| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 2102000230022 |
| Дугаар | 2021/ДШМ/561 |
| Огноо | 2021-06-02 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Г.Цогтгэрэл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 2021/ДШМ/561
Н.А, Б.У нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Цогтгэрэл,
шүүгдэгч Н.А, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ,
шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Д.Бурмаа,
нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/221 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Батбямбын бичсэн 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 27 дугаартай эсэргүүцлээр Н.А, Б.У нарт холбогдох эрүүгийн 2102000230022 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. :......................., 19... оны ........ дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Кофе сперанто” гэх нэртэй кофены газарт бариста ажилтай, ам бүл 3, ах, эгч нарын хамт Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Алтай хотхон, Энгельс гудамж, 27 дугаар байрны 71 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 3 дугаар байрны 19 тоотод түр оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:..................../;
2. .................................., 19....... оны ...... дугаар сарын 26-ны өдөр Булган аймгийн Хангал суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ургамал судлаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эгч, дүү нарын хамт Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 9 дүгээр байрны 12 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Гэрэлт-Өргөө 47в байрны 49 тоотод түр оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:............/;
Н.А, Б.У нар нь хамтран оролцох хэлбэрээр 2020 оны 8 дугаар сард Булган аймгийн Хялганат тосгоны нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай “шавар” гэх нэршилтэй гялгар ууттай үеийн жин нь 1.5729 грамм, цэвэр жин нь 0.7045 грамм /шинжээчийн дүгнэлтээр/ сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,
улмаар тус бодисоос Б.У нь 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гэрэлт-Өргөө” хотхоны 47в байрны 49 тоотод гялгар ууттай үеийн жин нь 0.6547 грамм, цэвэр жин нь 0.3783 грамм “шавар” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг,
Н.А нь 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 3 дугаар байрны 4 давхарт болон биедээ гялгар ууттай үеийн жин нь 0.9182 грамм, цэвэр жин нь 0.3262 грамм “шавар” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Н.А, Б.У нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.2 дугаар зүйлийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ............................ нарыг хамтран оролцох хэлбэрээр “хориглосон сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.2 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А, Б.У нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Н.А, Б.У нарт “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, “мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг авч, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Н.А, Б.У нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг, тогтоосон хязгаарлалтын арга хэмжээг зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тэдгээрт мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа Ченж эссэ тамхины хайрцаг 1 ширхэг, цэнхэр өнгийн асаагуур 1 ширхэг, шатаж түлэгдсэн мөнгөлөг цаас, зиплок түгжээтэй уутны хамт 0.2 грамм жинтэй шавар мэт зүйл, эссэ тамхины хайрцагтай зиплок уутны болон наалдсан уутны хамт 0.8 грамм жинтэй шавар гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалт болон хэрхэн устгагдсан баримтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, ZN7888437, AQ5586964 серийн дугаартай 2 ширхэг 100 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг Монгол банканд шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.А, Б.У нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор Ц.Батбямба бичсэн эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон” байхаар хуульчилсан байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж зааснаар шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 3 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан суурь зарчмууд, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй байна. Учир нь дээрх төрлийн гэмт хэрэг нь хүний амь нас, эрүүл мэнд, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд хор уршиг учруулдаг хор уршиг, үр дагавартай. Түүнчлэн шүүгдэгч Н.А, Б.У нарын худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж, шавар мэт зүйл болгон бэлтгэсэн, мөн хадгалсан бодисын уутны хамт 1.5729 грамм, цэвэр жин нь 0.7045 грамм жинтэй түүхий эдийн хэмжээг харгалзан үзээгүй. Нөгөөтээгүүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэлийн талаар заахаар хуульчилжээ. Гэвч шүүх шүүгдэгч нарт ямар шалтгаанаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн үндэслэлээ шийтгэх тогтоолд тодорхой зааж, дүгнээгүй байна. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/221 дугаартай шийтгэх тогтоолыг “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.
Прокурор Г.Цогтгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ц.Батбямба прокурорын бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь дэмжиж байна. Өөр нэмж хэлэх тайлбар байхгүй” гэв.
Шүүгдэгч Н.Аын өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх шүүгдэгч нарыг тэнсэн харгалзсан нь өөрөө ял шийтгэл мөн. Энэ ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан Эрүүгийн хуулийн зорилгод нийцэж байгаа. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Шийтгэх тогтоолын 10 дугаар талд үндэслэлийг тодорхой дурдаж өгсөн. Эрүүгийн хуульд заасан шийтгэх тогтоолыг хүчингүй болгох өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдохгүй байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Н.А тус шүүх хуралдаанд “...хэлэх тайлбар байхгүй.” гэв.
Шүүгдэгч Б.Уын өмгөөлөгч Д.Бурмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэсэн үндэслэлээ тодорхой зааж өгсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасныг хэрэглэхдээ үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг хэрэглэж шийдвэрлэсэн. Гялгар ууттай нь хамт жинлэхээр 1,5 грамм болж байгаа учир цэвэр жингээр хэмжээг нь тогтоох ёстой байсан гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Б.У тус шүүх хуралдаанд “...хэлэх тайлбар байхгүй.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан прокурор Ц.Батбямбын бичсэн эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй бөгөөд хууль ёсны, үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Шүүх хэргийг хянан хэлэлцээд Н.А, Б.У нарыг хамтран оролцох хэлбэрээр “хориглосон сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.2 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч нарт тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, “мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Н.А, Б.У нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг, тогтоосон хязгаарлалтын арга хэмжээг зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тэдгээрт мэдэгдэж шийдвэрлэжээ.
Тус шийдвэрийн үндэслэлийг судлан үзэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлын ямар шинжийг харгалзсан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хариуцлагыг яагаад хүлээлгэхгүй гэж үзэж байгаа, хор уршигийн шинж чанар, үүнд ямар нотлох баримт нөлөөлсөн зэрэг хуулиар тогтоож өгсөн шаардлагын талаар анхан шатны шүүх огт тайлбарлаж дүгнэлт хийгээгүй байх бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3-д “Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт дараахь зүйлийг тусгана” гэж, 3.1-д “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл” гэж тус тус заасныг зөрчжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дараахь үндэслэлийн аль нэг нь байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө”, мөн зүйлийн 1.3-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” гэж, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” гэж тус тус заасан бөгөөд анхан шатны шүүхийн гаргасан алдаа, зөрчил нь хуулийн энэ үндэслэлд хамаарч байна.
Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.А, Б.У нарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцэх хүртэл шүүгдэгч Н.А, Б.У нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/221 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.А, Б.У нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл Н.А, Б.У нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ