Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2021/ДШМ/822

Ө.Ж-д холбогдох эрүүгийн

                                                     хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Ц.Оч, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Агар,

шүүгдэгч Ө.Ж-гийн өмгөөлөгч С.Баттамир,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/802 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ө.Ж-гийн өмгөөлөгч С.Баттамирын гаргасан давж заалдах гомдлоор Ө.Ж-д холбогдох эрүүгийн 1930002180448 дугаартай хэргийг 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            Ө.Ж-, 1984 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, компьютерын программист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, эмэг эх, хүүхдүүдийн хамт оршин суух, ял шийтгэлгүй,

            Ө.Ж- нь 2019 оны 5 дугаар сарын 5-ны өдөр 17 цагийн үед Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багийн нутаг “Бор хоолой” гэх газрын замд ***  улсын дугаартай, “Toyota Prado 120” загварын автомашиныг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 12.4-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг ... суурин газрын гадна цагт 80 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөний улмаас онхолдож, зорчигч З.Т-, Н.М- нарын амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

            Тээврийн прокурорын газраас: Ө.Ж-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ө.Ж-г “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэг, заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, түүний биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ялаар тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 2021 оны 7 дугаар сарын 8-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 11 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Ө.Ж- нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.О-т 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 15.000.000 төгрөг төлсөн болохыг, хохирлын төлбөрийн үлдэх 76.161.000 төгрөгт “Од” ХХК, Н.О- нарын хооронд 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан “Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх” тухай гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд баригдаж байгаа “Од” ХХК-ийн С блокийн 2 өрөө 44.28 мкв хэмжээтэй, 1 давхрын 37 тоот байрыг шилжүүлэхээр хууль ёсны төлөөлөгч Н.О-тэй тохиролцсон болохыг дурдаж, Ө.Ж-д Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2019/ЦХШЗ/63 дугаартай захирамжаар авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Ө.Ж-гийн өмгөөлөгч С.Баттамир давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан гэмт хэрэг нь хүнд гэмт хэргийн ангилалд багтах боловч бусад гэм буруугийн хэлбэр, хохирол, хор уршиг нь болгоомжгүй үйлдэгддэгээрээ бусад хүнд гэмт хэргүүдээс ялгагддаг. Миний үйлчлүүлэгчийн хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба энэ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо бичгээр илэрхийлсэн. Шүүх эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглээгүйд гомдолтой байна. Мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд ялаас өршөөн хасах талаар хуульчилсан бөгөөд энэ хуулийн 6.2 дахь хэсэгт “...27.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна.” гэснийг анхан шатны шүүх буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь энэ зүйл, хэсэг нь Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэгжиж эхлэхээс өмнө шүүхээс оногдуулсан ял буюу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй ялтанд, эсхүл шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж ял эдэлж байгаа ялтны эдлээгүй үлдсэн ялаас хасахаар зохицуулсан болно. Анхан шатны шүүхийн хэрэглэсэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан, мөн энэ хуулийн зорилтод нийцээгүй гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэн, Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар ялыг өршөөн хэлтрүүлж өгнө үү. ...” гэв.

            Прокурор Д.Агар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Шүүгдэгч Ө.Ж-гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг харгалзан хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

- амь хохирогч З.Т-ийн хууль ёсны төлөөлөгч Н.О-ийн: “...2019 оны 5 дугаар сарын 5-ны өдөр 22 цагийн үед Сүхбаатар аймгийн Цагдаагийн газраас “Танай нөхөр осолд орсон байна, ... бусдынх нь ар гэрт хэлээрэй” гэж утсаар ярьсан. ... Талийгаачийг автомашинаар авч явах боломжгүй учраас онгоцоор авч явсан. Гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан. ...” /1хх 29-30/,

- амь хохирогч Н.М-н хууль ёсны төлөөлөгч Г.Мз-гийн: “...Манай эгч “М- зам тээврийн осолд орчихлоо, биеийн байдал нь муу байна, яаралтай гар” гэж хэлэхээр нь би тэр орой нь онгоцоор гараад 2019 оны 5 дугаар сарын 7-ны өглөө Монголд буусан. Тэгээд нас барсан талаар мэдсэн. ...” /1хх 120-121/,

- гэрч С.Х-ийн: “...Би 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Ж-, Т-, М- нарын хамт “Рrado-95” загварын автомашинтай Сүхбаатар аймаг руу ... явсан. Ажлаа дуусгаад 17 цагийн үед Улаанбаатар хот руу явсан. Тухайн үед автомашиныг Ж- жолоодож явсан. ... Намайг жолоочийн эсрэг талын суудалд суугаад явж байхад автомашин гэнэт замын хажуу руу орсон. ... би юу болов гээд харсан чинь жолооч гэнэт жолооны хүрдээ мушгиад зам руу орсон, зам дээр автомашин эргэлдэж байгаад онхолдоод замын хажуу руу унасан. Онхолдсоны дараа би ганцаараа автомашин дотор байсан. Харин нөгөө хэд автомашинаас шидэгдсэн байсан. ... Ж- нь автомашин барьж явахдаа зүүрмэглэсэн байх. ... замын хажуу руу шороон замаар явахаар нь би “Юу болов оо” гээд орилоход эргэж зам руу орох гээд жолооны хүрдээ мушгисан. 110 км/цагийн хурдтай явж байсан. Би яг араас нь хараад явсан. Тээврийн хэрэгсэлд байсан хүмүүс бүгд хамгаалах бүс хэрэглээгүй. ...” /1хх 154-156, 157, 168/,

- гэрч М.Ч-гийн: “...Осол болсон орой 22 цагийн үед манай найз утсаар “Т- наашаа явж байгаад осолд орсон сурагтай байна” гэж хэлсэн. ... Хэнтий аймаг руу явж эмнэлэг дээр очиход талийгаач М- нас барсан, талийгаач Т-ийн биеийн байдал хүнд, жолооч Ж-гийн биеийн байдал тааруу, Х-ийн биеийн байдал сайн байсан. ... “Toyota Prado-120” загварын, ***  улсын дугаартай автомашин талийгаачийн өөрийнх нь мөн. ... Би худалдаж авахдаа мөнгийг нь гүйцээж өгөөгүй, бас нэрээ шилжүүлээгүй юм. ...” /1хх 153/,

- гэрч О.Ба-н: “...2019 оны 5 дугаар сарын 4-ний шөнө Т- гурван найзын хамт Сүхбаатар аймагт ... ирсэн байсан. 2019 оны 5 дугаар сарын 5-ны өдөр 14 цагийн орчим би тэдэнтэй ... уулзсан. ... Талийгаач Т-, М- нар бага зэрэг согтууруулах ундаа хэрэглэсэн, нөгөө хоёр нь эрүүл байсан. Тухайн үед автомашиныг Ж- гэх залуу нь барьж байсан. ...” /1хх 162/,

- гэрч Ц.Бя-гийн: “...Талийгаач Т- нь миний төрсөн хүү юм. Ослын талаар мэдэхгүй. Өглөө 06 цаг өнгөрч байхад ах нь утсаар ярьсан. “Sos Med” эмнэлгийн онгоцоор явж Хэнтий аймгийн эмнэлгээс авчирсан. Гэмтлийн эмнэлэгт ирж сэхээний тасагт эмчлэгдэж байгаад нас барсан. ...” /1хх 163/,

- гэрч А.Э-ын: “...2019 оны 5 дугаар сарын 5-ны өдөр ... Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаас хойш 55 км-т “Бор хоолой” гэх газар осол болсон гэсэн. ... Хэнтий аймгийн төв эмнэлэг дээр очиход найз М- нас барсан, Т- хүнд гэмтэлтэй, сэхээнд орсон байсан. ...” /1хх 169/,

- гэрч Г.М-ы: “...Би 2019 оны 5 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө үүрэг гүйцэтгэж байх үед 01 цаг 25 минутад Зоригоо овогтой Т- нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутагт осолд орсон гэсэн шалтгаанаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэлтийн тасагт хэвтэн эмчлэгдсэн. Түүнээс хойш 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр үүрэг гүйцэтгэж байх үед Т- нь 13 цаг 00 минутад нас барсан. ... Өдрийн 13 цаг 25 минутад 102-ын тусгай дугаарт мэдэгдсэн. ...” /2хх 93-94/,

- гэрч Т.Эр-ын: “...2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр үүрэг гүйцэтгэж байхад Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр осолд орсон хүн эмчлэгдэж байгаад нас барсан гэх дуудлага ирсэн. ... Т- гэх 37 настай, эрэгтэй хүний цогцост үзлэг хийсэн. ...” /2хх 96/,

- гэрч Ж.Б-н: “...Би талийгаач Т-ийг эмчилж байсан. Орон нутагт осолд ороод ирсэн гэж надад хэлсэн. Т-ийн цээж урагдалтай, олон хавирганы хугаралтай, эгэм, дал хугарсан, хүзүүний гэмтэлтэй ирж мэс засалд орж эмчлэгдэж байгаад 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 13 цаг 00 минутад нас барсан. ...” /2хх 101/,

- шүүгдэгч Ө.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...Мөнххаан сум өнгөрөөд 55 км/цагийн хурдтай явж байгаад гэнэт жолооч тал руу жолоодлого алдаад замаас гарсан. Баруун урд талын дугуй хагарч жолоодлого алдаад шороон хэсэг рүү орсон. ... нэг мэдэхэд миний автомашин замаас гараад онхолдсон байсан. ...” /2хх 51-52/ гэсэн мэдүүлгүүд,

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг 2019 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 23 цаг 30 минутад хүлээн авсан тэмдэглэл /1хх 7/,

- Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын сум дундын цагдаа, дэд ахлагч Ч.Сүхболдын зам тээврийн осол гарсан нөхцөл байдлын талаар бичсэн илтгэх хуудас /1хх 8/,

- 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдөр 10 цаг 10 минутаас 11 цаг 00 минутын хооронд зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 9-16/,

- амь хохирогч З.Т- нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан тухай 05786 дугаартай өвчний түүх /1хх 36-59/, тус төвийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлэгчийн бүртгэл, цогцсыг хүлээн авсан ба олгосон бүртгэл /2хх 110/,

- 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр амь хохирогч З.Т-ийн цогцосны гадна байдалд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 212-215/,

- амь хохирогч З.Т- нь 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр нас барсныг бүртгэсэн тухай нас барсны гэрчилгээний хуулбар /1хх 34/,

- 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдөр амь хохирогч Н.М-н цогцосны гадна байдалд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 17-24/,

- амь хохирогч Н.М- нь 2019 оны 5 дугаар сарын 5-ны өдөр нас барсныг 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр бүртгэсэн тухай нас барсны гэрчилгээний хуулбар /1хх 125/,

- 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр амь хохирогч З.Т-ийн цогцсыг оршуулсан газраас нь гарган, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 72-78/,

- талийгаач З.Т-ийн шарилд задлан шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 1381 дугаартай “...хүзүүний 4-6 дугаар нугалмын их биеийн нугас гэмтээсэн хугарал, өвчүүний хөндлөн хугарал, баруун 5-8 дугаар хавирганы нурууны хажуугийн шугамаарх шууд хугарал. Баруун дал ясны их биеийн хугарал. Хүзүүний 4-6 дугаар нугалмын хугарал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Талийгаач З.Т- нь хэвлийн сүрьеэ өвчтэй байсан байна. Энэ нь үхэлд нөлөөлөөгүй болно. ...” гэсэн дүгнэлт /2хх 80-85/,

- талийгаач Н.М-н цогцост задлан шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 45 дугаартай “...талийгаачийн цогцост баруун, зүүн уушгины эд болон элэгний эдүүдийн язрал, урагдал, цээжний хөндийд цус хуралдалт /700 мл/, цээжний баруун талын 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 дугаар хавирганууд, зүүн талын 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 дугаар хавирганууд хоёрлосон шууд хугарал, сээрний 6-р нугалам их бие хэсгийн бүрэн салсан хугарал, нугасны бүрэн тасрал, өвчүү ясны шууд хугарал, зүүн чихний урд дунд хэсгийн язарсан шарх, баруун гарын сарвууны ар дээд хэсгийн эдийн дутагдал бүхий салмарч урагдсан шарх, зүүн нүдний дээд зовхины хэсэг, зүүн хацар хэсэг, зүүн хацрын төвгөр хэсэг, зүүн чихний гадна дунд хэсэг, ар доод хэсэг, доод эрүүний дунд хэсэг, зүүн мөрний дотор дээд хэсэг, урд дунд хэсэг, баруун гарын тохойны дээд хэсэг, баруун шууны гадна дээд хэсэг, гадна дунд хэсэг, баруун далны дотор дээд хэсэг, нурууны баруун хажуу хэсэг, дунд хэсэг, зүүн гуяны дотор дээд хэсэг, зүүн гарын бугалганы гадна доод хэсэг, зүүн гарын 2-р хурууны гадна доод хэсэг, баруун гарын сарвууны ар хэсэг, 1 хурууны ар доод хэсэг, хэвлийн зүүн хажуу доод хэсэг, зүүн шилбэний гадна дунд хэсэг, зүүн хөлийн шилбэний гадна дээд хэсэг, баруун өвдөгний дотор хэсгүүдийн зулгаралтууд, зүүн чихний дэлбэнгийн доод дунд хэсгийн язарсан шарх, толгойн хуйхны орой болон дагзны баруун, зүүн хэсгүүд, зүүн нүдний доод хэсэг, зүүн мөрний дотор болон хүзүү, цээжний ар дээд хэсгүүдийг хамарсан, зүүн гарын сарвууны ар дээд хэсэг, зүүн шилбэний гадна дунд хэсэг, баруун гарын шууны гадна доод хэсгүүдийн цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх зүүн уушгины эд болон элэгний эдүүдийн язрал, урагдал, цээжний хөндийд цус хуралдалт /700 мл/, цээжний баруун талын 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 дугаар хавирганууд, зүүн талын 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 дугаар хавирганууд хоёрлосон шууд хугарал, сээрний 6 дугаар нугалам их бие хэсгийн бүрэн салсан хугарал, нугасны бүрэн тасрал бүхий гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарах ба үхэлд нөлөөлсөн гэмтлүүд болно. Бусад гэмтлүүд нь хөнгөн зэргийн, үхэлд нөлөөлөөгүй гэмтлүүд болно. Талийгаачийн цусанд 1,0 промилли спиртийн агууламж илэрсэн нь хөнгөн зэргийн согтолтын хэмжээ болно. Талийгаач нь бөөрний уйланхайт архаг үрэвсэлт өвчтэй байх ба үхэлд нөлөөлөөгүй болно. Талийгаач нь дээрх хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас нас баржээ. ...” гэсэн дүгнэлт /1хх 217-219/,

- С.Х-ийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 317 дугаартай “...С.Х-ийн биед тархи доргилт, хүзүү орчмын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. ... эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. ...” гэсэн дүгнэлт /1хх 223/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Автотехникийн шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 4399 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “Toyota Prado-120” загварын, VZJ120-0005451 арлын дугаартай, ***  улсын дугаартай автомашин эвдрэл гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй. Уг автомашин урд бамбай, зүүн их гэрэл, зүүн их гэрлийн арын суурь, баруун, зүүн, урд хойд далбаа, 4 хаалга, 4 хаалганы эмжээр, зүүн хойд хаалганаас бусад хаалганы буудаг шил, арын болон салхины шил, хоёр хажуугийн шил. арын гэрлүүд, дээвэр, ачаа төмөр, люк, баруун хойд дээд, доод дагуу гар, баруун хойд хагас гол, баруун урд хагас гол, баруун хойд дугуйн обуд, зүүн урд дугуйн обуд, дотуур хаймар, баруун урд дугуй, дотуур хаймар, баруун урд амортизатор, жолооны баруун хөндлөн татуурга, капот, хоёр толь, урд хоёр багана зэрэг эд ангиуд эвдрэл гэмтэлтэй байна. Дээрх эвдрэл гэмтлүүд ослын үед үүссэн шинэ гэмтэл тул осолд нөлөөлөх үндэслэлгүй. Тоормос нь АВS системээр тоноглогдсон, шингэн дамжуулгатай тоормостой. 4 дугуйн тоормосны хавчигчууд ажиллана. Зориулалтын багажгүй тул тоормосны хүч, идэвхжилтийг тодорхойлох боломжгүй болно. Тоормосны мөр үүсэх эсэхийг туршилтаар тогтоох бөгөөд шинжилгээнд ирүүлсэн “Toyota Prado-120” загварын, VZJ120-0005451 арлын дугаартай автомашин явах боломжгүй тул тоормосны мөр үүсэх эсэхийг тогтоох боломжгүй. Жолооны хүрдний гол, чагтан холбоос, бэхэлгээ бүрэн, ил харагдах гэмтэлгүй байв. Зам тээврийн осол хэргийн материал ирүүлээгүй тул жолооны хүчлүүрийн шингэн бага, 4 дугуйн улирал тохироогүй байдал нь осолд нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн автомашины хурд хэмжигч бүрэн, ил харагдах гэмтэлгүй. Хөдөлгөөний аюулгүй байдлын талаас хурд хэмжигч /спидомерт/-ийн ажиллагаа зам тээврийн осолд нөлөөлөхгүй. ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 230-250, 2хх 1-13/,

- уг дүгнэлттэй холбогдуулан тайлбар хийсэн шинжээч Г.Цэндсүрэнгийн: “...Жолооны хүчлүүрийн шингэн бага байсан. Осолд нөлөөлснийг харуулах баримт хэргийн материалтай танилцахад байхгүй. Жолооны хүчлүүрийн шингэн бага байгаа нь жолооны механизмын хэвийн ажиллагаа алдагдуулах нөлөө үзүүлж болох эрсдэлтэй. ... 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 4399 дугаартай дүгнэлтэд дугуй хийгүй харагдаж байсныг хийтэй гэж зөрүүтэй бичсэн байна. Баруун хойд дугуй хийтэй гэж бичсэн нь техникийн алдаа болжээ. Ослын үед үүссэн гэмтлийг хэзээ үүссэн эсэхийг тогтоохын тулд тухайн дугуйг хийлж шалгасан байна. Багаж тоног төхөөрөмжийг ашиглаж байгаад энгийн нүдээр үзлэг хийсэн. Үзлэг хийх, шинжилгээ хийх хоёр тусдаа ажиллагаа юм. Үзлэгийг харахгүй нүдээ аньж байгаад хийнэ гэж байхгүй, өгүүлэмж дээр ингэж явдаг. Баруун хойд дугуйнд гарсан гэмтэл нь ослын үед гарсан шинэхэн гэмтэл байна. Ослоос өмнө дугуй буудаж хагарсан зүйл харагдахгүй байна. Баруун урд дугуй хагарсан тохиолдолд жолооны хүрд баруун тал руугаа эргэдэг. Хойд дугуй хагарвал шарвалт үүсдэг. Тоормос гишгэсэн бол мөр үүсэж болно. Тухайн автомашин нь АВS системээр тоноглогдсон байсан. Мөр үүсэх эсэхийг туршилтаар тогтооно. Тухайн үед үүссэн үгүйг мэдэхгүй байна. Шинжлэх ухаанд аливаа мөр үүснэ гэж үздэг. Замын хөвөөгөөр явахад дугуй хагарсан бол обуд болон хаймран дугуйнд гэмтлүүд нэмж үүсдэг. Хурд гэж харьцангуй ойлголт, олон хүчин зүйлээс шалтгаалж болно. 80 км/цагийн хурдтай байсан ч хэдэн ч удаа өнхөрч болно. Осол болохын өмнө эвдрэл гэмтэл тогтоогдоогүй. Үүссэн эвдрэл гэмтэл нь дандаа ослын үеэр болсон гэмтэл гэж тогтоогдсон. ...” /2хх 17-18 болон анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл/,

- Тээврийн Цагдаагийн албаны шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 369 дугаартай “...“Toyota Prado-120” загварын, ***  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ө.Ж- нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Зорчигч, талийгаач З.Т-, Н.М- нар нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. ...” гэсэн дүгнэлт /2хх 15-16/,

- “Toyota Land Cruiser Prado” загварын, ***  улсын дугаартай тээврийн хэрэгслийн ослын улмаас учирсан хохирлын үнэлгээг нийт 24.765.000 төгрөгөөр тогтоосон “Бэст Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 118 дугаартай тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 145-153/ зэргийг харьцуулан шинжлэн судлахад,

Ө.Ж- нь 2019 оны 5 дугаар сарын 5-ны өдөр 17 цагийн үед Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багийн нутаг “Бор хоолой” гэх газрын замд ***  улсын дугаартай, “Toyota Prado 120” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг ... суурин газрын гадна цагт 80 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөний улмаас онхолдож, тухайн тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч З.Т-, Н.М- нарын амь нас хохирсон гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Ө.Ж-г авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохирсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байх ба шүүхээс түүний гэм буруу, үйлдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын гомдол санал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан төрөл, хэмжээний дотор үндсэн болон нэмэгдэл ялыг тус тус оногдуулж, ял эдлэх хорих байгууллагын дэглэм, нөхцөлийг хуульд нийцүүлэн тогтоожээ.

Ингэхдээ Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталж, мөн оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс дагаж мөрдөж буй “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасан ялаас өршөөн хасах үндэслэлд шүүгдэгч Ө.Ж-гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан гэмт хэрэг хамаарч байгааг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад зааснаар оногдуулсан хорих ялаас 2 жилийг хасаж Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв хэрэглэсэн байна.

Харин шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Ө.Ж-г ийнхүү гэм буруутайд тооцохдоо тухайн зүйл, хэсэг, заалтад заасан шинжийг өөр байдлаар “хоёр хүний амь насыг хохироосон” гэж, мөн шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг хэзээнээс эхлэн тоолох талаар тусгахдаа “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.” гэх зэргээр ойлгомжгүй бичсэнийг давж заалдах шатны шүүх хуульд нийцүүлэн зөвтгөх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Ө.Ж-гийн өмгөөлөгч С.Баттамир давж заалдсан гомдолдоо: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглээгүйд гомдолтой байгаа...” талаар дурдаад, шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг болгоомжгүйгээр үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсноо илэрхийлсэн болон шүүгдэгчийн хувийн байдлуудыг иш татсан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгохоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх юм.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь мөн л шүүхийн эрх мэдлийн асуудал.

Тиймээс шүүхэд үүрэг болгоогүй, эрх олгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг хэрэглээгүй тохиолдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнд тооцдоггүй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг заавал хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэл болохгүй тул шүүгдэгч Ө.Ж-гийн өмгөөлөгч С.Баттамирын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Гэвч давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчим, үзэл баримтлалд нийцүүлэн шүүгдэгч Ө.Ж-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгч, амь хохирогч нар нь найз нөхдийн харилцаатай байсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсноо илэрхийлсэн зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад зааснаар 3 жилийн хорих ял оногдуулах нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журамд нийцнэ гэж дүгнэлээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтүүдийг оруулж, хууль хэрэглээний асуудлаар маргасан шүүгдэгч Ө.Ж-гийн өмгөөлөгч С.Баттамирын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Ө.Ж-гийн 2021 оны 7 дугаар сарын 8-наас 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 69 /жаран ес/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/802 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 1 дэх заалтын “...хоёр хүний амь насыг хохироосон...” гэснийг “...хоёр хүний амь нас хохирсон...” гэж,

- 2 дахь заалтын “...4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.”  гэснийг “...3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж,

- 3 дахь заалтын “...4 /дөрөв/ жилийн хорих ялаас 2 /хоёр/ жилийг өршөөн хасаж, ...” гэснийг “...3 /гурав/ жилийн хорих ялаас 2 /хоёр/ жилийг өршөөн хасаж, ...” гэж,  “...биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг ... 2 /хоёр/ жилийн хорих ялаар тогтоосугай.” гэснийг “...биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг ... 1 /нэг/ жилийн хорих ялаар тогтоосугай.” гэж тус тус өөрчилж,

- 6 дахь заалтын “...эрхийг...” гэсний ард “...хассан нэмэгдэл ялын хугацааг...” гэж нэмж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Ө.Ж-гийн өмгөөлөгч С.Баттамирын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ж-гийн 2021 оны 7 дугаар сарын 8-наас 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 69 /жаран ес/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

   4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

            ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН