2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2451

 

    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,

Улсын яллагч Ц.Ганцэцэг,  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ж ,

Шүүгдэгч Ц.Ү , түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Ү д холбогдох эрүүгийн 2503000750278 дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Ү  нь 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 18 цагийн үед Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, Камелын автобусны буудлын замд “Тоёота Приус” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын 3.1-т заасан “Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ доор дурдсан хэмжээнээс бага болсон буюу үйлдвэрээс тогтоосон элэгдлийн тэмдэглэгээний хязгаарт хүрсэн”, мөн хавсралтын 5.2-т заасан “Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч болох 45 настай, эрэгтэй, А.Н -г мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “...шүүгдэгч Ц.Ү  нь 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 18 цагийн үед Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, Камелын автобусны буудлын замд “Тоёота Приус” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын 3.1-т заасан “Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ доор дурдсан хэмжээнээс бага болсон буюу үйлдвэрээс тогтоосон элэгдлийн тэмдэглэгээний хязгаарт хүрсэн”, мөн хавсралтын 5.2-т заасан “Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч болох 45 настай, эрэгтэй, А.Н -г мөргөж, амь насыг нь хохироосон...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.

Үүнд:

102 дугаарын утсанд ирсэн дуудлага, мэдээлэл /хх-ийн 3 дугаар тал/,

 

3ам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-12 дугаар тал/,

 

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-16 дугаар тал/,

 

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-14, 18-20 дугаар тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ж гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2025 оны 01 дүгээр сарын 02-ны өглөө 09 цаг 30 минутын үед манай дүүгийн охин М   миний гар утас руу залгаад “Н  ахын талаар та юм сонсон уу, Н  ах зүгээр үү” гэж асуусан. Тэгэхээр нь би яасан юм бэ, зүгээр үү гэж асуусан чинь нас барсан гэсэн сураг байна гэхээр нь би юу яриад байгаа юм бэ гээд уйлаад орилох үед манай охин дүү та тайван байж байгаарай, би сайн асууж лавлаад нотлоод эргээд хариу хэлье гээд утсаа салгасан. Тэгээд би жаахан тайвширч байгаад төрсөн дүү Д рүү залгасан чинь шууд миний урдаас эгчээ тайван байгаарай, дөнгөж сая миний утас руу замын цагдаагаас залгаж байна, замын цагдаа дээр ирж уулз гэж хэлсэн. ...Жолоочийн зүгээс оршуулгын зардалд 1,010,000 төгрөг өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар тал/,

 -Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Уг хэрэг 12 дугаар сарын 31-ний орой болсон бөгөөд 01 дүгээр сарын 02-ны өглөө манай дүү залгаад хэлсэн. Бидэнд 02-ны өдрийг хүртэл хэлээгүй байж байгаад цагдаагийн байгууллагаас олсон гэж хэлсэн. Манай дүү өөрөө тухайн үед утасгүй явж байсан учир ар гэрийнхэнтэй нь холбоо барих асуудалтай байсан байх гэж бодсон. Ц.Ү ын хувьд анхааралгүй, техникийн хувьд дугуйны стандарт хангаагүй байсан байна. Харах орчноо анзаараагүй, манай дүү гарцаар гарах биш замын хажуу талаар гэр лүүгээ явж байхад мөргөөд дээр нь гарчихсан байгаа. Өдөр дүү маань эгчийндээ очоод гэр лүүгээ галаа түлчхээд ирье гээд 17 дугаар хорооны хажууд эргэх мөчид наад талын үзүүр дээр мөргөчихсөн байсан. Бидэнд оршуулгын зардал гээд 10,000,000 төгрөг орчим болсныг хүнээс зээлж байгаад болгосон. Ц.Ү ын ар гэрээс нэг ч хүн ирээгүй, нэг ч хүн утасдаагүй. Ц.Ү  руу манай охин утасдахад ирж уулзахгүй байсан. Хүний хүүхдийг алчхаад ирээд уулзчихгүй, нүүрээ ч харуулчихгүй гээд хэлсэн. Оршуулахын өмнө 1,010,000 төгрөг буяны ажил гээд өгсөн. Би одоо ч хүнээс зээлсэн мөнгөө дутуу өгсөн байгаа. Оршуулгын зардлыг баримтжуулж авдаг талаар мэдээгүй байсан. Дараа нь авсан газраасаа тамгажуулаад өгөөч гэж гуйсан, зарим нь е-баримттай байсан. Худалдааны төвүүд е-баримт өгөхгүй, маягт дээр тамгаа дарж өгдөг байсныг би баталгаажуулж өгөөд 7,000,000 төгрөг орчим болоход, хасаад нийт 4,000,000 төгрөг өгсөн. Эхлээд 1,010,000 төгрөг, дараа нь 3,000,000 төгрөг авсан. Би 7,200,000-7,300,000 төгрөгийн баримтыг мөрдөгчид хэлснээр баримтжуулаад өгсөн. Шүүхээс баримтжуулсан мөнгийг баталгаажуулаад баримттайг нь надад өгсөн байж болно. Энэ хүн сэтгэлээсээ нэхэмжилсэн мөнгийг яагаад өгч болоогүй юм бэ? гээд бодож байна. Одоо хүн нас барчихлаа гэхэд 15,000,000-16,000,000 төгрөгийг өгч байна. Бид бол олсон мөнгөнөөсөө дүүгээ оршуулсан зээлэндээ ингээд өгч байна. Монгол хүн байж яагаад нэхэмжилсэн мөнгийг өгч болоогүй юм бэ? Тэр 80 гарсан хөгшин хүн дээр яагаад нэг шар тос барьж ирээгүй юм бэ? Манай дүү барилгын ажил хийдэг байсан бөгөөд байнга ажилтай явдаг байсан. Үнэхээр харамсалтай байна. Миний баримтаар өгсөн үнийн дүнг төлж өгнө үү. Одоо 3,000,000 орчим төгрөг байгаа байх, тэрийг сэтгэлээсээ өгчхөж болно. Сэтгэл санааны хохирлоо би авмаар байна, одоо би ярьж байхад гар салганаад ярьж чадахгүй, сэтгэл тавгүй, дүүгээ нас барснаас хойш тайван байж чадахгүй, ээж маань тэнд уйлаад маш хэцүү байна. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

 

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн Химийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 753 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн “ЗК8179842, 3K8179821, 3K8179850” хуруу шилний дугаартай цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Ирүүлсэн цусны дээжээс спиртийн агууламж илрээгүй. Мансууруулах эм болон сэтгэцэд нөлөөлөх бодис тодорхойлох шинжилгээг хийхэд дээжийн хэмжээ хүрэлцэхгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 53-54 дүгээр тал/,

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 479 дугаартай: “...1. Амь хохирогч А.Н гийн цогцост зулай ясны цөмөрсөн хугарал, тархины баруун тал бөмбөлгийн зулай, духны дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн 1, 2, 3, 5, 6, баруун 1, 2-р хавирганы шууд хугарал, гялтангийн цус хуралт, дух, зулай, зүүн зулай, чамархайн хуйханд хууларсан шарх, цус хуралт, эрүү, зүүн хөмсөг, шилбэнд няцарсан шарх, дух, зүүн хөмсөг, баруун тохой, хоёр өгзөгт цус хуралт зулгаралт, цээж хэвлий, зүүн чихний зулгаралт, хоёр өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2, 4.1.3-т зааснаар хохирлын хүнд зэрэгт хамаарна.

3. Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

4. Амь хохирогч нь гавал тархи, цээжний хавсарсан гэмтлийн улмаас гэмтлийн шокд орж нас баржээ.

5. Амь хохирогчийн цогцост хийсэн анхны гадна үзлэгээр нас бараад 2-4 цаг орчим хугацаа өнгөрсөн байжээ.

6. Цус нь 2-р бүлгийн харьяалалтай байна.

7. Цус, цөс, шээсэнд спиртийн агууламж илрээгүй. Цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 93-101 дүгээр тал/,

 

“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 23 дугаартай: “...Дугуйн хээний гүний хэмжээг штангенциркулээр хэмжилт хийж үзэхэд 1-4мм (стандарт суудал дугуйн хээний гүн газарт тулах хэсгээрээ 1.6 мм-ээс багагүй байх) буюу дугуйнуудын хээний гүний хэмжээ стандартын шаардлага хангахгүй байна. 4 улиралд буюу 7 градус хүртэлх хүйтэнд ашиглагдах дугуйтай. ...Зүүн гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 65000cd, баруун гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 41800cd, зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 5600cd, баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 4300cd (стандарт 10000-225000cd) байна. Ойрын гэрэл тусгал стандартын шаардлага хангахгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 113-118 дугаар тал/,

 

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч М.Бат-Эрдэнийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 293 дугаартай: “…Toyota Prius 30 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Ү  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.2. “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралт Тав. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл. 5.2. “Хол, ойрын гэрлийн тугалын тохиргоо алдагдсан, мөн энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангахгүй буюу дор дурдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин, чиргүүл, мотоцикл, мопед, трактор болон өөрөө явдаг машин механизмыг ашиглахыг хориглоно”, 3.1. “Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ доор дурдсан хэмжээнээс бага болсон буюу үйлдвэрээс тогтоосон элэгдлийн тэмдэглэгээний хязгаарт хүрсэн” гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болсон гэх үндэслэлтэй байна.

Явган зорчигч А.Н  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6. “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн байна...” гэх магадалгаа /хх-ийн 154 дүгээр тал/,

 

Эд зүйл баримт бичиг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ж гээс хохиролтой холбоотой гаргаж өгсөн баримтууд /хх-ийн 125-152 дугаар тал/,

 

Шүүгдэгч Ц.Ү  нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар: “...Би явган зорчигчийг зам гарч байгааг хараагүй. Тухайн үед би тээврийн хэрэгслийн зүүн талын толинд ард машин явж байгааг харж байсан. Би ертөнцийн зүгээр урд талаас хойшоо чиглэлтэй холоос харахад замын хажуу талд хүн зогсож байгаа харагдсан. ...Осол гарах үед ямар нэгэн түгжрэл байхгүй байсан. ...” гэж /хх-ийн 164-165 дугаар тал/,

-Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчээр: “...Тухайн үед би 06 цагийн орчимд ээж, ааваас охиныхоо бэлгийг авчхаад харьж явахад болсон. Тухайн үед тэр орчин утаатай байсан бөгөөд тулах үед ардаас машин ирж байсан бөгөөд гүйцэд түрүүлэх үйлдэл хийх үед ард талын машин харах өнцгийг гэрлээр сарниулсан. Зүүн талын толинд гүйцэж түрүүлж байгааг нь харчхаад урагшаа харахад миний машин доогуур хар өнгийн зүйл орсон. Би хүн байна гэж ёстой мэдээгүй. Тоормосоо алгуурхан багасгаж замын хажууд зогсоосон. Бууж ирээд хүн байна гэж мэдсэн. Би машин доор юм орчихлоо гэж төсөөлснөөс хүн байна гэж бодоогүй. Бууж ирсний дараа үнэхээр шоконд орсон байсан бөгөөд би одоо ч шокноос гараагүй байна. Тухайн үед 102 дугаарт дуудлага өгч, удалгүй хэв журмын машин ирэх үед би зогсоосон. Хэв журмын машинд цагдаа нар зам дээр хүн байна гэх дуудлагаар явж байна гэх цагдаа нарын яриа байдаг. Тухайн үед би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Мөн сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэггүй. ...” гэж /шүүх хуралдааны тэмдэглэлд/ тус тус мэдүүлснийг дурдах нь зүйтэй.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:

Улсын яллагчаас: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч  Шүүгдэгч Ц.Ү  нь 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 18 цагийн үед Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, Камелын автобусны буудлын замд “Тоёота Приус” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын 3.1-т заасан “Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ доор дурдсан хэмжээнээс бага болсон буюу үйлдвэрээс тогтоосон элэгдлийн тэмдэглэгээний хязгаарт хүрсэн”, мөн хавсралтын 5.2-т заасан “Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч болох 45 настай, эрэгтэй, А.Н -г мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болох шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс 7,000,000 төгрөг орчмыг нэхэмжилсэн боловч прокуророос баримтат хуулбарыг тооцож үзсэн. Хаан банкны данснаас гарсан хуулга юунд гарсан нь тодорхойгүй, нотлох баримтад үндэслэж хохирлыг тооцох тул нийт хохирол 4,589,157 төгрөг тогтоогдсоныг шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагаанд төлж барагдуулсан тул баримтаар бусдад төлөх төлбөргүй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч дансны хуулгаар гарсан хохирол, сэтгэцэд учирсан хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна...” гэсэн дүгнэлтийг;

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Баяржавхлангаас: “...Хүний амь нас хохирсон харамсалтай нөхцөл байдалд хүлцэл өчье. Уг гэмт хэрэг гарах болсон нөхцөл байдал юунаас болсныг анхаараасай гэж дүгнэж байгаа. Энэ нөхцөл байдал цаашид Ц.Ү  гэдэг хүн ямар учраас хүний амь эрсдэх байдлыг бий болгосонд дүгнэлт хийгээсэй гэж ойлгож байна. Ц.Ү  нь замын хажууд хүн явж байсан гэдгийг харсан, арын машины гэрэл цохиулсан асуудал үүссэн талаар ярьдаг. Физикийн хуулиар авто осолтой холбогдолтой хэрэгт хэд хэдэн удаа явж байсан. Амь хохирогч ямар нөхцөл байдалтай дугуйн доор орсныг шүүх нэлээд анхаарч үзээсэй. Тодорхой хурдтай явж байгаад хүн мөргүүлбэл хүн шидэгдэх ёстой. Хурдтай явж байгаа тохиолдолд машин дээгүүр давдаг. Гэтэл яагаад зам дээр зорчиж байсан хүнийг Ц.Ү  мөргөлөө гэхэд тэр хүн дугуйн доогуур шууд яагаад ороод байна вэ? Ц.Ү ын барьж явсан ... машины үзлэгээр шууд явж байсан хүнийг мөргөсөн үү? зам дээр явж байсан хүнийг Ц.Ү  харалгүйгээр стандартын бус гэрэл тохиргоотой дээгүүр гарсан эсэхийг маш сайн хараасай. Ц.Ү ын хувьд учруулсан хохирлыг төлсөн байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гомдолтой байна. 7,000,000 төгрөгийн зардал гарсан, Хаан банкны дансаар гарсан мөнгийг гаргуулъя гэж байгаа ч дансны хуулга ямар зориулалтаар гарсан нь тодорхойгүй тул цаашид хохирогчийн хууль ёсны төлөөлөгч иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх бүрэн боломжтой. Ц.Ү  гэм буруу дээр маргахгүй тул олон зүйл ярихгүй. Хохирол, төлбөр бүрэн төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Сэтгэцэд учирсан хохирлын асуудлыг шинжээч томилоогүй, дүгнэлт гараагүй тул иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх бүрэн боломжтой байна. Гэмт хэрэг гарах болсон, хохирогч амь насаа алдах болсон нөхцөл байдлыг хэргийн материалын хүрээнд шүүх маш сайн нарийн хараасай...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь болгоомжгүйгээр үйлдэгддэг бөгөөд авто тээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, хүний амь нас хохирсон үйлдэл хоорондоо шууд шалтгаант холбоотой байхыг шаарддаг.

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 479 дугаартай дүгнэлтээр амь хохирогч А.Н  нь: “...гавал тархи, цээжний хавсарсан гэмтлийн улмаас гэмтлийн шокд орж нас барсан...” болох нь эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтооно” гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т Замын хөдөлгөөнд оролцогч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ: 13.2.1. Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх” гэж тус тус заасан тул замын хөдөлгөөнд оролцогч аливаа этгээд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй.

 Шүүгдэгч Ц.Ү  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.2. “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралт Тав. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл. 5.2. “Хол, ойрын гэрлийн тугалын тохиргоо алдагдсан, мөн энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангахгүй буюу дор дурдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин, чиргүүл, мотоцикл, мопед, трактор болон өөрөө явдаг машин механизмыг ашиглахыг хориглоно”, 3.1. “Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ доор дурдсан хэмжээнээс бага болсон буюу үйлдвэрээс тогтоосон элэгдлийн тэмдэглэгээний хязгаарт хүрсэн” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасан үйлдлийн улмаас иргэн А.Н гийн амь нас хохирсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Иймд  шүүгдэгч Ц.Ү ыг “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар тус тус маргаагүй тул шүүх тайлбар дүгнэлтэд няцаалт хийгээгүй болно.

 

Хохирол, хор уршиг:

Шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ж гээс гаргаж хохирлын баримтуудтай танилцаад нотлох баримтын шаардлага хангасан 5,127,257 төгрөгийг хохиролд тооцов.

Шүүгдэгч Ц.Ү  нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 4,589,150 төгрөгийг, шүүхийн шатанд 540,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид тус тус төлж барагдуулсан тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ж  нь нь тус гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ц.Ү аас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Талуудын санал, дүгнэлт:  

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Ц.Ү ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 жилийн хугацаагаар хасаж, 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, эдлээгүй үлдсэн ял болох 9 сар, 21 хоногийн ял дээр нэмж нэгтгэн, нийт 01 жил, 9 сар, 21 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэсэн дүгнэлтийг;

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Баяржавхлангаас: “...Хохирол төлсөн, бусдад төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзэх боломжтой байна. Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Улсын яллагчаас 01 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулах саналыг гаргалаа. Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдэгдэх болсон нөхцөл байдал, учруулсан хор хохирлын хэр хэмжээ зэзэргийг харгалзан үзэж, уг заалтыг хэрэглэж, ялыг багасгаж 8 сар болгож өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Ц.Ү ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 41 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 122 дугаар тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 38 дугаар тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 39 дүгээр тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 40 дүгээр тал/, Авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 42 дугаар тал/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 43 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч Ц.Ү д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн..”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ц.Ү д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн зүйлийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг төлж барагдуулсан нөхцөл байдал болон хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 06 жилийн хугацаагаар хасаж, 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/671 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлснийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ДШМ/778 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 01 жил, 6 сарын хугацаагаар хорих ял болгон өөрчилж шийдвэрлэжээ.

Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЗ/5367 дугаартай захирамжаар шүүгдэгч Ц.Ү ыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангид шилжүүлэн цагдан хорьсон бөгөөд ялын тооцоог 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөр тасалбар болгож, үлдэгдэл хорих ялыг 10 сар, 15 хоногийн хугацаагаар тооцжээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Ү д энэ тогтоолоор буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 06 жилийн хугацаагаар хасаж, 01 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 сар, 15 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийт ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 06 жилийн хугацаагаар хасаж, 01 жил, 10 сар, 15 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоох нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ү ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ү ын 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 19 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож;

Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.Ү ыг Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосонгэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ү ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 06 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Ү д энэ тогтоолоор буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 06 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 /арав/ сар, 15 /арван тав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийт ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 06 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жил, 10 /арав/ сар, 15 /арван тав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ү ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ү ын 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 19 /арван ес/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ү ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 06 /зургаа/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

7. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ж  нь нь тус гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ц.Ү аас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

            9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Ү ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.           

            11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.