Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 1429

 

М.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2019/01046 дугаар шийдвэртэй, М.Б-гийн нэхэмжлэлтэй, Н Д Ү З-д холбогдох, тахир дутуугийн тэтгэврийн зөрүү            8 472 690 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Б-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөнхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 1166 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 867 дугаартай магадлалаар намайг Н Д Ү З-ийн ажлын албаны дарга бөгөөд нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоож, 2010 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин олговор, Нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэхээр шийдвэрлэсэн.

Миний бие бөөрний дутагдалд орж, хөдөлмөрийн чадвараа алдаж 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тэтгэвэр тогтоолгохдоо 2010-2014 оны цалингийн дунджаар тооцсон. Тэтгэвэр тогтоолгох үед миний ажилласан жил 4 жил 3 сараар тасарсан юм. Хариуцагч байгууллага шүүхийн шийдвэрийн дагуу шимтгэл төлсөн ба шүүхийн шийдвэрээс хойш ажилд авахгүй 2014 оны 3 дугаар сар хүртэл цалингүй байлгасан. Энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөөгүйгээс тэтгэвэр 684 540 төгрөгөөр тогтоогдох байтал 362 030 төгрөгөөр тогтоогдсон. Дээрх хугацааны нөхөн олговрыг байгууллага шийдвэрлэж өгсөн тул тэтгэвэр 2019 оны 02 дугаар сараас 684 540 төгрөгөөр болсон байгаа. Ажилгүй байсан хугацааны олговрыг заавал шүүхэд хандаж авах ёсгүй, байгууллага өөрөө шийдэж болох тул ийнхүү шийдсэн. Тус байгууллагад би 20 гаруй жил ажиллаж бүхий л хүч, хөдөлмөр, залуу насаа зориулан нэгэн сэтгэлээр ажиллаж ирсэн байхад тэтгэврийн насанд минь ингэж хохироосонд маш их гомдолтой байна.

Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэсэн байдаг. Энэ зүйл, хэсэгт заасан даатгуулагчид учирсан хохирол гэдгийг ажил олгогчийн дээрх буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан даатгуулагч, түүний гэр бүлийн гишүүд нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулийн дагуу олгогдвол зохих тэтгэвэр бага хэмжээгээр тогтоогдох, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийн тул тодорхой зардал гаргах зэргээр нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авах эрх нь зөрчигдсөнөөс даатгуулагчид учирсан эдийн хохирлыг ойлгоно гэж заасан байдаг.

Иймд хариуцагч Н Д Ү З-ийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүйн улмаас учирсан хохирол болох 8 472 690 төгрөгийг гаргуулж өгнө үү. Энэ нь 2017-2019 онуудын тэтгэврийн зөрүү, мөн урьд онуудын зөрүү 628 347 төгрөг юм гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1161 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 867 дугаар магадлалаар нэхэмжлэгчийг Н Д Ү З-ийн Ажлын албаны дарга бөгөөд нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн томилж, 2010 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин олговор, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Тус шүүхийн шийдвэрийг Н Д Ү З- бүрэн биелүүлсэн.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлд хөөн хэлэлцэх хугацааг хуульчилсан байна. Гэтэл М.Б- нь 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 2014 оны 3 дугаар сар хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх утга бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаагүй хугацаа хэтэрсэн. Хариуцагч тал М.Б-г Н Д Ү З-ийн Ажлын албаны даргаар ажиллаж байсан болон одоогийн биеийн эрүүл мэндийн байдлыг нь харгалзан үзээд 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 16 дугаар тогтоол, Н Д Ү З-ийн Ажлын албаны даргын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/23 тоот тушаалаар 2013 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговор болох 7 319 439 төгрөгийг олгосон. Ингэснээр М.Б- нь шүүхийн шийдвэргүйгээр Н Д Ү З-ийн санаачилгаар 684 540 төгрөгөөр тэтгэврээ шинэчлэн тогтоолгосон.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дах хэсэгт зааснаар ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэсэн заалтаар 8 472 690 төгрөгийг олгох боломжгүй юм гэжээ.

 

Шүүх: Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дах хэсэгт заасныг баримтлан Н Д Ү З-өөс 7 561 250 төгрөгийг гаргуулж М.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 911 440 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 135 930 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 150 517 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 1161 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн мөн оны 867 дугаар магадлалыг Н Д Ү З- бүрэн биелүүлсэн. М.Б- нь 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 2014 оны 3 дугаар сар хүртэлх хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх утга бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаагүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлд хөөн хэлэлцэх хугацааг хуульчилсан. Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлын албаны даргаар ажиллаж байсан болон биеийн эрүүл мэндийн байдал зэргийг нь харгалзан үзээд 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 16 дугаар тогтоол, Н Д Ү З-ийн Ажлын албаны даргын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/23 тоот тушаалаар 2013 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговор болох 7 319 439 төгрөгийг олгосон.

Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэргүйгээр Н Д Ү З-ийн санаачилгаар 684 540 төгрөгөөр тэтгэврээ шинэчлэн тогтоолгосон. Анхан шатны шүүхийн хангаж шийдвэрлэсэн 7 561 250 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэгчид олгох боломжгүй. Учир нь, шүүх хэргийн нотлох баримтыг шинжлэн судлахдаа дээрх шүүхийн шийдвэр, магадлалыг хариуцагч бүрэн биелүүлсэн болохыг анхаараагүй. Мөн М.Б- нь 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 2014 оны 3 дугаар сар хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх утга бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаагүй хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад дахин 7 561 250 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь холбогдох хууль болон шударга ёсонд нийцэхгүй байна.

Мөн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг буруу үнэлсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байх шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч М.Б- нь хариуцагч Н Д Ү З-д холбогдуулан 2010-2014 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүйн улмаас тэтгэвэр дутуу авч байсан учир зөрүү болох 8 472 690 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч тал бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон талуудын тайлбараас үзвэл, 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 1161 дугаар шийдвэрээр /хх6-8/ нэхэмжлэгч М.Б-г Н Д Ү З-ийн ажлын албаны дарга бөгөөд нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоож, 2010 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл ажилгүй байсан гэж дүгнэн уг хугацааны цалин олговорыг ажил олгогчоос гаргуулах, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт тус тус зааснаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, даатгалын дэвтрүүдэд зохих бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгосон үйл баримт тогтоогдсон.

 

Нэхэмжлэгч М.Б-д 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэвэр тогтоогдож, 2018 оны 01 дүгээр сар хүртэл сар бүр 362 090 төгрөг, 2018 оны 2 дугаар сараас 2019 оны 1 дүгээр сар хүртэл сар бүр 389 090 төгрөг тус тус олгогдсон байна. /хх9-10/ Хариуцагч байгууллага нь 2013 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд шүүхийн дээрх шийдвэрийг биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч ажилгүй байсан нь тогтоогдох бөгөөд Н Д Ү З-ийн Ажлын албаны даргын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/23 дугаар “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” тушаалаар тухайн хугацааны цалинтай тэнцэх олговорт 7 319 439 төгрөгийг олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг холбогдох зардлаас гаргаж нөхөн бичилт хийж, баталгаажуулах болжээ. /хх35/

 

Дээрх А/23 дугаар тушаалаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин, хөлс олгогдож, түүний хөдөлмөрийн чадвар алдалтын улмаас олгох тэтгэврийн хэмжээ 2019 оны 02 дугаар сараас 684 540 төгрөг /хх11/ болж нэмэгдэн өөрчлөгдсөн байна. Нэхэмжлэгч энэхүү өөрчлөлтөд үндэслэн хариуцагч дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөөгүй байснаас 684 540 төгрөгөөр тогтоогдох байсан тэтгэвэр 362 090 төгрөгөөр тогтоогдсон тул 2017 оны 01 дүгээр сараас 2019 оны 01 дүгээр сар хүртэлх хугацааны тэтгэврийн зөрүүг гаргуулана гэж шаарджээ.

 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дах хэсэгт ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэж заасныг үндэслэн шүүх хариуцагч Н Д Ү З-өөс 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс тогтоогдсон тэтгэвэр болон 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс олгогдсон тэтгэврийн зөрүү нь сард 302 450 төгрөг болохыг дүгнэж, тэтгэвэр багаар тооцогдсон хугацааг 25 сар гэж тооцож, нийт 7 561 250 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хариуцагч өөрийн санаачилгаар нэхэмжлэгчийн эрүүл мэндийн байдал болон тус байгууллагад олон жил ажиллаж байсан нөхцөл байдлыг нь харгалзан дээрх А/23 дугаар “Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай” тушаалыг гаргасан байх бөгөөд өмнө гарсан шүүхийн шийдвэр, магадлал бүрэн биелэгдсэн үйл баримтыг шүүх анхаараагүй гэх хариуцагч байгууллагын давж заалдах гомдол хангагдах үндэслэлгүй гэж үзэв. Учир нь, Н Д Ү З- нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй хугацааны олговрыг олгосон байгааг нэхэмжлэлд дурдсан тэтгэврийн зөрүү төлбөрийг төлөх  хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч нь 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 2014 оны 3 дугаар сар хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх шаардлага гаргах талаар Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж хариуцагч тайлбар болон гомдлын үндэслэлээ тодорхойлсон байна. Хэргийн 35, 36 дах талд авагдсан хариуцагч байгууллагын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Н Д Ү З-ийн 16 дугаар тогтоол, тус зөвлөлийн ажлын албаны даргын А/23 дугаар тушаал нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн шийдвэрт үндэслэгдсэн байдлаас үзвэл нэхэмжлэгч өөрийн зөрчигдсөн эрхтэй холбоотой шаардах эрхээ хэрэгжүүлэх хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл хууль зүйн тогтоогдоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2019/01046 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Н Д Ү З- нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалын хувийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

                                        ШҮҮГЧИД                                М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                         Т.ТУЯА