| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2025/0097/Э/ |
| Дугаар | 2025/ШЦТ/93 |
| Огноо | 2025-11-25 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Ч.Батзориг |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Цагаатгах тогтоол
2025 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/93
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж,
Улсын яллагч Ч.Батзориг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******,
Гэрч *******, *******,
Шүүгдэгч *******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ....... овогт ............ холбогдох тусгаарласан эрүүгийн 2233001040124 тоот хэргийг 2025 оны 10 дугаар сарын 03-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Монгол улсын иргэн, ...... оны .......дүгээр сарын .....-ний өдөр ............. аймгийн ..... суманд төрсөн, ..... настай, ....., дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ...... аймгийн ....... сумын Засаг даргын тамгын газрын ерөнхий нягтлан бодогч, Санхүүгийн албаны дарга ажилтай ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамтаар ........ аймгийн ...... сумын ....... дугаар баг ....... тоотод оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, ...... овогт ........... (РД:............),
Холбогдсон хэргийн талаар:
1.Шүүгдэгч ******* нь нийтийн албан тушаалтан буюу ....... аймгийн ...... сумын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж:
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.7-т “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэгт заасан “Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах” Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-д “Үнэн зөв байх”, 13.7-д “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно” гэснийг,
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар “Журам батлах тухай” тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний алба хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам”-ын 11-15 жилд албан тушаалын сарын үндсэн цалингийн 10 хувь, 16-20 жилд албан тушаалын сарын үндсэн цалингийн 15 хувиар бодож олгох гэснийг тус тус зөрчиж,
...... сумын хүн эмнэлгийн даргын 2010 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 49 дугаар тушаалаар эмнэлгийн нягтлан бодогчоор томилогдож, төрийн албанд 12 дахь жилдээ ажиллаж байхдаа, ******* сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/01 дугаартай тушаалын 2 дугаар хавсралт буюу ажилчдын цалингийн төсвийн хавсралтыг засаж, өөрийн төрийн албан хаасан хугацааны нэмэгдлийг 15 хувь буюу 124,854 төгрөгөөр тогтоож, 2021 оны 2,3,4,5,6,7,8,11,12 дугаар сарууд, 2022 оны 01 дүгээр саруудад 41,618.30 төгрөг, 2021 оны 9 дүгээр сард 18,917.59 төгрөг, 2021 оны 10 дугаар сард 21,800.35 төгрөг, 2022 оны 02 дугаар сард 26,929.61 төгрөг, 20,463,04, 2022 оны 03 дугаар сард 38,652,40 нийт 542,945,98 төгрөгийн илүү нэмэгдэл бодож, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, үргэлжилсэн үйлдлээр өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав: Үүнд:
1.Гэрч *******ийн шүүх хуралдаанд өгсөн: Тухайн тушаал 15 хувиар гарсныг хараагүй. Авлигатай тэмцэх газарт мэдүүлэг өгчхөөд ажил дээрээ очоод архиваас тушаалаа шалгаж үзэхэд 10 хувиар байсан. Төсөв хөрөнгөтэй холбоотой тушаалын нэг хувийг санхүүд өгдөг. *******ийн өмнө гарсан тушаалын хавсралтад өөрчлөлт оруулж засуулсан зүйл байхгүй гэв.
2.Гэрч *******ын шүүх хуралдаанд өгсөн: ...Анх ажилд орсон тушаалыг үндэслэн тогтоож, байгууллагын дарга, нягтлан бодогчтой хамт сууж тооцоог гаргадаг. Тэрнээс би ганцаараа ажилчдын ажилласан жилийг тогтоодоггүй гэв.
3. ......... аймгийн ******* сумын Хүн эмнэлгийн даргын 2010 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 49 дугаартай “Ажилд авах тухай” тушаал, (3-р хх-ийн 8-р хуудас),
5. ....... аймгийн ******* сумын эрүүл мэндийн төвийн даргын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/06 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, (3-р хх-ийн 09-р хуудас),
6. Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаартай “Журам батлах тухай” тогтоол, 2022 оны 02 дугаар сарын 16 ний б/03 дугаартай захирамж (3-р хх-ийн 11-12-р хуудас хуудас),
7. Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам” (3-р хх-ийн 13-р хуудас),
9.Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн төв нь эмч, эмнэлгийн ажилчдын албан хаасан хугацааны нэмэгдлийг Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаартай журам батлах тухай тогтоолын хавсралтаар “Төрийн болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам”-ын дагуу олгодог. Би Эрүүл мэндийн төвийн архивын баримтаас шүүж үзэхэд *******ийн 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс өмнө төрийн байгууллагад ажиллаж байсан гэх баримт байхгүй байна. Тэгэхээр ******* нь 2010 оны 11 дүгээр сарын09-ний өдрөөс 2021 оны 2 дугаар сар хүртэл нийт 10 жил 3 сарын хугацаанд ажиллаж байсан атлаа Засгийн газрын 2018 оны 382 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтад 11-15 жилд 10 хувиар, 16-20 жилд 15 хувиар албан хаасан хугацааны нэмэгдэл олгохоор заасан байхад 2021 оны 2 дугаар сараас 2022 оны 2 дугаар сарыг дуустал 13 сарын хугацаанд 15 хувийн нэмэгдэл авсан байна. *******ийн үндсэн цалингаас 10 хувь, 15 хувийн зөрүү сард 41,617 төгрөг байна...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 78-р хуудас),
10. Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Би сар бүрийн зөрүү дүнг 61,617 төгрөг байна гэж мэдүүлсэн нь үнэн. *******ийн 2021 оны 02 дугаар сараас 2022 оны 02 дугаар сар хүртэл сар бүрийн цалингийн хүснэгтээс шүүж үзэхэд 2021 оны 2, 3, 4, 5, 6, 7, 11, 12, 2022 оны 01 дүгээр саруудад 41,617 төгрөгийн зөрүү, 2021 оны 8, 9 дүгээр саруудад 18,917 төгрөгийг тус тус илүү бодож авсан байна. Эдгээр саруудад илүү бодож авсан нийт дүн 461,125 төгрөг байна...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 80-р хуудас/,
11. *******ийн нийгмийн даатгал төлсөн талаарх лавлагаа (2-р хх-ийн 86-92-р хуудас),
12. Гэрч *******аас яллагдагч *******ийн албан хаасан хугацааны нэмэгдлийн зөрүүг дахин гаргаж өгсөн баримт (2-р хх-ийн 237-244-р хуудас),
13. ........ аймгийн ******* сумын эрүүл мэндийн төвийн 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 33 дугаартай албан бичиг, хавсралт (6-р хх-ийн 74-78-р хуудас),
14. Гэрч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*******ийг яагаад тэгж 15 хувиар бодож төрийн албан хаасан хугацааны нэмэгдэл цалинг олгосон гэдгээ санахгүй байна. ******* эгчийн төрийн албанд яг хэдэн жил ажиллаж байгааг би мэдээгүй, цалин хүснэгтэд гарын үзэг зурахдаа *******ийн ажилласан жилийг баталгаажуулж, тулгаж харж байгаагүй. Цалингийн хүснэгтийг бол ******* эгч өөрөө гаргаж над дээр оруулж ирээд гарын үсэг зуруулж батлуулдаг, би цалингийн хүснэгтэд гарын үсэг зурахдаа уг нь цалин нь үнэн зөв байгаа эсэхийг талгаж хадаг, ******* эгч өөрөө бүх юмаа тайлбарлаж хэлээд гарын үсэг зуруулдаг байсан...” гэх мэдүүлэг (6-р хх-ийн 155-р хуудас),
15. Гэрч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Би 09 сарын 10-ны өдөр танай байгууллага дээр ирж мэдүүлэг өгөөд маргааш нь буюу 09 сарын 11-ний өдөр ******* суманд очоод архивын бичиг баримтаа үзлээ, тэгсэн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/01 дугаартай тушаалын 2 дугаар хавсралт буюу ажилчдын цалингийн төсвийг батлахдаа ........ төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 10 хувиар буюу 83,236 төгрөгөөр тогтоон баталж өгсөн байна. Энэ талаарх эх хувь баримт нь манай архивын баримтад байгаа, тэр тушаалын хавсралт буюу цалингийн төсөвтэй холбоотой хавсралтыг ......... боловсруулж байсан, уг хавсралт дээр даргын гарын үсэг зурахгүй, зөвхөн байгууллагын тамга дарагддаг юм. Тэгэхээр намайг тушаал гаргасны дараа ......... нь өөрийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 15 хувиар бодож мөнгөн дүнг нь нэмж бичсэн болж таарч байна. Танай байгууллагад ирүүлсэн тушаал болон тушаалын хавсралт дээр *******ийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 124,854 төгрөг гэж бичсэн байсан, гэтэл манай архивын нэгж болсон эх хувь баримтад 83,236 төгрөг байна. Иймд би тушаалаа зөв гаргасан, тушаал гарсны дараа ******* өөрийн цалин хөлстэй холбоотой хавсралтыг өөрчилж сольсон болж таарч байна.
Харин ......... цалинг олгохдоо буюу түүний боловсруулж орж ирсэн цалингийн хүснэгт дээр би гарын үсэг зурж баталгаажуулахдаа анзаараагүй, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг нь хянаагүй нь миний алдаа болж байна. Мөн би 09 сарын 11-ний өдөр ........ өөртэй нь уулзаад түүнээс яагаад өөрийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлээ 15 хувиар авсан, яагаад надад хэлээгүй талаар нь асуусан. Гэтэл ........ надад хандаж “...Ер нь бол би чамд тайлбар хэлэх шаардлага байхгүй, ер нь бол чи эмнэлгийн даргаар томилогдсоныхоо миний ур чадварын нэмэгдэл цалинг өгөөгүй, тийм учраас би өөрийн цалинг тэгж авсан юм. .......... та 3 миний нэмэгдлийг бодож олгосон...” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (6-р хх-ийн 157-р хуудас),
16. Гэрч .......... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...........с ирж байна гээд нэг шинжилгээний байгууллага манай эмнэлэг дээр ирээд цалинтай холбоотой санхүүгийн баримтуудыг авсан, нийт 21 боть баримтыг надаас авсан ш дээ, Тэр үед надаас энэ 2021 болон 2022 оны Б тушаалуудыг аваагүй, би “.........” ХХК-д энэ тушаалуудыг гаргаж өгөөгүй. “..........” ХХК нь энэ тушаалуудыг надаас буюу архиваас аваагүй, бодвол архиваас гаргуулж авсан цалин хөлстэй холбоотой 21 бовь баримт дотроос л авсан байх, угаасаа цалингийн баримт дотор чинь цалин олголттой холбоотой тушаалуудын хуулбар нь хавсаргагдсан байгаа. Архиваас бол энэ тушаалуудыг аваагүй. Ямар ч байсан манай архивд байсан баримтыг эх хувиар нь авч ирж танд үзүүллээ, архивд байгаа баримт ийм л байсан, би угаасаа архивын баримтыг өмнө нь харж үзээ ч үгүй байсан. Хэрэв шинжилгээний байгууллага нь цалингийн баримт дотроос уг тушаалын хуулбарыг авсан юм бол цалингийн баримт дотор байгаа хуулбар тушаал нь архивд байгаа эх хувь тушаалаасаа зөрүүтэй байна гэсэн үг...” гэх мэдүүлэг (6-р хх-ийн 159-р хуудас),
17. Гэрч .......... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “........... нь өөрөө ******* сумын Эрүүл мэндийн төвд ажиллаж байхдаа өөрийн цалингийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 15 хувиар бодож авдаг байсан. Тэр үед би *******ийг өөрийн цалингийн нэмэгдлийг 10 хувиар авах ёстойг мэдээгүй, 2022 оны 02 дугаар сард ******* нь Тамгын газрын санхүү албаны даргаар томилогдсоныхоо дараа өөрийн цалингийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 15 хувиар авдаг гээд эхний сардаа 15 хувиар бодож авч байсан юм. Тэр үед тамгын газрын нягтлан бологчоор ........ ажилладаг байсан, тухайн үед ....... нь *******ээс нийгмийн даатгалын лавлагаагаа гаргаж өг гэсэн чинь ******* лавлагаагаа гаргаж өгөхгүй, би төрийн алба хаасан хугацааны нэмэгдлээ 15 хувиар авдаг гэж маргаад байсан юм. Гэтэл ******* нь *******ийг нийгмийн даатгалын лавлагаагаа гаргаж өг гэж шаардаж байгаад нийгмийн даатгалын лавлагааг нь авч үзэж байсан. Гэтэл ******* нь төрийн алба хаасан хугацааны нэмэгдлээ 15 биш 10 хувиар авах ёстой байсан юм байна лээ, тэгээд нийгмийн даатгалын лавлагаагаар энэ асуудал нь мэдэгдсэн чинь ******* өөрөө за за харчих хасчих гэж хэлээд дараагийн сараас нь эхлээд түүний нэмэгдлийг 10 хувиар бодож олгож эхэлсэн юм. ******* өөрөө эмнэлгийн нягтлан бодогч байхдаа дандаа төрийн алба хаасан хугацааны нэмэгдлээ 15 хувиар бодож авдаг байсан, тэр үед би түүнийг 10 хувиар авах ёстойг мэдээгүй, 15 хувиар л авдаг юм байна гэж ойлгож байсан...” гэх мэдүүлэг (6-р хх-ийн 162-р хуудас),
18.Гэрч ........ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие тухайн ажлаас 2022 оны 07 дугаар сард өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Өөрөө хүсэлтээ өгч тухайн ажлаас гарах болсон шалтгаан нөхцөл нь 2022 онд манай байгууллагын Санхүү албаны даргаар ******* гэх хүн томилогдон орж ирсэн. Тухайн хүнийг ажилд томилогдон орж ирсэн цагаас хойш ажлын мэргэжлийн тал дээр зөрчилдөж байсан. Зөрчилдсөн шалтгаан нь гэвэл *******ийг анх ажилд орсны дараа түүнд хандан "...таны томилогдсон тушаал дээр удаан жилийн нэмэгдлийн хувь байхгүй байна, та надад е-Монголиагаас ажилласан жилийн лавлагаа аваад өгчихвөл би байгууллагын бусад ажилчдын цалинг бодох гээд байна танаас болж хүлээгдээд байна..." гэж хэлэхэд ******* нь надад холбогдох баримт лавлагааг гаргаж өгөлгүй аман хэлбэрээр надад хандан би ******* сумын эмнэлэгт ажиллаж байхдаа 15 хувь авдаг байсан, чи миний удаан жилийн нэмэгдлийг 15 хувиар бодчих гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би баримтаа гаргаж өгөөгүй учир удаан жилийн нэмэгдлийг нь бодолгүй цалинг илгээж бодсон. Түүнээс болж ******* бид хоёр хоорондоо зөрчилдөж таарамжгүй харилцаатай болсон. Улмаар намайг ажил хийхэд байнга санхүүгийн холбоотой баримт нэхэж ажил хийхэд хүндрэлтэй байсан тул би өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан...” гэх мэдүүлэг (6-р хх-ийн 175-р хуудас),
19.Мөрдөгчийн 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр “Баримт материалд үзлэг хийсэн тухай тэмдэглэл”, “...*******ийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл цалинг 83,236 төгрөг гэсэн байна...” гэх (6-р хх-ийн 186-р хуудас),
20.Шинжээч ........ “...манай “..........” ХХК-иас шинжээчийн томилох тогтоолын дагуу ....... аймгийн ******* суманд очиж ажиллаад тус сумын Эрүүл мэндийн төвөөс баримт материал гаргуулж авахдаа архивласан эх хувь тушаалыг нь аваагүй, 2021-2022 оны цалингийн баримтуудыг нь архиваас гаргуулж авсан ба дүгнэлт гаргах үед уг цалингийн баримт дотор байсан байгууллагын даргын тушаалыг ашигласан. Тэгэхээр бидний дүгнэлтэд хавсаргагдсан 2021 оны 01 сарын 04-ний өдрийн Б/04 дугаартай тушаал болон уг тушаалын хавсралтыг цалингийн баримт дотроо хуулбарлаж хийсэн байсныг бид хуулбарлаж авсан гэсэн үг. Эх хувь баримт нь өөр байгааг, цалингийн баримт дотор тушаалын хавсралтаа сольж хийсэн болохыг дүгнэлт гаргах үед мэдээгүй...” гэх мэдүүлэг (7-р хх-ийн 25-р хуудас),
21.“..........” ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 08-ны “...******* нь 12 дахь жилдээ ажиллаж байх хугацаандаа төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 10 хувиар бодож авах ёстой байхад 15 хувиар бодож 2021 оны 2,3,4,5,6,7,8,11,12 дугаар сарууд, 2022 оны 01 дүгээр саруудад 41,618.30 төгрөг, 2021 оны 9-р сард 18,917.59 төгрөг, 2021 оны 10 дугаар сард 21,800.35 төгрөг, 2022 оны 02 дугаар сард 26,929.61 төгрөг, 20,463,04, 2022 оны 03 дугаар сард 38,652,40 нийт 542,945,98 төгрөгийг өөртөө илүү бодон авсан байна...” гэх дүгнэлт (7-р хх-ийн 30-36-р хуудас)
22.Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, ийм үйлдэл хийсэндээ үнэхээр их харамсаж байна. Анх мөрдөн байцаалтын шатад мэдүүлэг өгөхдөө нуугаагүй мэдүүлсэн. Энэ үйлдлийг өөрийн санаачилгаар санаатай дур мэдэн хийсэн үйлдэл байхгүй гэдгээ онцлон хэлмээр байна. Тухайн үед .......... 2021 оны 01 сард цалингийн нэмэгдлээ 10 хувиар биш 15 хувиар аваач гэж хэлэхэд би дарга нар өгөх юм болов уу даа гэж хэлсэн. Тухайн үед ........... нь болноо гэж хэлэхээр тушаалын төслөө барьж ороход ....... эмч тушаалыг баталж өгсөн. Тушаал гарсны дараа цалингийн цэсийг харж байгаад цалинг олгож байсан. Тийм болохоор би өөрөө дур мэдэн өөртөө давуу байдал олгосон зүйл байхгүй. Эдгээр хүмүүс гэрчээр мэдүүлэг өгөхдөө дээрх байдлыг хэлж мэдүүлээгүй ч гэсэн баримтаар харагдана гэж бодож байна. Энэ талаар мөрдөгчид хэлээд шинжээч томилуулах хүсэлтийг өмгөөлөгчтэйгээ ярилцаад гаргасан. Шинжээч томилогдоод шалгахад .......... нь ч бас ингэж авсан болох нь тогтоогдсон. Хавтас хэрэгт авагдсан баримтаар би байгууллагын даргын тушаалаар цалин хөлсний нэмэгдлийг авсан гэдгээ дахин дахин хэлмээр байна гэсэн мэдүүлэг зэрэг болно.
Гэм буруугийн талаар шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ: ......... аймгийн ......... сум дахь Сум дундын прокурорын газрын Ерөнхий прокурор Батзориг. Би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17 19 дүгээр зүйл. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 35.24 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийг тус тус удирдлага болгон шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар дараах улсын яллагчийн дүгнэлтийг гаргаж байна.
Шүүгдэгч ******* нь ....... аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчоор буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа өөрийн төрийн албаны төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 10%-аар бодох байсныг 15%-аар тооцон бодуулж 2021 оны 2-12 дугаар саруудад 2022 оны 1 дүгээр саруудад 41,618 мянган төгрөг 2021 оны 9 дүгээр сард 18,917 төгрөг 2021 оны 10 дугаар сард 21,800 төгрөг 2022 оны 2 дугаар сард 26,929 төгрөг 20,463 төгрөг 2022 оны 3 дугаар сард 68,550 мянган төгрөг, нийт 542,945 төгрөгийг илүү тооцон бодож албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үргэлжилсэн үйлдлээр өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон.
Гэмт хэрэг үйлдсэн болгон дараах мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэж, шүүгдэгч ******* нь ......... аймгийн ******* сумын Хүний эрүүл мэнд мэндийн даргын 2010 оны 12 сарын 03-ны өдрийн 49 дугаартай дугаартай тушаалаар тухайн албан тушаалд томилогдсон, мөн 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн Б/07 дугаартай тушаалаар *******ийг ажилд шилжүүлэн авч тухайн албан тушаалд томилсон нөхцөл байдлууд тогтоогдсон.
Шүүгдэгч ******* нь тухайн албан тушаалыг хашихдаа Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5 дахь хэсэгт заасан нягтлан бодогчийн нэг орон тоотой аж ахуйн нэгж байгууллагад ажиллаж байхдаа нягтлан бодогч нь гэрээт нягтлан бодогч, ерөнхий нягтлан бодогчийн үүрэг гүйцэтгэнэ гэж заасан. Тэгэхээр өөрийнхөө албан тушаалыг нийтийн албан тушаалтан байна гэдгийг бүрэн дүүрэн ухамсарлаж ойлгож байсан. Мөн дээрээс нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заасан албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хүн, хуулийн этгээдэд давуу байдал бий болгох гэдэг хуулийн заалтуудыг зөрчсөн, 7.1.7-д заасан албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах давуу эрх эдлэх Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6 4.1 дэх хэсэгт заасан төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөх, зарцуулах, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-д заасан үнэн зөв байх 13.7-д заасан анхан шатын баримтын бүрдэлгүй ажил гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн.
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлд анхан шатын баримтыг бүрдүүлэлт гэдэг дээрээс энэ тушаалын 2 зориулалтаар нөхцөл байдал үүссэн. Анх бол Эрүүл мэндийн газрын дарга ажилласан жилийг нь тогтоогоод 12 жил байна, нэмэгдэл авах хувь нь 10% байна гээд тушаал гаргасан. Энэ тушаал өөрөө архивдаа орчихсон. “.......... аудитын газраас дүгнэлт гаргасан санхүүгийн 21 боть баримтаар тухайн дүгнэлтээр илүү цалин авсан болох нь тогтоогдож байгаа юм. Илүү цалин авсныг яаж тогтоогдоод байна вэ? гэхээр тушаалын хавсралтад өөрчлөлт орсон байгаа нөхцөл байгаад байгаа юм. Энэ өөрчлөлт оруулаад байгаа нөхцөл байдал нь юу байна вэ? гэхээр энэ санхүүгийн анхан шатын баримтыг бүрдүүлээд байгаа нөхцөл байдал дээрээс харагддаг. Энэ хуулийн заалтыг зөрчихгүй байх гэсэн үйлдлийн арга хэрэгсэл орж ирж байгаа юм.
Шүүгдэгч ******* нь нягтлан бодогчоор тухайн үедээ 12 жил ажиллаж байсан бөгөөд Засгийн газрын 382 дугаартай тогтоолоор баталсан төрийн захиргаа болон үйлчилгээний албан хаагчдын алба хаасан хугацааны нэмэгдлийг хэрхэн яаж оногдуулах вэ, ямар хугацаанд ямар нэмэгдэл олгох вэ? гэдгийг өөрөө бүрэн дүүрэн мэдэж байсан үйлдэл байгаа юм. Өөрийнхөө мэдүүлгээр хүртэл хэлсэн, би мэддэг байсан гэдэг зүйлийг хэлж байгаа. Тэгэхээр энэ нь өөрөө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан гэмт хэрэг, санаатай үйлдэж байгаа санаа зорилго, сэдэлт харагдаж байна гэж үзэж байна.
Шинжлэн судалсан нотлох баримтуудад аудитын дүгнэлтээр 484 мянган төгрөг 540,542 төгрөгийн зөрүүтэй асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулж ирсэн. Учир нь *******ийн үйлдэл нь 2022 оны 3 дугаар сард төгссөн юм байна гэж дүгнэсэн. Яагаад энэ цаг хугацаа нь төгссөн бэ гэдэг асуудлыг дүгнэж оруулж ирсэн бэ гэхээр өөрийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өмнө мэдүүлсэн санхүүгийн программд өөрийнхөө ажилласан жилийг 16 жилээр тооцож оруулаад нэмэгдэл 15%-аар тооцож авч байгаа юм. Энэ нь өөрөө эрх мэдэл, албан тушаалд өөрчлөлт оруулах эрх хэмжээ бүрэн байсан цаг хугацаа. Засаг даргын Тамгын газарт шилжин очиход өөрийн мэдээлэл давхар шилжиж очиж байгаа юм. 10%-аар нэмэгдэл авах ёстой гэдгийг мэдсээр байж Тамгын газарт хүртэл нөгөө санхүүгийн тайлангаараа очсоны дагуу нягтлан бодогчоос 1 дүгээр сар 2 дугаар сар дээр цалинг давхардуулан бодож олгуулаад байгаа нөхцөл боломжийг өөрөө эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бий болгосон гэдэг дүгнэлтийг улсын яллагчаас хийж байгаа юм.
...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн нь мөрдөн шалгах ажиллагаа явуулах үндэслэл болно гэж заасан. Энэ өнөөдөр хүртэл мөрдөн шалгах ажиллагаа явагдаад л байж байгаа. ******* өөрөө яг ******* шиг цалин бодож тооцдог хүн бас субъект бол биш байгаа гэдгийг дурдаад хэлчихье.
Тухайн хүнд холбогдуулж мөрдөн шалгах ажиллагаа явуулдаггүй, тухайн үйлдэлд холбогдуулаад харин *******д буруу байна уу, ........ нь бусдад нөлөөлсөн зүйл байна уу гэдэг үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа гэдгийг хэлмээр байна.
Нотлох баримттай холбоотой асуудлыг шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хасуулъя гэдэг зүйлийг дурдсан. Гэтэл түрүүн яриад байгаа 6 дугаар хавтаст хэргийг 187-оос 211 дүгээр хуудаст авч байгаа нотлох баримтууд нь архивын баримтаас авсан баримтад үзлэг хийсэн. 186 дугаар хуудсанд мөрдөгчийн тэмдэглэл бол үйлдэгдсэн. 7 дугаар хавтаст хэрэгт авагдаад байгаа энэ цалингийн тооцоолол, хүснэгттэй холбоотой асуудлууд хаанаас хэрхэн авсан нь тодорхойгүй байна гэдэг зүйлүүдийг яриад байгаа юм. Энэ мөн адил мөрдөгч тэмдэглэл үйлдчихсэн. Тэмдэглэл үйлдэх нь өөрөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөгчид олгогдсон эрх хэмжээний асуудал, нотлох баримтыг тусгаж бэхжүүлэх, тухайн нотлох баримтууд нь гэрчээр болон хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг өгсөн *******аас гаргаж өгсөн баримтуудыг хавтаст хэрэгт тусгасан баримтууд байгаа гэдгийг хэлмээр байна.
Монгол Улс нь Олон улсын конвенцод нэгдэн орсон. Олон улсын гэрээ конвенц нь Монгол Улсад дагаж мөрдөгдөж байгаа хуулийн нэгэн адил хүчин төгөлдөр мөрдөгдөнө гэж хуульчлаад өгчихсөн. Тэгэхээр Авлигын эсрэг конвенцын 28 дугаар зүйлд хэргийн зайлшгүй бүрэлдэхүүн болох ухамсар санаа, зорилтыг хэргийн үйл баримтын нөхцөл байдлаас дүгнэн гаргаж болно гэдэг зүйлийг тусгаад өгчихсөн. Үүгээр би юу гэж хэлэх гээд байна вэ? гэхээр ухамсар, санаа зорилго нь юу вэ? Энэ зорилгыг бид бүхэн үйл баримтаар тодорхойлон гаргаж болох юм байна гэдэг зүйл харагдаж байгаа. Яг миний дүгнэлтийн эхэнд хэлээд байгаа тушаалын хавсралт нь 2 өөр тусдаа болчихсон. Тушаалын хавсралтад тухайн байгууллагын дарга гарын үсэг зурдаггүй, зөвхөн тэмдэг дарагддаг, санхүүгийн анхан шатны баримт бүрдүүлэх ёстой байгаа нь тухайн гүйлгээг хийхэд юуг үндэслэж хийсэн бэ гэдэг баримт зайлшгүй байх ёстой. Тийм учраас тухайн тушаалын нэг хувь үндсэн тушаалаар архивд орчхож байгаа. Нөгөө хувь нь санхүүгийн баримтуудтай хамт архивд орж байгаа асуудал байгаад байгаа юм. Тэгэхээр энэ маань өөрөө санхүүгийн анхан шатын баримтыг бүрдүүлээд өөрөө хууль ёсны мэт харагдуулах ийм нөхцөл байдлуудыг бол давхар ******* хийсэн байна гэдэг үйл баримт давхар харагдаж байна гэж дүгнэж байгаа юм
Иймд шүүгдэгч ******* өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгох зорилгоор өөрийгөө 12 жил ажилласан гэж мэдсээр байж 16 жилээр тооцож 15%-ийн нэмэгдэл авсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч *******ийн зүгээс 2025 оны 11 сарын 20-ны өдөр 484,000 төгрөгийг Төрийн сангийн дансанд тушаасан, яллах дүгнэлт дээр тусгагдаад байгаа 542,000 төгрөгийн зөрүүг тухайн 3 сар болон 4 сардаа бол буцааж суутгасан талаарх нотлох баримтыг бол өмгөөлөгчөөс гаргаж өгсөн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна гэм буруутайд тооцох саналыг гаргаж байна гэсэн агуулгатай,
Өмгөөлөгч ......... дүгнэлтдээ: Өнөөдрийн шүүх хуралдаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээж шүүх хуралдаанд оролцож байна.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг бүрэн дүүрэн нотолж чадаж уу үгүй юу гэдэг дээр бас анхаарлаа хандуулж, гэмт хэрэг хэзээ хэдийд яаж үйлдэгдсэн юм, гэм буруугийн сэдэлт нь юу байсан юм, зорилго нь юу байсан юм, гэм буруугийн хэлбэр нь ямар байна гэдэгт бид нар оюун ухаанаа уралдуулах ёстой.
Улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлтийг санаатай хэлбэрээр ийм байдал үүсгэсэн гэж өмгөөлөгчийн зүгээс ойлголоо. Шүүгдэгчийг өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон талаар яриад байна. Гэтэл шүүгдэгч анх 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн авснаас хойш хүлээн зөвшөөрөхгүй байсан.
******* нь санхүүгийн албаны даргын албан тушаалд санаархаж байсан, цалин мөнгийг нэмэх талаар зөвлөсөн, холбогдох албан тушаалтнууд болох ........ нарт хэлчихнэ гэдэг зүйлийг хэлсний үндсэн дээр цалингаа нэмж оруулсан талаар мөрдөн байцаалтын шатанд удаа дараа хэлж байсан. Тухайн тушаалд гарын үсэг зурсан, тамга тэмдэг дарж баталгаажуулсан албан тушаалтнууд нь хаана байгаа юм бэ? Өнөөдөр миний үйлчлүүлэгч л ганцаараа яллагдах гээд зогсож байна.
Гэм буруугийн хэлбэр, зорилго, зорилт энэ болгоныг бид нар харах ёстой, анхаарах ёстой. Тэгж байж энэ хүн буруутай байна уу, үгүй байна уу, эсвэл тодорхой хэмжээгээр энд бас тодорхой хүмүүс байх ёстой байсан уу гэдэг ийм нөхцөл байдлыг үүсгэх ёстой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Энэ зүйлд гомдол гаргаад явсан. Тендертэй холбоотой зүйл дээр асуудал дэвшүүлэхгүй. Хамгийн сүүлд 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөнхий прокуророос энэ хэргийг нэгтгэж шалгах талаар даалгавар өгсөн гэсэн хариуг бидэнд өгдөг. Гэтэл энэ хэрэгт шалгагдаад нэгтгэгдэж орж ирсэн зүйл байхгүй. Өнөөдрийн шүүх хуралдаанд ******* сумын Эрүүл мэндийн төвийн дарга ******* мэдүүлэг өгөхдөө тушаалын хэрэгжилтэд өөрөө хяналт тавьдаг гэж мэдүүлсэн хэдий ч ажилтан албан хаагчдын ажилласан жилийг дүн бүртгэгч нь даргадаа танилцуулдаг талаар бас мэдүүлсэн.
Гэтэл Эрүүл мэндийн төвийн дарга тушаалд гарын үсэг зурж, тамга тэмдэг дарах нь түүний өөрийн үүрэг. Ажлаа хайхрамжгүй хийсэн үү? санаатай хийсэн үү? гэдэг зүйлийн талаар мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хэрхэн яаж тогтоосон нь байхгүй.
Шүүгдэгчийг өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэж хандах нь өрөөсгөл ойлголт. Хэрэв энэ тушаалыг хуулийн дагуу шаардлага тавиад цалин хөлсийг олгосон бол ийм асуудал үүсэхгүй байсан. Улсын яллагч тушаалын хавсралт хоёр өөр гарсан талаар ярьсан. Архиваас баримт гарсан талаар нотолж чадаагүй, хавтас хэрэгт авагдсан зүйл байхгүй. Архивын баримтад хэн нэгэн засвар оруулах талаар нэмэлт тэмдэглэгээ хийх нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар хориглосон. Архивын баримтыг хуурамчаар үйлдсэн талаар удаа дараа гомдол гаргахад шалгаагүй.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хууль сануулан асуусан. Ямар байдлаар санхүүгийн баримтыг гаргаж аудитын байгууллагад өгсөн бэ гэхээр Авлигатай тэмцэх газрын шийдвэрээр дүгнэлт гаргах ёстой гэж хэлсний дагуу архиваас 11 боть, 346 хуудас бүхий баримтыг гарган өгсөн гэж мэдүүлсэн.
******* Авлигатай тэмцэх газарт мэдүүлэг өгчхөөд байгууллагын архивын баримтаас санхүүгийн баримтыг үзсэн гэж мэдүүлсэн. Байгууллагын архивд хэн дуртай нь ороод баримттай танилцах эрх байхгүй. Тодорхой хэмжээгээр Архивын тухай хууль, архив албан бичиг хөтлөлтийн журам, зааврын дагуу ажиллах ёстой. Архиваас баримт гаргасан, даргад танилцуулсан тухай баримт байдаггүй.
Тэгэхээр нотлох баримтад тулгуурлаагүй баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож болохгүй. Улсын яллагчаас 216 дугаар хуудсанд авагдсан нотлох баримт нь .......... холбоотой ажилд томилох тухай тушаалтай холбоотой нотлох баримт ирүүлэх тухай албан бичиг хэрэгт авагдаж, үүний дагуу хариу ирсэн баримт байгаа. Сая миний дурдсан 6 болон 7 дугаар хавтас хэрэгт авагдсан баримтад ямар ч албан бичиг байхгүй, нотлох баримт хүлээж авсан тухай тэмдэглэл байхгүй, мөрдөгчийн тэмдэглэл байхгүй.
Гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй байна. Яагаад гэхээр ******* 2 удаа мэдүүлэг өгсөн, эхний мэдүүлэгт нотлох баримт бүрдүүлэн өгөхгүй байсан, харин хоёр дах мэдүүлэгтээ энэ зөрчлийг өөрөө илрүүлсэн талаар мэдүүлдэг. Өмгөөлөгчийн зүгээс *******ын дахин өгсөн мэдүүлэгт “энэ зөрчлийг өөрөө илрүүлсэн” гэх мэдүүлэг үндэслэлтэй гэж үзэж байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь тушаал шийдвэр, гүйлгээ хэрхэн баталгааждаг талаар маш тодорхой хэлсэн. Тушаалыг баталгаажуулж байгаа хүн нь ******* өөрөө. Хэрэв ******* тушаал шийдвэр гаргаж, баталгаажуулаагүй байсан бол, ******* нь *******д хэлчихнэ, баталгаажуулаад өгчихнө гэж хэлсэн. Хүн өөрийнхөө гэм буруугүй гэдэг зүйлийг хэлнэ. Хэн ч хариуцлага хүлээхийг бодохгүй. Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэрэг нь бусад гэрчүүдийн мэдүүлгээр няцаагддаг.
Шинжээчийн дүгнэлтээр илүү цалин хөлс бодож олгосон гэдэг зүйл хэрэгт авагдсан. Тэрнээс авсан гэдэг үг байхгүй. Сүүлийн аудитын дүгнэлтээр 610,000 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн. Тэгэхээр өмгөөлөгчийн зүгээс яллагдагчид ашигтайгаар шийдвэрлүүлэхийн тулд 542,000 төгрөгийн хохирол учруулсан гэх яллах дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж, Тамгын газарт илүү бодож олгосон цалинг ******* хариуцаж, цалингаас суутгуулаад үүний зөрүү 484,000 төгрөгийг төлж барагдуулсан.
Хавтаст хэрэгт авагдсан баримтаар эргэлзээ бүхий байдал үүсэж, гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулж байна гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэл байна гэж өмгөөлөгчийн дүгнэлтийг гаргаж байна гэв.
Хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч *******ийн ........ аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчоор 2019 оны 03-р сарын 01-нээс 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байхдаа төрийн алба хаасны нэмэгдлийг 15 хувиар авсан буюу 5 хувь илүү тооцоолж 484,000 төгрөг олгогдсоныг авсан үйлдлийг Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч Б.*******ийн төрийн албан хаагчид олгох нэмэгдлийг илүү тооцоолсон, авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт өөрчлөлт оруулсан хууль хүчин төгөлдөр үйлчлэхээс өмнөх хугацаанд үйлдэгджээ. (2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулж 2023 оны 01-р сарын 21-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон)
Иймд Прокурор Б.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шүүхэд ирүүлжээ.
2023 оны 01-р сарын 21-ны өдрөөс өмнө үйлчилж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дэх хэсэгт “...Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” заажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно...” гэж зааснаар
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон...” үйлдлийг Нийтийн албан тушаалтан үйлдсэн бол гэм буруутай үйлдэл гэж гэмт хэрэгт тооцохоор хуульд заажээ. Өөрөөр хэлбэл дээрх гэмт хэргийн субъект нь “...Нийтийн албан тушаалтан...” байхаар хуульчлагджээ.
Прокуророос шүүгдэгч Б.*******ийг “...Нийтийн албан тушаалтан...” гэж дүгнэхдээ Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5 дахь хэсэгт “...Нягтлан бодогчийн нэг орон тоотой аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байгаа нягтлан бодогч, эсхүл гэрээт нягтлан бодогч нь ерөнхий нягтлан бодогчийн үүрэг гүйцэтгэнэ...” гэж заасныг мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг Авлигын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-д заасныг үндэслэжээ.
......... аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч нь “Нийтийн албан тушаалтан” биш гэж шүүх дүгнэв. Үүнд:
Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн
14.1-д “...Дараах албан тушаалтан төсвийн ерөнхийлөн захирагч байна...”
14.1.20-д “...аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга тухайн шатны орон нутгийн энэ хуулийн 14.1.18, 14.1.19-д зааснаас бусад төсвийн....” гэж,
16 дугаар зүйлийн 16.1-д ”...Төсвийн байгууллага нь түүний үйл ажиллагааг үр ашигтай удирдлагаар хангаж, ажлын үр дүнг хариуцах үүрэг бүхий төсвийн шууд захирагчтай байна...”
16.4-д “...Дараах албан тушаалтан төсвийн шууд захирагч байна...”
16.4.18.-д ”...төсвийн бусад байгууллагын дарга (захирал, эрхлэгч) тухайн байгууллагын төсвийн...” гэж тус тус заажээ.
Дээрх хуулийн заалтаас үзвэл ........ аймгийн ******* сумын Засаг дарга төсвийн ерөнхийлөн захирагч бөгөөд Эрүүл мэндийн дарга төсвийн шууд захирагч байхаар хуульчлагджээ.
Мөн Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн
19.1-д “...Бүх шатны төсөв нь тухайн шатны төсвийн ерөнхий нягтлан бодогчтой байна...”
19.2-д “...Энэ хуулийн 14.1.3, 14.1.7, 14.1.11, 14.1.14, 14.1.15, 14.1.19-д заасан төсвийн ерөнхийлөн захирагч нь төсвийн ерөнхий нягтлан бодогчтой байна...”
19.3-д Энэ хуулийн 19.1, 19.2-т зааснаас бусад тохиолдолд төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагч, шууд захирагч нь төсвийн ахлах нягтлан бодогч, нягтлан бодогчтой байна...” гэж тус тус заажээ.
Дээрх хуулийн заалтаас үзвэл төсвийн шууд захирагч болох ******* сумын эрүүл мэндийн төвийн дарга нь төсвийн ахлах нягтлан бодогч, нягтлан бодогчтой байхаар хуульд заажээ.
Хавтас хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ******* сумын хүн эмнэлгийн даргын 2019 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн 07 тоот тушаалаар шүүгдэгч Б.*******ийг төсвийн шууд захирагч болох ........ нягтлан бодогчоор ажилд авч тушаал гаргасан байна. (8-р х.х-ийн 138-рт)
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно...” гэж
3.1.8 дахь хэсэгт "...ерөнхий нягтлан бодогч" гэж нягтлан бодох бүртгэл хөтлөх, удирдан зохион байгуулах, хариуцлага хүлээхээр аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагаас томилогдсон мэргэжлийн нягтлан бодогчийг...” ойлгохоор байна.
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5 дахь хэсэгт “...Нягтлан бодогчийн нэг орон тоотой аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байгаа нягтлан бодогч, эсхүл гэрээт нягтлан бодогч нь ерөнхий нягтлан бодогчийн үүрэг гүйцэтгэнэ...” гэж ерөнхийд нь зохицуулсан боловч Төсвийн тухай хуулийн 19.3-д төсвийн шууд захирагч буюу сумын Эрүүл мэндийн төвийн дарга нь төсвийн ахлах нягтлан бодогч, нягтлан бодогчтой байхаар нарийвчилсан хэм хэмжээгээр зохицуулжээ.
Тухайн харилцааг зохицуулсан хуулийн зүйл, заалтуудаас шүүх илүү нарийвчилсан зохицуулалттай хэм хэмжээг хэрэглэсэн болно.
Дээрх байдлаас дүгнэхэд ******* сумын эрүүл мэндийн төвийн дарга Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэг, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8 дахь хэсэгт зааснаар Б.*******ийг нягтлан бодогчоор томилж ажиллуулахаар тушаал гаргасан байх бөгөөд Ерөнхий нягтлан бодогчоор (ахлах нягтлан бодогчоор) томилогдоогүй байна.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д "нийтийн албан тушаалтан" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг,
Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “...Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна...”
Авлигын эсрэг хуулийн 4.1 дэх хэсэгт “...Доор дурдсан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна...” гэж
Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалтад “...төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч...” нар гэж тус тус заасан тул ......... аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч Б.******* нь Авлигын эсрэг хуулийн 4.1.2 заагдсан нийтийн албан тушаалтан биш, Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарагдахгүй гэж шүүх дүгнэв.(8-р х.х-ийн 138-рт)
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектийн шинжийг .........аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч хангахгүй гэж дүгнэж Б.*******т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт ирээгүй болно.
Шүүгдэгч *******т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.******* ......... аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвд 484,000 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1,2,3, 5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн ......... холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.
2.Шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
3.Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
4. Б.******* ......... аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвд 484,000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.САРАНТУЯА