Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2021/ДШМ/824

 

Д.С-т холбогдох эрүүгийн

                хэргийн тухай              

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Ц.Оч, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Ганзориг,

хохирогч Э.Х-,

шүүгдэгч Д.С-ын өмгөөлөгч С.Чулуунбаатар,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч М.Мөнхбаатар, С.Сэржмядаг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/825 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, хохирогч Э.Х-н гаргасан давж заалдах гомдлоор Д.С-т холбогдох эрүүгийн 2108009260881 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            Д.С-, 1973 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, эрэгтэй, 48 настай, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй,

            - Баянгол дүүргийн шүүхийн 1997 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 232 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 220 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,           

            Д.С- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, ***  тоотод “Хаалга хүчтэй, удаан цохиж нүдлээ” гэх шалтгааны улмаас Э.Х-н нуруун тус газарт хутгалж “...нуруунд сээрний 5, 6 дугаар нугалмын төвшинд зүүн доош чиглэн цээжний хөндий рүү хий, шингэн хуралт, сээрний 8 дугаар нугалмын зүүн хөндлөн сэртэн, зүүн талын 8 дугаар хавирга нугалмын хажуу шугамаар хугарал...” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.                                  

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.С-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгэж, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар уг ялаас 2 жилийг өршөөн хасаж, түүний биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 5 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

            Хохирогч Э.Х- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.С- нь эмчилгээний зардалд 150.000 төгрөгөөс өөр мөнгө өгөөгүй. Би өөрөө бусад зардлаа гаргаад эмчилгээгээ хийлгээд явж байна. Одоо гадагшаа явж эмчилгээ хийлгэх шаардлагатай тул Д.С-аас 20.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Сая намайг хөдөө орон нутагт биеэ эмчлүүлэхээр яваад ирэхэд шүүх хуралдаан болж өнгөрчээ. Д.С-т оногдуулсан ял хөнгөдсөн гэж үзэж байна. Миний эрүүл мэндийн байдал зовууртай, байнга өвчин намдаах эм хэрэглэж, эмнэлгийн хяналтад байгаа. Цаашдаа ажиллаж амьдрах аргагүй болсон, хөдөлмөрийн чадвараа алдсан. Д.С-ын эхнэр болох н.Буянхишиг нь байнга утсаар залгаж “Чи гомдолгүй гэж хэлэхгүй яасан юм бэ. Чамаас болж миний нөхөр ял авлаа” гэж дарамтлах болсонд гомдолтой байна. ...” гэв.

            Шүүгдэгч Д.С-ын өмгөөлөгч С.Чулуунбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг үндэслэлтэй гэж үзэж байна. Харин хохирол гаргуулах асуудлыг шийтгэх тогтоолын 5 дахь заалтад тодорхой зааж өгсөн байгаа. Шүүгдэгчийн зүгээс хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байгаа. ...” гэв.

            Прокурор А.Ганзориг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчийн зүгээс 3.000.000 төгрөгийг баримтгүйгээр нэхэмжилсэн бол одоо 20.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Хохирогч, шүүгдэгч нарт хамтдаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бөгөөд шүүгдэгч өөрийн болон түүний зардлыг төлсөн гэдэг. Мөн шүүгдэгч цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдаг. Анхан шатны шүүх хохирогчийг хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн нь үндэслэлтэй болсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчил тогтоогдлоо.

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх эрх хэмжээг шүүхэд хуулиар олгосон.

Шүүх дээрх заалтыг хэрэглэхдээ, хохирогчийн гомдол санал, хор уршиг арилсан байдлыг харгалзан үзэхийн сацуу эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэх учиртай.

Хохирогч Э.Х- мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн удаа дараагийн мэдүүлэгтээ “...гэм хорын хохиролд 3.000.000 төгрөгийг нэхэмжилнэ. Гомдолтой байгаа...” /хх 26-28, 31-32/ тухайгаа илэрхийлж байсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусаад хэргийн материал танилцуулахад тэрээр “...шүүх хуралдаанд оролцоно...” гэсэн хүсэлт /хх 189/-ийг бичиж, гарын үсгээ зуржээ.

Анхан шатны шүүх яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шийдвэр /хх 202/-тээ шүүх хуралдаанд улсын яллагч, хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийг оролцуулан нээлттэй явуулахаар тогтсон атлаа хохирогчид шүүх хуралдааны товыг хэзээ, хэрхэн мэдэгдсэн нь хэргийн оролцогчдод шүүх хуралдааны товыг мэдэгдэж, танилцуулсан тухай баримт /хх 203/-д тодорхойгүй, улмаар хохирогч Э.Х-г шүүх хуралдаанд оролцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “шүүх хуралдаанд оролцох” хохирогчийн эрх, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, ... нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох” иргэний эрхийг хязгаарласан зөрчил болно.

Иймээс анхан шатны шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэтгэлцээний үндсэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг нотлох замаар прокуророос шилжүүлсэн хэргийн хэмжээнд бодит байдлыг тогтоож, шүүгдэгчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбогдсон асуудалд бодитой хууль зүйн дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэвэл зохино.

Түүнчлэн энэ хэрэгт Ерөнхий шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 2021/ЕШЗ/1018 дугаартай захирамж /хх 199/-аар шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулсан байх боловч шүүгч С.Сэржмядагт Ерөнхий шүүгчийг орлох буюу түүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрх хэмжээг олгосон шийдвэр хэрэгт хавсаргагдаагүй байгааг анхааруулж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой, хүний эрхийг зөрчсөн дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн үзэх боломжгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.С-т холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан шүүгдэгч Д.С-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Мөн хохирогч Э.Х-н гаргасан “...хохирол гаргуулах, ял хөнгөдсөн тухай...” давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/825 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.С-т холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл Д.С-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

            ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН