Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 307

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, Ц.Дайрийжав нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Соёмбо,

иргэдийн төлөөлөгч: Б.Отгонбаатар,

шүүгдэгч: Л.Бумба-Анар, түүний өмгөөлөгч Ш.Маам /1107/ нарыг оролцуулж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Орлой овогт Лувсаннямын Бумба-Анарт холбогдох эрүүгийн 2017 2602 0617 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1995 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэн буудагч мэргэжилтэй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Дунд Тасганы 6 дугаар гудамж, 45 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар УХ 95030615, Орлой овогт Лувсаннямын Бумба-Анар.

 

Шүүгдэгч Л.Бумба-Анар нь шалтаг шалтгаангүйгээр бусдыг илтэд үл хүндэтгэн, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн догшин авирлаж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Л.Бумба-Анар мэдүүлэхдээ:

            2017 оны 02 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө 23-00 цагийн үед найзынхаа төрсөн өдрийг тэмдэглээд Азжаргал, Мягмарсүрэн, Намхайцэрэн, Мөнхтөгөлдөр, Эрхэм, Билгүүн нартай хамт 0.75 литрийн архи уусан. Бааранд ороод 0.5 литрийн архи, хүний нэг, нэг шил пиво авсан боловч би архинаас уугаагүй. Бааранд тамхи татдаг өрөөнд ороход нэг согтуу залуу намайг мөргөсөн.. Тэр явдлаас болж тэндээс гарч яваад тэдгээр залуустай “Өргөө”-гийн “Жүр үр” бэйкерийн хажууд маргалдсан. Би хэн нэгэнд нь цохиулж газар унасан бөгөөд босохдоо газарт байсан 12-13 см урттай никель төмөр авсан. Батцэрэн намайг өшиглөж байхад би түүнийг өөрөөсөө холдуулах гэж айлгах гэж савчиж байхад миний гарт байсан төмөрт оногдсон байх. Надад түүнийг хатгах санаа байгаагүй. Тэр төмрийг тэнд нь хаяад явсан. Би бусдыг гэмтээсэндээ маш их харамсаж байна. Хэрэг гарснаас хойш би хохирогчтой хэд хэдэн удаа уулзсан ба уучлалт гуйж, хохирлын төлбөрт 689 900 төгрөг өгч, 1 удаа хамт хоолонд орсон. Хэрэг шийдвэрлэхээс өмнө би хорих 461 дүгээр ангид 14 хоног цагдан хоригдохдоо өөрийн алдаа, бусдыг хохироосон байдал зэргийг ойлгож ухаарлаа.  Хүн амины хэрэгт шалгагдаж байгаа хүмүүсийг хараад өөртөө гутаж, айж, санаа зовж байсан. Миний хувийн байдлыг харгалзан надад хөнгөн ял оногдуулна уу гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Э.Батсүрэн мэдүүлэхдээ:

...бид авсан юмнуудаа ууж дуусаад баарнаас гарч, хойшоо зам хөндлөн гарч явтал нэг залуу бидний ардаас ирээд шууд Тэмүүжинг цохисон. Би тэр залуугийн хойноос очиж, татаж салгах гэхэд цаанаас нь 4-5 залуу гарч ирсэн.  Би тэр халзан залууд “чи яаж байгаа юм, барахгүй шүү” гэж орилсон. Тэгсэн тэр залуу дахиж бид нарын араас хөөхөд би зугтаж байхдаа “Жүр үр” тоортны дэлгүүрийн гадна бүдэрч унаад, тэр халзан залууд баригдсан. Тэр халзан залуу намайг унасан байхад миний дээрээс өшиглөөд байсан. Цагаанаа хүрч ирээд намайг татаж босгоход миний хөл, нуруу хэсгээр зүсэгдсэн шархтай болчихсон, цус гарч байсан гэжээ. (хэргийн 25 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Е.Тэмүүжин мэдүүлэхдээ:

...баарнаас гарах үед нэг халзан залуу дээгүүрээ нүцгэн, бие дээгүүрээ шивээстэй залуу бааранд байсан хүмүүстэй зодолдох гээд орилоод байсан. Тэгээд бид дөрөв хамт хойшоо зам хөндлөн гарчихаад ярилцаад зогсож байсан. Тэгсэн нөгөө бааранд байсан халзан залуу ирээд намайг заамдаад шууд нүүр лүү хэд хэдэн удаа цохиод, мөргөөд байсан. Батсүрэн тэр залууг салгах гээд ардаас нь зуурсан чинь тэр залуу намайг тавихгүй байсан. Тэгээд бид Батсүрэн, Цагаанаа, Мөнхдаваа дээр очсон чинь Батсүрэн хутгалуулчихсан гээд хувцас нь цус болчихсон байсан гэжээ. (хэргийн 29 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Н.Цагаанаа мэдүүлэхдээ:

...Батсүрэнг тэр халзан залуу ганцаараа зодож байсан. Би гүйгээд очих үед тэр халзан залуу халааснаасаа нэг зүйл гаргаад тэр зүйлээрээ Батсүрэнгийн араас бүсэлхий хэсэг рүү цохиод байсан. Би очоод газарт унасан байсан бугуйн цагийг аваад Батсүрэнг татаж босгоод зугтаах гэхэд тэр халзан залуу гартаа жижиг хэмжээтэй хутга барьчихсан над руу ална шүү гээд дайраад байсан. Би тэр халзан залууд “уучлаарай” гэж хэлээд Батсүрэнг дагуулаад гүйгээд явсан гэжээ. (хэргийн 32 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 3009 дугаартай дүгнэлтэд:

1. Э.Батсүрэнгийн биед бүсэлхий, хоёр гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх, хоёр нүдний дотор булан, доод зовхинд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх бүсэлхий, хоёр гуяны хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 39 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2599 дугаартай дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн хар өмдний баруун хойд тал 1.5 см, 1 см, зүүн хойд тал 1.5 см, 0.9 см, хурц иртэй зүйлтэй харилцан нэг удаагийн үйлчлэлээр гарсан зүсэлт, 0.6 см хатуу үзүүртэй зүйлтэй нэг удаагийн харилцан үйлчлэх үед гарсан цооролт байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн хар өмдөнд гарсан цооролт, зүсэлтүүд нь ямар цаг хугацаанд гарсан эсэхийг криминалистикийн шинжилгээний арга аргачлалаар тогтоох боломжгүй байна.

3. Шинжилгээ хийх явцад шинээр нөхцөл байдал илрээгүй болно гэжээ. (хэргийн 41 дүгээр хуудас)

           

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд: 

Л.Бумба-Анар ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 76 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Л.Бумба-Анар нь архи ууж согтуурсан үедээ 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 19-ний өдөрт шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хороонд байрлах “Кристал” баарны орчим шалтаг шалтгаангүйгээр хохирогч Э.Батсүрэнг зодож, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, хүч хэрэглэн танхайрахдаа түүний бүсэлхий, хоёр гуянд зүсэгдсэн шарх, хоёр нүдний дотор булан, доод зовхинд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, догшин авирласан нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.Батсүрэн, гэрч Е.Тэмүүжин, Н.Цагаанаа нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 3009, 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2599 тоот  дүгнэлтүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлийн үнэлгээ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.Бумба-Анарт холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”,

мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт “энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Л.Бумба-Анарыг гэмт хэрэг үйлдэх үедээ хүний биед гэмтэл учруулах хүйтэн зэвсэг хэрэглэсэн болохыг мөрдөн байцаалтын явцад тогтоогоогүй, хэрэглэсэн гэх зэвсгийн чанартай зүйлийг эд мөрийн баримтыг  хурааж, нотлоогүй тул түүнийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлд байсан бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж...үйлдэх  гэсэн шинж нь 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д байхгүй болсон тул Л.Бумба-Анарт холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

        Хохирогч Э.Батсүрэн “Мөнгөн гүүр” эмнэлэгт үзлэг хийлгэж, эмийн сангаас 36 900 төгрөгийн эм авсан, түүний өмсөж явсан өмд 250 000 төгрөгийн үнэтэй болох нь “Мөнгөн гүүр” эмнэлгийн тасалбар, “Грандмед фарм” тооцооны баримт, эд зүйлийн үнэлгээгээр тогтоогдож байх тул түүнд учирсан гэм хорын хохирлыг 436 900 төгрөг гэж үзэв. Л.Бумба-Анар нь хохирогчид 689 000 төгрөг төлсөн ба хохирогч цаашид нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан гэмтлийг эмчлүүлэхэд шаардагдах гэм хорын хохиролд 639 000 төгрөг төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогч гомдол, саналгүй байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогчийн хар өнгийн өмдний үнэ 250 000 төгрөгийг шүүгдэгч төлсөн тул уг өмдийг устгах нь зүйтэй болно.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

Энэ шүүхийн тогтоол гарахын өмнө шүүгдэгчийг 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 13 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан тул уг хугацааг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, 104 цагийг түүнд шүүхээс оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасах нь зүйтэй.