Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2019/01402

 

 

 

 

 

 

 

 

 

П.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2019/00640 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: П.Бгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “МЦХ” ХК-д холбогдох,

 

“МЦХ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Х/146 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, П.Бг “МЦХ” ХК-ийн Дархан-Уул аймгийн холбооны газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цогтсайхан, өмгөөлөгч С.Чинбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Азбаяр, өмгөөлөгч О.Мягмарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч П.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цогтсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “МЦХ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн х/146 дугаар тушаалаар Дархан-Уул аймгийн холбооны газрын дарга П.Б нь эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж буй ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь төрийн эрх бүхий байгууллагын дүгнэлт, тодорхойлолтоор тогтоогдож байх тул 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй. гэж шийдвэрлэсэн байна. Тус шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 01223 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч П.Б “МЦХ” ХК-ийн Дархан-Уул аймгийн холбооны газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор олгож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас 1 жилийн дараа буюу 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Х/81 дугаартай тушаалаар П.Бг ажилд томилсон боловч өнөөдрийг хүртэл албан ажлыг хүлээлцэж, албан тушаал эрхлүүлээгүй, албан тушаалд ажиллуулах үүргээ хариуцагч биелүүлээгүй. П.Бг эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлөх тухай тушаалд Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 05 дугаар сарын 31- ний өдрийн 674 тоот албан бичиг, 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 757 тоот албан бичиг, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоосон 0161021 дугаар акт, Мэргэжлийн хяналтын Улсын ахлах байцаагчийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 10-01-001/114 тоот дүгнэлт, Монголын Тээвэр, холбоо Газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоотой байгуулсан Хамтын гэрээний нэмэлт өөрчлөлтийн 2.1.6.7 дахь заалтуудыг тус тус үндэслэсэн болохоо тэмдэглэжээ. Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 10-01-001/114 дугаартай дүгнэлтэд “МЦХ” ХК-ийн аймгийн холбооны газрын даргын ажлын байрны тодорхойлолтод заагдсан шаардлагыг ханган ажиллахад П.Б нь эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй гэжээ. Аливаа захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогчийг сонсох үүргийг Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд хуульчилсан байдаг. Захиргааны акт батлан гаргах хэрэгтэй байгаад уг захиргааны актаар түүний эрхэнд халдахаар бол оролцогч өөрийгөө сонсгох, тайлбар, санал гаргах эрхтэй. Гэтэл тухайн дүгнэлтийг гаргахдаа П.Бд огт танилцуулаагүй бөгөөд мэдэгдээгүй болно. Улмаар уг дүгнэлттэй танилцах болон түүний талаар санал, тайлбар гаргах эрхээр нь хангаагүй. Уг дүгнэлтийг Улсын ерөнхий байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 01-01-001/01 дугаартай шийдвэрээр Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга, улсын ахлах байцаагч Д.Бат-Эрдэнийн гаргасан 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 10-01-001/1147 дугаартай дүгнэлт нь холбогдох хууль, дүрэм, журмыг бүрэн судлан шинжлээгүй, Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралгүй асуудлаар гаргасан байх тул хүчингүй болсонд тооцсугай. гэж шийдвэрлэсэн байх тул хууль бус бөгөөд хүчин төгөлдөр бус шийдвэр болох нь тогтоогдлоо. П.Бг эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй гэсэн шийдвэрийн үндэслэл болсон дүгнэлт нь хүчингүй болсон тул дүгнэлтийг үндэслэсэн тушаал ч бас илт хууль бус болж байна. “МЦХ” ХК нь шүүхийн шийдвэрийг бодитойгоор биелүүлэхийг эрмэлзээгүй бөгөөд зөвхөн биелүүлсэн дүр үзүүлэн тушаал гарган улмаар нэхэмжлэгчийн ажил, албан тушаалыг нь гүйцэтгүүлэхгүйгээр улсын байцаагчийн хууль бус дүгнэлтэд үндэслэн ажлаас чөлөөлсөн. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд Захиргааны акт илт хууль бус болох тохиолдлыг зохицуулсан. Үүнд: 47.1.3-т тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй нөхцөлүүдийг тус тус багтаасан. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна. 47.3 дахь хэсэгт захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна гэж заасан. Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлд захиргааны актад гомдол гаргах, хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй. 93 дугаар зүйлд гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллага Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана. 93 дугаар зүйлийн 93.2 дахь хэсэгт энэ хуулийн 93.1 дэх хэсэгт заасан байгууллага байхгүй бол тухайн актыг гаргасан байгууллагад гомдол гаргаж болно. гэж зохицуулсан. Нэхэмжлэгч гомдлоо “МЦХ” ХК-ийн гүйцэтгэх захиралд гаргасан боловч 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1а/36 тоот албан бичгээр гомдлыг хүлээн авах боломжгүй байна. гэсэн хариуг ирүүлсэн. Иймд “МЦХ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн х/146 дугаар тушаал илт хууль бус тул хүчингүй болгуулж, П.Бг “МЦХ” ХК-ийн Дархан-Уул аймгийн холбооны газрын даргын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “МЦХ” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...”МЦХ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн х/81 дугаартай Ажилд томилох тухай тушаалаар П.Бг Дархан-Уул аймгийн холбооны газрын даргаар 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн томилсон. Дээрх тушаалыг хүлээн авч танилцсан П.Бгийн зүгээс 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр өргөдөл гарган санал гаргасан бөгөөд ажил олгогчийн зүгээс гаргасан саналыг нь хүлээн авч түүнтэй 2018/26 дугаартай Хөдөлмөрийн гэрээ-г 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан бөгөөд уг гэрээг ажилтан П.Бгийн зүгээс хүлээн зөвшөөрч өөрийн хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсгээ зурж баталгаажуулсан. Улмаар 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн холбооны газрын даргын ажлыг бүрэн хүлээлгэн өгсөн бөгөөд нэхэмжлэгч П.Бгийн зүгээс 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Дархан-Уул аймгийн Холбооны газрын даргын ажлыг хийж гүйцэтгэсэн. “МЦХ” ХК-ийн Дархан-Уул аймгийн холбооны газрын ажиллагсдын дунд 2015 оноос эхлэн П.Бг ...хөдөлмөрийн чадвараа алдсан... гэсэн үндэслэлийг гаргаж байгууллагын захиргаа болон Мэдээллийн технологи, харилцаа холбооны газар, тухай үеийн Төрийн өмчийн хороо, Засгийн газрын хэрэг эрхлэх газарт удаа дараа өргөдөл, санал хүсэлтийг гаргаж байсан тул манай компанийн зүгээс 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 2а/391 дугаар албан бичгээр лавлагаа хүссэн бөгөөд Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 757 дугаартай албан бичгээр ...П.Б нь чихрийн шижин өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж тус хэлтсийн тэтгэврийн даатгалын сангаас Тахир дутуугийн тэтгэврийг 2012 оны 05 сард тогтоолгон авч байгаа бөгөөд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 161021 тоот актаар 75 хувийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувьтай нь үнэн болохыг тодорхойлсон... албан бичгийг болон хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоосон акт тус тус ирүүлсэн. Мөн мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2018 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 10-01-001/114 тоот Хөдөлмөрийн чадвар алдалтын тухай дүгнэлтийг гаргаж ирүүлсэн бөгөөд уг дүгнэлтэд дурдсанаар ...холбогдох материалыг шалгахад П.Б нь ердийн өвчний жагсаалтын 1-3-39 дэх заалтаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 75 хувиар тогтоолгосон байгаа нь Засгийн газрын 2015 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрмийн 1.5.1 дүгээрт заагдсан ангиллаар 70-аас дээш хувиар буюу хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан ангилалд хамаарагдаж байна. “МЦХ” ХК-ийн аймгийн холбооны газрын даргын ажлын байрны тодорхойлолтод заагдсан шаардлагыг ханган ажиллахад П.Б нь биеийн эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй... гэсэн хариуг холбогдох нотлох баримтуудын хамт ирүүлсэн байсан. Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн баримтуудын хүрээнд 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ажилтан П.Бд мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд уг мэдэгдэлд дээрх нөхцөл байдлуудыг нэг бүрчлэн дурдаж “МЦХ” ХК-ий Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.4.4 дэх хэсэг, 3.4.5-д тус тус заасны дагуу эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж буй ажил албан тушаалдаа тэнцэхгүй болох нь тогтоогдсон гэж үзэн 2018 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн Х/81 дугаар тушаалын дагуу талуудын хооронд байгуулагдсан 2018/26 дугаар хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар мэдэгдлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу нэг сарын өмнө бичгээр мэдэгдсэн. Мөн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр П.Бд ...Дархан-Уул аймгийн холбооны газрын даргын зөвлөхийн ажлын байрыг бий болгон цалин хөлсийг бууруулахгүйгээр ажиллуулах санал...-ыг тавьж түүнд мэдэгдэхэд П.Б нь мэдэгдэл болон ажлын байрны саналыг хүлээн зөвшөөрөхгүй, мэдэгдэлд гарын үсэг зурахгүй гэсэн тул тэмдэглэл үйлдэн авч үлдсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан ...ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон... гэсэн үндэслэл нь эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг хуулиар шаардах бөгөөд энэ зүйлд заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлах тохиолдолд мөн зүйлийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ ажил олгогч биелүүлсэн байх шаардлагатай энэ үндэслэлээр нэхэмжлэгч П.Бд 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр мэдэгдэл болон ажлын байрны саналыг хүргүүлсэн бөгөөд Дархан-Уул аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр гарсан байсан тул эрүүл мэндийн хувьд гүйцэтгэх ажилдаа тэнцэхгүй гэж үзсэн. П.Б нь 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл ажил үүргээ гүйцэтгэж байсан бөгөөд ажил олгогчийн зүгээс түүнд 2018 оны 6 дугаар сар, 2018 оны 7 дугаар сарын цалин хөлсийг гэрээгээр тохиролцсоны дагуу бүрэн олгосон. Мэдэгдэлд заасан хугацаа өнгөрсний дараа буюу 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гүйцэтгэх захирлын х/146 дугаартай тушаал гарч эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж буй ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр П.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөр тасалбар болгон дуусгавар болгосон. Энэ тушаал гарсантай холбогдуулан мөн өдөр ажил хүлээлцэх комиссын зүгээс Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тушаалыг П.Бд мэдэгдэж ажил хүлээлцэх гэсэн боловч ... тушаалыг хүлээн авахгүй, та нартай шүүх дээр уулзана... гэсэн хариу өгсөн бөгөөд энэ үеэс эхлэн дээрх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсныг мэдэж байсан болно. П.Б нь тушаалыг гардаж авахгүй гэсэн тул ажил хүлээлцэх комисс хуралдан тушаалыг Шуудан үйлчилгээний газрын баталгаат шуудангаар илгээж хүлээлгэн өгөхөөр шийдвэрлэсэн бөгөөд тушаалыг Дархан-Уул аймгийн шуудан үйлчилгээний газрын баталгаат шуудангаар илгээсэн боловч шуудан хүргэлтийн ажилтнаас шууданг хүлээн авахаас татгалзаж буцаасан байна. “МЦХ” ХК-ийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн х/146 дугаар тушаал хүчин төгөлдөр байгаа бөгөөд нэхэмжлэгч П.Бгийн зүгээс дээрх тушаалыг мэдсэн боловч хуульд заасан хугацаанд эрх ашиг нь хөндөгдсөн гэж үзэн шүүхэд хандаагүй. Нэхэмжлэгч П.Бгийн зүгээс дээрх тушаалыг эс зөвшөөрч гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой байсан боловч хуулийн хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байгаа тул шүүхэд хандах эрхээ алдсан гэж үзнэ. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч “Монгол цахилгаан холбоо” ХК-д холбогдох ““МЦХ”” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн х/146 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, П.Бг ““МЦХ”” ХК-ийн Дархан-Уул аймгийн холбооны газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэгч П.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч П.Б нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх "Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул "МЦХ" ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн х/146 дугаар тушаал илт хууль бус тул хүчингүй болгуулж, П.Бг "МЦХ" ХК-ийн Дархан-Уул аймгийн холбооны газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох" тухай нэхэмжлэгч П.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг хуулийн үндэслэлгүй. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2017/01223 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч П.Б "МЦХ" ХК-ийн Дархан-Уул аймгийн холбооны газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор олгож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Нийслэлийн давж заалдах шатны шүүх болон Улсын Дээд шүүх хэвээр баталсан. Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас 1 жилийн дараа буюу 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Х/81 дугаартай тушаалаар П.Бг ажилд томилсон боловч өнөөдрийг хүртэл албан ажлыг хүлээлцэж,албан тушаал эрхлүүлээгүй, албан тушаалд ажиллуулах үүргээ хариуцагч биелүүлээгүй. Гэтэл шүүх дүгнэхдээ:" нэхэмжлэгч шүүхэд 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр буюу хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаал гарсан өдрөөс хойш 5 сар 18 хоногийн дараа ..нэхэмжлэл гаргасан байх бөгөөд ...Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан маргааны талаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ." гэж дүгнэжээ. П.Бг эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлөх тухай тушаалд "Дархан -Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 674 тоот албан бичиг, 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 757 тоот албан бичиг, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоосон 0161021 дугаар акт. Мэргэжлийн хяналтын Улсын ахлах байцаагчийн 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 10-01-001/114 тоот дүгнэлт, Монголын Тээвэр холбоо Газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоотой байгуулсан Хамтын гэрээний нэмэлт өөрчлөлтийн 2.1.6.7 дахь заалтуудыг тус тус үндэслэсэн" болохоо тэмдэглэжээ. Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 10-01-001/114 дугаартай дүгнэлтэд "МЦХ” ХК-ийн аймгийн холбооны газрын даргын ажлын байрны тодорхойлолтод заагдсан шаардлагыг ханган ажиллахад П.Б нь эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй" гэжээ. Аливаа захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогчийг сонсох үүргийг "Захиргааны ерөнхий хууль"-ийн 26 дугаар зүйлд хуульчилсан байдаг. Захиргааны акт батлан гаргах хэрэгтэй байгаад уг захиргааны актаар түүний эрхэнд халдахаар бол оролцогч өөрийгөө сонсгох, тайлбар, санал гаргах эрхтэй. Гэтэл тухайн дүгнэлтийг гаргахдаа П.Бд огт танилцуулаагүй бөгөөд мэдэгдээгүй болно. Улмаар уг дүгнэлттэй танилцах болон түүний талаар санал. тайлбар гаргах эрхээр нь хангаагүй. Уг дүгнэлтийг Улсын Ерөнхий Байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 01-01-001/01 дугаартай шийдвэрээр "Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга, улсын ахлах байцаагч Д.Бат-Эрдэнийн гаргасан 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 10-01-001/1147 дугаартай дүгнэлт нь холбогдох хууль, дүрэм, журмыг бүрэн судлан шинжлээгүй, Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралгүй асуудлаар гаргасан байх тул хүчингүй болсонд тооцсугай." гэж шийдвэрлэсэн байх тул хууль бус бөгөөд хүчин төгөлдөр бус шийдвэр болох нь тогтоогдлоо. Нэгэнт П.Бг эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй гэсэн шийдвэрийн үндэслэл болсон дүгнэлт нь хүчингүй болсон тул дүгнэлтийг үндэслэсэн тушаал ч бас илт хууль бус болж байна. Энэ бүгд нь Хариуцагч "МЦХ'ХК нь шүүхийн шийдвэрийг бодитойгоор биелүүлэхийг эрмэлзээгүй бөгөөд зөвхөн биелүүлсэн дүр үзүүлэн тушаал гарган улмаар нэхэмжлэгчийн ажил, албан тушаалыг нь гүйцэтгүүлэхгүйгээр улсын байцаагчийн хууль бус дүгнэлтэд үндэслэн ажлаас чөлөөлсөн болох нь нотлогдоно. Монгол улсын Захиргааны Ерөнхий хуулийн "5 дугаар зүйл.Захиргааны байгууллага 5.1.Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно, 5.1.4.үйлчилгээг нь нийтээс заавал хэрэглэдэг төрийн ба холимог өмчийн сургууль, эмнэлэг, хэвлэл мэдээлэл. харилцаа холбоо, тээвэр, эрчим хүчний зэрэг байгууллагын захиргаа;" гэж заасан. Иймд ""МЦХ" ХК нь захиргааны байгууллагад хамаарна, "Захиргааны  Ерөнхий хууль" -ийн 47 дугаар  зүйлд "Захиргааны акт илт хууль бус болох" тохиолдлыг зохицуулсан. Үүнд  :       47.1.3.тухайн   захиргааны  байгууллага  өөрийн  чиг  үүрэгт  үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан; 47.1.6. иргэн, хуулийн этгээдийн эрх. хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй;" нөхцөлүүдийг тус тус багтаасан. Улсын Ерөнхий байцаагчийн шийдвэрт П.Бг ажлаас халах тушаалын үндэслэл болсон "ахлах байцаагчийн дүгнэлт нь холбогдох хууль, дүрэм, журмыг бүрэн судлан шинжлээгүй, Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралгүй асуудлаар гаргасан” болохыг дурдсан байна. Түүнчлэн, Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2-т "Эрүүл мэндийн нууцад тухайн хувь хүний бие эрхтний гажиг, нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчнөөр тухай мэдээллийг, 5 дугаар зүйлийн 5.4 дэх заалтаар "Хувь хүний нууцыг хуулийн дагуу болон итгэмжлэлээр олж мэдсэн этгээд бусдад задруулахыг хориглоно" гэж заасныг хариуцагч тал зөрчсөн болно. Энэ талаар Нийгмийн даатгалын Ерөнхий газрын ёс зүйн хорооны 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1 тоот дүгнэлт гарсан. "Захиргааны Ерөнхий хууль"-д "47.2.Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна. 47.3.3ахиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна." гэж заасан. Захиргааны Ерөнхий хуулийн "92 дугаар зүйл Захиргааны актад гомдол гаргах, 92.1.Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн. хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй, 93 дугаар зүйл.Гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллага, 93.1 Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана, 93.2.Энэ хуулийн 93.1-д заасан байгууллага байхгүй бол тухайн актыг гаргасан байгууллагад гомдол гаргаж болно." гэж зохицуулсан. Нэхэмжлэгч гомдолдоо "МЦХ"ХК-ийн гүйцэтгэх захиралд гаргасан боловч 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1а/36 тоот албан бичгээр "гомдлыг хүлээн авах боломжгүй байна." гэсэн хариуг ирүүлсэн. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1.2, 1.3 хэсгийг үндэслэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, илтэд нэг талыг барьж хэрэг шийдвэрлэсэн тул шийдвэрийг хүчингүй болгон, нэмэлт, өөрчлөлт оруулж нэхэмжлэгийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч П.Б нь хариуцагч “МЦХ” ХК-д холбогдуулан тус компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Х/146 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, тус компанийн  Дархан-Уул аймаг дахь холбооны газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгохоор шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан. /хх-1-4, 39-41 /

 

П.Б нь 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс Дархан-Уул аймгийн холбооны газрын даргаар ажиллаж байгаад ажил олгогчийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Х/146 дугаар тушаалаар  Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 674 тоот албан бичиг, 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 757 тоот акт, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон 0161021 тоот акт, Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 10-01-001/114 тоот дүгнэлт, Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоотой байгуулсан хамтын гэрээний нэмэлт өөрчлөлтийн 2.1.6.7 дахь заалтуудыг тус тус үндэслэл болгон ажлаас чөлөөлөгджээ./хх-65 /

 

Ажилтан 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн х/146 дугаар ажлаас чөлөөлсөн тушаалд 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд гомдол гаргасан байх бөгөөд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 00694 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн ба тус шүүхэд П.Б нь дахин гомдлоо 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гаргажээ. /хх 1-4, 16-20/

 

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах ёстой бөгөөд гомдол гаргах эрх үүссэн үеэс хугацааг тоолох бөгөөд хөдөлмөрийн гэрээний нэг тал өөрийн эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс шүүхэд гомдол гаргаагүй  гэж зөв дүгнэжээ.

 

Ажил олгогч ажил хүлээлцэх хугацааг 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр байхаар тушаалдаа дурдсан байх тул уг өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт нийцнэ.

 

Ажил олгогч П.Бд 2018 оны 07 дугаар сарын 20-ний өдрийн Х/148 дугаар тушаалыг гардуулах ажиллагааг хийсэн боловч нэхэмжлэгч хүлээн авахаас татгалзсан болох нь ажил хүлээлцэх комиссын 2018 оны 07 дугаар сарын 23-ны тэмдэглэл, Монгол шуудан ХК-ийн Дархан-Уул аймгийн шуудангийн үйлчилгээний газрын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 54 тоот албан бичиг, шуудан хүргэлтийн ажилтны магадалгаа, талуудын тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх 59, 62, 63, 93, 124/

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 02362 дугаар шийдвэрт “МЦХ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Х/146 тоот тушаалын талаар мэтгэлцсэн байгааг үүнийг эрхээ зөрчигдсөнийг мэдсэн гэж үзэх бөгөөд энэ тухай гомдлоо хуульд заасан хугацаанд шүүхэд гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар хэргийн үйл баримтаар нотлогдоогүй, П.Б ажлаас халагдсан тушаалыг гардаж аваагүй байх боловч хөдөлмөрлөх эрхээ зөрчигдсөнийг мэдэх боломжтой байсан гэх шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 01-01-001/01 дугаартай шийдвэрээр тушаалын үндэслэл болсон улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгосон, энэ хугацаанаас хойш шүүхэд гомдол гаргасан  тайлбар нь хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэл болохгүй. Хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан тохиолдолд сэргээх боломжтой боловч дээрх нөхцөл байдал нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй, ажилтан шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн, энэ талаар шүүх зөв дүгнэсэн.

 

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2019/00640 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Т.ТУЯА

 

                                    ШҮҮГЧИД                                           М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                                Ш.ОЮУНХАНД