Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2023/03654

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 08 10 101/ШШ2023/03654

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдаан танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- КК ХХК-ний нэхэмжлэлтэй,

хариуцагч- Н.Н-д холбогдох,

Баянзүрх дүүрэг, **************** тоотод байрлах орон сууцыг албадан чөлөөлүүлэх, алдангийн төлбөрт 44,132,500 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээний үүрэгт төлсөн 28,035,246 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн Ц.М, Б.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц, түүний өмгөөлөгч Э.Х /ӨҮ-****/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ж.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч КК ХХК нь Н.Нд холбогдуулан Баянзүрх дүүрэг, **************** тоотод байрлах орон сууцыг албадан чөлөөлүүлэх, алдангийн төлбөрт 44,132,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон /хх-1-2/.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ иргэн Н.Нтэй 2019 оны 5 дугаар сарын 5-ны өдөр 2/***дугаартай орон сууцыг захиалгаар бариулах гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, ************ давхарт *****тоот 70 м.кв орон сууцыг Н.Н захиалсан бөгөөд өнөөдрийг хүртэл гэрээний гол нөхцөл болох байрны төлбөрийг төлж барагдуулалгүйгээр компанид багагүй хохирол учруулаад байна. Н.Н нь байрны төлбөрт урьдчилгаа 23,100,000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдрөөс 2021 оны 11-р сарын 5-ны өдөр хүртэл гэрээний хавсралтад заасан графикийн дагуу 92,400,000 төгрөг, нийт 115,500,000 төгрөгийг төлөх ёстой байсан боловч 2019 оны 6-р сарын 5-ны өдрөөс 2019 оны 10-р сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд 27,235,000 төгрөгийг төлсөн.

Захиалагч Н.Н нь гэрээний төлбөрийн графикийн дагуу 2021 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр сүүлчийн төлбөрөө төлж дуусгах ёстой байтал 2019 оны 11-р сарын 15-ны өдрөөс хойш 3 жилийн хугацаанд нэг ч төгрөг төлөөгүй болно. Бид удаа дараа утсаар ярьж, албан тоотоор шаардлага өгч 2019 оны 5-р сарын 5-ны өдрийн 2/***тоот орон сууцыг захиалгаар бариулах гэрээний 7 дугаар зүйлийн 7.2-т заасны дагуу гэрээг цуцалсан болно. Захиалагч Н.Нгээс төлбөрөө гэрээний дагуу төлж барагдуулаагүй 3 жилийн хугацаанд барилгын бараа материалын үнэ болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, амдолларын ханш зэрэг имфляцийн түвшин 2 дахин өссөнтэй холбоотойгоор одоо мкв-н үнийг 2019 оны үнэлгээгээр тооцох боломжгүй болсон. Мөн Н.Н нь орон сууцыг хүлээн авсан 2019 оны 9-р сарын 5-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд манай компанид төлөх төлбөрөө одоог хүртэл төлөхгүйгээр орон сууцыг ашиглаж байгаа тул Н.Нгийн хууль бус эзэмшлээс Баянзүрх дүүрэг, ************ давхарт *****тоотын 70 м.кв орон сууцыг чөлөөлүүлэх.

Орон сууцыг захиалгаар бариулах 2/***тоот гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 88,265,000 төгрөгөөс хоногийн 0,5 хувийн алданги 441,325 төгрөгийг 2019 оны 10-р сарын 15-ны өдрөөс 2022 оны 10-р сарын 27-ны өдөр хүртэл 335 хоногийн хугацаанд алданги тооцоход 147,843,875 төгрөг гарсан. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар үлдэгдэл төлбөр болох 88,265,000 төгрөгийн 50 хувиар тооцож алдангид 44,132,500 төгрөгийг Н.Нгээс шаардаж байгаа гэж тодорхойлсон.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр нөхрийн хамт нэхэмжлэгч компанитай 70 м.кв байр захиалах гэрээ хийж, урьдчилгаа 13,100,000 төгрөгийг 8 сард төлөхөөр гэрээ хийсэн байдаг. Тухайн үед сард 3,080,000 төгрөг төлөхөөр тохиролцсон.

Бид гал тогооны тавилга захиалгаар хийдэг бизнес эрхэлж байсан тул орж ирсэн мөнгөөрөө төлбөрөө хийдэг байсан. Охин маань бага багаар өвдөж бидний зүгээс хугацаа алдаж 2020 оны 01 дүгээр сараас шинжилгээнд ороход хөхний хавдартай гэж оношлогдож тэрнээс хойш төлбөрөө хугацаанд нь төлж чадаагүй. Мөн ковид гарч хөл хорио тогтоосон учир ажил эрхлэх, орлого олох боломжгүй байсан.

Бидний хувьд үндсэн төлбөрт 13,100,000 төгрөг төлсөн боловч аль аль талд нь баримт олдохгүй байгаа учир нэхэмжлэгч нь бидний төлсөн 28,034,064 төгрөгийг гаргаж өгвөл орон сууцыг чөлөөлж өгье гэсэн саналтай байна.

Харин алдангийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй. Алданги нь гэрээний үндсэн үүргийн биелэлтийг хангуулахад чиглэсэн, гэтэл нэхэмжлэгч нь орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзсан мэдэгдлийг хариуцагч талд 2022 оны 10 дугаар сард өгсөн байдаг. Нэгэнт гэрээний үүргээ биелүүлж чадаагүй гэрээнээс татгалзсан учраас алданги шаардах эрхгүй гэж маргасан.

 

4. Хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын 2/***тоот гэрээний үүрэгт төлсөн 41,335,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ КК ХХК-тай гэрээ хийснээс хойших төлсөн төлбөрт 28,034,064 төгрөгийг нэхэмжилж байгаа. Бид хэдийгээр 13,100,000 төгрөгийг төлсөн гэдэгт маргаантай, энэ талаарх баримт талуудад байхгүй учир сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 28,034,064 төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбарласан.

 

5. Нэхэмжлэгч тал хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд манай компанийн зүгээс хариуцагч Н.Нгээс гэрээний төлбөрт 28,035,246 төгрөгийг төлсөнд маргаагүй, уг төлбөрийг төлөхөд татгалзах зүйл байхгүй. Байр чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч байгаа учраас төлбөрийг буцааж өгөхөд татгалзах зүйл байхгүй гэсэн тайлбарыг гаргасан.

 

6. Нотлох баримтын тухайд

6а. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, төлөөлөгчөөр Ц.Мг томилсон 2022-11-15-ны өдрийн 22/59 дугаартай итгэмжлэл /хх-4/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-5/, 2019-5-5-ны өдрийн орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээ /хх-6-11/, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2019-10-7-ны өдрийн 2019/428 дугаартай дүгнэлт /хх-86-89/, КК ХХК-иас Н.Нд хаягласан 2022-9-22-ны 22/47 дугаартай мэдэгдэл /хх-94/, төлөөлөгчөөр Б.Бийг томилсон 2023-02-24-ний өдрийн итгэмжлэл /хх-103, 129/, КК ХХК-ний Баянзүрх дүүрэг, ***************** гудамжид байрлах 2795 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээ /хх-122/, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 2023-3-9-ний өдрийн гэрээ /хх-123-126/, Баянзүрх дүүрэг, ***************** кадастрын зураг /хх-127-128/, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар /хх-130/, Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газрын хягийн тодорхойлолт бүхий 2020-02-13-ны өдрийн 04/585 дугаартай албан бичиг /хх-171/, Классик констракш ХХК-ний Ч.Цд гэж хаягласан 2023-5-24-ний өдрийн 23/44 дугаартай албан бичиг /хх-194/ зэрэг баримтыг нотлох баримтаар гаргасан.

 

6б. Хариуцагчаас төлөөлөгч томилсон 2023-01-12-ны өдрийн итгэмжлэл /хх-23/, хариуцагчийн хариу тайлбар /хх-27-28/, Н.Н, Ч.Ц нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-29/, Н.Аын төрсний гэрчилгээний хуулбар /хх-30/, Н.Аын эрүүл мэндийн талаарх баримт /хх-31-36/, Ч.Цгийн эрүүл мэндийн талаарх баримт /хх-37-62/, өмгөөлөгч Э.Хтай байгуулсан гэрээ /хх-105/, сөрөг нэхэмжлэл /хх-107-108/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-106/, КК ХХК-нд төлбөр төлсөн талаарх Хас банкны орлогын маягт /хх-135-136/, Н.Нгийн Голомт банкны дансны хуулга /хх-139/, Ч.Цгийн Хас банкны дансны хуулга /хх-140-154/ , Н.Н, Ч.Ц нарын Хас банкны дэвтрийн хуулбар /хх-199-200/ зэрэг баримтыг гаргасан.

 

6в. Улсын бүртгэлийн ерөнхий газар 2023 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн ...Баянзүрх дүүрэг, ************ тоот хаягаар үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй, эрхийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл бүртгэлгүй болохыг, ***байрыг 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 2019/428 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн тухай 5/***** дугаартай тодорхойлолт бүхий албан бичгийг /хх-172/ шүүх бүрдүүлсэн.

 

6г. Хэргийн 63-84, 90-92, 138-р талд авагдсан баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т зааснаар бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч КК ХХК-ний нэхэмжлэлээс Баянзүрх дүүрэг, ************ тоотод байрлах орон сууцыг чөлөөлүүлэх шаардлагыг хангаж, алдангийн төлбөрт шаардсан 44,132,500 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Н.Нтэй 2019 оны 5 дугаар сарын 5-ны өдөр орон сууц захиалан бариулах, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, *************** тоотод байршилтай 70 мкв талбайтай, орон сууцыг захиалж, захиалгын гэрээний урьдчилгаа төлбөрт 23,100,000 төгрөг төлсөн. Н.Н нь 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл гэрээний хавсралтад заасан графикийн дагуу 92,400,000 төгрөгийг манай компанид төлөх ёстой байсан ч 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 3,080,000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 3,080,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 1,995,000 төгрөг, 2019 он 8 дугаар сарын 12-ны өдөр 800,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 280,000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 7,000,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 300,246 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 500,000 төгрөгийг тус тус төлж урьдчилгаа төлбөрийн хамт нийт 28,035,246 төгрөгийг төлж гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй.

Н.Н нь гэрээний төлбөрийн графикийн дагуу 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш 3 жилийн хугацаанд нэг ч төгрөг төлөөгүй болно. Бид удаа дараа утсаар ярьж, албан тоотоор шаардлага өгч байсан боловч утсаа авдаггүй, уулзаагүй гэрээний дагуу төлөх ёстой үүргээ биелүүлээгүй учраас "Орон сууцыг захиалгаар бариулах гэрээ"-ний 7 дугаар зүйлийн 7.2-т заасны дагуу гэрээнээс татгалзаж байгаа. Хариуцагч Н.Нгээс төлбөрөө гэрээний дагуу төлж барагдуулаагүй 3 жилийн хугацаанд барилгын бараа материалын үнэ болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, ам долларын ханш зэрэг имфляцийн түвшин 2 дахин өссөнтэй холбоотойгоор одоо м.кв-ын үнийг 2019 оны үнэлгээгээр тооцох боломжгүй болсон тул Н.Нгээс Баянзүрх дүүрэг ***************** гудамж 19B байрны 10 давхар *****тоот 70 мкв орон сууцыг чөлөөлүүлэх хүсэлттэй.

Н.Н нь 19B байрны 10 давхар *****тоот 70 м.кв орон сууцыг манайхаас хүлээн авсан 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд гэрээний үүргээ биелүүлээгүй атлаа одоог хүртэл орон сууцыг ашиглаж байна. Манай компаниас Н.Нтэй удаа дараа холбогдох гэсэн боловч *********, 96005891 дугаарууд нь ашиглалтад байхгүй тул холбогдож чадахгүй, мөн 19B байрны 10 давхар *****тоот байранд очиж албан шаардлага өгөх гэсэн боловч байрандаа байсаар атал огт хаалгаа нээдэггүй тул орон сууцыг захиалгаар бариулах 2/***тоот гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 88,265,000 төгрөгөөс хоногийн 0,5 хувийн алдангийг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл тооцож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас тооцож алдангид 44,132,500 төгрөгийг мөн нэхэмжилж байна гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч тал дээрх нэхэмжлэлийн шаардлагаас 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 70 м.кв байр захиалж гэрээ хийж, урьдчилгаа 13,100,000 төгрөгийг 8 сард төлөх, сард 3,080,000 төгрөг төлөхөөр тохиролцсон боловч гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийн шалтгааны улмаас болон ковид гарч хөл хорио тогтоосноор төлбөрийг хугацаандаа төлөх боломжгүй байсан тул урьдчилгаа төлбөрт төлсөн 28,034,064 төгрөгийг буцаан авч орон сууцыг чөлөөлж өгөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч тал нэгэнт гэрээнээс татгалзсан тул алданги шаардах эрхгүй гэж маргасан.

 

4. Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ КК ХХК-тай гэрээ хийснээс хойших төлсөн төлбөр 28,034,064 төгрөгийг нэхэмжилж байна 13,100,000 төгрөгийг төлсөн гэдэгт маргаантай, энэ талаарх баримт талуудад байхгүй учир сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 28,034,064 төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбарласан.

 

5. Нэхэмжлэгч тал хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хариуцагч Н.Н гэрээний төлбөрт 28,035,246 төгрөг төлсөнд маргахгүй, уг төлбөрийг төлөхөд татгалзах зүйл гэж хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан.

 

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Орон сууц албадан чөлөөлөх шаардлагын тухайд

 

6а. КК ХХК болон Н.Н нарын хооронд 2019 оны 5 дугаар сарын 5-ны өдөр орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээгээр гүйцэтгэгч буюу КК ХХК нь өөрийн хөрөнгөөр барьж байгаа ************** тоотод 70 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьж гүйцэтгэн 2019 оны 8-р сард захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч Н.Н нь нийт үнэ 115,500,000 төгрөгнөөс гэрээ байгуулахад урьдчилгаа 10,000,000 төгрөг, 2019-8-10-ны өдөр урьдчилгааны үлдэгдэл 13,100,000 төгрөгийг төлөх ба үлдэгдэл 92,400,000 төгрөгийг хавсралт1-д заасан графикийн дагуу төлөх үүргийг харилцан хүлээсэн байна /хх-6-11/.

 

6б. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 2019/428 дугаартай дүгнэлтэд Нийслэлийн Баянзүрх дүүргийн ***-р хорооны нутаг дэвсгэрт баригдсан өндөр зэргийн төвөгшилтэй ангиллын зоорьтой *** давхар 46 /дөчин зургаа/ автомашины дулаан зогсоолтой үйлчилгээтэй, ***1 /нэг зуун жаран нэг/ айлын хүчин чадал бүхий автомашины дулаан зогсоол, үйлчилгээ, орон сууцны зориулалттай барилга байгууламжид 28 хүний бүрэлдэхүүнтэй барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ажиллан үзлэг шалгалт хийсэн, захиалагч КК ХХК гэж, барилга байгууламжийн ашиглагч, өмчлөгч байгууллага КК ХХК гэж дурдсан байна /хх-86-89, 173-176/.

 

6в. Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хаягласан 2020-02-13-ны өдрийн 04/585 дугаартай албан бичигт Баянзүрх дүүргийн *** дугаар хороонд байрлах үйлчилгээтэй орон сууцны зориулалттай барилга нь ***-р хороолол /13321/, Улаанхуарангийн гудамж ***гэсэн дугаартай болохыг дурдсан байна /хх-171/.

 

6г. Улсын бүртгэлийн ерөнхий газар 2023 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 5/***** дугаартай албан бичгээр Баянзүрх дүүрэг, ***-р хороо, ***-р хороолол /13321/, Улаанхуаран гудамж ***байрны *****тоот хаягаар үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй, эрхийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл бүртгэлгүй болохыг, ***байрыг 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 2019/428 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн болохыг тодорхойлсон /хх-172/.

 

7. Зохигч талуудын хооронд 2019 оны 5 дугаар сарын 5-ны өдөр орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалт нэртэй гэрээг байгуулах үед гэрээний зүйл болох Баянзүрх дүүрэг, ***-р хороо, ***-р хороолол /13321/, Улаанхуаран гудамж ***байр баригдаж дуусаагүй байсан болох нь дээрх баримтууд болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Иймд талуудын хооронд байгуулсан орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээний агуулга, зорилго, талуудын хүсэл зоригийн илэрхийллээс дүгнэн үзэхэд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

 

Зохигч талуудын байгуулсан орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасан хэлцэл-ийн үндсэн дээр үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна.

 

Гэрээний дагуу хариуцагч нь Баянзүрх дүүрэг, ************ тоотод байрлах орон сууцыг хүлээн авсан, гэрээний үүрэгт 28,035,246 төгрөг төлсөн талаар зохигчид мөн маргаагүй.

 

Харин нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ 2019 оны 5-р сарын 5-ны өдөр байгуулсан орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээний төлбөрийг хариуцагч Н.Н нь 2021 оны 11 дүгээр сарын 5-ны дотор төлж дуусгах байсан боловч 28,035,246 төгрөг төлж, гэрээний үүргийн дийлэнх хэсгийг биелүүлээгүй тул гэрээнээс татгалзсан талаар хариуцагчид мэдэгдсэн боловч орон сууцыг үнэ төлбөргүй ашиглаж байгаа гэж тодорхойлсон.

 

Хариуцагч тал орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан, нэхэмжлэлийн шаардлагад дурдсан *****тоотын орон сууцыг хүлээн авсан, гэрээний үүрэгт 28,035,246 төгрөг төлсөн үйл баримт болон дээрх орон сууцыг чөлөөлөхийг хүлээн зөвшөөрч маргаагүй боловч нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзаж байгаа тул алданги шаардах эрхгүй гэж маргасан тайлбарыг гаргаж байна.

 

Талуудын байгуулсан гэрээний 2.2-т гэрээ байгуулахад урьдчилгаа 10,000,000 төгрөг, 2019-8-10-ы өдөр урьдчилгааны үлдэгдэл 13,100,000 төгрөгийг төлөх ба үлдэгдэл 92,400,000 төгрөгийг хавсралт 1-д заасан графикийн дагуу төлнө. /Хавсралт1 нь гэрээний салшгүй хэсэг байна/ гэж тохирсон байх бөгөөд хариуцагч нь 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 3,080,000 төгрөг буюу нийт 92,400,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр үүрэг хүлээсэн байх боловч хариуцагч нь гэрээгээр хүлээсэн захиалсан орон сууцны үнийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй шалтгааны улмаас нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан үйл баримт тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2-т хүндэтгэн үзэх үндэслэлээр гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах талаар, 221.3-т гэрээний үүрэг зөрчсөнөөс гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах талаар, 225 дугаар зүйлийн 225.3-т үүрэг гүйцэтгэгч үүргийн зарим хэсгийг зөрчсөн боловч үлдэх хэсгийг гүйцэтгэх нь үүрэг гүйцэтгүүлэгчид ашиггүй болсон үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах талаар, 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар аль нэг тал нь гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэх үүрэгтэй гэж, 205 дугаар зүйлийн 205.1-д хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж тус тус зохицуулжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар КК нь 2022-9-22-ны өдөр хариуцагч Н.Нд гэрээ цуцлах тухай мэдэгдэл хүргүүлсэн /хх-94/, хариуцагч нь 2019 оны 10-р сарын 15-ны өдрөөс хойш төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан нь үндэслэлтэй гэж үзэв.

 

Дурдсан үндэслэлээр Баянзүрх дүүрэг, **************** тоотод байрлах,70 м.кв талбайтай орон сууцыг хариуцагчийн эзэмшлээс албадан чөлөөлөх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Алданги гаргуулах шаардлагын тухайд

 

8. Нэхэмжлэгч КК ХХК нь гэрээний 4.4-т захиалагч нь төлөх ёстой төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол төлөөгүй буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар хоног тутамд алданги төлнө гэж заасны дагуу алдангийн төлбөрт 44,132,500 төгрөгийг хариуцагч Н.Нгээс шаардсан.

 

Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар захиалагч нь гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүрэгтэй байх бөгөөд мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүнд гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус зохицуулсан.

 

Талуудын хэн алиных нь тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар гэрээний хавсралт 1-д заасан төлбөрийн графикаар хариуцагч Н.Н нь 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 3,080,000 төгрөгийг нийт 30 сарын хугацаанд нэхэмжлэгчид төлөхөөр гэрээгээр үүрэг хүлээсэн байх боловч хариуцагч нь 2019 оны 10-р сарын 15-ны өдрөөс хойш гэрээний дагуу төлбөр төлөөгүй үйл баримт тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэх гэрээгээр талууд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд энэ хуульд заасан нийтлэг журам үйлчилнэ гэж, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж зохицуулжээ.

 

Нэхэмжлэгч талаас хариуцагч нь 2019 оны 10-р сарын 15-ны өдрөөс хойш төлбөр төлөх үүргийн зөрчлийг гаргасан буюу захиалан бариулж хүлээн авсан орон сууцны үнийг төлөх үүргээ тохирсон хугацаандаа биелүүлээгүйгээс орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээнээс татгалзсан гэж нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ тодорхойлсон тул хариуцагчаас алданги шаардах эрхгүй байна.

 

Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар захиалагч нь гэрээнд заасан хугацаандаа төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй зөрчсөний улмаас гэрээнээс татгалзах эрхийг нэхэмжлэгч тал хэрэгжүүлсэн үйл баримт тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхгүй байна.

Тодруулбал, гэрээнд оролцогч гэрээнээс татгалзсанаар үүргийн харилцаа буюу гэрээний үүргээс үүдсэн шаардах эрх дуусгавар болдог тул гэрээний үүрэг болох анзыг шаардахгүй бөгөөд гэрээнээс татгалзсанаар талууд гэрээгээр өгсөн авснаа харилцан буцаах үүрэгтэй.

 

Иймд хариуцагчаас алдангид 44,132,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд

 

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц нь 2019 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээний үүрэгт төлсөн төлбөрт 41,335,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд 13,100,000 төгрөгийг төлбөр төлсөн талаарх баримт гэрээний талуудын хэн алинд байхгүй байгаа үндэслэлээр 13,100,000 төгрөгийн сөрөг шаардлагаас татгалзаж, ажил гүйцэтгэгч нэхэмжлэгч нь орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээнээс татгалзсан тул гэрээний төлбөрт шилжүүлсэн 28,035,246 төгрөгийг буцаан гаргуулна гэж сөрөг шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.

 

Нэхэмжлэгч тал дээрх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул КК ХХК-иас 28,035,246 төгрөгийг гаргуулан хариуцагч Н.Нд олгохоор шийдвэрлэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 13,299,754 төгрөгт холбогдох хэсгээсээ татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.

 

10. Иймд дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Н.Нгийн эзэмшил, ашиглалтаас Баянзүрх дүүрэг, **************** тоотод байрлах,70 м.кв талбайтай орон сууцыг чөлөөлөх үндсэн нэхэмжлэлийн шаардлага, 28,035,246 төгрөгийг КК ХХК-иас гаргуулах хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хангаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс алдангийн төлбөрт шаардсан 44,132,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж тус тус зохицуулсан.

 

Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 448,812 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн 364,625 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж,

хариуцагчаас үндсэн нэхэмжлэлийн хангагдсан шаардлага болох орон сууц чөлөөлүүлэх шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох,

нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлийн хангагдсан шаардлага болох 28,035,246 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 298,126 төгрөгийг гаргуулан хариуцагчид тус тус олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.1, 1***, ***дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 204 дүгээр зүйлийн 204.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагч Б овогт Н-н Н /**************/-н эзэмшлээс Баянзүрх дүүрэг, **************** тоотод байршилтай, 70 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг чөлөөлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 44,132,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар нэхэмжлэгч КК ХХК /***********/-иас 28,035,246 /хорин найман сая гучин таван мянга хоёр зуун дөчин зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б овогт Н-н Н /***********/-нд олгосугай.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 13,299,754 төгрөгт холбогдох хэсгээсээ татгалзсан болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 448,812 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн 364,625 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Нгээс 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч КК ХХК-нд, нэхэмжлэгч КК ХХК-иас 298,126 төгрөгийг гаргуулан хариуцагч Н.Н нарт тус тус олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ