Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 241

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан,

Улсын яллагч Л.Соёмбо,

Гэрч Ж.Эрдэнэбат,

Хохирогч Б.Байгал, түүний өмгөөлөгч Ю.Тогмид /1149/,

Шүүгдэгч Б.Ганзориг, түүний өмгөөлөгч С.Төмөрбаатар /0582/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт Болдбаатарын Ганзоригт холбогдох эрүүгийн 201726020062 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1971 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Өнхрүүш Бейкери” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамтаар Баянгол дүүргийн 14 дүгээр хороо 12-20 тоотод амьдардаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Сартуул овгийн Болдбаатарын Ганзориг /РД:ЧИ71021310/ гэв.

 

Үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.Ганзориг нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 52 дугаар байрны 07 тоотод хамт архи ууж байсан Б.Байгалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж баруун гарын чигчий хурууг хазаж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ганзориг мэдүүлэхдээ: “2016 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Эрдэнэбат гэж хүнтэй архи уугаагүй. Байгалтай уулзаагүй. Яагаад намайг гүтгээд байгааг гайхаад байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Байгал мэдүүлэхдээ: “2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Эрдэнэбаттай утсаар яриад архи ууж байна гэхээр нь би очиход Ганзориг жаахан дээрэлхэх маягтай байсан. Тэгээд намайг хажуудаа суулгаад архинаас хундагла гээд толгойноос татахаар нь би түлхэх гэтэл хазаад тавихгүй байсан. Тэгээд намайг орилоход Эрдэнэбат цаад өрөөнөөс орж ирээд халбагаар аманд нь хийгээд хөшиж салгасан. Тэгээд би ширээн дээр байсан цаасаар гараа боогоод гарч доод талын дэлгүүр ороод салфетик аваад боогоод гэмтлийн эмнэлэг орсон. Эмнэлэг дээр боолт хийнэ гээд цаад өрөөнд оруулаад оёдол хийгээд гэрээсээ хүн дууд гэсэн. Эмч “зургаа авахуулна цагдаад хэлнэ” гэхээр нь эхнэрээ ирэхээр нь би Ганзоригийг цагдаад өгөөд яах вэ, тэгээд ч өөрөө согтуу байсан тул гараад явчихсан юм. Маргааш нь Ганзоригтой уулзахад “найз нь тасарчихсан байна. Эмчилгээний төлбөр өгнө” гэхээр нь цагдаад өгөөгүй. Одоо эмчилгээний зардал 16.285.713 төгрөг нэхэмжилж байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ж.Эрдэнэбат мэдүүлэхдээ: “тухайн өдрийг санахгүй байна. Ганзориг бид хоёр архи уугаад сууж байтал Байгал утсаар яриад хүрээд ирсэн. Тэгээд бид 3 архи ууж байгаад би унтаад өгсөн. Тэгтэл Байгал хуруу хазчихлаа гээд орилоод намайг дуудаад байхаар нь би босож очоод больцгоо гээд буцаад өрөөндөө ороод унтаад өгсөн. Тэгээд босоод ирэхэд эд нар байхгүй гараад явцгаасан байсан” гэв.

 

Хохирогч Б.Байгал мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гэртээ байж байгаад найз Эрдэнэбат намайг хүрээд ир гэж утсаар залгаж дуудхаар нь Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны 52 дугаар байрны 8 тоотод байрлах гэрт нь ганцаараа очсон. Намайг очиход Эрдэнэбат найз Ганзоригийн хамт архи уугаад жоохон согтсон байдалтай байсан би очоод хамт архи уусан. Тэгэхэд би буцаж гараад Эрдэнэбатын өгсөн мөнгөөр нь 1 шил 0.75 литрийн Виво архи, ундаа, тамхи зэрэг зүйлс аваад буцаж ороод 3-лаа хувааж ууцгаасан. Архиа ууж байхдаа Ганзориг бид 2 маргалдсан. Гэхдээ тухайн үед яг юунаас болж маргалдсан талаараа санахгүй байна. Тэгээд маргалдаж байсан чинь Ганзориг миний толгойг үнэрлэх гээд ч байгаа юм шиг миний толгой руу сарвайгаад оролдоод байхаар нь би баруун гараараа нүүрлүү нь түлхэж холдуулах хөдөлгөөн хийж байсан чинь миний баруун гарын чигчий хуруу ам руу нь орчихсон чинь гаргахгүй хазаад тавихгүй байхаар нь би орилоод тавиачээ гэсэнд тавихгүй байсанд Эрдэнэбат халбага ам руу нь хийж хөшиж байгаад миний хурууг амнаас нь салгасанд миний чигчий хуруунаас цус гараад бараг салчихсан санжигнаж байхаар нь нойлын цаасаар хуруугаа ороож гараад цус их гараад байхаар ахиад хажуугын дэлгүүр орж нойтон сальфетка авч гараа боогоод гэмтлийн эмлэгт очиж оёо тавиулж гипсдүүлсэн тэгээд эхнэр Оюунгэрэл намайг эмнэлэгээс очиж авсан. Тэгээд би хэд хоног гэртээ байж байгаад Ганзоригт хэлсэн чинь Эрдэнэбатаас асууя би сайн санахгүй байна согтсон байна уучлаарай эмчилгээний мөнгийг чинь төлнө гэж ярьж байсан. Тэгээд би хүрээд ир гэсэн чинь Эрдэнэбатынд уулзая гэхээр нь би Эрдэнэбатынд эхнэрийнхээ хамт очсон чинь Ганзориг, Эрдэнэбат 2 согтуу байхаар нь Ганзоригийг авч гараад гэрт нь хүргэж өгөөд гэртээ харьсан. Тэгээд тэрнээс хойш Ганзориг утсаа авахгүй алга болсонд би хуулийн дагуу шийдүүлүүлэхээр цагдаад хандсан.

Би шинжээч эмч Г.Ханхүүгийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 15161 дугаар дүгнэлттэй уншиж танилцсан. Тус дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Тус дүгнэлтэнд тусгагдсан гэмтлүүдийг Ганзориг хазаж учруулсан.

Одоо баруун гарын чигчий хуруу ямар нэгэн мэдээгүй, нугарахгүй, тэнийхгүй, янгинаж өвдөх зовиуртай байгаа. Хурууныхаа шөрмөсийг залгуулах эмчилгээний зардал мөнгөө нэхэмжилж байна. Тус эмчилгээг Монголд хийхгүй учир нь намайг сахарын өвчтэй болохоор хийхгүй гэсэн. Тийм болохоор Солонгос улсад очиж хагалгаа хийлгүүлэх хүсэлтэй байна. Дээрхи хагалгааны хөлс мөнгө нь би тус эмчилгээг зуучилж байгаа эмнэлгээс зардал мөнгийг нь нэхэмжилсэн баримт гаргаж өгнө...” гэжээ.  /хх 26-27/  

 

Хохирогч Б.Байгалыг дахин байцаасан тэмдэглэлд: “..Эрдэнэбат Ганзориг бид 2-ын найз болохоор аль аль талдаа орохыг хүсэхгүй байх шиг байна. Би тус асуудлын талаар 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Эрдэнэбаттай гадуур хамт явж байхдаа өөрийн гар утсаар Эрдэнэбатын яриаг дүрс бичлэгээр хийж баталгаажуулсан байгаа. Тус бичлэг дээр хазаж байхад нь салгасан гэж хэлж ярьж байгаа цагдаа нар өөрсдөө ажлаа хийнэ биз гэж цагдаагийн ажлыг болон миний хэрэгт ямар нэгэн ач холбогдол өгөхгүй байхаар нь би аргаа бараад ийм үйлдэл хийж тус бичлэгийг хэрэгт нотлох баримтаар хавсаргуулж өгөхөөр СД дээр буулгаж ирсэн байгаа.

Хэрэг гарсан өдөр буюу 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр би Эрдэнэбатынхаас гараад ГССҮТ орж гараа үзүүлэхэд миний гар маш их цус болсон баруун гарын чигчий хуруу бараг тасрах гэж байгаа юм шиг унжсан байсанд тус өдөр гарч байсан эмч нь намайг хүлээж аваад ямар нэгэн юм бүртгэлгүй юу ч гэсэн миний хурууг ариутгаж цэвэрлээд оёо тавьж өгөөд намайг хүлээж бай одоо гипс тавиулна гэхээр нь би эхнэрийг ирэхээр нь шууд явчихсан. Тийм болохоор миний мэдээллийг бүрэн дүүрэн авч чадаагүй болохоор ямар нэгэн бүртгэлд ороогүй байхаа. Тэгэхээс биш би ямар нэгэн хүнийг гэмт хэрэгт гүтгэж нэр төрд нь халдсан асуудал байхгүй. Тухайн үед Ганзоригтой удаа дараа уулзаж болон холбогдож байхад эмчилгээний мөнгийг чинь өгнө гадаадад эмчлүүлж өгнө гэж сайхан юм ярьдаг байсан болохоор би өдийг хүртэл Ганзоригт итгээд хүлээгээд байсан. Тэгээд болохоо байгаад цагдаагийн байгууллагад хандсан.

Би гарандаа яг эмчилгээ хийлгэж зардал мөнгө гаргасан асуудал байхгүй. Гэхдээ миний хурууны шөрмөсийг залгахад 18 сая орчим төгрөг болно гэсэн. Тийм болохоор би Ганзоригоос 18 сая төгрөгийг нэхэмжилж байна.

Ганзориг өөрөө хэргээ хүлээхгүй ийм өөдгүй зан гаргаж байгаад би гомдолтой байна...” гэжээ. /хх 30-31/

 

Гэрч Ж.Эрдэнэбат мэдүүлэхдээ: “...2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Ганзориг бид 2 манай гэрт буюу Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 52 дугаар байрны 7 тоотод архи ууцгаагаад сууж байсан чинь гаднаас Байгал өөрөө хүрч ирээд бид 3 хамтдаа манайд авсан байсан архиа ууцгааж байгаад би жижиг өрөөндөө ороод хэвтэж байхад том өрөөнд Байгал, Ганзориг 2 архиа уугаад үлдсэн. Би хэвтэж байгаад жоохон дуг хийж байсан чинь Байгал Батаа босоод ир гээд намайг дуудаад байхаар нь яваад очсон чинь Ганзориг чинь хуруу хазчихлаа гэсэн. Тэгэхээр нь больцгоо гэж хэлээд буцаад жижиг өрөөндөө ороод хэвтсэн. Тэгээд унтчихсан байсан жоохон байж байгаад сэрээд том өрөөндөө орсон чинь Байгал, Ганзориг 2 явсан байсан. Тэгээд тэрнээс хойш Ганзориг, Байгал нартай уулзахад тус хуруу хазсан талаар юм яриагүй. Хэрэг гарсан өдөр эхнэр, хүүхэд нөгөө байрандаа байсан тус байранд өөр гадны ямар нэгэн хүн байгаагүй. Хэрэг гарсан өдөр би ганцаараа гэртээ хоносон. Намайг хамт суугаад архи ууж байхад хэрэлдэж маргалдсан асуудал байгаагүй. Жижиг өрөөнд унтаж байхад яасан талаар би мэдэхгүй байна. Юу ч гэсэн Байгал намайг дуудаад байхаар нь босоод том өрөөнд орсон чинь Байгал Ганзориг өөрийнхөө гарыг хазсан гэж надад хэлсэн.

Би Байгалын хазуулсан гэх гарыг нь анзаарч хараагүй. Хазчихлаа л гэсэн би босч очоод больцгоо гэж хэлчихээд буцаад жижиг өрөөндөө орсон.

Би Ганзориг Байгалын хурууг хазаж байгааг хараагүй. Хазаж байхад нь ямар нэгэн байдлаар тавиулсан асуудал байхгүй...” /хх 32-33/

 

Гэрч Х.Отгонтуяа мэдүүлэхдээ: “..он сар өдрийг нь сайн санахгүй байна. Би ажил дээрээ ганцаараа байж байхад Байгал нэг гараа нөгөө гараараа барьчихсан гар нь нил цус болчихсон орж ирээд нойтон сальфетка байна уу гэхээр нь би өөрөө босч нойтон сальфетка авч өгөөд 500 төгрөг авсан. Тухайн үед надад ямар нэгэн тодорхой зүйл хэлж яриагүй...” гэжээ. /хх 34/

 

Шинжээч эмч Г.Ханхүү мэдүүлэхдээ: “...Байгалын биед тогтоогдсон гэмтлийн үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Хохирогч Б.Байгалын мэдүүлсэнээр хазуулсан гэх тус хазуулахад дүгнэлтэнд тусгагдсан гэмтэл үүсэх боломжтой...” гэжээ. /хх 40/

 

Гэрч Х.Оюунгэрэл мэдүүлэхдээ: “...Би 2012 оноос эхлэн Солонгос улсад суралцаж байгаа. Суралцах хугацаандаа шаардлага гарвал Монголд түр хугацаагаар ирчихээд буцаад явдаг. Намайг Монголд ирчихсэн байхад 2016 оны 02 сарын 18-ны орой цагийг нь сайн санахгүй байна юу ч гэсэн гадаа харанхуй болчихсон байхад надруу танихгүй дугаараас Гэмтлийн эмнэлгээс ярьж байна, танай нөхөр Байгал нилээн согтуу хүнд зодуулсан байдалтай ирсэн байна гэхээр нь би ганцаараа Гэмтлийн эмнэлэг дээр яваад очсон чинь Байгал чигчий хуруугаа боолгочихсон өөрөө нилээн согтуу оёоны өрөөнөөс гарч ирсэн. Тэгэхээр нь юу болсон талаар асуусан чинь найз Эрдэнэбатындаа архи ууж байсан чинь Ганзориг хуруу хазчихсан гэж хэлсэн. Бид 2 юм яриад сууж байхад эмч байж байгаарай тариа хийнэ гээд хүлээлгээд бид 2 сууж байсанд Байгал зүгээр байхгүй согтуурхаад явъя гээд гараад явчихсан. Тэгэхээр нь би дагуулж яваад гэртээ харьсан. Маргааш нь Байгалыг эрүүл болохоор нь яагаад ийм болсон талаар нь ахиад асуусан чинь Эрдэнэбатынд Ганзориг бид 3 архи ууж байгаад Ганзориг миний хурууг хазсан гэж хэлсэн.

Тэгэхээр нь би та нар байнга архи дарс нийлж уудаг хүмүүс одоо яая гэхэв өөрсдөө учраа ол гээд нэг их тоолгүй орхисон. Хэд хоногийн дараа Эрдэнэбат манай гэрт ирэхээр нь би Эрдэнэбатаас “Ганзориг хуруу хазсан гэж энэ хүн яриад байна, Ганзориг юм уу эсвэл та нар нийлж архи уухаар ирээд байдаг хүүхнүүд чинь хазсан юм уу” гэж асуусан чинь “үнэн үнэн Ганзориг хазчихсан” гэж хэлж байсан. Тэгээд би Солонгос явчихаад буцаад 2016 оны 4 дүгээр сарын сүүлээр ирэхэд Байгал Эрдэнэбатын гэрт нь шилээ мартчихсан байна гээд бид 2 хамт авахаар Эрдэнэбатын модны 2-ын тэнд байдаг гэрт нь очиход Ганзориг, Эрдэнэбат 2 шал согтуу Ганзориг нь шилтэй архи барьчихсан шилээр нь уугаад сууж байсан. Тэгээд Байгал Ганзоригийг хүргэж өгөхөөр болоод Ганзориг манай машинд хамт суугаад явсан.

Тэгэхдээ Эрдэнэбатын гэрээс архиа барьж гараад машинд амаар нь уугаад явж байгаад би замдаа буугаад үлдсэн. Байгал Ганзоригийг гэрт нь хүргэж өгнө гээд явсан. Тэрнээс хойш би Ганзоригтой уулзаагүй.

…Чигчий хуруугаа л боолгож оёо тавиулсан байсан...” гэжээ. /хх 76-77/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 15161 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “1.Байгалын биед баруун сарвууны 5 дугаар хурууны 2 дугаар шивнүүрийн хуучин далд хугарал, баруун сарвуунд сорви бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5.Дээрхи гэмтэл хэзээ үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй” гэжээ. /хх 39/

 

Гэрэл зургийн үзүүлэлт /хх 19/

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 22-24/

Иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суух хаягын тодорхойлолт /хх 50,53,55/ 

Хохирогч Б.Байгал, гэрч Ж.Эрдэнэбат нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хх 78-79/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Ганзориг нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 52 дугаар байрны 07 тоотод хамт архи ууж байсан Б.Байгалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний баруун гарын чигчий хурууг хазаж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогч Б.Байгалийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтан өгсөн /хх 26-27, 30-31/ мэдүүлэг,  

Гэрч Ж.Эрдэнэбатын: “...2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Ганзориг бид 2 манай гэрт …сууж байсан чинь гаднаас Байгал өөрөө хүрч ирээд бид 3 хамтдаа манайд байсан архиа ууцгааж байгаад би жижиг өрөөндөө ороод хэвтэж байхад том өрөөнд Байгал, Ганзориг 2 архиа уугаад үлдсэн. Би хэвтэж байгаад жоохон дуг хийж байсан чинь Байгал Батаа босоод ир гээд намайг дуудаад байхаар нь яваад очсон чинь Ганзориг чинь хуруу хазчихлаа гэсэн...” /хх 32-33/ гэх мэдүүлэг

Гэрч Х.Отгонтуяагийн: “…Байгал нэг гараа нөгөө гараараа барьчихсан гар нь нил цус болчихсон орж ирээд нойтон сальфетка байна уу гэхээр нь би өөрөө босч нойтон сальфетка авч өгөөд 500 төгрөг авсан...” /хх 34/ гэх мэдүүлэг

 

Шинжээч эмч Г.Ханхүүгийн: “...Байгалын биед тогтоогдсон гэмтлийн үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Хохирогч Б.Байгалын мэдүүлсэнээр хазуулсан гэх тус хазуулахад дүгнэлтэнд тусгагдсан гэмтэл үүсэх боломжтой...” /хх 40/ гэх мэдүүлэг

 

Гэрч Х.Оюунгэрэлийн: “...2016 оны 02 сарын 18-ны орой …надруу танихгүй дугаараас Гэмтлийн эмнэлгээс ярьж байна, танай нөхөр Байгал нилээн согтуу хүнд зодуулсан байдалтай ирсэн байна гэхээр нь би ганцаараа Гэмтлийн эмнэлэг дээр яваад очсон чинь Байгал чигчий хуруугаа боолгочихсон өөрөө нилээн согтуу оёоны өрөөнөөс гарч ирсэн. Тэгэхээр нь юу болсон талаар асуусан чинь найз Эрдэнэбатындаа архи ууж байсан чинь Ганзориг хуруу хазчихсан гэж хэлсэн. Бид 2 юм яриад сууж байхад эмч байж байгаарай тариа хийнэ гээд хүлээлгээд бид 2 сууж байсанд Байгал зүгээр байхгүй согтуурхаад явъя гээд гараад явчихсан...” /хх 76-77/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 15161 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 39/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 19/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 22-24/, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суух хаягын тодорхойлолт /хх 50, 53, 55/, хохирогч Б.Байгал, гэрч Ж.Эрдэнэбат нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хх 78-79/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Ганзориг “…тухайн өдөр би хохирогч Байгал, гэрч Эрдэнэбат нартай архи уугаагүй, хохирогчийн хурууг хазаж гэмтэл учруулаагүй” гэх түүний мэдүүлэг бусад баримтаар нотлогдохгүй байх бөгөөд гэрч, хохирогч нарын мэдүүлгийг бичгийн баримтаар үгүйсгэж чадсангүй. 

 

Хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих зүйлүүд нотлогдсон байх тул шүүгдэгч Б.Ганзоригийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, иргэний бичиг баримт ирүүлээгүй, шүүгдэгч Б.Ганзориг нь цагдан хоригдсон хоноггүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдлаа.

 

Хохирогч Б.Байгал чигчий хурууны эмчилгээнд 16.285.713 төгрөгийн зардал гарах тул шүүгдэгчээс гаргуулж өгнө үү гэх хүсэлт гаргасан бөгөөд уг баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаагаас гадна бодитоор төлбөр төлж эмчилгээ хийлгээгүй байх тул хохирогчийн нэхэмжлэлийг хангахгүй орхиж, уг эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Сартуул овгийн Болдбаатарын Ганзориг нь бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Сартуул овгийн Болдбаатарын Ганзоригийг 01 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Ганзоригт оногдуулсан 01 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, иргэний бичиг баримт хураагдан ирээгүй, шүүгдэгч Б.Ганзориг нь цагдан хоригдсон хоноггүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдсугай.   

 

            5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди-г хавтаст хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч Б.Байгалын нэхэмжилсэн 16.285.713 төгрөгийн нэхэмжлэлийг хангахгүй орхиж, уг эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Шүүгдэгч Б.Ганзоригийн батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж түүний эдлэх ялыг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Ганзоригийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ

ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ