2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2519

 

 

 

 

 

 

 

 

 

2025       11        06                                       2025/ШЦТ/2519

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн  шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа, 

улсын яллагч Т.Мижиддорж,

  шүүгдэгч О.У, түүний өмгөөлөгч Б.Буянхишиг,

  хохирогч Ш.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Д танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт О Ут холбогдох эрүүгийн ........................... дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ............................... хэрэг хариуцах чадвартай,

С овогт О У, регистрийн дугаар ................................................

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.У нь .................................... лангуу эзэмшигч Ш.Н итгэмжлэн хариуцуулсан бараанаас 8.463.000 төгрөгний барааг хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч О.У нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн.Гэм буруу маргахгүй, маш их гэмшиж байна, нэмж мэдүүлэх зүйлгүй ...” гэв. 

 Хохирогч Ш.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Шүүгдэгчтэй хохирол төлбөрийг барагдуулахаар харилцан тохиролцсон тэр хугацаандаа хохирлоо барагдуулаарай л гэж хэлье” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Ш.Н “...О.У нь 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр манай Баянзүрх дүүргийн 36 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн В блок 10 дугаар лангууны худалдагчаар ажилд орсон. Худалдагч О.Утэй манай нягтлан Энхмаа бараагаа тулгаж тоолоход 8.463.000 төгрөгний бараа болон мөнгө дутсан. О.Уээс хөдөө явуулсан гэх барааны гар бүртгэлийг харахад 4.399.000 төгрөгний бараа болж байсан. Тэгээд хөдөө явуулсан гэх бараанаас бусад 4.064.000 төгрөгийг яасан талаар асуухад О.У нь би худалдагч хийж байх хугацаандаа хувьдаа зарцуулсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би сүүлийн 15 хоногийн 723.300 төгрөгийг суутгаж авсан. Одоо О.У надад 7.024.700 төгрөгийн төлбөр төлнө ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 150-159 дүгээр тал/,

Гэрч Н.Э “...Би Ш.Н ажиллуулдаг Гүүд трейд гэх онлайн дэлгүүрт нягтлан бодогчоор ажилладаг ба манай дэлгүүр 2 салбартай. О.У гэх эмэгтэйг 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс Баянзүрх дүүргийн 36 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн 10 дугаар лангуунд худалдагчийн ажилд авсан. Би Баянзүрх дүүргийн 36 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн 10 дугаар лангуунд очиж зарагдаагүй бараа материалаа тоолж хүлээн аваад бараа материалаа Баянгол дүүргийн 13 дугаар хороо Өргөө кино театрын баруун талд байдаг салбар дээрээ авч ирсэн. Ингээд О.Ут хүлээлгэж өгсөн бараа материал, хүлээлгэж өгсөн бүртгэлтэй, О.Уээс хүлээж авсан бараа материалаа тулгахад 8.463.000 төгрөгний бараа материалын мөнгөн дүн дутсан. Энэ талаар О.Уээс асуухад О.У нь өөрөө дур мэдээд 4.399.000 төгрөгийн барааг хөдөө зарах гээд явуулсан гэж хэлсэн. Үлдэгдэл 4.064.000 төгрөгний барааг зарсан мөртлөө мөнгийг нь завшиж ашигласан байсан ...”  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 161-163 дугаар тал/,

Цахим актив аудит ХХК-ний 23/20 дугаартай дүгнэлтэнд: “Нийт 11 удаагийн үйлдлээр О.Ут 2107 ширхэг, 45.850.000 төгрөгийн үнэ бүхий барааг хүлээлгэн өгсөн байна. 59 нэр төрлийн 480 ширхэг бараа борлуулсан мөнгийг Ш.Н дансанд шилжүүлсэн байна. 2023 оны 5 дугаар сарын 31-ний байдлаар тооллого хийхэд нийт 1627 ширхэг, 34.138.500 төгрөгийн бараа байхаас 1239 ширхэг, 25.785.500 төгрөгийн бараа тоологдож 388 ширхэг, 8.353.000 төгрөгийн бараа дутсан байна. Үүнээс О.У нь 2023 оны 06 дугаар сарын 12-нд 37 ширхэг, 745.000 төгрөгийн барааг буцаан өгч үлдэгдэл 351 ширхэг буюу 7.608.000 төгрөг байна. Тухайн хохирлыг О.У нь дарагдсан барааны тоо ширхэгийг нуун дарагдуулж зөрүү орлогыг хувийн дансаар дамжуулан авч байна. О.Уийн зарагдсан барааны тоо ширхэгийг нуун дарагдуулж зөрүү орлогыг хувийн дансаар дамжуулан авч байна” гэжээ /хавтаст хэргийн 173-178 дугаар тал/,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Дугаар 10 дүгнэлтэнд: “Шинжилгээнд ирүүлсэн О.Уийн Хаан банк дахь ................ тоот харилцах дансны 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хоорондох хугацааны хуулга нь шинжилгээнд тэнцэж байна. Цахим актив аудит ХХК-ийн захирал Л.Амарзаяагийн гаргасан 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Баримтаар илрүүлсэн зүйлсийн тайлан” нь үндэслэлгүй байна. Учир нь шинжилгээнд ирүүлсэн дэвтэр, зарлагын баримтууд нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын шаардлага хангахгүй байх тул Ш.Н О.Ут хүлээлгэн өгсөн бараа, О.Уийн зарсан бараа, О.Уээс хүлээн авсан бараа, О.У нь буцаан төлсөн барааны мөнгө зэргийг шинжилгээгээр тогтоох боломжгүй, мөрдөн байцаалтаар тогтоохоор байна ... Шинжилгээнд бараа материал, мөнгөн хөрөнгийн бүртгэл, тооцоо ирүүлээгүй болно. Шинжилгээнд О.Утэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ ирээгүй болно. Мөн шинжилгээнд ирүүлсэн Хэргийн хавтасны 34, 35 дугаар хуудсанд О.Ут олгосон цалингийн баримт гэсэн 2 хуудас тооцоолол нь тооцоо бодсон хүний гарын үсэггүй тул нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт гэж үзэхээргүй байна. Харин О.Уийн Хаан банкин дахь ...................... тоот харилцах дансанд ”Цалин” гэсэн гүйлгээний утгатайгаар 2023.04.18-ны өдөр Хаан банкны ..................тоот данснаас 191.200.00 төгрөг, 2023.04.30-ны өдөр Голомт банкны ................ тоот данснаас 676.530.00 төгрөг, 2023.05.15-ны өдөр Хаан банкны ....................... тоот данснаас 615.450.00 төгрөг, нийт 1.483.180.00 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн байна ... Шинжилгээнд О.Утэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ ирээгүй тул ажилтан гэж үзэхээргүй байна. Шинжилгээнд ирүүлсэн баримтаар Ш.Н О.Ут хүлээлгэн өгсөн бараа, О.Уийн зарсан бараа, О.Уээс хүлээн авсан бараа, О.У нь буцаан төлсөн барааны мөнгө зэргийг шинжилгээгээр тогтоох боломжгүй, мөрдөн байцаалтаар тогтоохоор байна. Хариулт 2.2-д дэлгэрэнгүй хариулсан болно. Эдийн засгийн шинжилгээгээр үйлдэл тогтоодоггүй болно. Эдийн засгийн шинжилгээгээр үйлдэл тогтоодоггүй болно. Шинжилгээнд ирүүлсэн дансны хуулгаар О.Уийн Хаан банкин дахь ........................... тоот харилцах данснаас Ш.Н Хаан банкин дахь ............................. тоот харилцах данс руу 2023 оны 4 дүгээр сарын 11-нээс 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хоорондох хугацаанд нийт 31 удаагийн гүйлгээгээр 6.693.500.00 төгрөгийг шилжүүлсэн байна. Тус гүйлгээг бараа борлуулсны орлого мөн эсэхийг мөрдөн байцаалтаар тогтоохоор байна ... Шинжилгээний явцад хариулт 2.10-д дурьдсанаас өөр хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдал тогтоогдоогүй болно” гэжээ /хавтаст хэргийн 179-183 дугаар тал/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 33, 61 дүгээр тал/,

Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 70-72 дугаар тал/,

Хаан банкны депозит дансны хуулга /хавтаст хэргийн 73-125, 126-127, 128-146 дугаар тал/,

Шүүгдэгч О.Уийн “...Би 2023 оны 04 дүгээр сарын 11-нд Гэрэлмаа гэх хүний лангуунд худалдагчаар нэг сарын хугацаатай ажилласан. 2023 оны 05 дугаар сарын 30-нд нягтлан Н.Э ирж бараагаа хүлээж аваад хороолол руу шилжүүлж өгсөн ба тооллогоо тэр даруй хийгээгүй мөн “Надад байсан баримт бичсэн дэвтэр цаас бүгдийн авч явсан” ба тус оны 06 дугаар сарын 02-нд тоолоод 2 сая орчим төгрөг дутаж байсан. Үүнийг Гэрлээ гэх захиралдаа хэлж цалингаас суутгана гэсэн ба түүнээс 2 хоногийн дараа нягтлан Энхмаа ярьж дуудан 7,8 сая төгрөг дутах юм байна гэж хэлсэн ба очиход надаас Хаан банкны хуулга авсан мөн өргөдөл бичиж өг гэхэд өргөдөл бичиж авсан ба сандал руу намайг цохиж унагаасан ба хажууд нь ажилладаг охин салгасан. Тэрнээс хойш Гэрлээ гэх хүн утсаар мөнгөө төл гэдэг байсан ба би хариуд нь нэг сар ажиллахад ийм их мөнгө хувьдаа завшаагүй тооллогоо тухайн үедээ яг тас хийгээгүй, өөрийн чинь талаас тооллого тооцооны хуудас дутуу мөн миний дэвтрийг авсан учраас тэрэн дээр юу ч нэмж бичсэн байх магадлалтай гэж хэлсэн. 2023 оны 12 дугаар сард нэг мөрдөгч 2-3 удаа байцаалт авч байсан ба одоо холбоогүй байж байгаад 2 жилийн дараа өөрийн гэсэн нотолгоогүй шууд яллагдагчаар татсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 217-218 дугаар тал/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн  189 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн  205-206 дугаар тал/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 201 дүгээр тал/ зэргийг шинжлэн судаллаа.

 

Гэм буруугийн талаарх дүгнэлт:                                    

Шүүгдэгч О.У нь 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 31-ний хооронд Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дүнжингарав худалдааны төвийн 10 дугаартай лангуу эзэмшигч Ш.Н итгэмжлэн хариуцуулсан бараанаас 8.463.000 төгрөгний барааг хувьдаа завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Ш.Н мэдүүлэг /хавтаст хэргийн 150-159 дүгээр тал/, гэрч Н.Э мэдүүлэг /хавтаст хэргийн 161-163 дугаар тал/, Цахим актив аудит ХХК-ний 23/20 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 173-178 дугаар тал/, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Дугаар 10 дүгнэлт /хавтаст хэргийн 179-183 дугаар тал/, Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 33, 61 дүгээр тал/, Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 70-72 дугаар тал/, Хаан банкны депозит дансны хуулга /хавтаст хэргийн 73-125, 126-127, 128-146 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч О.Уийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч хариуцлагын талаар гаргасан санал, дүгнэлтдээ: “Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн О.Ут холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож, дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч О.У нь 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 31-ний хооронд Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дүнжингарав худалдааны төвийн 10 дугаартай лангуу эзэмшигч Ш.Н итгэмжлэн хариуцуулсан бараанаас 8.463.000 төгрөгний барааг хувьдаа завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байгаа ба Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас бусдад 5.674.700 төгрөгийн хохирол учруулсныг гаргуулж хохирогчид олгуулах, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Ялын дээрх саналыг гаргахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, яллагдагчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардал байхгүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй бөгөөд түүнд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн дагуу хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд үргэлжлүүлэх саналтай байна ...” гэсэн болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Буянхишигээс: “Өмнө гэмт хэрэг үйлдэж байгаагүй. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргаагүй. Миний үйлчлүүлэгч нь хувийн байдлын тухайд хоёр бага насны хүүхэдтэй тул 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү” гэв.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүх шүүгдэгч О.Ут эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа зөвшөөрсөн, учруулсан хохирлын заримыг төлж, үлдэгдэл хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогчтой хохирол төлбөр төлөх талаар тохиролцсон/ зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Уийг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч О.Ут оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5  дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч О.У нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг санууллаа.

Бусад асуудлын талаар:

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч О.У нь хохирогч Ш.Нд 7 024 700 төгрөгийн хохирол учруулснаас шүүгдэгч нь 2025 оны 11 сарын 05-ны өдөр 2.000.000 төгрөгийг төлсөн болох нь Хаан банкны орлогын мэдүүлгээр  нотлогдож байна.

         Шүүхийн хэлэлцүүлэгт үлдэгдэл 5.674.700 төгрөгийг 2025 оны 12 сарын 31-нээс өмнө багтааж төлнө гэж шүүгдэгч хохирогч нь харилцан тохиролцсон болохыг дурдах нь зүйтэй.

         Шүүх шүүгдэгч О.Уээс хохирлын 5.674.700 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Нд олгохоор шийдвэрлэлээ.

         Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт О Уийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Уийг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч О.Ут оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5  дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч О.У нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч О.Уээс хохирлын 5 674 700 төгрөгийг гаргуулан хохирогч Ш.Нд олгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.РЕНЧЕНХОРОЛ