2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2545

 

 

                                

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,

Улсын яллагч О.Нандинцэцэг,  

Шүүгдэгч Ц.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

          Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.У д холбогдох эрүүгийн 2411031320857 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.У нь 2024 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө такси үйлчилгээгээр явж байхдаа үйлчлүүлсэн хохирогч Н.А ын гар утасны банкны аппликэйшнийг ашиглан үйлчилгээний төлбөрөө авахдаа түүний данснаас 550,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

  1. Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “...Ц.У нь 2024 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө такси үйлчилгээгээр явж байхдаа үйлчлүүлсэн хохирогч Н.А ын гар утасны банкны аппликэйшнийг ашиглан үйлчилгээний төлбөрөө авахдаа түүний данснаас 550,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Үүнд:

Хохирогч Н.А аас 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /хх-ийн 10 дугаар тал/,

 

Хохирогч Н.А ын эзэмшлийн Төрийн банкны ... тоот дансны хуулга /хх-ийн 39 дүгээр тал/,

 

Хохирогч Н.А ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 100 айлд байрлах тавилгын цехэд ажилладаг бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хамт ажилладаг найзуудтайгаа Бөхийн өргөөний хавьцаа пабад ороод юм ярилцаж сууж байгаад салсан. Тэндээсээ гараад би такси бариад Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд байдаг найз Ө ын гэрт очихоор явсан бөгөөд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор нэлээд согтолттой байсан. Би пабад сууж байгаад утсанд байсан сим картаа блоклуулчихсан. Тэгээд таксинд суугаад найзын гадаа ирээд таксины жолоочоор дата цацуулаад төлбөрөө хийх гэсэн боловч банкны аппликейшний кодоо буруу хийгээд байсан тул таксины жолоочид утсаа өгөөд мөнгөн дүнгээ хийгээд төлбөрөө авчих гэж хэлээд гүйлгээний нууц үгээ хэлж өгсөн. Би буугаад найзынхаа гэрт бууж үлдсэн бөгөөд найз гэртээ байхгүй байхаар нь гэртээ алхаж хариад унтсан. Маргааш өглөө нь босож ирээд зээлээ төлөх гээд гүйлгээ хийх гэтэл миний дансанд байсан 551,886 төгрөгөөс 550,000 төгрөгийг нь аваад 1,500 төгрөг үлдээчихсэн байсан. Тэгээд би банкнаас очиж лавлагаагаа авахад миний данснаас Хаан банкны ... тоот данстай Ц.У гэх хүн рүү шилжүүлсэн байсан тул цагдаагийн байгууллагад хандсан. ...Би тухайн машины дугаарыг анзаараагүй, ямар ч байсан саарал өнгийн Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл байсан санагдаад байна. ...Би хойд талд нь суугаад явж байсан тул тухайн хүнийг танихгүй. Харин эрэгтэй хүн машин бариад эмэгтэй хүн дэргэд нь суучихсан байсан бөгөөд нэг нэгнийгээ хайраа гээд дуудаад байсан. Би зээлээ төлж чадаагүй, хүү нь бодогдоод яваад байгаа, алдсан мөнгөө олж авмаар байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр тал/,

 

            Шүүгдэгч Ц.У гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний Хаан банкны ... тоот дансанд үл таних хүнээс 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 550,000 төгрөг орсон бөгөөд би тус мөнгийг ашиглаад дууссан. Би тус мөнгийг бүрэн төлж барагдуулна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Ц.У нь 2024 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө такси үйлчилгээгээр явж байхдаа үйлчлүүлсэн хохирогч Н.А ын гар утасны банкны аппликэйшнийг ашиглан үйлчилгээний төлбөрөө авахдаа түүний данснаас 550,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогчид 550,000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч төлөөгүй байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид төлүүлэх нь зүйтэй байна. Хохирогчийн төлөх боломжтой дансны хуулга байх бөгөөд нөхөн төлөх боломж байсан. ...” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Ц.У нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар тус тус маргаагүй болно.

 

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахай сэдлээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн энэхүү үндсэн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Шүүгдэгч Ц.У нь 2024 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө такси үйлчилгээгээр явж байхдаа үйлчлүүлсэн хохирогч Н.А ын гар утасны банкны аппликэйшнийг ашиглан үйлчилгээний төлбөрөө авахдаа түүний данснаас 550,000 төгрөгийг авсан байх бөгөөд энэ нь хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй хулгайлах гэмт хэргийн материаллаг шинжийг хангажээ.

Шүүгдэгчийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ц.У г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирол, хор уршиг:

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Н.А т 550,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч Ц.У нь хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар

Талуудын санал, дүгнэлт:

Улсын яллагчаас: “…Шүүгдэгч Ц.У д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна... ” гэсэн дүгнэлтийг;

Шүүгдэгч Ц.У гаас: “...Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээр хязгаарлаж өгнө үү...” гэсэн саналыг гаргаж мэтгэлцсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч Ц.У гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 дугаар тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 34 дүгээр тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 36 дугаар тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 32 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч Ц.У д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Шүүхээс шүүгдэгч Ц.У д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.  

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж;

Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.У нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ц.У нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болохыг тэмдэглэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Ц.У г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.У г 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.У д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.У нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.У д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.