| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2023/02741/И |
| Дугаар | 102/ШШ2023/02870 |
| Огноо | 2023-08-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 102/ШШ2023/02870
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, .................тоотод байрлах, “В” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, .......... тоотод оршин суух, Боржигон ургийн овогтой Г Ө-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 142,900,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө
Хариуцагч Г.Ө,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “В” ХХК-ийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын агуулга: “В” ХХК нь Г.Ө-тай 2022 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр ЗНБГ/22-01 тоот зээлээр бараа нийлүүлэх гэрээ байгуулсан. 2023 оны 01 дүгээр сарын 06-нд Г.Ө нь 114,550,000 төгрөгийн бараа зээлээр худалдан авч үүнээс 9,248,000 төгрөгийг төлсөн. 95,267,000 төгрөгийг өнөөдрийн байдлаар төлөөгүй байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-т зааснаар харилцагч гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцож авна гэж заасан. Үүний дагуу нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх хугацааны алданги Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар 47,633,500 төгрөгийн хамт нийт 142,900,500 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна гэжээ.
2.Хариуцагч Г.Ө-ын хариу тайлбар: Би “В” ХХК-аас 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 2022 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн ЗНБГ/22-01 тоот гэрээний дагуу 114,550,000 төгрөгийн бараа авсан. Өнөөдрийн байдлаар 95,267,000 төгрөгийг төлөөгүй байгаа. Үндсэн төлбөр 95,267,000 төгрөгийг “В” ХХК-тай ярилцаад график гаргаад төлөөд явах боломжтой. Харин алданги төлөхийг зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
3.Хэрэгт нэхэмжлэгчээс “В” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 4/, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн зээлээр бараа нийлүүлэх гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 5-8/, Г.Ө-ын гар бичмэл /хх-ийн 9/, төлбөрийн баримт /хх-ийн 10/, Г.Ө-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 11/, тооцооны үлдэгдлийн баталгаа /хх-ийн 12/, харилцагчийн дэлгэрэнгүй тайлан /хх-ийн 13/, Нийслэлийн Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 14/ зэрэг баримтыг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлээс зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч “В” ХХК нь хариуцагч Г.Ө-т холбогдуулан худалдсан барааны үнэ 95,267,000 төгрөг, алданги 47,633,500 төгрөг нийт 142,900,500 төгрөг гаргуулахаар шаардсан байна.
3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “...“В” ХХК, Г.Ө нарын хооронд 2022 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр ЗНБГ/22-01 тоот гэрээ байгуулж, гэрээний дагуу 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Г.Өт 114,550,000 төгрөгийн бараа зээлээр худалдсан. Үүнээс 9,248,000 төгрөгийг төлсөн. Үлдэх 95,267,000 төгрөгийг гэрээгээр тохирсон хугацаанд төлөөгүй учир гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-т зааснаар алданги 47,633,500 төгрөгийн хамт нийт 142,900,500 төгрөгийг нэхэмжилж байна” гэж тайлбарласан.
4.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг татгалзаж буй үндэслэлээ “...Би “В” ХХК-аас 2022 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн ЗНБГ/22-01 тоот гэрээний дагуу 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 114,550,000 төгрөгийн бараа авсан. Өнөөдрийн байдлаар 95,267,000 төгрөгийг төлөөгүй байна. Үндсэн төлбөр 95,267,000 төгрөгийг төлнө. Алданги төлөх боломжгүй байна” гэж тайлбарласан байна.
5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн “В” ХХК, Г.Ө нарын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсан ЗНБГ/22-01 тоот зээлээр бараа нийлүүлэх гэрээ, “В” ХХК-д гаргасан Г.Ө-ын баталгааны баримт, барааны баримт, тооцооны үлдэгдлийн баталгааны баримт, харилцагчийн дэлгэрэнгүй тайлан зэрэг баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
5.1. “В” ХХК, Г.Ө нарын хооронд 2022 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр ЗНБГ/22-01 тоот гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэгч нь хариуцагчид 114,550,000 төгрөгийн барааг шилжүүлсэн өгсөн байна. Хариуцагч барааны үнээс 9,248,000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байна.
5.2.Зохигч талууд 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ЗНБГ/22-01 тоот зээлээр бараа нийлүүлэх гэрээ байгуулсан, хариуцагч гэрээний дагуу 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 114,550,000 төгрөгийн барааг хүлээн авч, 9,248,000 төгрөгийг төлсөн. Гэрээгээр алданги төлөхөөр тохиролцсон болохыг зөвшөөрч маргаагүй.
6.2022 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн ЗНБГ/22-01 тоот гэрээ дагуу нэхэмжлэгч тал 114,550,000 төгрөгийн үнэ бүхий янжуур тамхийг хариуцагчид шилжүүлэн өгч, хариуцагч төлбөрийг барааг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон хэлцэл хийгджээ. Хэлцлийн агуулгаас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, хэлцэл хүчин төгөлдөр байна гэж үзэв.
7.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
8.Хариуцагч 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авсан барааны үнээс үлдэх төлбөр 114,550,000 төгрөгийн төлөхийг зөвшөөрч маргаагүй. Харин алданги төлөх боломжгүй хэмээн төлөхөөс татгалзсан.
9.Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-т зааснаар харилцагч гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцож төлөхөөр тохиролцсон байна.
10.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй”, 232.8-д “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж тус тус заасан.
11.Нэхэмжлэгч нь хариуцагчаас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 114,550,000 төгрөгийн алданги 50 хувиар тооцож 47,633,500 төгрөг нэхэмжилсэн нь хууль болон гэрээ зөрчөөгүй боловч үүрэг үүссэн 2023 оны 01 дүгээр сарын 14-нийн өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд тооцсон алданги буюу гэрээний хариуцлагын хэмжээ илт их байх тул шүүхээс анзын хэмжээг 50 хувиар багасгах нь зүйтэй гэж үзэв.
12.Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.8-д заасны дагуу хариуцагч Г.Ө-аас барааны үлдэгдэл төлбөр 114,550,000 төгрөг, алданги 23,816,750 төгрөг нийт 119,083,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “В” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 23,816,750 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж дүгнэв.
13.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 872,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 753,369 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.8-д заасны дагуу хариуцагч Г.Ө-аас 119,083,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “В” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 23,816,750 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “В” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 872,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ө-аас 753,369 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР