| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2022/06070/И |
| Дугаар | 101/ШШ2023/02820 |
| Огноо | 2023-06-05 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 101/ШШ2023/02820
| 2023 06 05 | 101/ШШ2023/02020 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, шүүгч Б.Цолмонгэрэл, шүүгч Д.Цэрэндолгор нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 тоотод оршин суух, О.Т хууль ёсны төлөөлөгч Ч.О нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 тоотод оршин суух, С.Э хууль ёсны төлөөлөгч Ц.С холбогдох
Гэм хорын хохиролд 2,769,307 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Ч.О,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ө,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.
/Зохигчид иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан болно/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч О.Тгийн хууль ёсны төлөөлөгч Ч.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний хүү болох О.Т нь Ш цогцолбор ерөнхий боловсролын сургуульд сурдаг бөгөөд 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хичээлээ тараад гэртээ харьж явах замдаа Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр болох 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт С.Эд зодуулсан. Тухайн үед С.Э нь ямар нэгэн шалтгаангүйгээр зодсон бөгөөд тус зодуурын улмаас миний хүү О.Тгийн биед 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 7932 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хамар ясны 2 хажуу хананы зөрүүтэй, зөрүүгүй хугарал далд хугарал, хамарт зулгаралт, цус хуралт, үүдэн баруун 1, 2 зүүн доод шүдний эмтрэл гэмтэл учруулсан нь тогтоогдсон болно. 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 0 дүгээр тогтоолоор С.Э нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэг үйлдсэн нь тогтоогдсон боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан Гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон боловч ял ногдуулах насанд хүрээгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон болно. 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 0 дүгээр тогтоолын тогтоох хэсгийн 4-т О.Т, түүний хууль ёсны төлөөлөгч Ч.О нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эхртэй болохыг дурдсан болно. Тус гэмт хэргийн улмаас О.Тгийн эмчилгээнд 517,000 төгрөг зарцуулагдсан байгаа бөгөөд, хамрын хагалгаанд ороход шаардагдах 2,252,307 төгрөг, нийт 2,769,307 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилсөн.
Иймд гэмтэл бэртэлийн улмаас О.Тгийн эмчилгээнд зарцуулагдсан 517,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 1,752,307 төгрөг, өмгөөлөгчийн ажлын хөлс 500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч С.Эгийн хууль ёсны төлөөлөгч Ц.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний зүгээс нэхэмжлэлийн шаардлагаас эмчилгээнд бодитойгоор зарцуулагдсан төлбөр болох 517,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй болно. Харин уг 17 насанд хүрээд хамрын хагалгаанд орох шаардлагатай гэх 2,252,307 төгрөг нэхэмжилсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Уг хоёр хүүхдийн маргааны үндээс С.Э нь О.Тг нэг удаа цохисон байдаг, уг үйлдээс үүдэн дээр дурдсан хагалгаанд орох шаардлагатай эсэх нь тодорхойгүй буюу ойлгомжгүй байна. Харин бусад сэтгэл санааны хохирол, өмгөөлөгчийн зардал нэхэмжилсэн нь хуульд тусгагдаагүй, уг асуудалтай хамааралгүй байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хариуцагчийн зүгээс тухайн хүүхдийн эмчилгээний зардалд бодитой гарсан зардал болох 517,000 төгрөгийг нэн дурай төлж маргааныг эвлэрлийн журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно гэв.
3. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 0 дугаартай тогтоол, С.Эгийн төрсний бүртгэлийн лавлагаа, 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн нас тоолсон тэмдэглэл, эм авсантай холбоотой ибаримтууд, Амбулаторийн түр карт, О.Тгийн төрсний гэрчилгээ, Ч.Оийн иргэний үнэмлэх, Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, нэхэмжлэлийн тодруулсан шаардлага, Ш сургууль БСБ-ын 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 02/71 дугаартай албан бичиг, Суралцагчийн тодорхойлолт, Хаан банкны мөнгөн шилжүүлэгийн баримт, ш сургуулийн захиргаанд Ч.Оийн гаргасан өргөдөл, нэхэмжлэгчийн тайлбар, О.Тгийн 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн тайлбарыг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.
Хариуцагчийн хариу тайлбарууд, өмгөөлөгч оролцуулах хүсэлт, хариуцагчийн итгэмжлэлийг ирүүлсэн, бичгийн нотлох баримтыг хариуцагч нь ирүүлээгүй байна.
4. Зохигчдын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1017 дугаартай шинжээчийн дүгнэлт /СД-ний хамт/-ийг бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч О.Тгийн хууль ёсны төлөөлөгч Ч.О нь хариуцагч С.Эгийн хууль ёсны төлөөлөгч Ц.Сод холбогдуулан гэм хорын хохиролд эмчилгээний зардалд 517,000 төгрөг, хамрын хагалгаанд ороход шаардагдах 2,252,307 төгрөг, нийт 2,769,307 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
1а. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь өөрийн эрхийн хүрээнд нэхэмжлэлийн зарим шаардлагаа өөрчилж, эмчилгээний зардал 517,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 1,752,307 төгрөг, өмгөөллийн ажлын хөлс 500,000 төгрөг, нийт 2,769,307 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна.
2. Хариуцагч Ц.Сын хувьд анхны нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авснаас хойш эмчилгээний зардал 517,000 төгрөгийг хүлээн зөвшөөрдөг, харин сэтгэл санааны хохирол, өмгөөлөгчийн зардал нэхэмжилсэн нь хуульд тусгагдаагүй, уг асуудалтай хамааралгүй байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргаж байна.
3. О.Т нь 2006 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, түүний эх нь Ч.О, С.Э нь 2007 оны 5 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, түүний эх нь Ц.Со болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д Эрх зүйн чадамжгүй, зарим буюу бүрэн бус чадамжтай хүний эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг түүний хууль ёсны төлөөлөгч болох эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь шүүхэд төлөөлөх бөгөөд тэд өөрийн бүрэн эрхийг нотлох баримт бичгийг шүүхэд үзүүлнэ гэж заасан зохицуулалтад нийцнэ.
4. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5а. С.Э нь 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 15 цагийн орчим Баянзүрх дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт О.Тг явж байхад нь хэл амаар доромжилсон гэж уурлаж, түүний хамар луу гараар цохисоны улмаас түүний биед хамар ясны 2 хажуу хананы зөрүүтэй, зөрүүгүй далд хугарал, хамарт зулгаралт, цус хуралт, үүдэн баруун 1, 2 зүүн доод 1 шүдний эмтрэл гэмтэл бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон, энэхүү үйлдэл нь гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, үйлдэл болон хохирол, хор уршгийн шалтгаант холбооны хувьд Зөрчлийн тухай хуулийн 5.2-т заасан танхайрах зөрчлийн шинжгүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлгүй гэж үзсэн ба Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан С.Эд холбогдох 0 дугаартай эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болох нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 0 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор тогтоогдож байна.
5б. Нэхэмжлэгч нь Д ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн /толгой тархины ерөнхий бүтэц, гавлын яс, дайвар хөндий, хамар/ 120,000 төгрөгийн, АШУҮИС-НАСС-ын 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 70,000 төгрөгийн, ЭМЖЖ эмийн сангийн 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн /amoksiklav dyenk 1000, неомицин хамар, ибу-денк 400 мг/ 47,000 төгрөгийн, Нийслэлийн шүд эрүү нүүрний төвийн 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн /рентген зураг/ 20,000 төгрөгийн, ЭМЖЖ эмнэлгийн 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн /хамрын шинэ хугарал/ 250,000 төгрөгийн, Төгс ялгуун эмнэлгийн 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн /үзлэг зөвлөгөө/ 10,000 төгрөгийн, нийт 517,000 төгрөгийн баримтуудыг хэргийн материалд ирүүлсэн байна.
Эдгээр нь нэхэмжлэгчийн гэмтэлтэй холбоотой эмнэлгийн байгууллагаас авсан эмчилгээ, зөвлөгөө, хэрэглэсэн эмийн баримтууд байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн энэхүү шаардлага болох 517,000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, маргаагүй ба нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж зааснаар өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлыг шаардах эрхтэй байна.
6. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана гэж заажээ.
6а. Нийслэлийн ерөнхий боловсролын Ш сургууль БСБ-ын 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 02/71 дугаартай албан бичигт ...О.Т нь эрүүл мэндийн шалтгааны улмаас 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн хичээлийн жилийг дуустал буюу 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх 60 цагийн хичээл, 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх Камьп сургалтын 20 цагийн хичээл, 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 0 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх Япон хэлний зуны сургалт хөтөлбөрийн 100 цагийн сургалт, нийт 100 цагийн хичээл, сургалтад тус тус суугаагүй нь үнэн болно гэж,
Тус сургуулийн нийгмийн ажилтан Б.Ү болон анги удирдсан багш В.Т нарын Суралцагчийн тодорхойлолт-д ... Суралцагчийн бие нь хичээлд олон цагаар суух боломжгүй байдалтай, эмнэлгээр явах шаардлагатай байсан тул хичээлээс чөлөөлөх шийдвэр гарсан ... Япон хэлний зуны сургалт хөтөлбөр хэрэгжүүлдэг ба уг хөтөлбөрт ч хамрагдаж чадаагүй эмчилгээ хийлгэсэн ... гэсэн тодорхойлолтыг гаргажээ.
Дээрх албан бичиг болон суралцагчийн тодорхойлолтоос үзэхэд 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр болсон үйлдлийн улмаас О.Тг хичээлээс чөлөөлөх шийдвэр гарсан гэх боловч уг суралцагчийг эмчийн ямар зөвлөгөөг үндэслэн, эсхүл өөр үндэслэл шалтгаанаар нийт 100 цагийн хичээл, сургалтаас чөлөөлсөнтэй холбоотой тухайн үеийн сургуулийн захирлын эсхүл суралцагчид чөлөө олгох эрх бүхий этгээдийн гаргасан шийдвэртэй холбоотой баримтыг нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлээгүй байна.
Мөн нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч нь ...миний хүү боксын спортоор хичээллэдэг учир бие бялдарын хөгжил сайн, ангийнхаа спортын бүхий л арга хэмжээнд оролцдог байсан, доод ангийнхаа хүүхдэд цохиулснаас болоод сэтгэл санаагаар унасан... зэргээр О.Тг сэтгэл санааны хувьд хүнд байсан гэх агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан боловч дээрх үйлдлийн улмаас сэтгэл санаа нь хохирч, хохирол учирсан болох нь баримтаар тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл О.Т нь хичээлээс чөлөөлөгдсөн гэх цаг хугацаанд гэмтлийн улмаас ямар эмнэлэгт үзүүлж, эмчлүүлж байсан, ямар эмчийн зөвлөгөөний дагуу хичээл, сургалтаас чөлөөлөгдөх болсонтой холбоотой эмчлүүлэгчийн карт болон холбогдох бусад баримтыг шүүхэд ирүүлээгүй, дээрх эмчилгээний зардлын баримтуудаас үзэхэд 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 6 дугаар сарын 07-ны хооронд эмчид үзүүлсэн, эмчилгээ, зөвлөгөө авсан, хэрэглэсэн эмийн баримт байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг өөрөө нотлох үүрэгтэй ба дээр дурдсан үйл баримтуудыг баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
6б. Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн Амбулаторийн түр карт гэсэн баримтын ар талд гараар 17 нас хүрээд хамрын амьсгал сэргээх таславч тэгшлэх мэс засалд орох заалттай, мэс заслын төлбөр 2,252,307 төгрөг болно гэсэн бичилт хийгдсэн байх боловч тухайн бичилтийг хэн хийсэн нь тодорхойгүй байна.
Нэхэмжлэгч нь сэтгэл санааны хохиролд 1,752,307 төгрөг нэхэмжилсэн ба шүүх хуралдаанд нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Хийгдсэн эмчилгээний зардал 517,000 төгрөг болон хийгдэх гэж буй эмчилгээний зардал 2,252,307 төгрөгийн зөрүүгээр үнийн дүнг тодорхойлсон гэж тайлбарлаж буй нь учир дутагдалтай байна.
Эдгээрээс үзвэл сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 1,752,307 төгрөгийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нэхэмжлэгч нь баримтаар нотлоогүй, мөн энэхүү шаардлагын үндэслэлээ тодорхойлж буй хийгдсэн эмчилгээний зардал болон хийгдэх гэж буй эмчилгээний зардлын зөрүүгээр хохирлыг тооцон нэхэмжилсэн нь үндэслэлгүй байх тул энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Гэмтлийн улмаас бодитоор гарсан эмчилгээний зардлыг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй юм.
7. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т зааснаар Монгол Улсын иргэн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхтэй бөгөөд энэхүү эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгч нь өмгөөлөгч Г.Өтой 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 56 дугаартай Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-г байгуулж, Ч.О нь өмгөөллийн хөлсөнд 500,000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр шилжүүлсэн байна.
Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхийнхээ хүрээнд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авахдаа төлсөн өмгөөллийн хөлс 500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.
Түүнчлэн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 56 дугаартай Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-ний 4.1-д Өмгөөлөгч эрх зүйн үйлчилгээ үзүүлсэний хөлсийг үйлчлүүлэгчээс нэхэмжилж байгаа үнийн дүнгээс хувилж дараах журмаар авна. Үүнд: а. Өмгөөлөгчийн ажлын хөлсийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн 5 хувиар тооцож олгох бөгөөд гэрээнд гарын үсэг зурсан өдөр олгоно, б.Өмгөөлөгчийн ажлын хөлс нийт 1,000,000 төгрөг бөгөөд гэрээ хийсэн өдөр төлж гэрээнд гарын үсэг зурсанаар гэрээ хүчин төгөлдөр болно гэж заажээ.
Дээрх гэрээний заалтын дагуу өмгөөллийн хөлсөнд төлсөн гэж 500,000 төгрөгийг шаардсан нь үндэслэл муутай байгааг дурдах нь зүйтэй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр эмчилгээний зардалд 517,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс сэтгэл санааны хохирол 1,752,307 төгрөг, өмгөөллийн ажлын хөлс 500,000 төгрөг гаргуулах тухай шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
0. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүх хэрэг, маргааныг анхан шатны журмаар, хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийг оролцуулна гэж зааснаар Баянзүрх дүүрэгт оршин суудаг иргэн Э.Ст шүүхийн мэдэгдэх хуудсаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.0-д Томилогдсон иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 76.1.2-т заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. Харин зохигчийн аль нэг нь үүнийг зөвшөөрөөгүй бол шүүх хуралдааныг хойшлуулна гэж зааснаар зохигчид иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан тул иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.
9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 59,260 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д зааснаар улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан үнийн дүнд болох 517,000 төгрөгийн шаардлагад тохирсон улсын тэмдэгтийн хураамж 16,160 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 110 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч С.Эгийн хууль ёсны төлөөлөгч Ц.Соос гэм хорын хохиролд 517,000 /таван зуун арван долоон мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Тгийн хууль ёсны төлөөлөгч Ч.От олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2,252,307 /хоёр сая хоёр зуун тавин хоёр мянга гурван зуун долоо/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 50 дугаар зүйлийн 50.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан Гэрэгэ системс ХХК-иар дамжуулан 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр төлсөн 59,260 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч О.Тгийн хууль ёсны төлөөлөгч Ч.От олгож, нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 16,160 /нэг зуун арван зургаан мянга нэг зуун жар/ төгрөгийг хариуцагч С.Эгийн хууль ёсны төлөөлөгч Ц.Соос гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР