| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 195/2025/2383/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2633 |
| Огноо | 2025-11-25 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | М.Билгүүтэй |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2633
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Онцгойгэрэл,
улсын яллагч М.Билгүүтэй,
хохирогч ********** /цахимаар/
шүүгдэгч *********** нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *************** холбогдох эрүүгийн 2503 00913 1058 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***** оны ** дугаар сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхлэх, ам бүл 3, эмээ, дүүгийн хамт ********* аймаг **************сум **-р баг хуучин булаг *** тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ***** овогт *********************************************
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *********** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ********** нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрийгөө өмгөөлөх” эрхийг хангасан болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
шүүгдэгч *********** шүүхийн хэлэлцүүлэгт “..мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй ...” гэв.
хохирогч ************ шүүхийн хэлэлцүүлэгт: “...2025 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Оргил худалдааны төвийн 6 урсгалтай замын гарцаар гараад бродюр дээр гишгэх гэж байхад намайг мөргөөд би агаар дээр ниссэн. Нэг харахад явган хүний гарц дээр 20 орчим насны 2 хүүхэд ирээд эгчээ яасан бэ гэхэд миний гар, хөл цус болсон байсан. 103 дуудахад 20 минутын дараа ирсэн. Би нөхрөө өөрийн гар утсаар дуудсан. Шүүгдэгчийг цус арчих алчуур өгөөч гэхэд надад цус арчих алчуур өгсөн. Манай нөхөр цагдаагийн албан хаагч болон жолоочтой үлдсэн. Би охинтойгоо 103 машинд суугаад гэмтлийн эмнэлэг явж оёдол тавиулж, шинжилгээ өгсөн... Намайг өвчтэй байхад бие нь яаж байна гэж асууж байгаагүй. Шүүгдэгч нь настай ээжтэйгээ амьдардаг, залуу хүн учир би шүүгдэгчээс 4.000.000 төгрөг аваад гомдолгүй болсон ...” гэв.
Эрүүгийн 2503009131058 дугаартай хэргээс:
улсын яллагч: хохирогч *********** мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал),Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн №ЕГ0725/9316 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 34-39 дэх тал), Сонгинохайрхан дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 2025 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн 1000602 шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 43-45 дахь тал),Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад ******** 2025 оны 09 дугаар сарын 25-ны өдрийн 1315 дугаартай мөрдөгчийн магадалгаа (хавтаст хэргийн 43 дахь тал),2025 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 06-14 дэх тал), *********** машины жолооч хүн мөргөсөн гэх дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 05 дахь тал), иргэний нэхэмжлэгчээр ************ тогтоосон мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 23 дахь тал), эрүүл мэндийн даатгалаар 299,432 төгрөгийн хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл (хавтаст хэргийн 21-24 дэх тал), сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй талаар гаргасан хохирогчийн хүсэлт (хавтаст хэргийн 58 дахь тал) зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
|
|
Шүүгдэгч, хохирогч нар нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн 2503009131058 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон бол хохирогч нь гомдол саналгүй байр суурь илэрхийлж, улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
шүүгдэгч ************ нь 2025 оны 07 дугаар сарын 13-ний өдрийн 14 цаг 58 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Товчооны замд "Toyota Sai" маркийн **-*** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний 1.3-т Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, "16.1-т Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэх заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч *************** мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож, уг хэрэгт шүүгдэгч ************ гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч ************* өгсөн “...Би 2025 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотоос Дархан- уул аймаг руу нөхөр хүүхдийн хамт гэртээ харихаар миний эзэмшлийн "Toyota Prius- 41" маркийн ************ улсын дугаартай тээврийн хэрэгслийг нөхөр маань жолоодоод явцгааж байсан юм. Тэгээд ****** худалдааны төвийн харалдаа явж байх үед надад Улаанбаатар хотод байх ээжийнд ар гэрийн ажил гарч би замдаа бууж үлдэхээр болоод замын хойд талдаа буугаад замын урагшаа явган хүний гарцтай хэсгээр гараад дуусах гэж байх үед 1-р эгнээнд намайг тээврийн хэрэгсэл ирж намайг мөргөсөн. Би агаар дээр нисэх шиг л болсон нэг мэдхэд эгчээ зүгээр үү гээд 20-25 орчим насны эрэгтэй хүүхэд намайг дуудаж байсан. Тухайн үед цагдаа ирсэн байсан дараа нь 103 ирж үзээд намайг ГССҮТ-рүү авч явсан....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн №ЕГ0725/9316 дугаартай “...************** биед суудал ясны баруун салааны хоёрлосон хугарал, бүсэлхийн 5-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн нүдний ухархай ясны доод хана, хоншоор ясны дээд ханын хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, хацарт зулгаралт, няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун дээд 2-р шүдний булгаралт, баруун ташаанд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, зүүн шуу, баруун тавхайд няцарсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, баруун тохой, хоёр сарвуу, хэвлий, хоёр өвдөг, шилбэнд зулгаралт, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Нэг шүдний булгаралт нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна......” гэсэн шинжээчийн дүгнэлт. (хавтаст хэргийн 34-39 дэх тал),
Сонгинохайрхан дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 2025 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн 1000602 дугаартай’’ Toyota Sai маркийн ************* улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.Копуд гол хэсгээрээ хонхойсон, урд буфер баруун талдаа хагарсан байдалтай байна.Тоног төхөөрөмжийн хэмжилтээс үзэхэд баруун зүүн талуудын их гэрлийн тусгалын хүч ойр дээрээ стандартын шаардлага хангахгүй байна.Уг авто тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгын ABS бүхий тоормосны системтэй.Тоног төхөөрөмжөөр шалгахад 1 болон 2-р тэнхлэгийн тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангаж байна. Toyota Sai маркийн ************* улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2024 онд импортоор орж ирсэн бөгөөд 2024 онд техникийн хяналтын үзлэгт орсон ба тэнцсэн байна.Үзлэгийн хугацаа нь 2025.10.30 нд дуусахаар байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 43-45 дахь тал),
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад ****** 2025 оны 09 дугаар сарын 25-ны өдрийн 1315 дугаартай магадлагаа “..хохирогч ************* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Жолооч ************* Монгол Улсын Замын хөдөлгөөний 1.3-т Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, "16.1-т Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэх заалтуудыг тус тус зөрчсөн нь осол гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзэх үндэслэлтэй байна....” (хавтаст хэргийн 43 дахь тал),
2025 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 06-14 дэх тал),
********* машины жолооч хүн мөргөсөн гэх дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 05 дахь тал),
Иргэний нэхэмжлэгчээр ************ тогтоосон мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 23 дахь тал)
Эрүүл мэндийн даатгалаар 299,432 төгрөгийн хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл (хавтаст хэргийн 24 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлуулсан дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болох Шүүх шинжилгээний байгууллагын шинжээчийн хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр гэмтэл учруулснаар үндсэн шинж хангагдана.
Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгох”-оор, 65 дугаар зүйлийн 65.1-д “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиргааны хэм хэмжээний актыг бүртгэхдээ энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх”-ээр тус тус заажээ.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Дүрэм батлах тухай 239 дүгээр тогтоолоор Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг баталж, эрх зүйн системийн нэгдсэн санд бүртгэгдэж, хүчин төгөлдөр бөгөөд замын хөдөлгөөнд оролцогч нь энэхүү дүрмийг сахин биелүүлэх үүрэг хүлээсэн.
Шүүгдэгч *********** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний 1.3-т Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, "16.1-т Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэх заалтуудыг зөрчсөн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1315 дугаартай мөрдөгчийн магадалгаагаар (хавтаст хэргийн 43 дахь тал) тогтоогджээ.
Дээрх зөрчлийн улмаас зам тээврийн осол гарч, хохирогч *************** эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн №ЕГ0725/9316 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэж шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар “...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.
Хохирогч ************ нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримт шүүхэд ирүүлээгүй, сэтгэцэд учирсан хохирлын зэрэг тогтоолгохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тухай хүсэлт гаргасан (хавтаст хэргийн 57 дахь тал) байх ба шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч “...хохирогч ************ 4 сая төгрөг шилжүүлсэн ...” гэж, хохирогч *********** ”...4 сая төгрөг хүлээн авсан...” гэж тус тус мэдүүлсэн.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн №ЕГ0725/9316 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Нэг шүдний булгаралт нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна...” гэж дүгнэсэн тул хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийн зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч ************ нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасан.
Хохирогч ************* эрүүл мэндэд учирсан хүнд хохирлын улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас 299,432 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал гарсан (хавтаст хэргийн 24 дэх тал) байх тул шүүгдэгч ************* гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгох нь зүйтэй.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч *************** гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч ***************“...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах...”, хохирогч “...ял хүндрүүлэх талаар тусгайлсан саналгүй...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүхээс шүүгдэгчид оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, ингэхдээ эрүүгийн хариуцлагын нийтлэг зорилгыг хангах, түүнчлэн гэмт үйлдлийн шинж чанар болон ял шийтгэлийн хэр хэмжээ хоорондын харьцаагаар зүй зохистой нийцсэн байх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн хүнд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1-3 жил хүртэл хугацаагаар хасаж, торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялаас аль нэгийг сонгон оногдуулахаар хуульчилсан.
Шүүгдэгч ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр төлж барагдуулсан хохирогч гомдол саналгүй гэх байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, хяналт тавихыг ************ аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************ оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***** овогт ********************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************ тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 2700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************* оногдуулсан 2700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************* нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *************** тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар хохирогч ***************** эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардалд зарцуулсан 299,432 төгрөгийг шүүгдэгч ****************** гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.
7. Шүүгдэгчээс хохирогч ************** 4 (дөрөв) сая төгрөг төлснийг дурдаж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал бусад хохирол, хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
10. Шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ