартай дүгнэлтээр Д ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Ш22-33 тоот үнэлгээний тайланд сонгон хэрэглэсэн үнэлгээний өртгийн хандлагын аргууд, түүний тооцоолол нь хуулийн 8.1, 9.3 болон ҮОУС-ын шаардлагад нийцсэн болохыг дурдаж, Барилгын зөвлөх инженерүүдийн газар дээрх үзлэг, гаргасан дүгнэлт болон Д ХХК-ийн үнэлгээ хийж байх үеийн газар дээрх үзлэг, ирүүлсэн тайлбараар үнэлгээний зүйл болох хувийн сууцны барилгын суурь хагарал үүссэн, шалны хэсгүүд цөмөрсөн, үндсэн хана хагарч цуурсан, гадна өнгөлгөөний тоосго нурсан, цонхнууд салж хагарсан зэрэг хүчин зүйлийг харгалзан барилгын үнэлгээний тооцоололд хэрэв цаашид ашиглах боломжгүй бол устгалын үнэ цэнийг тооцох, эсхүл цаашид ашиглах боломжтой бол барилгыг ашиглах хэвийн нөхцөлтэй болгоход газар зардлыг тооцон үнэлгээний тооцоололд тусгахыг Д ХХК-д даалгаж, НШШГГрын дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлохдоо БХБ-ын сайдын 2018 оны 208 тоот тушаалаар батлагдсан аргачлалыг баримлах нь зөв эсэх, эсхүл газрын суурь үнийг тодорхойлох эсэхийг захиалагч байгууллагаас тодруулан хууль, журамд нийцүүлэн үнэлгээний тайланд тусгахыг даалгаж, мөн тушаал нь тэгш цэвдэггүй газар ба цэвдэгтэй газрын зах зээлийн үнийн зөрүүг тусгасан эсэх, тусгаагүй бол ижил төстэй бүс нутгийн цэвдэгтэй болон цэвдэггүй газрын үнэ цэнийн ялгаатай байдлыг харгалзах боломжтой эсэх, төсөөтэй газар нутгийн газрын зах зээлийн үнийн мэдээлэл судалгаанд тулгуурлан тодорхойлогдсон газрын үнэ цэнэ нь бодитой эсэхийг шүүн тунгаалт хийж тайланд тусгах, шаардлагатай бол залруулахыг даалгаж, дээр дурдсан тодорхойлох асуудал нь зайлшгүй хийгдэж үнэлгээний үр дүнгийн бодитой байдалд шууд нөлөөтэй байх тул иргэн Ч.Нгийн гомдлыг хэсэгчилэн хангаж, Д ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Ш22-33 тоот хөрөнгийн үнэлгээний тайланг өөрчлөхөөр шийдвэрлэжээ.
4а. Д ХХК-ийн үнэлгээчин Ц.Тийн гаргасан 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Нэмэлт шинжилгээ хийсэн хөрөнгийн үнэлгээний тайлан нь өмнөх 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан дээр нэмэлтээр хийгдсэн үнэлгээний тайлан байна.
Дээрх үнэлгээгээр хувийн сууцыг өртгийн хандлагын аргаар 9,201,349 төгрөгөөр, авто гаражийг өртгийн хандлагын аргаар 7,404,233 төгрөг, газрыг зах зээлийн хандлагын аргаар 15,120,000 төгрөг, нийт 31,725,582 төгрөг гэж үнэлсэн байх ба газрын дуудлага худалдааны анхны үнэ цэнийг тооцох аргачлалаар 39,184,320 төгрөг гэжээ.
Үнэлгээг хийхдээ үнэлгээчин нь хөрөнгийн өртгийг Үнэлгээний олон улсын консулаас батлан гаргасан стандартын хүрээнд бие даасан хараат бус байдалд хийж гүйцэтгэн, гүйцэтгэгч нь захиалагчийн ирээдүйн орлоготой ямар нэгэн холбоогүй, хөрөнгийн өртгийн дүнд үнэлгээний ажлын хөлс үндсэн хөрөнгийн өртөг ороогүй, үнэлгээний ажлын хөлс нь үнэлэх үйл ажиллагааны цар хүрээтэй хамааралтай, үнэлгээчин хөрөнгийн байдалтай биечлэн танилцаж үнэлгээг гадны нөлөөгүйгээр уг хөрөнгийн одоогийн болоод ирээдүйн байдалд ямар нэгэн сонирхолгүйгээр зах зээлийн мэдээлэл, захиалагчийн өгсөн баримтад тулгуурлан холбогдох тооцоог хийж, үнэлгээний баталгааг гаргасан байна.
Ийнхүү хөрөнгийн үнэлгээний тайланг гаргахдаа шинжээч нь үнэлэгдэж буй хөрөнгийн шинж байдал бусад харгалзах нөхцлийн дагуу үнэлгээ тогтооход баримтлах аргуудыг харьцуулан, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль /2022 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлийн 8.2, 8.3-т заасан нөхцөл, журам, шаардлагыг хангасан байна.
5. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Д ХХК нь үнэлгээг гаргахдаа хувийн сууцны хийц, өмчлөлийн газар нь Сэлбэ дэд станц баригдсантай холбоотой дахин төлөвлөлтөнд орж, газар чөлөөлөлтөнд хамрагдсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүй, эдгээр хувийн сууц болон газрыг зах зээлийн үнэлгээнээс хэт багаар үнэлсэн гэх бөгөөд энэхүү үндэслэл, шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ egazar.gov.mn сайтын Газар төлөвлөлтөнд орсон мэдээлэл, unegui.mn сайтаас 2023 оны 3 дугаар сард үнэлэгдэж буй хөрөнгөтэй ойролцоо байршилтай худалдагдах гэж буй газар, байшингийн зарын мэдээллийг тус тус ирүүлсэн, мөн хувийн сууцыг барьсантай холбоотой баримтуудыг нотлох баримтаар ирүүлсэн байх бөгөөд эдгээр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үзлэг хийлгэх зэргээр баримтыг нотлох баримтын шаардлага хангуулах талаар тодорхой санал, хүсэлтийг гаргаагүй байна.
Эдгээрээс үзвэл нэхэмжлэгчийн гомдлын үндэслэл, шаардлага нь үндэслэл муутай байна.
6. Хариуцагч НШШГГ нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгох ажиллагааг хийхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуульд заасан арга, журмаар явуулаагүй гэх, Д ХХК нь үнэлгээ хийх аргачлал, хууль зөрчиж үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг гаргасан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
7. Гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд ирүүлсэн Монголын хөрөнгө, хохирол үнэлэгчдийн холбооны 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 19/55 дугаартай албан бичиг, Амины сууцны барилгын ашиглалтын төлөв байдалд хийсэн 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт, Барилгын инженер-хайгуулын Э ХХК-ийн 2019 оны Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, иргэн М.Сийн амины орон сууцны хэв гажилтад орсон шалтгааныг тогтооход зориулсан инженер-геологийн судалгааны дүгнэлт, А ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн М.Сийн захиалсан хөрөнгийн үнэлгээний тайлан, А ХХК-ийн 2019 оны үнэлгээний тайлан, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 008/05 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтын хувьд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2019/00 дугаартай шийдвэрээр нотлох баримтаар үнэлэгдэж, хэрэг, маргааныг шийдвэрлэсэн байгааг үүгээр тэмдэглэх нь зүйтэй. Энэхүү 101/ШШ2019/00 дугаар шийдвэртэй хэргээс эдгээр нотлох баримтуудыг хуулбарлан шүүхэд ирүүлжээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу нэхэмжлэгчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан Д ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ё.Мын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШЗ2023/008 дугаартай Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчилэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ