2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2482

 

  

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,

Улсын яллагч Б.Бат-Эрдэнэ,  

Шүүгдэгч З.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Б д холбогдох эрүүгийн 2411029530019 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч З.Б  нь 2024 оны 11 дүгээр сарын 10-ны шөнө ... тоотод оршин суух С.А ы гэрт хууль бусаар нэвтэрч, 2,024,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн,

Мөн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ... тоотод оршин суух иргэн Д.О ийн эзэмшлийн өвлийн орон сууцны цонхоор нэвтэрч, улмаар 1 ширхэг “Sony” брэндийн зөөврийн компьютер, гар чийдэн, 5 өнгийн палмастер, хайрцагтай шүдний оо, сойз, хамрын үнэртүүлэгч, бугуйн цаг, гортиг, дунд гарын мөнгөн аяга тус бүр 1 ширхэг, 10,000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Д.О , О.Б нарт нийт 453,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                                                                                                      

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “...шүүгдэгч З.Б  нь 2024 оны 11 дүгээр сарын 10-ны шөнө ...  тоотод оршин суух С.А ы гэрт хууль бусаар нэвтэрч, 2,024,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн,

Мөн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ... тоотод оршин суух иргэн Д.О ийн эзэмшлийн өвлийн орон сууцны цонхоор нэвтэрч, улмаар 1 ширхэг “Sony” брэндийн зөөврийн компьютер, гар чийдэн, 5 өнгийн палмастер, хайрцагтай шүдний оо, сойз, хамрын үнэртүүлэгч, бугуйн цаг, гортиг, дунд гарын мөнгөн аяга тус бүр 1 ширхэг, 10,000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Д.О , О.Б нарт нийт 453,000 төгрөгийн хохирол учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.

Үүнд:

Хохирогч С.А ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би ...  тоотод эхнэр, 3 хүүхдийн хамтаар ам бүл тавуулаа амьдардаг юм. Би тухайн өдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр цагдаагийн байгууллагад хандах болсон шалтгаан нь гэвэл 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө өөрийн гэртээ эхнэр, 3 хүүхдийнхээ хамтаар гэртээ унтаж амраад байж байтал шөнийн 03-04 цагийн хооронд манай дунд охин болох Б /8 настай/ манай өрөөнд орж ирээд намайг сэрээгээд гэрт танихгүй эрэгтэй хүн яваад байна гэж намайг сэрээж хэлэхээр нь би орноосоо босоод 2 давхрын өрөөнөөсөө буутал манай гэрийн үүдний хаалгаар нэг эрэгтэй хүн гараад гүйж зугтаж байгаа харагдсан юм. Би тэр үед гэрээсээ нүцгэн гарсан байсан учир гэр лүүгээ буцаж ороод хувцсаа өмсөөд бас гар утсаараа цагдаад дуудлага өгсөн. Би тэр үед өөрийн автомашинтайгаа гэрээсээ гарч гудамжаар гарч хайж ольё гэж бодоод хашаанаас гартал дуудлага өгсөн цагдаа нар хүрч ирээд тэр хоёр цагдаа миний автомашинд сууж бид гурав хамт манай гэрээс гарч явсан эрэгтэйг хайж явсан. Бид гурав гудамжаар нэлээн хайж явж байгаад Хайлаастаас Дэнжийн мянга руу явдаг шороон замаар алхаж явтал нэг согтуу эрэгтэй алхаж явж байгаа харагдсан ба би эрэгтэйг сайн хартал тэр залуу манай охины таблетыг куртикнийхээ дотор талд хийж нууж барьж байгаа харагдсан. Бид хэд тэр үед тэр залууг хараад автомашинаа зогсоогоод яваад очтол тэр залуу цагдаа нарыг хараад шууд гүйгээд зугтаад явчихсан. Тэр залуу гүйж явж байгаад надтай цуг явсан 2 цагдаад баригдсан ба цагдаа нар тухайн залууг барьтал биеэс нь манай охины ашигладаг Iphone ipad 5, Самсунг А30 загварын гар утас болон манай гэрт байдаг дунд гарын мөнгөн аяга гэх зэрэг зүйлс гарч ирсэн. Бид хэд тухайн залууг бариад буцаж манай гэрийн үүдэнд очтол тухайн залуу дахиж цагдаа нараас зугтаад явахаар нь цагдаа нар дахин барьж аваад тухайн залууг цагдаагийн хэлтэс рүү авч явсан юм. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 15-16, 18 дугаар тал/,

 

2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 8-11 дүгээр тал/,

“Дамно” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ЧД-2-24-610 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 24-27 дугаар тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /2хх-ийн 7 дугаар тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 9-13 дугаар тал/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 14-25 дугаар тал/,

 

Хохирогч Д.О ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2025 оны 01 дүгээр сарын 30-ны орой 20 цаг 40 минутын үед манай хүү болох О.Б нь намайг авахаар ... тоот гэрээсээ гарч яваад 100 айл орчхоод намайг аваад буцаад гэртээ ирэхэд манай байшингийн урд талын цонхыг юмаар хөшиж хулгайч орж, 1 ширхэг дунд гарын мөнгө аяга /доороо цэцгэн хээтэй/, 1 ширхэг “Сони” /Sony/ брэндийн нөүтбүүк алга болсон, гэрт хулгайч орсон байдалтай байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн юм. Миний мэдлийн зүйл гэвэл мөнгөн аяга байна. Бусад эд зүйлс болох зөөврийн компьютер, гар чийдэн, палмастр, 00, сойз, хамрын бөглөө гаргадаг үнэртүүлэгч, бугуйн цаг, гортик зэрэг эд зүйлс нь манай төрсөн хүү болох О.Б ын эд зүйлс байна. Мөн манай гэрээс ширээний бүтээлэг доор байсан 10,000 төгрөг алга болсон байсан. Мөн миний хэрэглэдэг ээмэг, бөгж зэрэг зүйлс алга болсон байсан. Ганц нэг мөнгөн ээмэг, бөгж, гинж, бусад нь төр гоёлын эд зүйлс байсан. Хэдэн ширхэг байсныг нь хэлж мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг /2хх-ийн 29-30 дугаар тал/,

 

Хохирогч О.Б гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2025 оны 01 дүгээр сарын 30-ны орой 08 цаг 40 минутаас 21 цагийн хооронд гэрээсээ буюу ... тоотоос гарч яваад ирэхэд манай байшингийн вакум цонхыг хөшиж хулгайч орж, миний хэрэглэдэг Sony загварын зөөврийн компьютер 1 ширхэг залгууртайгаа, Жордан брендийн үүргэвч 1 ширхэг, мөн гэрт байсан дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг тус тус алдагдсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Надад үзүүлсэн хар өнгийн үүргэвч дотор нь байгаа ягаан өнгийн нөүтбүүк, миний хичээлийн хэрэгсэл болон хар өнгийн цаг, хар өнгийн бугуйн цаг манайхаас алдагдсан зүйл мөн байна. Цүнхэнд байгаа эд зүйлс болох зөөврийн компьютер, гар чийдэн, палмастер, 00, сойз, хамрын бөглөө гаргадаг үнэртүүлэгч, бугуйн цаг, гортик зэрэг нь миний эд зүйлс байгаа юм. Харин мөнгөн аяга нь манай ээжийн эд зүйл байгаа юм. ...” гэх мэдүүлэг /2хх-ийн 34-35 дугаар тал/,

 

Гэрч Н.Г ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... нэртэй нийтийн байр болон урд талд нь байрлалтай халуун усны газрыг хариуцаж ажиллуулдаг юм. Манайд галч хийж байгаа залууг З.Б гэдэг бөгөөд одоо тухайн З.Б нь хорих 461 дүгээр ангид шүүхийн шийдвэрийн захирамжаар хоригдсон байгаа. Мөн манай гражид үлдээсэн “Sonata 6” загварын тээврийн хэрэгсэл байгаа. Тухайн тээврийн хэрэгслийг 01 дүгээр сараас хойш унаж хэрэглэж байсан бөгөөд манай гражид 01 дүгээр сарын 31-ний өдрөөс хойш хугацаанд байгаа. ...” гэх мэдүүлэг /2хх-ийн 44-45 дугаар тал/,

 

Эд зүйл таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 75-77 дугаар тал/,

“Дамно” ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн ЧД2-25-92 дугаартай шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 56-58 дугаар тал/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 72-73 дугаар тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Талуудын гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт:

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч З.Б  нь 2024 оны 11 дүгээр сарын 10-ны шөнө ...  тоотод оршин суух С.А ы гэрт хууль бусаар нэвтэрч, 2,024,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн,

Мөн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ... тоотод оршин суух иргэн Д.О ийн эзэмшлийн өвлийн орон сууцны цонхоор нэвтэрч, улмаар 1 ширхэг “Sony” брэндийн зөөврийн компьютер, гар чийдэн, 5 өнгийн палмастер, хайрцагтай шүдний оо, сойз, хамрын үнэртүүлэгч, бугуйн цаг, гортиг, дунд гарын мөнгөн аяга тус бүр 1 ширхэг, 10,000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Д.О, О.Б нарт нийт 453,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч З.Б аас эд зүйлийг авч, хохирогч нарт биет байдлаар буцаан өгсөн хохирогч нарт төлөх төлбөргүй...” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч З.Б аас: “...хэргээ нэгтгүүлмээр байна...” гэх тайлбарыг гаргасан.

 

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд иргэний эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, захиран зарцуулах эрх болон орон байрны халдашгүй дархан байдал нь тус тус Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан байдаг.

            Гэмт этгээд бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшил өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүйгээр хууль бусаар өөрийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн авахыг “Хулгайлах” гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгийг захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр тухайн гэмт хэрэг нь төгс үйлдэгдсэнд тооцогдох юм.

Түүнчлэн хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн нь уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж болохоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааж хуульчилсан.

            Хэргийн үйл баримтаар шүүгдэгч З.Б  нь үргэлжилсэн үйлдлээр ...  тоотод оршин суух С.А ы гэрт, мөн ... тоотод оршин суух иргэн Д.О ийн эзэмшлийн өвлийн орон сууцанд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд тус тус зөвшөөрөлгүй нэвтэрч, хохирогч нарын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч З.Б ын дээрх гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд шүүгдэгч З.Б ыг үргэлжилсэн үйлдлээр, шунахай сэдлээр, шууд санаатай үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгч З.Б  нь “...өөр хулгайн үйлдэлд шалгагдаж байгаа, хэргээ нэтгүүлэх хүсэлттэй бөгөөд өөр хүнтэй хамтарч үйлдсэн гэж буруутгасан...” гэх агуулга бүхий тайлбар гаргасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна...” гэж заасан.

Шүүхээс шүүгдэгч З.Б д холбогдох хэрэгт түүний хүсэлтээр шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж, түүнд холбогдох нэг үйлдлийг тус хэрэгт нэгтгүүлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

Шүүх хуралдааны явцад шүүгдэгч З.Б д холбогдох хулгайн үйлдэл шалгагдаж байгаа, эрүүгийн хэрэг үүсгэсэн эсэх нь нотлох баримтаар тогтоогдоогүй.

Иймд шүүх дахин хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулах үндэслэл тогтоогдоогүй гэж үзсэн тул түүний хүсэлтийг хүлээн аваагүй болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Тус гэмт хэргийн улмаас хохирогч С.А ад 2,024,000 төгрөгийн, хохирогч Д.О , О.Б нарт 453,000 төгрөгийн хохирол тус тус учирсан байх бөгөөд хохирогч нар нь хулгайд алдагдсан эд зүйлсийг биет байдлаар буцаан авсан байх тул шүүгдэгч З.Б ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч З.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 03 жил, 5 сарын хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч З.Б аас: “...Би буцаж дуудлагаар ирж дахиж ял үүрэхээр болж байна. Надад хэцүү болж байх шиг байна...” гэсэн тайлбарыг гаргав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч З.Б ыг шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч З.Б ын иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 45 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 43 дугаар тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1хх-ийн 46 дугаар тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /1хх-ийн 47 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, түүний хувийн байдлыг тодорхойлов.

 

Шүүгдэгч З.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч З.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 02 жил, 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б ын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл, 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 151 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж;

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч З.Б  нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болохыг тэмдэглэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З.Б ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч З.Б ыг 02 /хоёр/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б ын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл, 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 151 /нэг зуун тавин нэг/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч З.Б д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.