2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2633

 

 

                                 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж, шүүгч З.Болдбаатар, шүүгч Г.Ууганбаатар нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,

Иргэдийн төлөөлөгч Ж.А ,  

Улсын яллагч М.Ариунцэцэг,

Хохирогч М.Б ,

Шүүгдэгч И.Ц, М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б , И.Ц нарт холбогдох эрүүгийн 2406032602438 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар.   

Шүүгдэгч И.Ц, М.Б нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй М.Б тэй “гэрэл тусгалаа” гэх шалтгааны улмаас хэрүүл маргаан хийж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохин биед нь халдаж, эрүүл мэндэд нь “зүүн ухархайн гадна хананаас суурь ясны бага далавч руу үргэлжилсэн зөрүүгүй хугарал, зүүн ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, зүүн гайморын хөндийн урд, гадна ханын зөрүүгүй хугарал, хамар ясны хугарал, зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн хатуу бүрхүүл дээрх цусан хураа, зүүн сарвууны 3-р хурууны 2-р үений мултрал, хугарал, зүүн дээд, доод зовхи, баруун нүдний дотор буланд цус хуралт, хамрын уг, зүүн дээд, доод зовхи, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алиманд цус харвалт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.      

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэхэд “...шүүгдэгч И.Ц, М.Б нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй М.Б тэй “гэрэл тусгалаа” гэх шалтгааны улмаас хэрүүл маргаан хийж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохин биед нь халдаж, эрүүл мэндэд нь “зүүн ухархайн гадна хананаас суурь ясны бага далавч руу үргэлжилсэн зөрүүгүй хугарал, зүүн ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, зүүн гайморын хөндийн урд, гадна ханын зөрүүгүй хугарал, хамар ясны хугарал, зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн хатуу бүрхүүл дээрх цусан хураа, зүүн сарвууны 3-р хурууны 2-р үений мултрал, хугарал, зүүн дээд, доод зовхи, баруун нүдний дотор буланд цус хуралт, хамрын уг, зүүн дээд, доод зовхи, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алиманд цус харвалт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдон тогтоогдож байна.

Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 15 дугаар тал/,

 

Хохирогч М.Б ий мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 20 цагийн үед гэрийнхээ ойр хавьд өөрийн найз М , Т  нартай сагс тоглож байгаад 22 цагийн үед өөр сагсны талбай орж тоглосон. Тухайн үед бид гурвыг тоглож байхад өөр танихгүй хүүхдүүд ирсэн. Би сагс тоглож байгаад тухайн танихгүй хүүхдүүдийн нэг хүүхэдтэй нь муудалцсан. Тэгтэл нэг хүүхэд нь намайг цохих гээд дайрсан. Тэгэхээр нь би түлхсэн. Том биетэй хүүхэд миний нүүрэн тус газар цохисон, намайг өвдөглөсөн, миний хамраас цус гараад байж байхад М  намайг бариад байж байсан. Тухайн хүүхдүүд гараад явсан байсан. ...Би яг санахгүй байна. ...Миний санаж байгаагаар 2 хүүхэд л халдсан. ... М  бид хоёр муудалцаж эхэлсэн. Яг юунаас болоод муудалцсанаа одоо сайн санахгүй байна. Муудалцаж байгаад М  миний зүүн нүд рүү гараараа цохиод, би доошоо өвдөглөөд суусан байхад нэг хүүхэд миний дээрээс ирж өвдгөөрөө миний зүүн нүд болон хамрын хэсэгт дахиж цохиод, тэнд М тай байсан хүүхдүүд үргэлжлүүлээд намайг цохисон байх. Би ухаан алдаад гэртээ сэрсэн. М аас бусад хүмүүс хэн нь миний аль хэсэг рүү цохисон талаар хараагүй учраас мэдэхгүй байна. Би М ын жинхэнэ нэрийг мэдэхгүй. Би хэрэг гарч зодуулах үедээ насанд хүрээгүй байсан тул бүх эмнэлгийн тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан. Надад эмчилгээний баримт байхгүй. Би гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд гарсан. Би зүүн гарын дунд хуруундаа гэмтэл авснаас болоод миний хуруу гүйцэт атгах болон дэлгэх боломжгүй болчихсон. Жаахан ядрахаар хамраас цус гараад бие өвдөөд байгаа тул ажил хийх боломжгүй байгаа. Гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-24 дүгээр тал/,

-Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Шийдэн дээр найзуудаараа согтууруулах ундааны зүйл хэрэглээд сууж байсан. Нөгөө шийдэн дээр М согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан. Бид найзуудаараа очоод тамхи асууснаас болж маргалдсан. Эхний мэдүүлэг өгөхдөө зөрүүтэй байгаа нь эмнэлгээс гараад мэдүүлэг өгөхөд сандралтай байсан. Шүүгдэгч нараас 15,000,000 төгрөг нэхэмжилж байна. Сэтгэцэд учирсан хохирол, би төгсөх анги байсан тул их сургуульд орж чадаагүй, нэг жил ажил хийж чадаагүй. Эмчилгээ хийлгэсэн зардлыг улсаас төлсөн. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

 

Гэрч Д.Х гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр өөрийн оршин суух хаягтаа унтах гээд байж байтал манай бага хүү М.Б  гаднаас зүүн нүд нь хөхөрч хавдсан байдалтай орж ирсэн. Би тэгэхээр нь юу болсон талаар асуухад Шар хадны 2-ын буудал дээр байрлах сагсны шийдэн дээр намайг хүүхдүүд зодсон гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар тал/,

 

Гэрч М.Т ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2025 оны 5 дугаар сарын 24-ний өдөр өөрийн найз М , М , Б, Б ийн хамт гэрийн гудамжинд уулзаад юм ярьж байгаад сагсны шийд орохоор болсон. ...Биднийг сууж байтал тухайн хүүхдүүд ирээд тамхи асуугаад танилцъя гээд байсан. Тэгтэл тухайн хүүхдүүд манай найзуудтай нэг нэгээр нь танилцаад яваад байсан. Тэр хүүхдүүдийн нэг болох М  ирээд миний нүүр рүү гэрэл тусгахаар нь би гэрлээ болчих л доо гэж хэлсэн. Тэгтэл М  чам руу тусгахаар яадаг юм гэсэн. Дараа нь гэрлээ М  /Ц/ руу тусгасан. М  жаахан ууртай “гэрлээ болчих л доо” гэж хэлсэн. М  чам руу тусгаагүй байна шүү дээ гэсэн. Энэ асуудлаас болоод ер нь маргалдаж эхэлсэн. Тэгтэл ам мурийгаад муудалцаад байж байтал Б М ын нүүрэн тус газар нэг удаа цохиход М  нүүрээ нэг барьж байгаад Б гийн нүүрэн тус газар 1 удаа цохисон. Тэгтэл манай найз Б М ыг өмөөрөөд Б г цохисон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/,

 

Насанд хүрээгүй гэрч Г.Ч ний мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгтэл М , Б, жижиг Т, том Т нар үл таних хүүхдүүдтэй муудалцаад, зодолдоод байж байсан. Тэгээд бид сагсны талбай руу гүйж ортол 2-3 хүүхэд зөрөөд гараад гүйсэн. ...Миний харснаар нөгөө хүүхдүүд нь газар унасан байдалтай байж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар тал/,

 

Шүүгдэгч И.Цын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Өмнө өгсөн мэдүүлэгт нэмж хэлэх зүйл байхгүй. ...Хохирол барагдуулсан зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 108-109 дүгээр тал/,  

үүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн: “...Хэрэг болох үед болсон зүйл болон хохирогчийн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй байна. Эд нар найзуудтайгаа сагс тоглоогүй байсан, согтууруулах ундааны зүйл хэрэглээд байж байсан. Биднээс тамхи асуусан, тамхинаас болж маргаан үүссэн. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

 

Шүүгдэгч М.Б гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Өмнө өгсөн мэдүүлэг нэмж хэлэх зүйл байхгүй, хохирогчид эгчээр нь дамжуулж мөнгө өгч байсан. Өөрөөр хохирол барагдуулсан зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 116-117 дугаар тал/,

-Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн: “...Мэдүүлгүүд их зөрүүтэй байна. Хэрэг гарахаас өмнө бид шийдэн дээр ирж байхад эдгээр хүмүүс согтууруулах ундааны зүйл хэрэглээд биднээс ирж байн байн тамхи асуугаад байсан. Хохирогч над дээр ирээд чи яаж хараад байгаа юм бэ, муухай хараад байна уу гээд байсан. Тэрнээс болж хэрүүл маргаан үүсээд салчихсан байхад найз нь ирээд гэрэл тусгаж хэрүүл үүсгээд зодоон болсон. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

 

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 7080 дугаартай: “...М.Б ий биед зүүн ухархайн гадна хананаас суурь ясны бага далавч руу үргэлжилсэн зөрүүгүй хугарал, зүүн ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, зүүн гайморын хөндийн урд, гадна ханын зөрүүгүй хугарал, хамар ясны хугарал, зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн хатуу бүрхүүл дээрх цусан хураа, зүүн сарвууны 3-р хурууны 2-р үений мултрал, хугарал, зүүн дээд, доод зовхи, баруун нүдний дотор буланд цус хуралт, хамрын уг, зүүн дээд, доод зовхи, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алиманд цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих механизмаар үүснэ. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 53-54 дүгээр тал/,

 

Шинжээч эмч Н.Энхцолмонгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хохирогч М.Б ий биед үүссэн хамар ясны хугарал нь дангаараа хохирлын зэрэг тогтоох журмын хөнгөн, зүүн сарвууны 3-р хурууны 2-р үений мултрал хугарал нь дангаараа хүндэвтэр, зүүн ухархай гадна хананаас суурь ясны бага далавч руу үргэлжилсэн зөрүүгүй хугарал, зүүн ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, зүүн гайморын хөндийн урд, гадна ханын зөрүүгүй хугарал, баруун нүдний дотор буланд цус хуралт, зүүн дээд, доод зовхи, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алиманд цус харвалт гэмтлүүд нь хохирлын зэрэг тогтоох журамд заасны дагуу хохирлын хүнд зэрэгт хамаарна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 дүгээр тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн ЕГ0825/2193 дугаартай: “...Шинжлүүлэгч М.Б  /РД: .../-ий сэтгэцэд 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. Дээрх шинжүүд нь түр зуурынх, байнгынх эсэх нь хувь хүний сэтгэл зүйн онцлог, гэр бүл, нийгэм, хамт олны дэмжлэг бүхий орчин, сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах эсэхээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 69-71 дүгээр тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

            Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэм буруугийн талаар талуудын гаргасан санал дүгнэлт:

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч И.Ц, М.Б нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй М.Б тэй “гэрэл тусгалаа” гэх шалтгааны улмаас хэрүүл маргаан хийж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохин биед нь халдаж, эрүүл мэндэд нь “зүүн ухархайн гадна хананаас суурь ясны бага далавч руу үргэлжилсэн зөрүүгүй хугарал, зүүн ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, зүүн гайморын хөндийн урд, гадна ханын зөрүүгүй хугарал, хамар ясны хугарал, зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн хатуу бүрхүүл дээрх цусан хураа, зүүн сарвууны 3-р хурууны 2-р үений мултрал, хугарал, зүүн дээд, доод зовхи, баруун нүдний дотор буланд цус хуралт, хамрын уг, зүүн дээд, доод зовхи, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алиманд цус харвалт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогчоос гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой баримтаа гарган өгөөгүй байна. Сэтгэцэд учирсан хохирол шинжээчийн дүгнэлтээр 2-р зэрэглэлд хамаарч байх тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 6,336,000 төгрөгийг шүүгдэгч нараас хуваан гаргуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч И.Ц, М.Б нар нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Ж.А ээс: “...Хүний биед хохирол учруулсан тул шүүгдэгч нарыг гэм буруутай гэж үзэж байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан болно.

 

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг” гэмт хэрэгт тооцдог.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааснаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулжээ.

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 7080 дугаар дүгнэлтээр хохирогч М.Б ий биед учирсан гэмтэл нь “хүнд” зэргийн гэмтэл гэж тогтоогдсон байх бөгөөд энэ нь хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзнэ.

Хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч И.Ц, М.Б нар нь бүлэглэн М.Б тэй “гэрэл тусгалаа” гэх шалтгааны улмаас хэрүүл маргаан хийж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохин биед нь халдсан үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүнд хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч И.Ц, М.Б нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн хохирогч М.Б ий биед халдаж байгаа үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хүнд зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг шинжийг “...энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн...” бол гэж;

-Мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад “бүлэглэж” гэж тус тус хуульчилсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт хамтран оролцох ойлголт, мөн зүйлийн 2 дахь хэсэгт хамтран оролцогчдын төрөл, энэ зүйлийн 3 дахь хэсэгт хамтран оролцох хэлбэр болон 3.7 дугаар зүйлд гэмт хэрэг бүлэглэн гүйцэтгэх талаар тус тус тодорхой заасан байна.

 Гэмт хэрэгт хамтран оролцох нь үүргээ хуваарилах ба хуваарилахгүйгээр нэг гэмт хэргийг хамтран үйлдэх зорилгоор санаа бодол, үйл хөдөлгөөнөө нэгтгэсэн, зөвхөн өөрсдийн хүсэл зоригоор гэмт үйлдлийг гүйцэтгэж байгаа, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хоёр болон түүнээс дээш хүний үйл ажиллагааны нэгдэл.

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр “...маргаан болж хохирогч М.Б ийг И.Ц нүүрэн тус газар нь цохиж, ...М.Б нь И.Цыг өмөөрч хохирогч М.Б ийг цохисон...” болох нь тогтоогдсон.

Тодорхой гэмт хэрэг үйлдэхээс өмнө дээр дурдсан тохиролцоог хийгээгүй боловч гэмт хэрэг үйлдэх явцад үйлдэл төдийгүй үзэл бодол, сэдэлт, зорилгоороо нэгдсэн бол бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзнэ.

Улсын яллагчийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд шүүхээс шүүгдэгч И.Ц, М.Б нарыг хүний эрүүл мэндэд хүнд хүнд санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй.  

 

Иргэдийн төлөөлөгчийн “шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэх дүгнэлт шүүх бүрэлдэхүүний эрх зүйн дүгнэлттэй ижил байх тул няцаан үгүйсгэх шаардлагагүй болохыг дурдав.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Тус гэмт хэргийн улмаас хохирогч М.Б ий биед хүнд хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй байна.

Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн хамтарсан тушаалаар “гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам” батлагдсан.

Мөн Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор “...хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай...” тогтоол гарсан.

Хавтаст хэргийн 69-71 дүгээр талд авагдсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон шинжээчдийн дүгнэлтэд “...сэтгэцэд учирсан хор уршгийн 2 дугаар зэрэглэлд хамаарна...” гэжээ.

Хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт, эмчилгээ хийгдэж байгаа байдал, эдгэрэлт, хохирогчийн зовуурь, биеийн байдал, шүүх хуралдаанд гаргасан прокурорын дүгнэлт, хохирогчийн мэдүүлэг зэргийг харгалзан хохирогчийн эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтуудыг үндэслэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоов.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гэмт хэрэг гарах үеийн дагаж мөрдөж байсан хэмжээ болох 792,000 төгрөгөөр тооцоход 6,336,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.

Иймд хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршиг болох 6,336,000 төгрөгийг шүүгдэгч И.Ц, М.Б нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч И.Цаас 3,168,000 төгрөгийг, шүүгдэгч М.Б гээс 3,168,000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч М.Б д олгохоор шийдвэрлэв.

Мөн хохирогч М.Б  нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,780,440 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд уг хохирлыг шүүгдэгч нар нь төлж барагдуулаагүй байна.

Иймд дээрх хохирлыг мөн хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч И.Цаас 890,220 төгрөгийг, шүүгдэгч М.Б гээс 890,220 төгрөгийг тус тус гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгох нь зүйтэй байна.  

Харин хохирогч М.Б  нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч И.Ц, М.Б нараас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Талуудын дүгнэлт:

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч И.Ц, М.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 06 жил, 02 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэсэн дүгнэлтийг;

 

Шүүгдэгч И.Ц, М.Б нараас: “...Хорих ял оногдуулахгүйгээр мөнгөн торгууль төлөх саналтай байна...” гэсэн саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгч И.Ц ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 86 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 92 дугаар тал/, Нийслэлийн ерөнхий боловсролын 44 дүгээр сургуулийн тодорхойлолт /хх-ийн 76 дугаар тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 77 дугаар тал/,

 

Шүүгдэгч М.Б гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 80 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84 дүгээр тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 81 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, тэдний хувийн байдлыг тодорхойлов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч И.Ц, М.Б нарыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хүнд санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсон тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч И.Ц, М.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч И.Ц, М.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 05 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж,

-Мөн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана.” гэж тус тус хуульчилсан.

Иймд шүүгдэгч И.Ц, М.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 05 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж, 02 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус  эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч И.Ц, М.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авч шийдвэрлэв.

 

Шүүгдэгч И.Ц, М.Б нар нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч нарыг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болохыг тэмдэглэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч И.Ц, М.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хүнд санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч И.Ц, М.Б нарыг 05 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч И.Ц, М.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 05 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж, 02 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Ц, М.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч И.Ц, М.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад заасныг тус тус баримтлан хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршиг болох 6,336,000 /зургаан сая гурван зуун гучин зургаан мянга/ төгрөгийг шүүгдэгч И.Ц, М.Б нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч И.Цаас 3,168,000 /гурван сая нэг зуун жаран найман мянга/ төгрөгийг, шүүгдэгч М.Б гээс 3,168,000 /гурван сая нэг зуун жаран найман мянга/ төгрөгийг тус тус гаргуулж хохирогч М.Б д;

-Мөн шүүгдэгч И.Цаас 890,220 /найман зуун ерэн мянга хоёр зуун хорь/ төгрөгийг, шүүгдэгч М.Б гээс 890,220 /найман зуун ерэн мянга хоёр зуун хорь/  төгрөгийг тус тус гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт тус тус олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.Б  нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч И.Ц, М.Б нараас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч И.Ц, М.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдний эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.