Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2021/ДШМ/823

 

Т.Б-д холбогдох эрүүгийн

                хэргийн тухай              

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Ц.Оч, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Отгончимэг,

шүүгдэгч Т.Б-ы өмгөөлөгч Ч.Отгонбаатар,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүгч Г.Ганбаатар, Б.Дашдондов нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 746 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Т.Б-ы гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2108004960414 дугаартай хэргийг 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Б-ы илтгэснээр хянан хэлэлцэв.

            Т.Б, 1958 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 63 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 2, эхийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй,

            - Ардын армийн тусгай шүүхийн 1980 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 102 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 174 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар, 198 дугаар зүйлийн А-д зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 30 дугаар зүйлд зааснаар оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоосон ба 1981 оны 3 дугаар сарын 17-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

            Т.Б- нь 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, ***  тоотод өөрийн төрсөн ах Б.Б-ийн хэвлийн баруун, зүүн хэсэгт 2 удаа хутгалж “хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, хэвлийн хөндий дэх шингэн хуралдалт, нарийн гэдэсний зүсэгдсэн шарх, бүдүүн гэдэсний уруудах хэсгийн бүрэн тасрал, гэдэсний зүүн талын артери болон венийн судасны тасрал” бүхий гэмтэл учруулж алсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Т.Б-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.                       

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт зааснаар 8 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан болон цагдан хоригдсон нийт 102 хоногийг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бөгөөд шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт нэрлэн заасан эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлж, мөн зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар 1 ширхэг компакт дискийг эрүүгийн хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Т.Б- гаргасан давж заалдах гомдолдоо: “...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. 1995 онд өрөөсөн бөөрөө авахуулсан. Өрөөсөн нүд юм хардаггүй. Одоо 63 настай, группд байдаг. Ахыгаа хутгалж гэмтээснийхээ дараа түргэн тусламж, цагдаа яаралтай дуудсан. Олон удаа наркозтой хагалгаанд орсны улмаас ууж согтуурах үед ухаан самуурдаг эмгэгтэй болсон. Энэ үедээ дээрх үйлдлийг гаргасандаа гэмшиж байна. Би ахынхаа амь насыг санаатайгаар хохироогоогүй. Тухайн үед үүссэн нөхцөл байдлаас болж түүнийг санаандгүй хутгалж хүнд гэмтээсэн. Ингээд тэр өдрөө ах маань мэс заслаа даалгүй нас барсан. Иймээс хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн хорих ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна. Мөн миний урьд цагдан хоригдсон 102 хоногийг эдлэх ялаас хасаж тооцож өгнө үү. ...” гэжээ.

            Шүүгдэгч Т.Б-ы өмгөөлөгч Ч.Отгонбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн гол судас тасарсан тул амь аврагдах боломжгүй болсон. Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Учирсан хохирлыг төлсөн. Эрүүл мэндийн хувьд группд байдаг, нэг бөөрөө авахуулсан. Мөн харааны бэрхшээлтэй. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглэн хорих ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсье. ...” гэв.

            Прокурор Ж.Отгончимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хэргийн зүйлчлэл тохирсон, анхан шатны шүүхээс оногдуулсан ял шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон гэж үзэж байна. Амь хохирогч, шүүгдэгч нар нь гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс учир хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн. Гэвч энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй. Иймд давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

            ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

                Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

            - амь хохирогч Б.Б-, шүүгдэгч Т.Б- нарын хувийн байдал, тухайн өдөр болсон үйл явдал болон түүний дараах нөхцөл байдлын талаар мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.З-ын “..манай эхнэр Ууганцэцэг над руу өдөр 15 цагийн орчим залгаад “Аавын бие нь муу байна, Б- ахад хутгалуулчихлаа” гэж хэлэхээр нь сандраад шууд гэртээ ирсэн. ... Намайг гэртээ ирэхэд Б- байгаагүй ба аав Б- манай гэрт ороод ирчихсэн бие нь их тааруу, орон дээр хэвтэж байх шиг байсан. Ямар ч байсан эмч нь бүсэлхийгээр нь бинтээр ороож байсан. Би эхнэр, 2 хүүхдийнхээ хамт тус тоотод оршин суудаг ба аав Б- манай хашаанд тусдаа гэрт ганцаараа амьдардаг. Би удалгүй араас нь гэмтлийн эмнэлэг дээр очиход аав шууд хагалгаанд орсон байсан. Эмчээс асуухад бие нь их муу байна гэж хэлж байсан. Удалгүй хагалгааны явцад зүрх нь дийлээгүй нас барчихлаа гэж хэлсэн. ...” /1хх 51-52/,

                - гэрч Т.Ба-ын: “...өдөр 15 цаг 43 минутад манай том эгч Бат-н хүү Бо над руу залгаад “Б- ахын бие нь муу эмнэлэг явсан” гэж хэлсэн. Гэмтлийн эмнэлэг дээр очиход талийгаачийн хүүгийнх нь эхнэр байсан. Би юу болсон талаар асуутал “Манай хоёр цэргийн баяр тэмдэглэсэн юм уу, яасан юм сайн мэдэхгүй байна, ах Б-д хутгалуулчихаа гээд ороод ирсэн” гэж хэлсэн. ...” /1хх 54/,

            - гэрч Т.Б-н: “...үдээс хойш 16 цагийн үед бэр Ууганаа над руу залгаад “Аавын бие муудаад байна” гэж хэлэхээр нь би “Одоо яах вэ дээ, түргэн дууд” гэж хэлсэн. Гэтэл дахиж яриад “Түргэн ирээд гэмтэл аваад явна, ах дүү нарыг нь дууд гэж байна, цагдаа мэдүүлэг авна гэж байна” гэсэн. Гэмтлийн эмнэлэгт яваад очиход хагалгаанд орсон гэж байсан. ... Эмч “Бид нар хагалгаа хийж, авах шаардлагатай бүх арга хэмжээг авлаа, дотуур маш их цус алдсан байна, гэдсийг нь залгаж оёсон, зүрхний үйл ажиллагаа зогссон” гэж хэлсэн. Гэхдээ зүрхэнд нь массаж хийж, аманд нь амьсгалын аппарат залгасан байсан, ямар ч хөдөлгөөн байхгүй, хөлийг нь барьж үзэхэд хөл нь хөрж байсан учир эмч аппаратыг нь салгаж, найдваргүй гэж хэлээд хагалгааны үеийн зураг харуулсан. Зургийг үзэхэд хэвлийн зүүн хэсэгт том шархтай, шархнаас гэдэс нь бултайж гарсан, хэвлийн баруун хэсэгт зүсэгдсэн шархтай харагдсан. Хэвлийг нээхэд дотуур цус алдсан байсан гээд 500 мл савлагаатай цус гурвыг хийсэн харагдсан, эмч бидэнд дотуур цус их алдсан байсан гэж хэлсэн. Ах У-г гэртээ байхад нь хутгалуулсан, гэрт нь ороод “Б- намайг хутгалчихлаа” гэж хэлсэн байна лээ ...” /1хх 58/,

            - гэрч Ж.У-н: “...гэртээ байж байхад өглөө нь хадам аавын дүү болох Б- гартаа сүү барьчихсан түүн дээр ирж байсан. Б- тухайн өдөр ахындаа хоносон. Маргааш өглөө Б- ах хадам аавын гэрээс гараад явж байсан. Яг хэдэн цагийн үед гарч явсныг нь санахгүй байна. Гэрээс нь гарч явахдаа эрүүл байсан. Харин 11 цагийн үед Б- ах буцаад орж ирсэн. Ирэхдээ согтуу орж ирсэн. Өдөр 14 цаг өнгөрч байхад манай хадам аав Б- гэрт орж ирээд “Аав нь хутгалуулчихлаа, түргэн дуудаарай” гэсэн. Хадам аавын гэдэснээс нь цус гараад тогтохгүй байхаар нь би орон дээр хэвтүүлээд гэр лүү нь орж эм авах гээд гарсан чинь Б- ах хашаанаас гарах гээд явж байсан. Би аавын гэр лүү ороод өвчин намдаах эм аваад аавд аваачиж өгсөн. Тэгээд нөхөр З луу залгаад “Аав хутгалуулчихсан байна” гэж хэлсэн. Удалгүй гаднаас цагдаа, араас нь түргэн ирээд аав бид хоёрыг аваад гэмтлийн эмнэлэг явсан. Гэмтэл дээр очоод аавыг яаралтай тусламж руу нь оруулсан. ...” /1хх 64/,

            - гэрч Т.Батж-: “...16 цагийн үед манай эгч Бат над руу залгаад “Б- ахыг Б- хутгалчихсан байна, гэмтлийн эмнэлэг дээр хагалгаанд орох гэж байна” гэж хэлсэн. 19 цагийн үед гэмтлийн эмнэлэг рүү явж байхад эгч залгаад “Ах нь нас барчихлаа” гэсэн. Гэмтлийн эмчтэй нь уулзахад “Хэвлийн 2 талдаа зүсэгдсэн шархтай, дотуур цус алдсан” гэж хэлсэн ...” /1хх 67-68/,

            - гэрч Г.Г-: “...14 цагийн үед Баянхошууны тойрогт байрлах 24 цагийн эмийн санд байж байтал гаднаас буурал үстэй 60 орчим насны согтуу ах орж ирээд “Чи надад цагдаа, түргэн дуудаад өг” гэж зандрангуй хэлэхээр нь би “Ямар асуудлаар цагдаа түргэн дуудах юм” гэхэд “Ах нь төрсөн ахыгаа хутгалчихлаа” гэж хэлсэн. Би өөрийнхөө 910966** гэсэн дугаараас 102 руу залгаад “Өөрийгөө Б- гэж хэлсэн хүн төрсөн ахыгаа хутгалчихлаа гээд манай эмийн санд орж ирсэн байна” гэж дуудлага өгсөн. Дараа нь 103-т дуудлага өгсөн чинь “Манайд дуудлага ирсэн байна” гэсэн. Энэ талаар тэр ахад хэлэхэд “Манай бэр охин өгсөн юм байлгүй” гэж хэлээд гараад явсан. ...” /1хх 70/ гэсэн мэдүүлгүүд,

                - тухайн өдөр амь хохирогч Б.Б-тэй маргалдаж, улмаар түүний биед халдах болсон шалтгаан нөхцөлийн талаар мэдүүлсэн шүүгдэгч Т.Б-ы өгсөн “...би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Холбогдсон хэргийнхээ гэм буруу дээр маргах зүйл байхгүй. Бид хамт архи ууснаас болж маргалдсан. Талийгаач надад картаа өгөөд архинд явуулсан. Дэлгүүрт ортол үлдэгдэл хүрэлцэхгүй байсан. Тэгэхээр нь талийгаачид хэлэхэд надад уурлаад бид муудалцсан. ...” /1хх 181-182, 245/ гэсэн мэдүүлэг,

            - хэргийн газарт, цогцосны гадна байдалд болон өмссөн хувцсанд 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 7-13, 14-17, 21-24/,

            - хэргийн газарт үзлэг хийх явцад бэхжүүлж авсан дүрс бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 35-36/,

             - амь хохирогч Б.Б-ийн цогцост задлан шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 568 дугаартай “...Талийгаачийн цогцост хэвлийн баруун, зүүн хэсэгт хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, хэвлийн хөндий дэх шингэн хуралдалт /3,500 мл/, нарийн гэдэсний зүсэгдсэн шарх, бүдүүн гэдэсний уруудах хэсгийн бүрэн тасрал, гэдэсний зүүн талын артери болон вений судасны тасрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач цус алдалтын шоконд орж нас баржээ. Талийгаач нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ. ...” гэсэн дүгнэлт /1хх 82-90/,

                - уг дүгнэлттэй холбогдуулан тайлбар хийсэн шинжээч Б.Даваасүрэнгийн “...Талийгаач дээрх гэмтлүүдийн улмаас артери, венийн судас тасарч цус их алдсан учир цус алдалтын шоконд орж нас барсан байна. Тэгэхээр эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн боловч дээрх хүнд гэмтлүүдийн улмаас түүний амь насыг аврах боломж бага байсан. ...” /1хх 71-72/ гэсэн мэдүүлэг,

            -  хэргийн газрын үзлэгээр хураан авсан хутган дээрх цусны ДНХ тогтоцыг шинжлэн судалсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 1689 дугаартай дүгнэлт /1хх 125/ зэргийг харьцуулан шинжлэн судлахад,

                Т.Б- нь 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 14 цагийн үед, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, ***  тоотод өөрийн төрсөн ах Б.Б-ийн хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа түүний хэвлийн баруун, зүүн хэсэгт 2 удаа хутгалж “хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, хэвлийн хөндий дэх шингэн хуралдалт, нарийн гэдэсний зүсэгдсэн шарх, бүдүүн гэдэсний уруудах хэсгийн бүрэн тасрал, гэдэсний зүүн талын артери болон венийн судасны тасрал” бүхий гэмтэл учруулсны улмаас Б.Б- нь мөн өдрөө эмнэлэгт хүргэгдэн эмчлэгдэж байгаад нас барсан буюу хүнийг санаатай алсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

                Харин энэхүү үйл баримтаас өмнө болоод нас барах хүртлээ Б.Б- нь бусадтай маргалдсан, зодуулсан, өөр бусад хүчин зүйлийн нөлөөллөөр биедээ дээрх гэмтлийг авсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо ноцтой зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба эдгээрийг үндэслэн анхан шатны шүүх шүүгдэгч Т.Б-ы гэм буруутай үйлдлийг бодитой тогтоож, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэж хэргийн зүйлчлэлийн талаар маргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбар, болгоомжгүйгээр хүний амь насыг хохироосон гэх иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтэд тус тус үндэслэл бүхий няцаалт хийжээ.

            Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэгт заасан “Хүний амьд явах эрхийн эсрэг” гэмт хэргүүдийн хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт этгээдийн гэм буруугийн хэлбэр, хор уршигт хүргэсэн шалтгаант холбоо зэрэг нь тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлох гол хүчин зүйлс болдог.

            “Хүнийг санаатай алах гэмт хэрэг” нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байна.

            Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт гэмт этгээдийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байгаа эсэх, түүний улмаас үр дагавар үүссэн эсэх нөхцөлийг зайлшгүй шаарддаг.

            “Хүнийг санаатай алах”, “Хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах” гэмт хэргийг хооронд нь харьцуулж, ялган зүйлчлэхдээ гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилго, мөн хохирогч уг гэмтлийн улмаас үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл үүсч нас барсан зэрэг нөхцөлүүдийг нарийвчлан тогтоож дүгнэлт өгсний эцэст хэргийн зүйлчлэлийг тогтоох учиртай.

            Амь хохирогч Б.Б-ийн цогцост задлан шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 568 дугаартай дүгнэлтээр “...талийгаачийн цогцост хэвлийн баруун, зүүн хэсэгт хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, хэвлийн хөндий дэх шингэн хуралдалт /3,500 мл/, нарийн гэдэсний зүсэгдсэн шарх, бүдүүн гэдэсний уруудах хэсгийн бүрэн тасрал, гэдэсний зүүн талын артери болон вений судасны тасрал гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд талийгаач цус алдалтын шоконд орж нас барсан...” болохыг тогтоосон ба уг дүгнэлттэй холбогдуулан шинжээч Б.Даваасүрэнгээс “...талийгаач дээрх гэмтлүүдийн улмаас артери, венийн судас тасарч цус их алдсан учир цус алдалтын шоконд орж нас барсан байна. Тэгэхээр эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн боловч дээрх хүнд гэмтлүүдийн улмаас түүний амь насыг аврах боломж бага байсан. ...” хэмээн мэдүүлжээ.

            Түүнчлэн амь хохирогч Б.Б- нь 2021 ны 3 дугаар сарын 19-ний өдөр бусдад хутгалуулсны улмаас гэмтэл авч, мөн өдрөө Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн тус эмнэлэгт 17 цаг 15 минутаас 19 цаг 20 минут хүртэл хугацаанд мэс ажилбарт орж, эрчимт эмчилгээ болон сэхээн амьдруулах арга хэмжээ авсан боловч сайжрал өгөхгүй байсаар цус алдалтын шоконд орж 2021 оны 3 дугаар сарын 20-нд шилжих шөнийн 03 цаг 33 минутад нас барсан талаар эмнэлгийн бичиг баримт, өвчний түүхэнд тусгагдсан байна.

            Дээрх байдлаас дүгнэхэд, амь хохирогч Б.Б-ийг үхэлд хүргэсэн гэмтэл нь шүүгдэгч Т.Б-ы хэвлийн баруун, зүүн хэсэгт 2 удаа хутгалсан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх бөгөөд уг гэмтлийн улмаас амь хохирогч цус алдалтын шоконд орж нас баржээ.

            Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Б-ыг хүнийг алах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд 8-12 жил хүртэл хорих ял шийтгэхээр зохицуулсан бөгөөд шүүхээс Т.Б-ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол санал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан ялын доод хэмжээнд 8 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд гэж үзлээ.

            Шүүгдэгч Т.Б- нь давж заалдсан гомдолдоо: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан хорих ялыг хөнгөрүүлж өгөхийг...” хүссэн ба ингэхдээ өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон эрүүл мэндийн шалтгаан нөхцөлүүдийг иш татсан байна.

            Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

            Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

            Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх юм.

            Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэгт зааснаар 8 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх шаардлагагүй, Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод оногдуулсан ялын хэмжээ нийцсэн байна гэж дүгнэв.

            Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх ... цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.” гэж заасан байхад шүүгдэгчийн таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан хугацааг ял оногдуулахдаа хэрхэн тооцсон талаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад тусгахдаа “...эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцсугай.” гэж хуульд заагаагүй, ойлгомжгүй үг хэллэгээр бичсэн тул үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн шаардлагад нийцүүлэн зөвтгөж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Б-ы “хэргийн зүйлчлэл, ял хөнгөрүүлэх тухай” гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч Т.Б-ы 2021 оны 3 дугаар сарын 20-ноос 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 181 /зуун наян нэг/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

            Түүнчлэн, шүүгдэгч Т.Б-ы үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталж, мөн оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс дагаж мөрдөж буй “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан өршөөлд хамааруулахгүй гэмт хэргийн төрөлд багтаж байгаа болохыг дурдав.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 746 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцсугай. ...” гэснийг “...эдлэх ялд оруулан тооцсугай.” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг тус тус хэвээр үлдээсүгэй.

            2.  Шүүгдэгч Т.Б-ы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ы 2021 оны 3 дугаар сарын 20-ноос 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 181 /зуун наян нэг/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

            4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧ                                                           Ц.ОЧ

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН