| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Ёндонсамбуу |
| Хэргийн индекс | 304/2025/0187/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/209 |
| Огноо | 2025-11-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Мөнхтуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/209
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл,
хохирогч М.Г, түүний өмгөөлөгч Ш.Мөнхцацрал,
шүүгдэгч Х.Д*******, түүний өмгөөлөгч Э.Ганбат /цахимаар/ нарыг оролцуулан Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Х.Д*******д холбогдох эрүүгийн 2415002290149 дугаартай, 304/2025/0187/Э индекстэй хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, О******* овогт Х*******ын Д*******, ******* аймгийн ******* суманд 1997 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, эрэгтэй, 28 настай, ам бүл 2, ээжийн хамт ******* аймгийн ******* сумын ******* баг ******* дүгээр хороолол, Б корпус, 9 дүгээр байшинд оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, бизнесийн менежмент мэргэжилтэй, “******* ******* ” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: .
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Х.Д******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 08 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө 04 цагийн орчим Булган аймгийн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “ ” нэртэй амралтын газарт иргэн М.Этай хэрүүл, маргаан хийхэд нь хохирогч М.Г нь тэднийг салгах үед нь хутгаар цээжний зүүн талд хутгалж эрүүл мэндэд нь “цээжний зүүн талд цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, цээжний хөндийд хий хуралт, зүүн сарвууны шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Х.Д******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 03-04 цагийн үед Булган аймгийн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ” нэртэй амралтын газарт иргэн М.Этай хэрүүл, маргаан үүсгэн зодох явцад түүний үйлдлийг таслан зогсоохоор очсон М.Гийн цээжин тус газар 1 удаа хутгалж эрүүл мэндэд нь “цээжний зүүн талд цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, цээжний хөндийд хий хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдлоо.
1.2.Нотлох баримтын үнэлгээ
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:
-Хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 15,16 дахь тал/,
-“ ” амралтын газрын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 17-20 дахь тал/,
-Камерын бичлэг хуулбарлан авсан тэмдэглэл, сиди 1 ширхэг /хавтаст хэргийн 21,22 дахь тал/,
-Х.Д*******ий эзэмшлийн “Айфоне 15 про макс” загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хавтаст хэргийн 23-25, 26-27 дахь тал/,
-Хохирогч М.Гийн: “...Х.Д******* анх бид нар дээр орж ирэхдээ нэг шилтэй виски бариад орж ирсэн. Тэгээд авчирсан вискигээ задлаад бид нар сууж уугаад байж байхад Х.Д******* “тарваганы мах манай хоёр дүү авчирч байгаа” гэж хэлсэн. Дараа нь тарваганы мах ирээд бид нарт гаргаж өгөөд идсэн. Миний хувьд махнаас амсаад идээгүй. Дараа нь ярилцаж сууж байхад ямар нэгэн маргаан үүсээгүй. Тэгээд рестораны гадна үүдэнд бид нар салах ёс хийгээд тэврэлдээд байж байтал Х.Д******* нь хамт байсан М.Эыг хүзүүгээр нь тэврээд үгээр идээд байсан. Тэр үедээ М.Эын хамар нь хагалгаанд орсон хамрын хамгаалалтай байсан. Тухайн үед Х.Д******* нь хагалгаанд орсон хамрыг нь хөндөх гээд М.Э нь гараараа хаагаад байсан. Тэгээд сүүлдээ Х.Д******* нь агсам тавиад хамт ирсэн найзтайгаа М.Э руу хоёулаа дайраад байхаар нь би Х.Д*******д “чи зүгээр бай, хамрын хагалгаанд орсон хүүхдийн хамрыг хөндлөө” гэж хэлээд байж байтал Х.Д******* найзын хамт М.Э руу дайрч хөөгөөд М.Э арагшаа ухарч зугтаж байгаад газар юманд тээглээд унахад нь Х.Д******* найзын хамт очоод дээрээс цохиж зодоод байсан.
Тэгээд би очиж салгах үед Х.Д******* нь миний цээжин тус газарт гараа саваад хүчтэй цохих шиг болсон. Удалгүй дараа нь цээжний тушаа газраас халуу оргиод байхаар нь гараараа дарж үзэхэд цус их хэмжээгээр гарч байсан. Миний цээжинд цохих үедээ Х.Д******* гартаа хутгатай байсныг мэдсэн. Тэгээд миний цээжнээс их хэмжээгээр цус алдаж байсан болохоор хамт байсан хүмүүс Хялганат тосгоны хүн эмнэлэг рүү яаралтай тусламж үзүүлэхээр аваад явсан. Би Х.Д*******ийг хутгатай байхыг нь бол хараагүй. Манай найзууд “гарт байсан хутга хая” гээд хаяулсан байсан. Гомдолтой байна. Эмчилгээний зардлыг гаргуулмаар байна...” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 30-32 дахь тал/,
-Гэрч М.Эын: “...Х.Д******* удалгүй оройхон 3 шил коньяк бариад нэг найзтайгаа хамт хүрээд ирсэн. Тухайн үед бид нар архи, дарс уугаагүй эрүүл, усан бассейнд ороод, сагс тоглож л амарч байсан. Х.Д******* хүрч ирээд виски уугаад рестораны терасс дээр уугаад юм ярьж байгаад шөнө болтол суусан. Тэгээд Х.Д******* ирэхдээ тарваганы болгосон мах авч ирж идсэн. Тухайн үед Х.Д******* хутга гаргаж ирээд тэр хутгаар нь махнаас бүгд амсаад хэсэг сууж байгаад 2024 оны 08 дугаар сарын 04-ний 03 цагийн орчимд бид нар ресторанаасаа амрах гээд гарцгаасан.
Тэр үед Х.Д******* вискиндээ согтсон юм шиг байгаа юм рестораны үүдэнд гарч ирээд салж, амрах гээд ярилцаад байж байтал намайг хүзүүгээр боож аваад хагалгаанд орсон хамрыг хөндсөн. Тэр үед манай хуурай ах болох С.Г Х.Д*******д “чи хүүхдийн хамрыг нь хөндөөд хаячих юм, хамрын хүнд хагалгаанд орсон ш дээ” гээд Х.Д*******ийг надаас салгасан. Дараа нь Х.Д******* агсам тавиад, яадаг юм гээд уурлаж, над руу дайраад байсан. Тэгэхлээр би мангасдаад /гараараа нүр лүү нь түлхэх/ өөрөөсөө холдуулсан чинь хамт ирсэн найзтайгаа хоёулаа над руу “ална аа чамайг” гээд дайрахаар нь хойшоогоо ухарч зугтаад тэнд байсан гэрэлд тээглээд газар унасан. Дээрээс Х.Д******* найзтайгаа хамт цохиод байсан. Тухайн үед би хамар руугаа цохиулахгүйн тулд хамраа хоёр гараараа хааж хамгаалаад толгой хэсэг рүү цохисон. Дараа нь С.Г, Г.М нар салгах явцад Х.Д******* нөгөө мах идэхдээ хэрэглэж байсан хутгаа гартаа барьчихсан, салгаж байсан С.Гийг Х.Д******* нь гараа савахдаа зүүн талын цээжин хэсэг рүү хутгаараа хатгасан. Тэгтэл удалгүй С.Г ах намайг хутгалчихлаа гээд рестораны урд талд цээж хэсэг нь цус болсон газар уначихсан. Тэгээд О.Тэнүүн, С.Б нар ирээд “юун хутга шөвөг болчхов оо” гээд хутгыг нь хаяулсан байна лээ. Тэгээд бид нар сандраад маш хурдан Хялганат тосгоны хүн эмнэлэг рүү яаралтай тусламж авахаар очиж эмнэлгийн анхны тусламж авсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,
-Гэрч Б.Аын: “...Х.Д******* М.Э гэдэг залуугийн хүзүүгээр тэврээд зогсож байсан. Тэгтэл М.Э нь уурлаж маргаад байсан. Тэгэхээр нь М.Г ах бид хоёр голоор нь очиж салгах гээд би М.Эыг салгаж аваад рестораны хаалгаар ороод эргээд гараад иртэл М.Г ах газар хэвтэж байсан. ...Тухайн үед би Х.Д*******ийг хутга барьж байхыг хараагүй. Тэр хутгыг Эрдэнэтээс мах шараад авч ирэхэд мах идэх зорилгоор хэрэглэсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дахь тал/,
-Гэрч С.Бын: “...хэдэн хормын дараа М.Г Х.Д*******д хутгалуулчихлаа гээд рестораны үүдэнд хэвтсэн байсан. Х.Д******* гартаа хутгаа барьсан зогсож байсан. Би Б.Атой хамт хутгыг нь хаяулсан. Х.Д******* ирэхдээ “таньдаг дүү нар маань мах авч ирж өгнө” гэж ярьж байсан. Тэгээд дараа нь Х.Д*******ий дүү нь шарсан мах авч ирсэн. Тэгээд “мах ирсэн юм чинь би яваад машинаас хутга аваад ирье” гээд явж авч ирээд огтолж идсэн хутга байгаа юм. Ер нь бол Х.Д*******ий хутга. Х.Д******* агсам тавьж байхдаа л М.Гийг хутгалсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дэх тал/,
-Гэрч Б.Эын: “...Миний бие 2025 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 24 цагаар Хялганат тосгоны Эрүүл мэндийн төв ээлжийн эмчээр үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 2024 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн шөнө 03 цагийн орчимд сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “ ” амралтын газраас цээжин тус газраа хутганы шархтай гэх М.Г гэх иргэн ирсэн. Тухайн хүнийг хүлээн авч анхны тусламж үзүүлж, цус тогтоох эмчилгээ хийж, тухайн хүн амин үзүүлэлт дундаж, ухаан санаа эрүүл, хүнтэй харилцаатай, зүүн цээжний хэсэгт зүсэгдсэн шархтай, цус алдалттай, цаашид нарийн мэргэжлийн эмнэлгийн байгууллагад хүргүүлэх, дотуур цус алдалтай байх магадлалтай байсан тул ******* аймаг руу тээвэрлэн эмнэлэгт хүргэхээр эмчийн хяналтад хүргүүлж ******* аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэсэн. ...Тухайн иргэн М.Гийг биед үзлэг хийж анхны тусламж үзүүлэхдээ эхо-д хараагүй, цус тогтоох эмчилгээ хийж, дараагийн шатны эмнэлэгт хүргүүлэх заалттай байсан учир нь ******* аймаг руу эмчийн хяналтад авч явсан ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дахь тал/,
-Гэрч Б.Пгийн: “...2024 оны 08 дугаар сарын 04-ний шөнө Хялганат тосгоны эрүүл мэндийн төвд ээлжийн 24 цагаар ажиллаж байх хугацаанд 04 цаг 35 минутын үед М.Г нь цээжин тус газраа хутгалуулсан байдалтай ирж эмнэлгийн анхны тусламж үйлчилгээ авахаар ирсэн. Тухайн үед М.Г нь зүүн талдаа хутгаар хатгуулсан байдалтай цээжнээс цус гарна, ёолох зовуурьтай, хувцас хунар нь цус болсон, цээжээр хөндүүрлэж өвдөнө, ухаан санаа эрүүл, асуулт асууж байхад хариулж байсан. Тэгээд эмнэлгийн хүлээн авах дээр цус тогтоох, өвчин намдаах эмчилгээ, 4 оёдол тавьж, даралттай боолт хийж, шингэн сэлбэх зэрэг эмчилгээ хийгдэж дараагийн шатны эмнэлэг рүү хүргэж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дэх тал/,
-Гэрч Г.Мий: “...ресторанаас гараад үүдэнд зогсож байтал Х.Д******* агсам тавьж эхэлсэн. Тухайн үед М.Э руу дайрсан. Тэгсэн чинь М.Г, Х.Д*******ийг тайвшир гээд “ахын дүү хариад амарчих” гэж хэлсэн боловч огт хүлээж аваагүй. Тэгж байтал Б.А, М.Э хоёр зодолдож эхэлсэн. М.Г зодолдож байгаа хоёрыг салгасан. Тэгээд дахиад барилцаад авахад нь салгах гээд очиход нь Х.Д******* М.Гийг хутга гаргаж ирээд хутгалсан. ...Тухайн хутгыг Х.Д******* боодог идэх гэж машинаасаа авчруулсан өөрийнх нь хутга байсан. Боодгоо идэж дуусаад салфетикаар арчаад халаасандаа хийхийг нь би харсан. Муудалцаж эхлэх үед хутга гаргаж ирээгүй. М.Э, Б.А хоёрыг салгах гэж байх үед хутгаа гаргаж ирж зориудаар гэмээр савж М.Гийн цээж рүү нь хутгалахыг харсан...” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 46-51 дэх тал/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын бүрэлдэхүүнтэй шинжээч нарын материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1002 дугаартай:
1.М.Гийн биед цээжний зүүн талд цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, цээжний хөндийд хий хуралдалт, зүүн сарвууны алганд шарх, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.М.Гийн биед учирсан гэмтлүүд нь мохоо болон ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.
3.М.Гийн биед учирсан цээжний зүүн талд цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, цээжний хөндийд хий хуралдалт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт, зүүн сарвууны алганы шарх гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт, баруун сарвууны зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй.
4.М.Гийн биед учирсан цээжний зүүн талд цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, цээжний хөндийд хий хуралдалт гэмтэл нь хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.13-т “цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, дотор эрхтэнг гэмтээсэн цээжний хөндийд нэвтэрсэн шарх, түүнчлэн уг шархны улмаас үнхэлцгийн хөндий, голт, цээжний хөндийд цус, хий, агаар хуралдан үүний улмаас мэс ажилбар хийгдсэн бол” гэсэн заалтад хамаарахгүй болно гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 75-78 дахь тал/,
-Шинжээч эмч М.Зын: “...Шүүх шинжилгээний ерөнхий газрын 1002 дугаартай Б.Д, Э.Б, М.З миний бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн дүгнэлтэд М.Гийн биед учирсан цээжний зүүн талд цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, цээжний хөндийд хий хуралдалт гэмтэл нь хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.13-т “цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, дотор эрхтэнг гэмтээсэн цээжний хөндийд нэвтэрсэн шарх, түүнчлэн уг шархны улмаас үнхэлцгийн хөндий, голт, цээжний хөндийд цус, хий, агаар хуралдан үүний улмаас мэс ажилбар хийгдсэн бол” гэсэн заалтад хамаарахгүй болно гэсэн дүгнэлт гарсан. Хохирогч М.Гийн хувьд энгийн үгээр тайлбарлаж хэлбэл цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх нь амь насны заалтаар мэс ажилбар хийгдсэн бол хохирлын хүнд зэрэгт хамаарах байсан боловч цээжний хөндий рүү нэвтэрсэн шархны улмаас мэс ажилбар хийгдээгүй, амь насанд аюултай шинж илрээгүй тул хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.13-т зааснаар хүнд хохиролд хамаарахгүй байгаа юм. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий хутга мэсний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цээжний хөндийд нэвтэрсэн шархны улмаас зүүн талд 4-р хавирганы түвшинд арьсан доор хийтэй, зөөлөн эдэд хаван нэвчдэстэй, зүүн уушгины дээд дэлбэнгийн орой болон урд хэсгээр хана дагасан хийтэй, баруун гялтанд сул агууламжгүй, 2 уушгины доод дэлбэнд бага хэмжээний нэвчдэс сүүдэр үүссэн шинж тэмдгүүд илэрсэн байна.
Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.13-т “цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх: дотор эрхтэнг гэмтээсэн цээжний хөндийд нэвтэрсэн шарх” гэж цээжний хөндийд нэвтэрсэн шархыг хэлнэ. М.Гийн биед цээжний хөндийд нэвтэрч хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдсон. Цээжин тус газар хутгалуулснаас болж цээжний хөндийн эрхтэн гэмтээгүй байна.
Бидний гаргасан 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1002 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэд хохирогчийн бие, эмнэлгийн бичиг баримт болон хийлгэсэн шинжилгээ зэргийг үндэслэн хийж тухайн дүгнэлтийг шинжээч эмч бид нар санал нэгтэй гаргаж гарын үсэг зурж дүгнэлтийг гаргасан. Манай бүрэлдэхүүний нөгөө хоёр шинжээч эмч нар адил хариулт өгнө...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 105-107 дахь тал/,
-Шинжээч эмч Э.Бын: “...М.Гийн биед тогтоогдсон зүүн талд 4 дүгээр хавирганы арьсан доор хийтэй, зөөлөн эдэд хаван нэвчдэстэй, зүүн уушгины дээд дэлбэнгийн орой болон урд хэсгээр хана дагасан хийтэй гэх гэмтэл нь дээрх цээжний зүүн талд цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас үүссэн байна. “2 уушгины доод дэлбэнд бага хэмжээний нэвчдэс сүүдэртэй” гэсэн нь гэмтэлтэй шалтгаан хамааралгүй, уушгины эмгэг байж болно.
Эрүүл мэнд, Хууль зүйн сайд, Улсын ерөнхий прокурорын хамтарсан 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/225,153,85 дугаартай хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.13-т “... Цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх...” “Дотор эрхтэнг гэмтээсэн, цээжний хөндийд нэвтэрсэн шарх, түүнчлэн уг шархны улмаас үнхэлцгийн хөндий, голт, цээжний хөндийд цус хий, агаар хуралдан үүнийг улмаас мэс ажилбар хийгдсэн бол...” гэж заасан байдаг. М.Гийн тухайн цээжний хөндий рүү нэвтэрсэн шархны улмаас ямар нэгэн мэс /хагалгаа/ ажилбар хийгдээгүй байх тул тухайн гэмтэл нь хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Мэс ажилбар хийх эсвэл үгүй талаарх асуудлыг эмчлэгч эмч, үзлэг оношилгооны үндсэн дээр шийдвэрлэнэ...” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн *******1-*******3 дахь тал/,
-Шинжээч эмч Б.Дгийн: “...Дээрх гэмтлүүд нь байрлалын хувьд нэг хэсэг газар буюу ижил түвшинд байх ба 10415 дугаартай дүгнэлтийн зүүн гарын чигчий хуруунд шарх гэмтэл нь 1002 дугаартай дүгнэлтийн зүүн сарвууны алганд шарх... гэсэн гэмтэлтэй нэг ойлголт юм. М.Гийн биед тогтоогдсон зүүн талд 4 дүгээр хавирганы арьсан доор хийтэй, зөөлөн эдэд хаван нэвчдэстэй, зүүн уушгины дээд дэлбэнгийн орой болон урд хэсгээр хана дагасан хийтэй гэх гэмтэл нь цээжний зүүн талд хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас үүссэн байна. Эрүүл мэнд, Хууль зүйн сайд, Улсын ерөнхий прокурорын хамтарсан 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/225,153,85 дугаартай хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.13-т “.... Цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх...” “Дотор эрхтэнг гэмтээсэн, цээжний хөндийд нэвтэрсэн шарх, түүнчлэн уг шархны улмаас үнхэлцгийн хөндий, голт, цээжний хөндийд цус хий, агаар хуралдан үүнийг улмаас мэс ажилбар хийгдсэн бол...” гэж заасан байдаг ба М.Гийн цээжний хөндий рүү нэвтэрсэн шархны улмаас ямар нэгэн мэс /хагалгаа/ ажилбар хийгдээгүй тул тухайн гэмтэл нь хохирлын зэрэг тогтоох журамд заасны дагуу хохирлын хөнгөн зэрэгт хамаарч байна. Мэс ажилбар хийх эсвэл үгүй талаарх асуудлыг эмчлэгч эмч, үзлэг оношилгооны байдлыг харгалзан гэмтэл учирсан даруйд амь насны заалтаар хагалгаа хийх шийдвэрийг гаргана. М.Гийн хувьд хагалгаа хийгдээгүй байгаа нь амь насанд аюултай шинж илрээгүйг илтгэж байна. Бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэд хохирогчийн бие болон үзлэгийн баримт бичигт үзлэг, шинжилгээ хийж тухайн дүгнэлтийг шинжээч эмч нар санал нэгтэй гаргадаг. Бид дүгнэлтээ санал нэгтэй гаргасан...” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн *******6-*******8 дахь тал/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн ЕГ/0825/1554 дугаартай: “...2024 оны 08 дугаар саарын 04-нд үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас М овогтой Гийн сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 97-99 дэх тал/,
-Яллагдагч Х.Д*******ий “...Би М.Гийн биед гэмтэл учруулсан нь үнэн. ... харамсаж байна ... шүүхийн шийдвэрээр хэдэн төгрөгийн хохирол учруулсан байх бодит хохирлыг нь гаргаж М.Гийн хохирлыг барагдуулахад бэлэн байна. ...” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 205-207 дахь тал/
-Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Г: “...2024 оны 08 дугаар сарын 03-ны өдөр найзуудтайгаа амралтын газарт амарч байсан. Тэгээд бүгд амрахаар болоод сууж байсан газраасаа гараад явах замдаа Х.Д*******, М.Этай муудалцсан. М.Э тухайн үед хамрын хагалгаанд орсон байсан тул М.Эын гэмтсэн хамрыг нь гэмтээчих байх гэж бодоод салгахаар очсон. Тэгээд салгаж байх хооронд Х.Д*******, Б.А нар М.Э руу дайраад байсан. Бие биеэ цохиж зодох гэж байгаа юм шиг байхад нь салгахад халаасандаа байсан хутгаа гаргаж ирээд намайг хутгалсан. Би тухайн үед сумын эмнэлэгт очиж анхан шатны тусламж үйлчилгээ аваад ******* аймаг руу яваад цааш Улаанбаатар хот руу явсан. Нэхэмжилж байгаа зүйлд ороогүй зүйлс маш их байгаа. Баримтын хүрээнд нэхэмжилж байгаа. Тухайн үед миний өмсөж байсан хувцас руу нэвт хатгасан тул эмнэлэг дээр урж хаясан. Мөн сумын түргэний машин байгаагүй тул манай найзын машинтай явсан. Амьсгалахад хүнд байсан тул хүчилтөрөгч хэрэглэсэн. Баримтаар нэхэмжилж байгаа нь Монгол улсад эмчлэгдэх эмчилгээний үнийн дүн. Надад учирсан гэмтлийг Монгол улсад эмчлэхэд хүндрэлтэй тул гадаад улс руу явж эмчилгээ хийлгэхээр төлөвлөж байгаа. Шаардлагатай бол иргэний хэргийн шүүхээр нэхэмжлэл гаргана...” гэв.
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Д*******: “...Мэдүүлэг өгнө гээд яллах дүгнэлтээс зөрөхгүй. Болсон үйл явдалд харамсаж байна. М.Г ахаасаа уучлалт гуйж байна. Шүүхээс гарсан шийдвэрээр хохирол нөхөн төлөхөө илэрхийлж байна...” гэв зэрэг нотлох баримт болно.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирогч М.Г нь өөрийн сонгон авсан өмгөөлөгч Ш.Мөнхцацралын хамт, шүүгдэгч Х.Д******* нь өөрийн сонгон авсан өмгөөлөгч Э.Ганбатын хамт тус тус шүүх хуралдаанд оролцсон болно.
1.4.Эрх зүйн зүйн дүгнэлт
Улсын яллагч: “...Шүүгдэгч Х.Д*******г хүний эрүүл мэндэд хөнгөн санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч: “...Цээжний булчин тасарсантай холбоотой нөхөн сэргээгдэхгүй, хөдөлгөөн хязгаарлагдаж, улмаар хагалгаа хийлгэх шаардлагатай талаарх баримтуудыг хохирогч надад урьдчилсан хэлэлцүүлгийн дараа гаргаж өгсөн тул нэмж шинжээч томилж ажиллагаа хийлгэх боломж хязгаарлагдмал байсан. Шүүгдэгч цаашид гарах эмчилгээний зардал, хагалгааны төлбөрийг нөхөн төлөхийг хүлээн зөвшөөрөх эсэх, тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын зэрэглэл, гэмтэлд шинжээчийн дүгнэлт гаргуулах эсэх асуудлаас хамаарч прокурорт буцаах эсвэл шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэнэ. Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол 2 дугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийг хамгийн дээд хэмжээгээр тогтоож байгаа шалтгаан нь гэмт хэрэг болсон цаг хугацаанаас хойш 10 сарын дараа буюу 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр сэтгэцэд учирсан хохирол тогтоосон шинжээчийн дүгнэлт гаргасантай холбоотой. Одоогоор хохирогч 26,000,000 төгрөг төлж Монгол улсад хагалгаа хийлгэх санхүүгийн боломжгүй байна. Хохирогч гэмт хэргийн улмаас эмчилгээний төлбөрт 9,295,100 төгрөг болон өмгөөлөгчийн хөлс, замын зардалд зэрэгт их хэмжээний зардал гаргасан. Хэрэв тухай гэмт хэрэг үйлдэгдээгүй байсан бол энэ зардлуудыг хохирогчоос гаргах шаардлагагүй байсан. Иймд хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд 53,340,750 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат: “...Хавтаст хэрэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэгт үндэслэн дараах дүгнэлтийг гаргаж байна. Нэгдүгээрт: Х.Д*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулахад татгалзах зүйлгүй. Хоёрдугаарт: Хохирогчийн нэхэмжлэлийн асуудалд дараах баримтууд өнөөдрийн шүүх хуралдаанаар шийдвэрлүүлэх боломжгүй байна. Үүнд: 26,000,000 төгрөгөөр цээжинд учирсан гэмтлийг засаж янзлуулах, гоо сайхны шинжтэй нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх нь ирээдүйд гарах зардалд хамаарч байх тул өнөөдрийн шүүх хуралдаанд эцэслэн шийдвэрлэгдэж, нэхэмжлэлийг хангах боломжгүй байна. Мөн өмгөөлөгчийн зардал болон өмгөөллийн хөлс, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардлуудыг гаргах хууль зүйн үндэслэлгүй байна. Харин дараах зардлуудыг шүүгдэгчээс гаргуулах боломжтой байна. Үүнд: И-баримттай шүүгдэгчийн шүүх хуралдаанд ирэхдээ авсан бензиний зардал гэх 106,890 төгрөг, Гэмтэл согог үндэсний төвөөс эмчилгээ үйлчилгээ зардал гэх 260,000 төгрөг, 120,000 төгрөг, эм худалдан авсан гэх 40,000 төгрөг, 60,000 төгрөг, 24,000 төгрөг, 160,100 төгрөг, 66,000 төгрөг байна. Мөн эмнэлэгт хэвтсэн гэх эмчилгээний зардалд 8,602,000 төгрөг гарсан гэж байгаа боловч и-баримттай байх ёстой. Татвар төлөгч байгууллага буюу “Альфа медикал” эмнэлгийн баримттай байх ёстой. Мөн ээлжийн амралт авсан цалингийн тухайд 08 дугаар сарын 05-ны өдрөөс ээлжийн амралтаа авч гэмтэл авсантай холбоотой хөдөлмөрийн хөлс хасагдсан, листийг үндсэн цалингаас дутуу авсан гэх цалингийн зөрүүг нэхэмжлэх ёстой. Гэтэл хохирогч ажил их байдаг тул шууд амралтаа авсан гэж мэдүүлж, тухайн баримтгүй байна. Мөн сэтгэл санааны хохирлын асуудал нь шүүхийн эрх хэмжээний асуудал байна...” гэв.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр дахин шинжилгээ хийсэн 1002 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 75-78 дахь тал/, шинжээч М.Зын 2024 оны ******* дүгээр сарын 29-ний өдөр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 105-107 дахь тал/, шинжээч Э.Бын 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн *******1-*******3 дахь тал/, шинжээч Б.Дгийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн *******6-*******8 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хохирогч М.Гийн биед “цээжний зүүн талд цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, цээжний хөндийд хий хуралдалт, зүүн сарвууны алганд шарх, баруун сарвуунд зулгаралт” гэмтэл учирсан болохыг тогтоосон байх бөгөөд тус гэмтлийн “цээжний зүүн талд цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, цээжний хөндийд хий хуралдалт” гэмтэл нь “хохирлын хөнгөн зэрэг”-т, зүүн сарвууны алганы шарх гэмтэл “хохирлын зэрэг тогтоогдохгүй” болохыг Эрүүл мэндийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын Ерөнхий прокурорын хамтарсан 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн А/225/А/153/А/85 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ыг үндэслэн гаргасан байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Х.Д*******гийн хохирогч М.Гийн цээжин тус газар 1 удаа хутгалсан үйлдэл хохирогчийн эрүүл мэндэд учирсан “цээжний зүүн талд цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, цээжний хөндийд хий хуралт” бүхий хөнгөн хохиролтой шалтгаант холбоотой болох нь шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогджээ.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар өөрсдийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ дээрх дүгнэлтийг шинжээч нар санал нэгтэй гаргасан болохоо илэрхийлж, дүгнэлтийн үндэслэлийг тайлбарласан байна.
Шинжээч томилж дүгнэлт гаргуулах, шинжээч нараас мэдүүлэг авах ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан байх бөгөөд шинжээчийн дүгнэлт бүрэн бус, үндэслэлгүй, үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул шүүх нотлох баримтаар үнэлэв.
Иймд “дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах тухай” хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан саналыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд шүүгдэгч Х.Д*******гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд энэ зүйлд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй, хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах өөр хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасныг баримтлан шүүгдэгч Х.Д*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шууд учирсан хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас сэтгэцэд учирсан хор уршиг, эмчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдоно.
Хохирогч М.Г нь шүүгдэгч Х.Д*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар дараах зардлыг нэхэмжилж баримтыг шүүхэд ирүүлжээ. Үүнд:
-Өмгөөлөгчийн замын зардал 400,000 төгрөг /2 дугаар хавтаст хэргийн 16 дахь тал/,
-Ээлжийн амралтын олговор, цалингийн зөрүү 3,325,460 төгрөг /2 дугаар хавтаст хэргийн 17 дахь тал/,
-Замын зардал 700,000 төгрөг /2 дугаар хавтаст хэргийн 18 дахь тал/,
-Эмийн зардал 226,100 төгрөг /2 дугаар хавтаст хэргийн 19 дэх тал/,
-Шатахууны зардал 106,890 төгрөг /2 дугаар хавтаст хэргийн 19 дэх тал/,
-Хэвтэн эмчлүүлэгчийн төлбөр 8,602,000 төгрөг /2 дугаар хавтаст хэргийн 19 дэх талын ар хэсэг/,
-Эмийн зардал 127,000 төгрөг /2 дугаар хавтаст хэргийн 20 дахь тал/,
-Гэмтэл согог үндэсний төвийн баримт 220,000 төгрөг /2 дугаар хавтаст хэргийн 21 дэх тал/,
-Өмгөөлөгчийн зардал 5,000,000 төгрөг /2 дугаар хавтаст хэргийн 24-25 дахь тал/,
-“Альфа медикал” сэргээн засварлах клиникийн “булчин нөхөн сэргээх мэс засал хийх саналтай 26,000,000” төгрөг /2 дугаар хавтаст хэргийн 26 дахь тал/,
-Сэтгэцэд учирсан хор уршигт 8,573,400 нийт 53,340,750 төгрөгийг нэхэмжилжээ.
Монгол Улсын Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт “...Эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй...” гэж, 230.2 дахь хэсэгт “...Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана...” гэж, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “...Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “...Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж, 5******* дүгээр зүйлийн 5*******.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж заасныг тус тус баримтлан хохирогч М.Гийн нэхэмжлэлийг дараах байдлаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:
1.5.1.Эмчилгээ хийлгэсэн, эм эмнэлгийн хэрэгсэл авсан болон замын зардалд зарцуулсан 9,441,990 төгрөгийг гаргуулах,
1.5.2. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн ЕГ/0825/1554 дугаартай “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох” шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтэд “...М.Гийн сэтгэцэд сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна...” гэжээ.
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 25 дугаартай “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолын 4 хэсэгт заасан аргачлалаар “хоёрдугаар” зэрэглэлд сэтгэцийн хор уршиг 4-8 хувь гэж тооцон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл тооцож нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохоор заасан.
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 12 дугаартай тогтоолоор Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн цагт 3929 төгрөг буюу сард 660,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоожээ.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийсэн дүгнэлт”, Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “жишиг аргачлал”-ын 4-т заасныг үндэслэн хохирогч М.Гийн сэтгэцийн хор уршгийн хэмжээг хоёрдугаар зэрэглэлд тооцон, хор уршиг учрах үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 10 дахин нэмэгдүүлэн 6,600,000 төгрөгийг шүүгдэгч Х.Д*******гөөс гаргуулж хохирогч М.Гт олгуулахаар шийдвэрлэв.
1.5.3.Хохирогч М.Гийн цаашид эмчилгээ хийлгэхтэй холбоотой нэхэмжилсэн “Альфа медикал” сэргээн засварлах клиникийн “булчин нөхөн сэргээх мэс засал хийх саналтай 26,000,000” төгрөг нь гэх баримт одоогоор гарсан зардалд хамаарахгүй, “ээлжийн амралтын олговрын цалингийн түүвэр” гэх гарчиг бүхий “ээлжийн амралтын олговор 3,325,460 төгрөг” гэх 1 хуудас нь баримт нь тамга тэмдэг, гарын үсгээр баталгаажаагүйн дээр авах ёстой цалин хөлс, ээлжийн амралтын олговрын зөрүү тодорхой бус, “замын зардал” гэх утгаар 700,000 төгрөгийн гүйлгээ хийсэн 1 хуудас баримт нь ямар иргэн, байгууллага, ААН-ийн дансанд, ямар зориулалтаар шилжүүлсэн нь тодорхой бус, энэ хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хэлэлцэхгүй орхисон зардал болон гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбогдуулан цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарсан зардлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг шийтгэх тогтоолд зааж шийдвэрлэв.
1.5.4.Хохирогчийн нэхэмжилсэн өмгөөлөгч авсантай холбогдуулан гарсан зардал болох 5,400,000 төгрөг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол улсын Засгийн газрын 2018 оны 161 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам”-д заасан зардалд хамаарахгүй байх тул хэрэгсэхгүй болгов.
Дээрх нотлох баримтад дүгнэлт хийн шүүгдэгч Х.Д*******гөөс хохирогч М.Гийн сэтгэцэд учирсан хор уршигт 6,600,000 төгрөг, эмчилгээ хийлгэсэн, эм эмнэлгийн хэрэгсэл авсан болон замын зардалд зарцуулсан 9,441,990 төгрөг нийт 16,041,990 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.
Хохирогч М.Г нь энэ хуралдаанаар хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийн талаар болон гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбогдуулан цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарсан зардлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Шүүгдэгч Х.Д******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүгдэгч нь хохирол төлбөр нөхөн төлөхөө илэрхийлж оролцож байгаа ч хэрэгт авагдсан баримтаар 2025 оны 03 дугаар сараас хойш нийгмийн даатгал төлөөгүй, цалин хөлс орлоготой эсэх нь нотлогдохгүй байна. Хохирол төлбөр төлөгдөөгүй байхад торгох ял оногдуулах санал оруулах нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж байна. Иймд 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Шүүгдэгч Х.Д******* нь гэм буруугийн асуудлаар маргаагүй тул шүүхээс гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй байна. Шүүх эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндсэн нөхцөлүүдийг харгалзан үзэж тогтоох нь зүйтэй. Үүнд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Мөн шүүгдэгч нь хохирол төлөхөө илэрхийлсэн байна. Хохирогч талаас баримтуудыг шүүх хуралдаанд шинээр гаргасан тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц төлөх саналтай байгаа. Торгох ял оногдуулах нь хууль буруу хэрэглэж байгаа зүйл биш юм. Хэрвээ торгох ялыг төлөхөөс зайлсхийвэл торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих хуулийн зохицуулалттай. Иймд улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд эрүүгийн хариуцлага оногдуулахад татгалзах зүйлгүй...” гэв.
Хохирогч: “...Байхгүй...” гэв.
Шүүгдэгч: “...Байхгүй...” гэв.
2.2.Эрүүгийн хариуцлага
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 122 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 124 дэх тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 125 дахь тал/, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 126 дахь тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 127 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 129-130 дахь тал/, урьд зөрчлийн хэрэгт холбогдож байсан талаарх лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 131-133 дахь тал/ зэрэг нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Х.Д*******гийн хувийн байдлыг тодорхойлов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Х.Д******* нь “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх эрүүгийн хариуцлагын талаарх талуудын санал дүгнэлт, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Х.Д*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,300,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж шүүх дүгнэв.
Шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан журмын дагуу биелүүлэх, тус журмын дагуу биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.Д*******д сануулав.
2.3.Бусад асуудлын талаар
Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Х.Д******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэрэгт авагдсан 1 ширхэг “компакт диск”-ийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн саарал өнгийн “strioer knives” гэсэн бичиглэлтэй эвхэгддэг 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 6 дахь заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч О******* овогт Х*******ын Д*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д*******д 1300 /нэг мянга гурван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,300,000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан журмын дагуу биелүүлэх, тус журмын дагуу биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.Д*******д сануулсугай.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 5******* дүгээр зүйлийн 5*******.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Х.Д*******гөөс 16,041,990 /арван зургаан сая, дөчин нэг мянга, есөн зуун ер/ төгрөгийг гаргуулж хохирогч М.Гт олгосугай.
5.Хохирогч М.Гийн эмчилгээ хийлгэх зардал, цалин хөлс, ээлжийн амралтын олговорын зөрүү, замын зардалд нэхэмжилсэн 30,025,460 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хэлэлцэхгүй орхисон зардал болон гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбогдуулан цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарсан зардлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг зааж, түүний өмгөөлөгч авсантай холбогдон гарсан зардал 5,400,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
6.Xэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн саарал өнгийн 1 ширхэг эвхэгддэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Энхзулд даалгаж, хэрэгт авагдсан дуу дүрсний бичлэг бүхий 1 ширхэг “компакт диск”-ийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээсүгэй.
7.Шүүгдэгч Х.Д******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Д*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЁНДОНСАМБУУ