Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 1378

 

 

 

 

 

 

 

 

 

 

Э.А-, Д.Б- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2019/01509 дугаар шийдвэртэй

                         

Нэхэмжлэгч Э.А-, Д.Б- нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч “С” ХХК-д холбогдох

 

Гэм хорын хохирол 1 502 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгч Д.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Э.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгч Д.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Да хүрээ гудамж, Саруул тэнгэр 2, 103 дугаар байрны В7 тоот байрандаа Э.А- би бүрэн засвар хийлгээд орхисон, эзгүй байх үед орон сууцны конторт харьяалах инженерийн гаднах шугам хоолойд тосон бөглөрөл гарч, манай гэрээр дамждаг босоо шугамд усны даралт үүсэн, тосгуурын уян хоолой залгадаг тройникийн хуванцар бөглөө бүлтэрснээс 2018 оны 10 дугаар сарын 17-19-ний хооронд 2 хоног манай байранд бохир ус алдаж бидэнд үлэмж хохирол учруулсан болно. 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн оройн 18 цагт намайг байраа эргэн очиход хаалганы босго давж коридорт ус хальсан, гэрт ороход 2 өрөө бохир усанд автсан, паркетан шал памбалзан, ханын обой дороосоо хөндийрсөн, байр өмхий үнэртэй болсон байсан. Би “СТНАА” конторт биеэр очиж дуудлага өгсөн, 2 слесарь ирж босоо шугамын тройникийг бөглөж скочоор ороож өгсөн ба алдсан бохироо татан зайлуулж өгөхийг хүссэн боловч тэд татгалзан бохирыг өөрөө зайлуул, бохир ус алдаж ийм болоход шалаа солихоос өөр аргагүй болдог юм гээд явсан. Би мөн Нийслэлийн онцгой байдлын газарт дуудлага өгсөн. 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 11 цагт “СТНАА” конторт орж инженер С.Баярсайхантай нь уулзаж алдсан бохироо татан зайлуулж, ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэж өгөх шаардлагаа дахин тавихад тэр эрс татталзсан. маргалдан мэтгэлцсэн. Ийм учир группийн мөнгөө бусдад барьцаапж, мөнгө зээлж өөрт учирсан хохирлоо арилгахын тулд 3 хүн хөлсөлж бохир усыг татан зайлуулж, эвдэрсэн шалыг хуулуулж хаян, ариутгал цэвэрлэгээ хийлгэж, байрандаа засвар оруулан, паркетан шал шинээр солиулж, байр сууцаа хэвийн нөхцөлд оруулсан. 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр “СТНАА” конторын ерөнхий инженер А.Ганбат, инженер С.Баярсайхан нар манай байранд орж үүссэн нөхцөл байдал, гарсан хор хохиролтой биечлэн танилцсан. “С” ХХК нь өөрт харьяалах инженерийн шугам сүлжээнд гарсан гэмтэл саатлыг арилгаагүй, 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр байр дотор бохир ус алдалтыг мэдсэн хэрнээ мэргэжлийн чиг үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, Орон сууцны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан арга хэмжээг авч хэрэгжүүлээгүйн улмаас бидэнд үлэмж хор хохирол учруулсан тул “С” ХХК-аас хохирол 1 502 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа

“С” ХХК нь 2011 онд үүсгэн байгуулагдаж улмаар 2013 онд Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Саруул тэнгэр 2 хотхоны 103 дугаар байрны орон сууцны конторыг хариуцан авч ажиллуулж ирсэн. Тус байрны В7 тоот орон сууцанд 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр бохир ус хальсныг манай конторын ээлжийн слесарь А.Ганбат илрүүлж арга хэмжээ авах гэсэн боловч айл эзэнгүй цоожтой байсан. Слесариуд диспетчерийн бүртгэлийн дэвтрээс уг айлын эзний утасны дугаар хайхад 90477588 утасны дугаар байсан ба лавлаж асуухад уг байрны эзний утас биш өмнө нь түрээсэлж байгаад гарсан хүний дугаар байсан. Байрны эзний утсыг асуухад тэрээр сайн санахгүй байна гээд эргээд залгая гээд утсаа тасалсан. “С” ХХК-ийн зүгээс 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр сууц өмчлөгчдийн холбоо болон цагдаагийн холбогдох хүмүүсийг байлцуулан айлын хаалгыг эвдэж орохоор бэлдэж байтал Д.Б- гэгч хүн ирсэн. Манай ээлжийн слесарь А.Ганбат, Г.Ганхүү, ерөнхий инженер А.Ганбат нар байрны эзэн гэх Д.Б-гээр хаалгыг нь онгойлгуулан орж үзэхэд уг айлд бохирын босоо шугам нь гал тогооны тосгуур шугам байх бөгөөд хоолны тосонд бөглөрснөөс бохир хальсан, мөн зориулалтын бус гялгар уутаар жийрэглэн хуванцар тагаар тагласан нь мултарч унасан байдалтай байсан. Уг бохир усны босоо шугам нь нийтийн хэрэглээний шугам тул айлуудын хэрэглээг конторын зүгээс хянах боломжгүй байдаг. Нэхэмжлэгч нар өөрийн биеэр дуудлага өгсөн гэж бичсэн нь огт худал юм. Мөн орон сууцны конторт харьяалах инженерийн гадна шугам хоолойд бөглөрөл гарч, манай гэрээр дамждаг босоо шугамд усны даралт үүсэн, тосгуурын уян хоолой залгадаг тройникийн хуванцар бөглөө бүлтэрснээс бохир ус алдсан гэж огт худал зүйл бичсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна, үүнийг гэрчлэх гэрчүүд ч байгаа болно. Байрны эзэн тус орон сууцны подвалын хэсэгт өрөө өмчилж авч засвар хийхдээ бохирын шугамд холбогдох холболтыг буруу хийсэн, мэргэжлийн байгууллагаар сантехникийн холболтыг хийлгээгүй, дур мэдэн зориулалтын бус материалыг сантехникийн эд анги болгон ашигласан нь бохирын бөглөрөл үүсгэж гэмтэл гарах шалтгаан болсон, мөн удаан хугацаагаар эзэнгүй орхих тохиолдолд харьяа орон сууцны конторт мэдэгдэх хүртэл арга хэмжээ аваагүй байдаг. “С” ХХК-ийн ээлжийн слесарь нь цоожлоод явсан эзэнгүй айлын цоожийг шууд эвдэж орох боломжгүй, мөн сууц өмчлөгчдийн холбоо болон орон сууцны диспетчерээс холбогдох утсыг авч арга хэмжээ авах зэргээр ажилласан. Байрны эзний утас огт бүртгэгдээгүй харин түрээсээр эзэмшиж байсан 2 хүний утсаар мэдээлэл дамжуулсан. Өмчлөгч өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирлоо өөрөө хариуцах ёстой тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэгч нарын Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Да хүрээ гудамж, Саруул тэнгэр 2, 103 дугаар байрны В7 тоот байранд учирсан хохирол 1 502 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “С” ХХК-аас 751.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.А-д олгож, хамтран нэхэмжлэгч Д.Б-гийн нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэлээс 751.000 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 38.982 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “С” ХХК-аас 22.574 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.А-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч Э.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгч Д.Б- давж заалдах гомдолдоо:

… 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл байранд бохир хальж, гэм хорын хохирол учирсан. 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр орой 18 цагийн үед байран дээрээ очиход нэхэмжлэлд бичсэн тодорхой үйл явдал болсон байсан. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хариуцагч тал уг байран дээр шүүхийн үзлэг, шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан байтал, шүүгч үзлэг үнэлгээг хийгээгүй. Шүүхийн процессын алдаа гаргаж. хариуцагч талын худал тайлбар, гэрч нарын худал мэдүүлэг зэрэгт эргэлзэн тээнэгэлзэж, хууль бус дутуу дулимаг шийдвэр гаргасан.

Д.Б- би группийн мөнгө авдаг дэвтрээ мөнгө хүүлэгчид барьцаалан, байранд үүссэн нөхцөл байдлыг арилган, дахин шинээр шал хийлгэсэн, нотлох баримт зураг, бохирын босоо шугам зүгээр зураг,болон төрийн байгууллагуудын нотлох баримт хэрэгт хангалттай байсаар байхад гэм хорыг бүрэн арилгахгүй, хууль эрх зүйн үндэслэлгүй шийдвэр гарган намайг хохироолоо.

Иймд "Саруул Тэнгэр-2" 103 дугаар байрны В7 тоотод шинжлэх ухааны үндэслэлтэй, хэргийн үзлэг, үнэлэлт, дүгнэлт гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 751 000 төгрөгийн гэм хорыг "СТНАА Контор" ХХК-аас гаргуулан гэм хорыг бүрэн барагдуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц давж заалдах гомдолдоо:

... Иргэн Амараа нь Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо “Саруул тэнгэр-2” хотхоны 103 дугаар байрны В7 тоот подволын өрөөг уг орон сууцны зориулалтаар өмчлилж аваад амьдарч байсан. Нэхэмжлэгч Баянхүү гэгч нь Амараагийн өмчлөлийн байранд амьдарч байгаад гарахдаа бүрэн засвар хийж гал тогооны тосгуурыг салгаж авахдаа гэрээр дамждаг босоо шугамын холболтын хэсгийг хугалж гэмтээсэн атлаа тухайн үед мэргэжлийн байгууллагад хандаж мэдэгдээгүй, зориулалтын бус гялгар уутаар жийрэглэн хуванцар таглаагаар хаагаад уг байраа эзэнгүй орхиж явсан байдаг. Тухайн айлд эзэнгүй хойгуур нь дээрээс ирэх усны түрэлтэд гялгар уутаар тагласан бөглөө нь мултарч ус алдах нөхцөлийг бүрдүүлсэн байдаг.

Энэ талаар 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн Гэмтлийн акт гаргасан байх ба уг актад Орон сууцны тухай хуулийн 14.3-т "Орон сууцны инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжинд эвдрэл гэмтэл гарсан тухай бүр эрх бүхий мэргэжлийн байгууллагад нэн даруй мэдэгдэж засвар үйлчилгээ хийх хүнийг саадгүй нэвтрүүлэх .... үүрэгтэй гэснийг зөрчсөн гэж дүгнэсэн байдаг. Нэхэмжлэгч Баянхүү нь уг орон сууцанд засвар хийхдээ босоо шугамын эвдрэл гэмтлийн талаар зохих байгууллагад мэдэгдэлгүйгээр босоо шугамын гэмтсэн эд зүйлийг зориулалтын бус гялгар уутаар таглаж байраа эзэнгүй орхиж явсан буруутай нь нотлогддог. Мөн холбогдох утасны дугаараа үлдээгээгүй явсан байдаг ба орон сууцны конторын диспечерийн бүртгэлд өмнө түрээслэн амьдарч байсан хүний утасны дугаараас өөр утас байгаагүй байдаг.

Мөн Хот суурин ус хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан үүргээ тус тус зөрчсөнөөс өөртөө хохирол учруулсан нь хэргийн үйл баримт болон гэмтлийн шалтгаан тогтоосон акт, бусад нотлох баримтуудаар нотлогдсоныг шүүх зөв үнэлээгүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүх “С” ХХК-аас 751 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул хэргийг бүхэлд нь хянаж “С” ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн 751 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Шүүх талуудын хоорондын үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. 

 

            Нэхэмжлэгч Э.А-, Д.Б- нар нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 1 502 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч байгууллага эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас хохирол учирсан гэж тайлбарлажээ. 

 

            Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Э.А-гийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Да хүрээ гудамж, Саруул тэнгэр 2, 103 дугаар байрны В7 тоот байранд 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 12 дугаар сарын 19-ний өдрийн хооронд ус алдсан үйл баримт тогтоогдсон байна.

 

            Хэрэгт 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдөр гаргасан гэмтлийн акт, 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн гэмтлийн шалтгаан тогтоосон акт гэсэн бичгийн баримтууд авагдсан байх бөгөөд дээрх актуудад “... Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Да хүрээ гудамж, Саруул тэнгэр 2, 103 дугаар байрны В7 тоот айлд 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр бохир ус хальж асгарсан. Дээрх гэмтэл гарсан шалтгаан нь байран дотуур явж байгаа бохир усны босоо шугам нь гал тогооны тосгуурын шугам бөгөөд энэ нь хоолны тосонд бөглөрснөөс болж ус хальж асгасан, мөн зориулалтын таг биш гялгар уутаар жийргэлсэн хуванцар таглаагаар бөглөсөн нь мултарч унасан. Оршин суугч нь бохир усны шугамыг мэргэжлийн байгууллагаас зөвшөөрөлгүйгээр техникийн шаардлага хангаагүй, зориулалтын бус эд ангийг сантехникийн хэрэгсэл болгон ашигласан нь бохирын бөглөрөл үүсгэж гэмтэл гарах шалтгаан болсон ба орон байраа удаан хугацаагаар эзгүй орхих тохиолдолд харьяа орон сууцны контортоо мэдэгдэх хүртэл арга хэмжээ авч болох эрсдлээ үл тооцон арга хэмжээ аваагүй гэж үзэж байна гэсэн агуулга бүхий актууд гарсан байна.  /хх-40/

            Хариуцагч “С” ХХК нь бохир хальсан асуудлыг нэхэмжлэгчид утсаар мэдэгдэх гэсэн боловч тэмдэглэгдсэн утас түрээслэгчийнх байсан гэж тайлбарлаж байгаа бөгөөд уг байдлыг хуульд заасан үүргээ хэрэгжүүлж, зайлшгүй шаардлагатай арга хэмжээг бүрэн авсан гэж үзэхгүй болно гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

            Нэхэмжлэгч буюу хэрэглэгч нь өөрийн өмчлөлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг бүрэн бүтэн хангах, засвар үйлчилгээг хийж байсан гэх байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8-д “өөрийн эзэмшилд байгаа шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах, засвар, үйлчилгээг хариуцан гүйцэтгэх” гэж, 15.1.12-т “өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжид гарсан болон гарч болох осол, гэмтлийн талаар хангагчид мэдээлэх, шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх, усны хэмжих, хянах хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хариуцна” гэж тус тус заажээ.

 

            Анхан шатны шүүх хариуцагч “С” ХХК нь хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах, технологийн дагуу цэвэрлэх, чанар, аюулгүй байдлын шаардлагад хяналт тавих үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүйгээс бохир усны босоо шугам бөглөрсөн, мөн хэрэглэгч буюу нэхэмжлэгч Э.А- нь өөрийн эзэмшилд байгаа шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах, засвар үйлчилгээг хариуцан гүйцэтгэх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна.

 

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсгүүдэд заасан журмын дагуу үнэлж, гэм хорын хохирлын 50 хувь болох 751 000 төгрөгийг хариуцагч “С” ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч Э.А-д олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, энэ талаар давж заалдсан зохигчдын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2019/01509 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Д.Б-гийн төлсөн 22 574 төгрөг, хариуцагч “С” ХХК-ийн төлсөн 35 060 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ЦОГТСАЙХАН

 

                                         ШҮҮГЧИД                               А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                       Ц.ИЧИНХОРЛОО