Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2023/03838

 

 

 

 

 

 

 

 

                            2023        09          01

            101/ШШ2023/03838

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  В.Д /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Н.М /рд:/-т холбогдох,

5,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч В.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

1.             Нэхэмжлэгч Б.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Н.Мтай 2023.03.11-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 4,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй 1 сарын хугацаатайгаар 2023.04.11 хүртэл зээлүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Н.М нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцож 60 хоногийн алданги 1,200,000  төгрөг, мөн үндсэн зээлийн 4,000,000 төгрөг, түүний хүү болох 600,000 төгрөгийн хамт нийт 5,800,000 төгрөгийг хариуцагч Н.Маас гаргуулж өгнө үү.

1а. Хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлье. Хариуцагчтай ажил хэргийн холбоотойгоор зээлийн гэрээгээр 4 сая төгрөг өгсөн. 2 сарын хугацаанд ажлын байрны бичиг баримт бүрдүүлж өгөх байсан юм. Тэр нь шийдэгдээгүй бөгөөд утсаа авахаа больсон юм. Тэрнээс хойш нэг ч удаа уулзаагүй. Мессеж бичихэд бичиг баримт болох гэж байна гээд хойшлуулаад байсан. Иймд зээлийн гэрээний дагуу алдангитай хамт 5,800,000 төгрөг нэхнэ. Надад тусгай зөвшөөрөл авах бичиг баримт бүрдүүлж өгнө гэсэн юм. Цахилгаан угсралтын тусгай зөвшөөрлийг Барилга хот байгуулалтын яамнаас авах гэж байгаа юм. Баримтаа бүрдүүлээд өгсөн бол маргаан үүсэхгүй байсан юм гэв.

 

2.             Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: Хаан банк дахь өөрийн дансны хуулга /хх3/, зээлийн гэрээний хуулбар /хх4/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

                  ҮНДЭСЛЭХ нь:

1.             Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 4,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,800,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.             Нэхэмжлэгч В.Д нь зээлийн гэрээний үүрэгтэй холбогдуулан нийт 5,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.             Хариуцагч Н.М нь 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хариу тайлбар ирүүлээгүй. Улмаар шүүх хариуцагчид мөн оны 08 дугаар сарын 21-ны өдөр хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд ямар нэг хүсэлт ирүүлээгүй.

3а. Үүнээс үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийг зөвшөөрсөнд тооцож, хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

Гэвч шүүх нь хэргийн бодит байдал буюу зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тогтоох учиртай.

 

4.             Зохигчид 2023 оны 03 дугаар сарын 11-ны өдөр 4,000,000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээ байгуулжээ. /хх4/

Гэвч тэдгээрийн хооронд цахилгаан угсралтын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөл авахад шаардагдах бичиг баримтыг боловсруулж өгөх буюу ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан “бид анх тусгай зөвшөөрөл авахад шаардагдах бичиг баримт бүрдүүлж өгөхөөр тохиролцож, 4,000,000 төгрөг өгсөн. Хэрэв бичиг баримт бүрдүүлж өгсөн бол маргаан үүсэхгүй байсан” гэх тайлбараар тогтоогдож байна.

 

5.             Үүнээс үзэхэд зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлж хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна. Тодруулбал, зохигчид анхнаасаа зээлийн гэрээний харилцаа үүсгэх хүсэл зориг байгаагүй, энэ талаар эрх,үүрэг, хууль зүйн үр дагавар үүсгэхийг хүсээгүй бөгөөд гадна талдаа хэлцлийн дүр үзүүлсэн шинжтэй байна. Иймд зээлийн гэрээний дагуу зохигчдод эрх, үүрэг үүсэхгүй юм.

 

6.             Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч нь тохиролцсон ажлыг гүйцэтгэх, захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авах, тохиролцсон хөлсийг төлөх үүрэгтэй. Энэ төрлийн гэрээг бичгээр байгуулах хэлбэрийн шаардлага тавигдахгүй.

Иймд зохигчдын хооронд үүссэн бичиг баримт боловсруулж өгөх ажил гүйцэтгэх гэрээ хүчин төгөлдөр байна.

 

7.             Нэхэмжлэгч нь гэрээний дагуу 2023 оны 03 дугаар сарын 11-ны өдөр 4,000,000 төгрөгийг “тусгай зөвшөөрөл урьдчилгаа” гэсэн утгаар шилжүүлсэн болох нь Хаан банк дахь түүний дансны хуулгаар тогтоогдсон. /хх3/

Энэхүү мөнгөн хөрөнгийг хүлээн авсан эсэх талаар хариуцагч маргаагүй тул нэхэмжлэгчийг хөлс төлөх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

 

8.             Нэхэмжлэгч нь хариуцагчийг ажил гүйцэтгэх гэрээний дагуу 1 сарын хугацаанд бичиг баримт боловсруулах үүргээ биелүүлээгүй гэж тайлбарласан бөгөөд хариуцагч нь шүүхэд хариу тайлбар ирүүлээгүйгээр аливаа гэрээний үүргээ биелүүлээгүй талаар маргаагүй байна.

Иймд нэхэмжлэгчид Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээнээс татгалзах эрх үүсжээ.

Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээний гүйцэтгэл буюу төлсөн хөлс болох 4,000,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй.

 

9.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

         ТОГТООХ нь:

1.         Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч Н.Маас 4,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч В.Дт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,800,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 107,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 78,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.Г