Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
Хэргийн индекс | 128/2020/0479/З |
Дугаар | 128/ШШ2023/0338 |
Огноо | 2023-04-06 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 128/ШШ2023/0338
2023 04 06 128/ШШ2023/0338
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Бгийн Б /РД:/,
Хариуцагч: Н, Х******* хоорондын тэтгэвэр тогтоолт, түүний зөрүүг нөхөн олгохтой холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, Ч.*******, хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, М.Г, хариуцагч Х******* итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М*******, А.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Б “Миний тэтгэврийг дахин өөрчлөн тогтоохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, тэтгэврийг дахин өөрчлөн тогтоохыг Нт даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд анх 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр гаргасан.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 9417 дугаар захирамжаар хамтран хариуцагчаар Хсийг татсан бөгөөд нэхэмжлэгч нь “Б.Б миний тэтгэврийг өөрчлөн тогтоохоос татгалзсан Нийслэлийн Х******* 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 77 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Х******* 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 77 дугаар шийдвэрээр Б.Б миний тэтгэврийг дахин өөрчлөн тогтоохоос татгалзсан Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирол болох дутуу олгогдсон 101,109,544 төгрөгийн хохирлыг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байсан бол,
3. Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч Б.Б нь “тэтгэврийг хуульд нийцүүлэн өөрчлөн тогтоохгүй байгаа хариуцагчийн татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, хуульд нийцүүлэн өөрчлөн тогтоохыг Н, Хэст даалгах. Энэ хугацаанд учирсан хохирлын хүрээнд дутуу олгогдсон тэтгэвэр 103,200,639 төгрөгийг хариуцагч нараар нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэл гарган маргаж байна.
4. Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “Миний бие нь 1997 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар-Дундговь-Улаанбаатар гэсэн чиглэлд нисгэгчийн ажил үүргээ гүйцэж байх явцдаа онгоцны сүйрэлд орж, нуруу нугасны хүнд гэмтэл авсан. 1997 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Үйлдвэрлэлд гарсан ослын актын 14-т зааснаар үйлдвэрлэлийн осол болох нь тогтоогдсон. Энэхүү ослын улмаас миний бие хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдсан. Осол болох үед хамт нисэж явсан онгоцны дарга Ц.Б*******ийн тухай “Eagle” телевизийн бэлтгэх нэвтрүүлэгт ярилцлага өгөөч гэж анх санал тавьсны дагуу Б.Б миний тэтгэвэр, тэтгэмжийг буруу хууль ашиглан тогтоосон болохыг Монгол Улсын дээд шүүхийн 2019 оны 01 дүгээр арын 21-ний өдрийн 0009 дугаар тогтоолоос мэдэн, өөрийн харьяа дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст очин шалгуулахад мөн адил миний тэтгэврийг буруу хууль ашиглан бодож байсныг ойлгосон. 1997 онд тэтгэвэр тогтоохдоо буруу хууль хэрэглэн анх 36,997 төгрөгөөр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т зааснаар 5 жилийн дундаж цалингаар тооцож, тэтгэврийг минь бодож, намайг хохироосон байна. Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа актад “хөдөлмөрийн чадвар алдсан шалтгаан” гэдэгт “Үйлдвэрлэлийн осол” гэж тодорхойлогддог бөгөөд Б.Б миний бие нь ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа энэхүү осолд өртөж, цэл залуугаараа бие эрхтэн, сэтгэл санаагаараа хохирсон. Үйлдвэрлэлийн ослын улмаас олгогдох тэтгэвэр тэтгэмжийг Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж төлбөрийн тухай нарийвчилсан хуулиар зохицуулах журамтай бөгөөд тус хуулиар иргэн надад тэтгэвэр тогтоогдох ёстой. Дээрх агуулгаар Хэст хандахад Б.Б надад ямар нэгэн хариу өгөлгүйгээр эс үйлдэхүй гаргасан ба энэхүү эс үйлдэхүйд Нт гомдол гаргахад 2020 оны 05 дугаар 21-ний өдрийн 6/47 дугаар албан бичгээр анх тэтгэвэр тогтоосон аргачлал зөв тул гомдлыг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг өгсний дагуу Б.Б миний бие шүүхэд хандсан. Анх шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа “тэтгэврийг өөрчлөн тогтоохгүй байгаа Н, Х******* эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, даалгах” шаардлага гаргасан ч хариуцагч Хсээс тэтгэврийг өөрчлөн тогтоохгүй байгаа татгалзлаа зөвтгөсөн агуулгаар Х******* 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 77 дугаар шийдвэрийг гаргасан нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх үндэслэл болсон. Хэс 2021 оны 02 дугаар сарын 10-ы өдрийн 77 дугаар шийдвэрээрээ Б.Б миний тэтгэврийг тогтоохдоо хэрэглэсэн хууль болон бодсон аргачлалыг зөвтгөснөөрөө Б.Б миний тэтгэвэр буруу бодогдож, авах ёстой тэтгэврээсээ бага тэтгэвэр авсан хууль бус үр дагаврыг зөвтгөсөн нь Б.Б миний эрх ашгийг хохироож байна. Энэхүү шийдвэрт Б.Б миний бие Нт гомдол гаргахад 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 6/8 дугаар албан бичгээр хариу өгөхдөө Х******* 77 тоот албан бичгээр өгсөн хариу нь үндэслэлтэй гэж мэдэгдсэн.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасныг баримтлан надад 1997 оноос 2020 он хүртэл ердөө 90,950,962 төгрөгийг олгосон байна. 1997 онд тэтгэврийг тогтоохдоо Б.Бийн 1 дүгээр сараас 5 дугаар сарын цалингийн дунджаар тэтгэвэр тогтоох ёстой байсан буюу 93,870 төгрөгөөр тогтоох байсан.
Иймд Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн нарийвчилсан зохицуулалтын дагуу олговол зохих тэтгэвэр, инфляцын түвшнээс үүссэн алдагдал 42,523,144 төгрөг, нийт 101,109,544 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.Б нь 1997 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэн Улаанбаатараас Дундговийн чиглэлд нислэг үйлдэж байхдаа эргүүлэгт орж осолдсон бөгөөд үйлдвэрлэлийн ослын акт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 гэж хариуцагч тайлбарлаж, 5 жилийн дунджаар тогтоосон байдаг. Нэхэмжлэгчийн хувьд хууль мэдэхгүй боловч 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хариуцагчийн тайлбарт Үйлдвэрлэлийн ослын харилцааг зохицуулсан хуулийн 20 дугаар зүйлд бусад харилцааг гэхээр 5 сарын дунджаар тооцох, 5 жилийн дунджаар тооцох гэдэг нь маш ялгаатай юм. Үйлдвэрлэлийн ослын хувьд 5 сарын дунджаар гэж зохицуулсан нь ажил үүргээ гүйцэтгэж яваад өөрийн хамгийн үнэтэй зүйл буюу эрүүл мэндээ алдсан хүмүүс байхад 93,870 төгрөг байхыг 36,000 тогтоосон байдаг. Тухайн үед ажиллаж байсан нийгмийн даатгалын байцаагч нарын хийсэн зүйл, уучлал гуйх ёстой байхад хариуцагчийн зүгээс үүнийгээ хүлээн зөвшөөрдөггүй.
Миний бие тухайн үед нэхэмжлэгчтэй хамтран нисгэгч байсан. Сүүлд хуулийн сургуульд сурч, миний эрх зөрчигдсөн талаар олж мэдээд шүүхэд нэхэмжлэл гаргаж хэрэг маргаанаа шийдвэрлүүлсэн. Миний хэрэг маргаан дээр 5 сарын дундажтай холбоотой Дээд шүүхийн тогтоол байгаа. Хариуцсан дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст гомдлоо гаргахаар бид мэдэхгүй гэсэн хариу өгдөг” гэв.
6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.Бийн 1997 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж яваад үйлдвэрлэлийн осолд өртсөн үйл баримт дээр маргаан байхгүй гэж үзэж байна. 1997 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Үйлдвэрлэлийн ослын актын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээний талаар магадлах комиссоор орж 100 хувь алдагдсан гэсэн. Одоо 90 хувь болсон.
Нийгмийн даатгалын хууль тогтоомжийн дагуу нийгмийн даатгалын сангаас хуульд заасан журмын дагуу авбал зохих тэтгэврийг авах эрхийг хариуцагч байгууллагын хууль бус үйл ажиллагаа зөрчөөд байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4, 106.3.7-д зааснаар зөрчигдсөн эрхээ хууль ёсны дагуу захиргааны байгууллагаас хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхийг шаардах эрхтэй. Нийгмийн даатгалын тухай хууль болон Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын тухай хууль, Тэтгэвэр тэтгэмж авах тухай хуулийн 5, 6 дугаар зүйлд зааснаар даатгуулагч этгээдийн хувьд нийгмийн даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэврийг авах эрхийг хариуцагч байгууллагын хууль бус ажиллагаа зөрчсөн гэж үзэж байгаа. Тодруулбал, хариуцагч байгууллага тэтгэврийн тооцооллыг хийхдээ тухайн харилцааг тусгайлан зохицуулсан хууль тогтоомжийг удирдлага болголгүй ерөнхий зохицуулалтыг удирдлага болгосон. Тэр дундаа Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т зааснаар 5 жилийн дундаж цалингаар тооцож олгосон байдаг. Нийгмийн даатгалын харилцаа нь даатгуулагчаас нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтөд үндэслэх харилцаа, шимтгэл төлөлтөөс үл хамаараад хуулиараа тэтгэвэр авах харилцаа гэх тусдаа харилцаа байхад хариуцагчийн зүгээс үйлдвэрлэлийн ослоос тахир дутуугийн тэтгэмж авах эрх нь өөрөө нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр нээгдэх эрх мэтээр хуулийг буруу тайлбарлаж, хуулийг буруу хэрэглэж, үнэлж дүгнэснээс болоод тахир дутуугийн тэтгэвэр авах эрхийн тухай зохицуулалт буюу тахир дутуугийн тэтгэврийн хэмжээг хуульд заасан журмын дагуу олгох хэмжээнээс илтэд багаар буруу тооцож олгосоор ирсэн байна.
Нэгдүгээрт, санхүүгийн мэдлэг, хоёрдугаарт хууль зүйн мэдлэг, гуравдугаарт санхүү тооцооны мэдлэг шаардлагатай байсан учир нэхэмжлэгч ямар нэгэн арга хэмжээг авч чадаагүй өвчинд нэрвэгдсэн байсан. Энэ хугацаанд хамтран нисгэгч буюу захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцож байгаа Ц.Б******* тухайн хуулийн тодорхой мэдээлэл авч ухамсарлан авсан, нэг цаг үйлд хариуцагч байгууллага иргэн Ц.Б*******ийн эрхээ хамгаалахаар шүүхэд хандан 3 шатны шүүхээр явсан маргааны үндсэн дээр Б.Б нэхэмжлэгч тодорхой мэдээлэл авч ухамсарлан ойлгосны үндсэн дээр шүүхээс тогтоогдсон үйл баримт дээр тухайн харилцаатай адилтгахуйц харилцаанаас улбаалан хариуцагч байгууллагад удаа дараа хандсан байдаг. Гэтэл хариуцагч байгууллага өмнө Ц.Б*******ийн маргаан дээр хууль бус болох нь тогтоогдсон хариугаа яг адил агуулгаар өгөөд байгаа юм. Эрх ашгаа сэргээлгэж зөрүү тэтгэврээ авах хүсэлтийг хангахгүй татгалзсан хариу өгөхдөө хууль зөрчсөн байна. Энэ харилцааг зохицуулсан буюу Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин, тахир дутуугийн тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан зохицуулалт нь хууль зүйн үндэслэлийн хувьд иргэний хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрлөх аятай таатай нөхцөлөөр хангуулах эрхтэй шууд холбогдоно.
Иргэн хүн хуульд заасан журмын дагуу хөдөлмөрийн харилцаанд ороод нийгмийн даатгалын санд ажлынхаа эхний өдөр нийгмийн даатгалын санд нэг төгрөг ч төлөөгүй буюу сая яригдаад байгаа 80 гаруй сар нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авах эрх нь үүсээгүй байсан ч ажил хөдөлмөрөө хуульд заасан журмын дагуу эрхэлж яваад эхний өдрөө осолд өртөхөд тахир дутуугийн тэтгэмж авах нь хөдөлмөрийн харилцааны баталгаа болж өгсөн хуулийн зохицуулалт байдаг. Өмнөх шүүх дээр гаргасан хариу тайлбараа энэ шүүх хуралд давхардуулан өгч байгаа нь энэ нөхцөл байдлыг дүгнэхгүй байдлаар өгч байгаа хариу биш санаатайгаар энэ нөхцөл байдлыг үгүйсгэн хандаж байгаад гомдолтой байна. Хариуцагч талаас тооцооллын хувьд маргаж байгаа. Гол үндэслэл нь та бүхний шаардаад байгаа хувь хэмжээг тэтгэврийн хувь хэмжээг тооцох журам нарийвчилсан зохицуулалтгүй гэсэн байдлаар буюу нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байдлаар тайлбарлаад байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхээс нотлох баримтыг дахин үнэлэхгүй гэсэн заалтын үндсэн дээр дундаж сарын буюу сүүлийн 5 сарын дундаж цалингаар тооцох хуулийн зохицуулалтыг хэрэглэж шийдвэрлэсэн байгаа. Хариуцагч талаас энэхүү харилцааг зохицуулсан захиргааны хэм хэмжээний акт, тусгайлсан журам байхгүй тул бид ерөнхий хуулиа барьж тайлбарлаж байгаа гэдэг. Энэ тайлбарлаж байгаа тайлбар нь буруу юм. Талууд энэ талаар маргасаар байгаа. Маргааны зүйлийг тодруулах үүднээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хариуг ирүүлсэн байдаг. Төрийн нарийн бичгийн даргын шүүхэд хаяглан ирүүлсэн албан бичигт энэ асуудал нь шүүхийн шинжилгээний журмаар мэргэжлийн этгээдийн дүгнэх асуудал байна. Хяналт шинжилгээний журмаар явна гэсэн агуулгатай байсан. Энэ нь бол маш зөв хариулт гэж бид үзэж байна. Хуулийг хэрэглэх асуудал нь цэц дээр биш хуулийг хэрэглэх байгууллагуудын эрх хэмжээнд хамаарч байгаа учраас гол асуудал нь энэ тооцоолол зөв эсэх байгаа юм. Нэхэмжлэгч талаас тухайн олгогдоогүй тэтгэврийн зөрүүг тухайн үед мөрдөгдөж байсан тэтгэвэр, тэтгэмжийг шинэчлэн тогтоосон Засгийн газрын тогтоол, дүрэм журмыг удирдлага болгон тооцооллыг гаргасан. Тухайн тооцоолол дээр нэмэгдсэн зүйл нь захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас хохирсон хохирлыг нэхэмжилж байгаа тул энэ хугацааны инфляцыг тооцох шаардлагатай болсон. Статистикийн ерөнхий газраас албан ёсоор гаргадаг төгрөгийн ханшийн худалдан авах чадварын цаг хугацааны үед унаж байгаа уналтыг инфляц гэдэг. Нэхэмжлэгчийн хувьд 1997 оноос хойших цаг хугацааны үйл баримт ярьж байгаа тул инфляцыг тооцохгүйгээр бодит бус хохирлын үнийн дүн гарахаар байна. Энэ үед маш их хэмжээний инфляц гарсан нь нэхэмжлэгч нарын хийлгэсэн дүгнэлт болон тухайн эрх бүхий байгууллагын дүгнэлт дээр тулгуурлан бэлдсэн шүүхийн шинжилгээний эдийн засгийн шинжээчийн дүгнэлтээр тодорхой харагддаг. Энэ тооцоолол зөв эсэх маргаан нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээр буюу хариуцагчид хамааралгүй хөндлөнгийн этгээдээр тогтоолгоё гэдэг хүсэлтийн дагуу тогтоогдсон байдаг.
Хариуцагч талаас шүүх хуралдаан явагдаж байх үед эдгээр баримтуудыг ирээд хэрэг сэргээгдсэн, энэ шинжээчийн дүгнэлт үндэслэл бүхий эргэлзээтэй болсон гэж үзсэн бол үндэслэл бүхий алдаа энэ байна, ийм асуудлаар шинжилгээ дутуу хийгдсэн байна гэх зэргээр нөхцөл байдлыг тодруулах боломжтой байсан. Гэтэл ямар нэгэн шалтгаан заахгүйгээр, ямар нэгэн тооцооллын бодитой үндэслэл заахгүйгээр хүсэлт гаргаж байгаа нь няцаах хангалттай түвшний баримтыг гаргаж өгөх боломжоо өөрсдөө эдлэхгүй байгаа нь харагдаж байна.
Мөн олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандарт гэдэг зүйлийг шүүхийн шийдвэрт дурдаагүй хэдий ч энд заавал судлах ёстой баримт бичиг байгаа. Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартаар нягтлан бодох бүргэл явагддаг. Тус стандарт дээр ажилтанд олгох тэтгэмжийг даатгуулагчийн шимтгэл төлснөөр тооцох нэг хэлбэр, түүнээс үл хамааран ослын тохиолдолд шууд олгох нэг хэлбэр гэдэг нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээний хүрээнд нэгэнт тогтоосон байгаа. Тиймээс шинжээчийн дүгнэлт болон бидний маргаад байгаа асуудлаар ямар нэг маргаан байхгүй. Санхүүгийн жилээр аливаа тооцооллын дундаж тооцооллыг хийдэг нь нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт хэм хэмжээнд нийцсэн. Нэг жилийн санхүүгийн жилээр тооцож гаргаж байгаа энэ тооцооллыг өмнөх хугацааны тооцоолол эсвэл бусад олон жилийн дундаж уруу харьцуулж байгаа нь өөрөө хэрэглэх ёсгүй хэм хэмжээ, өөр хэрэглэх ёсгүй ерөнхийлөн зохицуулах ёсгүй харилцааг хэрэглэсэн байна. Энэ тахир дутуугийн тэтгэмж авах тусгайлсан харилцаанд хэрэглэх оролдлогыг хариуцагч тал үндэслэлгүйгээр хийж байгаа нь харагдаж байна. Ийм учраас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдож байна. Шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримтын талаар хариуцагч дахин үгүйсгэсэн тайлбар хийх нь хуулиараа хориотой байгаа. Төрийн алба тухайн байгууллагын талаар дүгнэсэн дүгнэлтийг дагаж мөрдөх ёстой байхад өнөөдөр нэхэмжлэгч Б.Бийн эрх ашгийг ямар нэгэн байдлаар хохироох гэж байгаа мэтээр хөдөлмөрийн чадваргүй, эрүүл мэндийн байдлыг бодитой дүгнэхгүй, шударга бусаар хандаж байна гэж үзэж байна. Ямар нэгэн шинэ тайлбар, шинэ үндэслэл зааж өгсөн бол бид өмнөх хэрэг маргаанаас өөр үйл баримтаар мэтгэлцэх юм байна гэдэг байдлаар хүлээлттэй байж болох байсан. Шинэ үйл баримт байхгүй ийм байдлаар өмнөхтэй ижил хариу өгч байгаа нь хуульд нийцэхгүй байна. Төрийн албаны болон бусад захиргааны хуулиудад нийцэхгүй үйл ажиллагаа гэж үзэж байна. Урьд яригдсан шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт болон уг хэргийн хүрээнд нотлох ажиллагаа өргөн хүрээнд явагдсан, нэхэмжлэлийн шаардлага үндэслэл бүхий баримтаар хангалттай тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
7. Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газраас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.Б нь өөрийн тогтоосон тэтгэврийг буруу хууль хэрэглэн тогтоосон хэмээж байна. Иргэний хувьд Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан сарын дундаж орлогоос тооцон тэтгэвэр тогтоох ёстой хэмээн үзсэн. Гэвч сарын дундаж орлого тооцох журамд Нийтийн талын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтоон олгох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүн, дунджийг тодорхойлоход энэхүү журам хамаарахгүйгээр зохицуулсан байдаг.
Иргэн Б.Бийн тэтгэврийг тогтоохдоо Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1. “даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг үйлдвэрлэлийн осол гэнэ” гэж заасан байх тул иргэний тэтгэвэр Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох тэтгэврийг олгоно гэж заасны дагуу иргэний тэтгэвэр тухайн сангаас гардаг. Харин иргэний тэтгэврийн хэмжээг тогтооход нарийвчилсан хуульд хэрхэн тогтоох талаар тодорхой заагаагүй байх тул уг хуулийн 20 дугаар зүйлд “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр тогтоож олгохтой холбогдсон энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн холбогдох заалтаар зохицуулна” гэж заасныг үндэслэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2. “Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг тогтоохдоо төлсөн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг шимтгэл төлсөн нийт сарын тоонд хувааж бодно” гэж заасныг үндэслэн тогтоосон нь хуулийг буруу хэрэглээгүй болно. Мөн иргэн Б.Б аудитын байгууллагад хүсэлт өгч аудит хийлгэсэн байх бөгөөд иргэн өгсөн хүсэлтдээ тэтгэвэр тооцсон 5 жилийн дунджийг 5 сарын дунджаар тооцуулбал хэрхэх байсан бэ?, инфляцын үр нөлөөлөл ямар байх вэ? гаргаж өгнө үү гэсний дагуу аудит хийсэн тул иргэний нэхэмжилсэн дүнг гаргасан байна. Иргэн 5 сарын хугацааг ямар хууль журамд үндэслэн гаргасан нь тодорхойгүй баримтад хувийн аудитын байгууллага аудит хийж дүгнэлт гаргасан. Уг байгууллага иргэний хүсэлтийн дагуу аудит хийж болох хэдий ч дүгнэлтэд ямар нэгэн эрх зүйн үндэслэл дурдагдаагүй байна. Инфляц буюу үнийн хөөргөдөлд аль нэг төрийн байгууллага хариуцлага хүлээх ёсгүй. Иймд иргэний аудит хийлгэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.
Иргэн Б.Бийг тэтгэврийг тогтоохдоо хуулийг зөв хэрэглэн тогтоосон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.
8. Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.Бийн маргааны гол маргаж байгаа асуудал нь үйлдвэрлэлийн осол мөн нь тогтоогдсон. Үйлдвэрлэлийн ослоос шалтгаалсан тахир дутуугийн тэтгэмж олгосон. 1997 оны 06 дугаар сарын 10-ны өдөр үйлдвэрлэлийн осолд орсноос хойш 26 жил болсон байна. Нийгмийн даатгалын байгууллагын чиг үүрэг нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас өгч байгаа болон тухайн хуулийг баталж байх үед өгсөн чиг үүргийнхээ хүрээнд Нийгмийн даатгалын газар хууль тогтоомжийг хэрэгжүүлээд явдаг. Нийгмийн даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэмжтэй холбоотой хууль тогтоомжийг 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхэлсэн. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар иргэн бүрд хууль тэгш үйлчлэх ёстой. Үйлдвэрлэлийн ослын тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар тахир дутуугийн тэтгэврийг сарын дундаж хөдөлмөрийн хөлс гэж байна. Дундаж хөлс гэхээр 1 ба түүнээс дээш сарын хөлсийг харьцуулсан тоог дундаж гэнэ. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний тухай хуульд зааснаар үйлдвэрлэлийн осол гэж юу болох, үйлдвэрлэлийн ослоос шалтгаалах өвчин гэж юу вэ? ямар хугацаанд байх вэ? ажлын байранд ямар байх талаар олон хуулийн заалттай. Энэ олон заалтад дундаж цалингаас бодно гэж заасан байгаа хэр нь дундаж хугацаа гэж ямар хугацааг хамрах талаар зааж өгөөгүй байна. Тийм цалингаас бодно гэж хуульчилж өгөөгүй. Гэхдээ энэ хуулийн 2 дугаар зүйлд энэ хуульд заагаагүй асуудлыг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар зохицуулна гэж заасан. Тиймээс бид Нийгмийн даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлийг баримтлаад ажиллаж байгаа. Энэ чиглэлийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон эрх бүхий байгууллагаас ч өгсөн чиг үүргийг хэрэгжүүлдэг. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам нь чиг үүргийг өгдөг эрх бүхий байгууллага тул Шүүхийн шинжилгээний тухай хуульд зааснаар эрх бүхий байгууллагын шинжээчийн дүгнэлт, акт гарсан бол шинжээч харьцуулалт хийж байж 2 талаас нь шийдвэрлэх байсан байх. Тиймээс манай байгууллагын зүгээс энэ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Н нь 9 дүүрэг, 21 аймгийн хүрээнд сангаас мөнгө гаргах эрх бүхий байгууллага биш юм. Энэ бол цэвэр Хэст нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж гаргуулж болох эсэх талаар ярилцана. Н нь гуравдагч этгээдээр буюу бодлогын хүрээнд, чиг үүргийнхээ хүрээнд оролцох ёстой гэж үзэж байна. Хэс тэтгэвэр өөрчлөн тогтоох асуудлаар маргаад манайх гуравдагч этгээдээр орсон бол зөв байх байсан. Н буюу манай байгууллагаас ямар ч мөнгө гардаггүй. Сангийн мөнгө манай дээр байршдаггүй. Тиймээс хариуцагчаа буруу татсан байна гэж үзэж байна. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын тухай хуулийн 2 дугаар заалтад энэ хуулиар зохицуулаагүй харилцаа гэж заасан байна. Энэ хуулийн 20 заалтад дундаж цалин гэж яг алийг хэлэх талаар хуульчилж өгөөгүй тул Нийгмийн даатгалын багц хууль гэж явдаг. Эдгээр хуулиуд нь хоорондоо уялдаатай хууль юм. Хэзээ ч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах хууль дангаараа явахгүй. Багц хууль дотроо Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль хамаарч байгаа. Энэ нь 1997 онд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний тухай хуулиараа бүх иргэд тухайн нөхцөл байдалд ямар үйлдвэрлэлийн осолд орсноос хамаарна. Тухайн хүн үйлдвэрлэлийн осолд орсон байна. Тиймээс Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасныг баримтлаад 5 жилийн цалинтай хүнийг 5 жилийн дундаж цалингаар, 10 жилийн цалинтай хүнийг 10 жилийн дунджаар тооцоод явдаг. Энэ иргэний хувьд тухайн үед 5 жилийн дундаж цалин байгаа учир 5 жилийн дундаж цалингаар тооцсон. Төрийн өмчит байгууллагад 10 жил 10 сар ажилласан байна. Хэрэв бид хуулийг буруу хэрэглэж байсан бол 27 жил хуулийг буруу хэрэглэсэн болно. Хууль бус тохиолдолд тэтгэвэр авагч нар, тахир дутуугийн холбооны дарга нар эрх ашгийг хамгаалаад манай байгууллагыг удаа дараа шүүхэд өгөөд, асуудлыг хөнддөг. Гэтэл хэсэг бүлэг хүмүүс нь бидний эрхийг зөрчлөө гээд сан хохироох үйл ажиллагаа үүсгээд байна. Сан гэдэг нь нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийн мөнгө юм. Бидний өгсөн мөнгө нийгмийн даатгалын сангийн дахин хуваарилалтын зарчмаар нийгмийн даатгалын санд орж байгаа. Яг үйлдвэрлэлийн осол, тахир дутуугийн санд гэж хөрөнгө хуваарилсан зүйл байхгүй. Одоо 100 гаруй сая төгрөг нэхэмжилж байна. Энэ мөнгө манай санд байхгүй. Эрх ашгийг нь зөрчөөд байна гэж байна. Энэ тохиолдолд бодлогын түвшинд буюу яамны бодлогын хэрэгжилт, судалгааны газар 5 жилээр бодох зөв үү? 5 сараар бодох уу? эрх бүхий байгууллага нь шийдвэр өгмөөр байна. 2 этгээдийн дунд Н гуравдагч этгээдээр ийм байдалтай сууж байгаадаа гомдолтой байна. Шүүхийн шинжилгээний тухай хуульд эрх бүхий байгууллагын дүгнэлт гарсан бол гэж байгаа. Үнэхээр буруу бодоод хүний ашиг хохироод явж байгааг бид үгүйсгэхгүй. Бид хууль тогтоомжийг хэрэгжүүлдэг газар учир, хууль тогтоомжийн хэрэгжилт, бодлогын чиг үүрэг, чиглэл өгдөг газраас албан ёсоор авах хэрэгтэй” гэв.
9. Хариуцагч Х******* итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1. “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй”. Мөн хуулийн 8 дугаар зүйл. “Тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох шийдвэр”, 8.1. “Даатгуулагчийн өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг үндэслэн даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох тухай шийдвэрийг нийгмийн даатгалын байгууллага гаргана”, нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг мөн хуулийн 32 дугаар зүйлд заасныг баримтлан даатгуулагч Б.Бийн тахир дутуугийн тэтгэврийн эрх үүссэн болно. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйл. “Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг тодорхойлох” журмыг бүх төрлийн тэтгэвэр тогтоолгох сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлогыг тооцоход нийтлэг байдлаар хамааралтай байхаар зохицуулсан байдаг. Энэ зүйлд заасан сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлогыг тэтгэврийн төрөл, хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгаанаар ялгавартай тооцохоор зохицуулаагүй ба даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаанаас нь хамааруулан тухайн төрлийн тэтгэврийг тогтоох сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг энэ хуулийн 22.1 дэх заалт эсхүл 22.2 дахь заалтын аль заалтыг үндэслэн тооцох тухай тодорхой хуульчилсан учир хуулийн хүрээн даатгуулагч Б.Бийн тахир дутуугийн тэтгэврийг үндэслэлтэй тогтоосон.
Нийгмийн даатгалын байгууллага нь энэ хуулийн зүйл, заалтыг баримтлан Б.Бийн тахир дутуугийн тэтгэврийг үнэн зөв тогтоосон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна” гэжээ.
10. Хариуцагч Хан-Уул дүүргийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нийгмийн даатгалын хууль дээр үйлдвэрлэлийн ослыг 5 сараар бодно гэсэн заалт байхгүй. Үйлдвэрлэлийн ослын талаар Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуулийн дагуу бодно гэж 1997 оноос хойш ойлголттой явж байгаа. Н болон Нийгмийн даатгалын хэлтэс өөрчилж өгөхгүй байгаа юм шиг зүйл ярьж байна. Улсын Их Хурлаас баталсан хуулийг мөрдөөд илүү ч үгүй, дутуу ч үгүй олгоод явж байна. Тусдаа инфляц тооцоод олгодог сангийн мөнгө байхгүй. Дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс баталсан хуулийг дагаж мөрдөөд ажиллах үүрэгтэй газар. Дагаж мөрдөж байгаа хуульд 5 сарын дунджаар бодох гэсэн нөхцөл байхгүй. 1997 онд анх Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тэтгэврийг нь тогтоож, Хан-Уул дүүрэгт шилжин ирсэн байдаг. Бид иргэнээс гаргасан хүсэлтийн дагуу тэтгэврийг нь өөрчлөөд явах ямар нэг хуулийн эх үүсвэр байхгүй. Энэ мөнгө нь Х******* эсхүл Нийгмийн даатгалын ерөнхий газрын хөрөнгө биш, даатгуулагчдын мөнгө юм” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч Б.Б нь “МИАТ” ХК-д Ю12 онгоцны нисгэгчээр ажиллаж байсан бөгөөд 1997 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар-Дундговь- Улаанбаатарын чиглэлд ажил үүргээ гүйцэтгэж байх үед түүний жолоодож явсан онгоц сүйрэлд орж, тэрээр нуруу нугасны хүнд гэмтэл авч, хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдсан байна. Уг ослыг 1997 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Үйлдвэрлэлд гарсан ослын акт”-аар үйлдвэрлэлийн осол болохыг тогтоосон баримтууд хэрэгт нотлох баримтаар авагдсан, хэргийн оролцогчид уг үйл баримттай маргаагүй.
3. Ийнхүү нэхэмжлэгч нь үйлдвэрлэлийн осолд орсны улмаас 1997 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон ба эрх бүхий байгууллага /хариуцагч/-аас Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1.“Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос дор дурдсан журмаар бодож тодорхойлно” гэж заасны дагуу “МИАТ” ХК-аас 1997 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ирүүлсэн, 1992 оноос 1997 оны хоорондох 5 жилийн хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос тооцож, түүний тэтгэврийг тогтоожээ.
4. Нэхэмжлэгч нь хожим буюу Улсын дээд шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 09 дүгээр тогтоолоос өөрийнхөө тэтгэврийг буруу хууль ашиглан бодож байсныг ойлгож, энэ байдлыг эс зөвшөөрч харьяа дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс болон Н хандаж татгалзсан хариу авсан нь шүүхэд нэхэмжлэл гаргах нөхцөлийг бий болгосон гэж маргахдаа,
4.1. Х******* 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 77 дугаар албан бичгээр: “...Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 20 дугаар зүйлд “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр тогтоож олгохтой холбогдсон энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн холбогдох хуулиар зохицуулна” гэж заасны дагуу Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дахь заалтад “Даатгуулагч сар бүр шимтгэл төлж байсан бол таван жилийн хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг мөн хугацаанд шимтгэл төлсөн нийт сарын тоонд хуваана” гэж заасан. Дээрх заалтын дагуу дараалсан 5 жилийн цалин хөлсний нийлбэрээс танд тэтгэврийг үнэн зөв тогтоож, олгосон байна. Иймд таны гаргасан хүсэлтийн дагуу өөрчлөн тогтоох эрх зүйн үндэслэлгүй болохыг үүгээр мэдэгдье” гэх,
4.2. Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 6/47 дугаар албан бичгээр: “Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 20 дугаар зүйлд Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр тогтоож олгохтой холбогдсон энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн холбогдох заалтаар зохицуулна” гэж заасны дагуу Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1.1. “Даатгуулагч сар бүр шимтгэл төлж байсан бол таван жилийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг мөн хугацаанд шимтгэл төлсөн нийт сарын тоонд хуваана” гэж заасан. Та 1997 оны 06 дугаар сар хүртэл буюу тэтгэвэр тогтоолгох хүртлээ нийт 10 жил ажиллан, шимтгэл төлсөн байх тул дээрх заалтын дагуу дараалсан 5 жилийн цалин хөлсний нийлбэрээс танд тэтгэврийг үнэн зөв тогтоож олгосон байна. Иймд таны хүсэлтийн дагуу тэтгэврийг өөрчлөн тогтоох эрх зүйн үндэслэлгүй болохыг үүгээр мэдэгдье” гэх.
5. Эдгээр хариунуудыг хариуцагч нараас авч, өөрийнх нь шийдвэрлүүлэхийг хүссэн маргаан бүхий асуудалд хариуцагч захиргааны байгууллагууд хууль бус эс үйлдэхүй гаргаж, захиргааны акт гаргахаас татгалзсан хариу өгсөн гэж үзэж, хариуцагчийн “тэтгэврийг өөрчлөн тогтоохгүй байгаа эс үйлдэхүйг хууль хууль бус болохыг тогтоолгох, дахин өөрчлөн тогтоохыг даалгах, өнгөрсөн хугацаан дахь тэтгэврийн зөрүү төлбөрийг гаргуулах”-аар шаардаж, Тодорхойлох хэсгийн 4-5-д зааснаар нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан.
6. Хариуцагч талаас “Нийгмийн даатгалын тухай хууль, тогтоомжууд нь 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн “нийгмийн даатгалын багц хууль” гэдэг агуулгаар хэрэгжиж эхэлсэн, хууль хүн бүрд тэгш үйлчлэх ёстой, зөвхөн нэхэмжлэгчийн тэтгэврийг буруу тогтоогоод байгаа зүйл байхгүй, бүгд уг хууль, журмын дагуу тэтгэврээ тогтоолгож байгаа, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд заасан дундаж цалингаас бодно гэсэн агуулга нь тодорхой хуульчлагдаагүй, дундаж хугацаа гэж ямар хугацааг хамрах талаар зааж өгөөгүй, гэхдээ энэ талаар дээрх хуулийн 20 дугаар зүйлд энэ хуульд заагаагүй асуудлыг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар зохицуулна гэж заасан, тиймээс бид Нийгмийн даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлийг баримтлаад ажиллаж байна, ийнхүү ажиллах чиглэлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон эрх бүхий байгууллагаас өгсөн, нэхэмжлэгчийн тэтгэврийг үнэн зөв тогтоосон” хэмээн тайлбарлан, нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, мэтгэлцсэн.
7. Нэхэмжлэгч Б.Бийн 1997 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн тэтгэвэр тогтоолтын хуудсанд “тэтгэврийн төрөл нь тахир дутуугийн тэтгэвэр, нийгмийн даатгалын ҮОМШӨ, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь 100%, тэтгэврийн жинхэнэ олгох хэмжээ 36,997 төгрөг” гэсэн байдаг. Уг тэтгэвэр тогтоолтын хуудсыг нэхэмжлэгч иргэн Б.Б нь хуульд нийцсэн эсэх, тэтгэвэр тогтоолтыг зөв бодсон эсэх талаар буюу 1997 оны 09 дүгээр сараас 2022 оны 10 дугаар сар хүртэл 5 жилийн дунджаар тогтоосон тэтгэврийн хэмжээг 5 сарын дунджаар шинэчлэн тогтоож, зөрүүг гарган өгөх тухай хүсэлт гаргасны дагуу тусгай зөвшөөрлийн эрхтэй “А*******” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаар Аудиторын дүгнэлт гарсан, уг дүгнэлт бүхий шинжилгээний объектод хамаарах, хэрэгт авагдсан бусад баримтыг Шүүх шинжилгээний ерөнхий газарт хүргүүлснээр тус газрын шинжээч М.Г*******ийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 167 дугаар Шинжээчийн дүгнэлт /3-р хх-ийн 204-209/ гарсан, эдгээр баримтууд нь хэрэгт авагдсаныг тэмдэглэж байна.
8. Нийгмийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д зааснаар “нийгмийн даатгал нь иргэн болон төр, аж ахуйн нэгж, байгууллагаас зохих журмын дагуу шимтгэл төлж, нийгмийн даатгалын сан бүрдүүлэх, даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, өвчлөх, ажилгүй болоход өөрт нь, тэрчлэн даатгуулагч нас барахад түүний асрамжид байсан хүмүүст хууль тогтоомжид заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр өгөх агуулга бүхий нийгэм эдийн арга хэмжээ” байх бөгөөд мөн хууль, зүйлийн 2-д зааснаар нийгмийн даатгал нь тэтгэврийн, тэтгэмжийн, эрүүл мэндийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний, ажилгүйдлийн гэсэн таван төрөлтэй, энэхүү даатгалын төрөл тус бүрээр мөнгөн хөрөнгийн бие даасан сантай байхаар мөн хуулийн 9 дүгээр зүйлд зохицуулсан бол,
9. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар “Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу шимтгэл төлж тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалд даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоож олгохтой холбогдсон харилцааг зохицуулах” зорилттой болохыг уг хуулийн 1 дүгээр зүйлд зааж, мөн хуулийн 2 дугаар зүйлийн 1. “тэтгэврийн даатгалын сангаас даатгуулагчид олгох тэтгэвэр дор дурдсан төрөлтэй байна”, 2/ “тахир дутуугийн тэтгэвэр”, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 1. “тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил, эсхүл тахир дутуу болохын өмнөх 5 жилийн 3 жилд нь төлсөн даатгуулагч ердийн өвчин, тарилгын дараахь хүндрэл, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 50-иас доошгүй хувиар байнга буюу удаан хугацаагаар алдаж тахир дутуу болсон бол тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэж,
10. Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоож олгох, төлбөр өгөхтэй холбогдсон харилцааг зохицуулах” болохыг зааж, мөн хуулийн 2 дугаар зүйлийн 1. “даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг үйлдвэрлэлийн осол...” гэж, мөн хууль, зүйлийн 2. “дараах нөхцөл байдалд гарсан үйлдвэрлэлийн осолд... даатгуулагч өртсөн тохиолдолд энэ хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгоно” гээд 1/ “ажлын байрандаа болон бусад газарт ажил үүргээ гүйцэтгэх явцад”, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 1. “Тахир дутуугийн тэтгэврийг даатгуулагчийн сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого /цаашид “Хөдөлмөрийн хөлс” гэх/-оос хөдөлмөрийн чадвараа 10 хүртэл хувиар алдсан бол 10 хувиар, 10-аас дээш хувиар алдсан бол хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээгээр тогтооно” гэж тус тус заажээ.
11. Шүүх, дээрх хуулиуд, тэдгээрийн холбогдох заалтыг маргаан бүхий энэ тохиолдолд тайлбарлан хэрэглэхдээ дараах дүгнэлтийг хийв.
11.1. Ерөнхий утгаараа нийгмийн даатгал нь даатгуулагч /нэхэмжлэгч/ хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдол бий болсон учраас түүнд буюу өөрт нь хууль тогтоомжид заасан тэтгэвэр өгөх агуулга бүхий арга хэмжээ ба,
11.2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн тэтгэврийн даатгалын сангаас “тахир дутуугийн тэтгэвэр” тогтоолгон авах “эрх” нэхэмжлэгчид үүсээгүй, өөрөөр хэлбэл, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 1-д заасан нөхцөлүүд нэхэмжлэгчид хамааралгүй, тэрээр уг зүйлд заасны дагуу тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй болоогүй.
11.3. Харин Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд зааснаар даатгуулагч /нэхэмжлэгч/ хөдөлмөрлөх үүргээ гүйцэтгэх явцдаа буюу энэхүү Үндэслэх хэсгийн 2-д зааснаар үйлдвэрлэлийн осолд орсон, ингэснээр Нийгмийн даатгалын байгууллага нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3/ “нийгмийн даатгалын сангаас тухайн төрлийн тэтгэвэр, тэтгэмжийг цаг тухайд нь олгох ажлыг зохион байгуулах” чиг үүргээ хэрэгжүүлэхдээ, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1/ “ажлын байрандаа болон бусад газарт ажил үргээ гүйцэтгэх явцад” буюу ийм нөхцөл байдалд гарсан үйлдвэрлэлийн осолд даатгуулагч /нэхэмжлэгч/ өртсөн нь уг хуульд заасан тэтгэврийг тогтоож олгох үндэслэл бий болсон, түүнд олгох тэтгэврийг мөн хуулийн 6 дугаар зүйлийн 1-д зааснаар “нэхэмжлэгчийн тахир дутуугийн тэтгэврийг тогтоохдоо түний сарын дундаж хөдөлмөрийн хөлснөөс 10-аас дээш хувиар алдсан бол хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээгээр тогтооно” гэж заасны дагуу тогтоож олгох үүрэгтэй болсон.
11.4. Тодруулбал, нэхэмжлэгчид нийгмийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн хугацаагаараа дуртай дараалсан 5 жилд /тухайн үед мөрдөгдөж байснаар/ төлсөн шимтгэлээсээ тооцуулж тэтгэвэр тогтоолгон авах эрх үүсэхгүй. Иймээс Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 20 дугаар зүйлд “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр тогтоож олгохтой холбогдсон энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн холбогдох заалтаар зохицуулна” гэж заасны дагуу Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэтгэврийг тогтоож олгох ёстой гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.
11.5. Яагаад гэвэл, нэхэмжлэгчид “тахир дутуугийн тэтгэвэр”-ийг тогтоолгон авах эрх үүсээгүй, харин үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан даатгуулагч, түүнд Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль /нарийвчилсан/-ийн дагуу тэтгэвэр тогтоож өгөх үүрэг захиргаанд бий болсон байна.
11.6. Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 09 дүгээр тогтоолын “ХЯНАВАЛ” хэсгийн:
19-д: “... Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар бүлэг нь уг хуулийн 7 дугаар зүйлд зааснаар даатгуулагч ердийн өвчин, тарилгын дараах хүндрэл, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 50-иас доошгүй хувиар алдаж тахир дутуу болсон тохиолдолд хэрэглэгдэхээр заасан учир тухайн маргаанд хэрэглэгдэхгүй гэдэг нь тодорхой байна”,
20-д: “Харин нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-д тахир дутуугийн тэтгэврийг даатгуулагчийн сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого хөдөлмөрийн чадвараа 10 хүртэл хувиар алдсан бол 10 хувиар, 10-аад дээш хувиар алдсан бол хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээгээр тогтооно гэж зааснаар үйлдвэрлэлийн осолд орж, тахир дутуу болсон, даатгуулагчийн тэтгэврийг тогтоохдоо даатгуулагчийн авч байсан сарын дундаж хөдөлмөрийн хөлснөөс буюу даатгуулагч үйлдвэрлэлийн осолд орох үед түүний эрхэлж байсан албан тушаалын сарын дундаж хөдөлмөрийн хөлснөөс хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээгээр тооцож тахир дутуугийн тэтгэврийг тогтоохоор хуульчилсан”,
23-д: “Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-д даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг үйлдвэрлэлийн осол гэнэ гэж тодорхойлсон бөгөөд үйлдвэрлэлийн осол нь ажилтны ажилласан цаг хугацаанаас хамааралгүй, өөрөөр хэлбэл хэдийд ч тохиолдож болох тул шүүхүүдийн тайлбарласнаар хуулийг хэрэглэх нь уг нөхцөл үүсэх боломжтой. Ийм тохиолдолд нэхэмжлэгчийн осол гаргахын өмнө авч байсан сүүлийн сарын цалингаар дундаж хөдөлмөрийн хөлсийг тогтоох учиртай” гэж тус тус заасныг,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4. “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж зааснаар шүүх нотлох баримтаар үнэлэхдээ энэ агуулгаар нь анхаарч авч үзсэн болно.
12. Иймд нэхэмжлэгчийн тэтгэврийг өөрчлөн тогтоохоос татгалзсан хариуцагч нарын энэ хэсгийн 4.1, 4.2-д дурдсан татгалзлыг хууль бус болохыг тогтоож, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эс үйлдэхүй гаргаж зөрчсөн үр дагавар буюу “даалгах” шаардлагыг хангахын тулд хариуцагч нь Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1. “Тахир дутуугийн тэтгэврийг даатгуулагчийн сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого /цаашид “Хөдөлмөрийн хөлс” гэх/-оос хөдөлмөрийн чадвараа 10 хүртэл хувиар алдсан бол 10 хувиар, 10-аас дээш хувиар алдсан бол хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээгээр тогтооно” гэж хуульчилсны дагуу нэхэмжлэгч Б.Бийг үйлдвэрлэлийн осолд орохын өмнө “МИАТ” ХК-д Ю12 онгоцны нисгэгчээр ажиллаж байхдаа хамгийн сүүлд авсан сарын цалингаар дундаж хөдөлмөрийн хөлсийг тогтоож, үүнийг баримтлан түүний тэтгэврийг шинээр өөрчлөн тогтоож, тэтгэвэр авч байсан хугацааны нийт жилийн зөрүүг тооцон гаргаж, нэхэмжлэгчид нөхөн олгохыг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
13. Маргаан бүхий асуудлаар буюу нэхэмжлэгчийн тэтгэврийг шинэчлэн өөрчлөн тогтоож, урьд онуудын зөрүүг тооцож олгох тухай бичгийн шийдвэр гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх нь зүйтэй.
14. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас уг төлбөрийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгчид олгохоор зааж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3. 106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Бийн нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэгч Б.Бийн тэтгэврийг өөрчлөн тогтоохоос татгалзсан хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 6/47 дугаар, Х******* 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 77 дугаар албан бичгээр өгсөн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Б.Бийн тэтгэврийг түүний осолд орохын өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалын сүүлийн сарын цалингаар дундаж хөдөлмөрийн хөлсийг дахин өөрчлөн тогтоож, 1997 оноос хойших нийт олгох хугацааны дутуу олгогдсон тэтгэврийн зөрүүг тооцож, нэхэмжлэгчид нөхөн олгохыг хариуцагч Н, Хэст тус тус даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч тус бүрээс 31500 төгрөг нийт 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН